Христийн мэндэлсний баярын өмнөх оройг Кордобагийн гэр бүлтэй хамт өнгөрүүлсэн нь
Зохиогч нь Перуд амьдардаг.
Маричиело бид хоёрт ганцхан бэлэг байлаа. Бид яаж хуваалцах билээ?
“Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь, тэр байтугай хамгийн дордод нь тийнхүү хандсан бол Надад хийсэн хэрэг” (Матай 25:40).
Христийн мэндэлсний баярын өмнөх орой жижигхэн гацуур модны маань доор хоёр бэлэг байлаа. Нэг нь миний хоёр настай дүү Марисиелогийнх, нөгөө нэг нь миний бэлэг байсан юм. Мөнгө бага байсан учраас үүнээс өөр бэлэг байхгүй гэж ээж минь хэлэв.
Тэр орой ээж Лиахона сэтгүүлээс ямар ч бэлэггүй Христийн мэндэлсний баярын нэгэн түүхийг уншиж өгсөн юм. Түүнийг уншиж байхад би аз жаргал, амар амгаланг мэдэрч байлаа. Ганц бэлэгтэй байх нь тийм ч муу зүйл биш байж магадгүй. Ээж “Христийн мэндэлсний баярын урьд орой заншил болсон тоглоомоо тоглохын оронд тойргийнхоо нэг гэр бүлд бэлэг аваачиж өгвөл ямар вэ?” гэж хэлэв.
“Гэхдээ бид тэдэнд юу өгч чадах вэ?” хэмээн би асуулаа.
“Харин л дээ, бидэнд илүүчлэх бага зэрэг зүйл байгаа.”
Би хоёр бэлэг рүүгээ харж, тэгээд ханан дээрх Есүсийн зургийг харлаа. “Есүс Өөрт байгаагаа хуваалцах байсан байх даа гэж би таамаглалаа.”
Бид аль гэр бүлд айлчлахаа мэдэхээр залбирав. Бидний мэддэг олон гэр бүл тэр жил тарчигдуу байсан. Бид залбирсныхаа дараа Кордобагийн гэр бүлд айлчлах ёстой гэсэн мэдрэмжтэй байлаа. Тэднийх гурван хүүхэдтэй, аав нь ажлаасаа гарсан байв.
Бид дэлгүүрт очоод, панетон (баярын талх), шарсан тахиа, гурван жижиг бэлэг худалдан авлаа. Тэдгээрийг сонгох нь зугаатай байв. Ээж өөртөө байсан бүх мөнгөө буюу 30 перу соле (10 орчим ам.доллар) үрсэн.
Бид худалдаа хийж дуусаад, Кордобагийнх руу явав. Биднийг хаалгыг нь чиглэн алхаж байхад би Марисиелогийн гараас хөтөлж байлаа.
Кордоба эгч биднийг харан, гарч ирээд тэвэрч билээ. “Ямар гэнэтийн айлчлал вэ! Орцгоо л доо! Сууцгаа” гэж тэр хэлэв. Биднийг дотогш ороход, тэрээр ээжийн гарыг атгаж, миний мөрийг илэв. “Роландо болон охид чамайг хараад их баярлана даа” гэж тэр надад хэллээ.
Байшингийн шал нь шороогоороо байв. Дотор гэрэл цахилгаан байхгүй, зөвхөн лаанууд байлаа. Би Кордобагийн гэр бүлийнхнийг бага зэрэг өрөвдөв. Тэгээд бид тэдэнд туслахын тулд илүү ихийг хийж чаддаг байсан ч болоосой гэж хүсэж билээ. Гэвч ээж шороог ч, лааг ч анзаарсан шинжгүй байв. Тэр энд Кордоба эгчтэй хамт байгаадаа баяртай байсан юм.
“Бид та нарт Христийн мэндэлсний баярын мэнд хүргэхээр ирлээ!” гэж ээж хэлэв. “Бид найзууд байгаад баяртай байна.” Тэр хоол, бэлэгнүүдээ Кордоба эгчид өгсөн бөгөөд Кордоба эгч нүүр дүүрэн инээмсэглэж, баярлалаа гэж хэлсэн.
Роландо, Мадэлинэ, Ракуел гурав сайн уу гэж хэлэхээр нөгөө өрөөнөөс гүйн ирлээ. Марисиело миний араас цухуйж, инээмсэглэв. Роландо түүн рүү инээдтэй царай гаргахад тэр инээв. Удалгүй хүн бүр ярилцаж, хөгжилдөн, инээлдэж байлаа.
“Ингэх нь гэртээ тоглоом тоглосноос илүү дээр юм байна” гэж би бодож билээ. Бид энд ирсэнд би баяртай байсан. Бидэнд хуваалцах их зүйл байхгүй байсан нь чухал биш байсан. Тэдний шал шороогоороо байсан нь ч чухал байгаагүй. Христийн мэндэлсний баяраар юутай байх нь чухал биш. Хамтдаа байхад л гол утга учир нь оршдог.
Биднийг явахын өмнө Кордоба эгч биднийг дахин тэвэрсэн. “Маш их баярлалаа” гэж тэр хэлэв. Би түүний хоолой зангирч, нүдэндээ нулимстай байхыг харсан. Би өлмий дээрээ зогсож байгаад Кордоба эгчийн хацар дээр үнсэн,
“Христийн мэндэлсний баярын мэнд хүргэе” гэж хэлэв.