2015
Амьдрал ба хайрын бэлэг
2015 оны арванхоёрдугаар сар


Бид Христийн талаар ярьдаг

Амьдрал ба хайрын бэлэг

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Ээжийн минь бэлэг бидэнд Христийн мэндэлсний баярын жинхэнэ утга учрыг харуулсан.

Зураг
Photo of a small gift box cradled in a woman's hands.

Гэрэл зураг чимэглэлийг Жон Лук; гэрэл зургийг Maridav/iStock/Thinkstock

Миний нагац ах Эд амьдралд хайртай хүн байсан. Харамсалтай нь, түүний хоёр бөөрний хэвийн ажиллагаа алдагдсан байв. Эд хэдэн жилийн турш диалез аппаратын ачаар өөрийгөө бөөрний дутагдалд орохоос сэргийлж байжээ. Эмчилгээ нь маш их өвдөлт өгдөг байсан төдийгүй ойр ойрхон хийгддэг байлаа. Нэг эмчилгээнээс нөгөөг хүртэл түүний тамир тэнхээ шавхагддаг байсан бөгөөд 1995 оны намар гэхэд түүнд ямар ч эрч хүч байхгүй болов.

Шинэ бөөр шилжүүлэн суулгахгүй л бол түүний бие удаан тэсэхгүй гэж эмч Эдэд хэлжээ. Амьд явахын тулд хүнд зөвхөн нэг л бөөр хэрэгтэй байсан боловч мэс заслын үед зайлшгүй гардаг аюулаас болоод Эд ямар ч хүнээс бөөрөө өгөхийг гуйж чадахгүй байв. Гэвч өөр сонголт байсангүй. Хэдэн дотны найз, гэр бүлийн гишүүдийнх нь бөөр тохирох эсэхийг мэдэхийн тулд тэднээс шинжилгээ авав. Ганцхан хүний бөөр л яг тохирчээ. Тэр хүн нь Эдийн эгч Дотти буюу миний ээж байсан юм.

12-р сарын 7-нд Эдийн олон найз мөн гэр бүлийн гишүүд Эд, Дотти хоёрын төлөө хамтдаа мацаг барьж, залбирлаа. Мэс засал хийсэн эмч нар нь ихрүүд байжээ. Бүр хачирхалтай нь, тэдний нэг нь нөгөөдөө бөөрөө өгсөн байв. Тэр хоёр эмч мэс засал хийх бүрдээ чадах бүхнээ хийгээд, толгойгоо бөхийлгөн, дараа нь гарах үр дүнг Их Эзэнд даатгадаг байсныг мэдээд Эд, миний ээж хоёрын сэтгэл хөдөлж билээ.

Мэс засал болох өдөр нэг эмч нь миний ээжийн нэг бөөрийг авсан. Түүнийг ээжийн шархыг оёж байхад, ах нь бөөрийг Эдийн хэвлийд болгоомжтой гэгч суулгажээ.

Мэс засал амжилттай болсон боловч Эдийн бие шинэ бөөрөө хүлээж авах эсэх нь тодорхойгүй байв. Эдийн биеийг сайжрах боломжийг ихэсгэхийн тулд дархлаа дарангуйлах эм өгч байсан учраас түүнийг вирусээс хамгаалахын тулд эрчимт эмчилгээний тасагт тусгаарлах хэрэгтэй болсон юм. Эмнэлгээс гарсны дараа ч гэсэн тэр гэр бүлийнхнээсээ өөр хүмүүсээс тусгаарлагдах хэрэгтэй байлаа. Гэсэн ч Эд Христийн мэндэлсний баярын өмнөх өдөр эмээ, өвөөгийн маань жил бүр тэмдэглэдэг баярт оролцох тусгай зөвшөөрөл авчээ.

Нүүрэндээ маск зүүсэн Эд хаалгаар орж ирээд, Дотти дээр очин, түүнийг тэврэв. Тэднийг нэг нэгнээ тэврэх үед байшинд байсан бүх хүн нулимс унагаж билээ. Нэг нэгнээ гэсэн тэдний хайрыг хүн бүр мэдэрч байв. Дүүдээ амьдрал бэлэглэхийн тулд эгч нь шаналсан. Энэ бол хайр, золиослолын бэлэг байсан ба Эд өөртөө өгөх боломжгүй бэлэг байсан юм.

Би тэднийг харж, нулимс дуслуулж байхдаа Аврагчтай нүүр тулан уулзахад ийм л байх болов уу гэж бодож билээ. Бидний өөрсдийнхөө төлөө хийж чадахгүй зүйлийг Тэр бидний төлөө хийсэн. Тэнгэрлэг мөн чанартай Тэр л ийм агуу золиослолыг хийж, шударга ёсны шаардлагыг хангаж чадах байв. Тэр төгс төгөлдөр учраас л бүх хүн төрөлхтний нүглийг цагаатгаж, Түүнийг Аврагчаа хэмээн хүлээн авсан хүн бүрд нигүүлслийн хууль үйлчлэх боломжтой болсон.

Би эдгээрийг эргэцүүлж байхдаа Аврагчид болон Түүний золиослолд талархаж байгаагаа харуулахын тулд чадах бүхнээ хийх амлалтыг өөртөө дахин өгсөн. Би хэзээ нэгэн өдөр Түүний оршихуйд орж, Түүнийг тэвэрч, намайг хайрлаж мөн миний төлөө золиослол хийсэнд нь талархах зохистой байхын тулд шавийн ёсоор амьдрахыг хичээнэ.

Хэвлэх