2015
Иосеф Смит ба Илчлэлт ном
2015 оны арванхоёрдугаар сар


Иосеф Смит ба Илчлэлт ном

Бошиглогч Иосеф Смит Илчлэлт номын зарим нууцыг ил гаргаж, уг ном нь өнөө үед чухал болохыг харуулсан.

Actor - Movie still from "Joseph Smith; Prophet of the Restoration"

Гэгээнтэн, тэнгэрлэг Иоханы илчлэлт зургийн хэсгээс, Пол Манн; Христ эрдэнэ шишийн талбайд зургийн хэсгээс, Томас Францис Диксий

Илчлэлт ном нь М.Э I зуунд бичигдсэн хэдий ч Шинэ Гэрээн дотроос судар (эрх мэдэлтэй судар) хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн сүүлийн ном байсан. Хожим нь зарим Христийн шашны эрдэмтэд уг номын зохиолчийг үгүйсгэж, үүнд агуулагддаг зарим сургаалыг эсэргүүцэн (тухайлбал: Мянган жилийн тухай ойлголт эсвэл хүмүүс өөрсдийнхөө ажил үйлсийн дагуу шүүгдэнэ гэсэн ойлголт), Хуучин Гэрээнээс эш татсан, үзэгдэлд гардаг зүйлүүд нь хэт хачин бас Шинэ Гэрээний бусад номоос хэт өөр байна гэж үзсээр иржээ.

Гэсэн хэдий ч няцааж болшгүй зарим баримтаас үүдэн уг номыг нийтээрээ хүлээн зөвшөөрсөн юм. Жишээлбэл, Христийн шашны олон зохиолч Илчлэлт номыг төлөөлөгч Иоханд хамааруулж ярьдаг байсан ба өөрсдийнхөө номнуудад үүнээс их хэмжээгээр эш татдаг байжээ. Судар хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн өөр бусад ном ийм нотолгоог харуулж чадаагүй.

19-р зууны эхээр Бурхан Иосеф Смитийг Сэргээлтийн бошиглогчоор дуудах үед Илчлэлт ном нь Библийн бараг бүх хэвлэлд багтсан байсан бөгөөд өргөн уншигддаг байв. Иоханы үзсэн үзэгдлийн уран дүрслэл нь хүмүүсийн төсөөллүүдийг дэвэргэж, үүнээс болж олон өөр ойлголт гарах болсон бөгөөд энэ нь өнөөдөр ч үргэлжилсээр байна.

Цаг хугацааны бүрэн байдлын эрин үеийн бошиглогч Иосеф Смит Илчлэлт номыг илүү тодорхой тайлбарлан мөн үүнийг уншиж, ойлгоход илүү дөхөм болгох чухал байр суурьтай байсан юм. Тэрээр үүнийг наад зах нь хоёр арга замаар хийсэн: (1) Илчлэлт номын тодорхой хэсгүүдийг тайлбарлаж, үүний ерөнхий агуулгыг ойлгомжтой болгосон (2) үүний нууцыг тайлсан.

Тайлбарлаж мөн өргөжүүл

Иосеф Смитийн Илчлэлт номонд өгсөн тайлбарын хамгийн шилдэг жишээнүүдийн нэг бол Сургаал ба Гэрээ 77 юм. 1832 онд хүлээн авсан энэ илчлэлт нь Илчлэлт номын 4-11-р бүлгийн тодорхой шүлгүүдийн тухай асуулт, хариултаас бүрдсэн. Бошиглогчийг Библийн сүнслэгээр өдөөгдсөн орчуулга дээр ажиллаж (С ба Г 77-гийн хэсгийн оршлыг үзнэ үү) байхад энэ тайлбар түүнд илчлэгдсэн хэмээн тэрээр хэлжээ.

Асуултууд нь ойлгомжтой ба үндсэндээ “Энэ юу гэсэн үг вэ?” мөн “Энэ хэзээ тохиолдох вэ?” гэж асуусан байдаг. Үүний адил хариултууд нь үргэлж бүхнийг хамардаггүй ч ойлгомжтой байдаг. Бошиглогч Иосеф Смитийн эрэлхийлсэн, хүлээн авсан хариултууд нь үнэн биш ойлголтуудыг холдуулж мөн Иоханы үзэгдэл нь хожмын үеийн ажилтай холбоотой гэдгийг ойлгоход бидэнд тусалдаг.

Жишээлбэл, Илчлэлтийн 5-р бүлгийн эхлэлд Иоханы дүрсэлдэг номны долоон лац нь дэлхийн түүхийн чухал долоон цаг үеийг төлөөлдөг ба сүүлийн хоёр нь бидний цаг үед болон үүнээс хойших зүйлүүдэд хамаатай гэдгийг (С ба Г 77:6–7-г үзнэ үү) мөн Иоханы үзэгдэл зургаа, долоо дахь лацнууд дээр илүү их цаг зарцуулдгийн шалтгааныг олж харахад энэ илчлэлт бидэнд тусалдаг. Иосеф Смитийн илчлэлт зургаа дахь лацны зарим биет (дөрвөн тэнгэр элч болон Израилийн овгуудаас тамгалагдсан 144000 үйлчлэгч) Сэргээлт болоод хожмын өдрүүд дэх цугларалтын ажилтай холбоотой (С ба Г 77:9–11-ийг үзнэ үү).

Энэхүү тайлбарыг өгсөн илчлэлт нь бошиглогч Иосеф Смитийн Библийн орчуулгаас Илчлэлт номын талаарх бидний ойлголтод оруулсан цорын ганц хувь нэмэр биш гэдэг нь ойлгомжтой. Тэр ажиллаж байхдаа зарим үед текстийг илүү ойлгомжтой болгох сүнслэг удирдамж хүлээн авдаг байсан боловч1 уг номыг өөр судруудтай холбож, нэг нэгнээ дэмжих боломжийг бүрдүүлэхийн тулд текст дээр нэмэх эсвэл өөрчлөх өдөөлт авдаг байсан.2 Иосеф Смитийн Библи дээр хийсэн ажлын нэг хэсэг нь олон өөр судрын нийтлэг зүйлийг нэгтгэж, сургаал, бошиглолын нэгдмэл байдлыг бий болгосон явдал юм. Энэ ажилд Илчлэлт ном түүнчлэн багтсан.

John writing on s scroll about the second coming of Christ.

Гэрэл зураг чимэглэлийг Кристина Смит, Иохан Патм арал дээр, Марк Стаинер © Providence Collection

Үүний зэрэгцээ Иосеф Смит өөр илчлэлт, орчуулгуудаар дамжуулан, энэ нь түүхийн турш олон бошиглогчид өгөгдсөн үзэгдлүүдийн өөр өөр хэсгийн загварын дагуу байдаг гэдгийг харуулснаараа Илчлэлт номын агуулгыг өргөжүүлжээ. Мормоны Ном, Агуу Үнэт Сувд номнуудад Нифай, Жаредийн ах, Мосе, Енох бүгд адил төстэй үзэгдэл буюу хүн төрөлхтний түүхийг болон дэлхийн төгсгөлийг харсан байдаг. Хэдийгээр энэ бошиглогчид дэлхийн төгсгөлийг харсан боловч үүнийг ярих нь тэдэнд хориглогдсон байсан. Учир нь Иохан үүнийг бичихээр урьдчилан томилогдсон байсан (1 Нифай 14:25–26-г үзнэ үү) гэдгийг бид мэдэж авдаг. Тиймээс Иоханы дүрсэлсэн, Есүс Христийн хоёр дахь ирэлт хүртэлх үйл явдлууд нь бидэнд чухал бөгөөд судлууштай зүйл гэдгийг Иосеф Смитээр дамжин ирсэн Мормоны Ном бидэнд заадаг.

Иосеф Смитээр дамжуулан илүү ойлголт ирсэн учраас бид Илчлэлт номын гол сэдвийг илүү сайн ойлгож чаддаг: “эцсийн эцэст Бурханы энэ газар дээр чөтгөрийг ялсан агуу ялалт, мууг ялсан сайны төгс ялалт, мөшгөн хавчигчдыг ялсан Гэгээнтнүүдийн ялалт, хүмүүний болон Сатаны хаант улсыг ялсан Бурханы хаант улсын ялгуусан ялалт ирэх болно. … Энэ ялалт нь Есүс Христээр дамжин биелэх [болно].”3 Үүний зэрэгцээ Илчлэлтийн захиас нь бидний найдварын эх сурвалж болох Есүс Христ дээр төвлөрдөг ба Түүнд болон хожмын өдрүүд дэх Түүний ажилд үнэнч байснаар бид дэлхийг ялж чадна гэдгийг Иосеф Смит онцолсон.

Нууц тайлах

1843 оны 4-р сарын 8-нд болсон чуулган дээр бошиглогч Иосеф Смит “Илчлэлт ном бол Бурханаас нэгэн цагт бичүүлсэн хамгийн тодорхой номнуудын нэг мөн”4 хэмээн хэлжээ. Энэ мэдэгдэл нь түүнийг сонсож байсан хүмүүсийн хувийн туршлагатай зөрчилдөж байсан учраас тэднийг гайхшируулсан байж магадгүй. Тэгвэл бошиглогч үүнийг ямар утгаар хэлсэн бэ?

Иосеф Смит Илчлэлт номын зарим нууцыг тайлсан бөгөөд тэрээр энэ мэдэгдэлдээ түүнчлэн үүний нууцыг тайлах зорилготой байсан нь харагддаг. Тэрээр энэ номын далд утгатай дүрслэлүүд нь үргэлж бидний бодож байгаа шиг далд утгатай байдаггүй бөгөөд тайлагдашгүй агуулгатай судар нь бидний хувьд ач холбогдол, утга учир багатай байх болно гэдгийг харуулсан юм.

Жишээлбэл, өөр нэг газар хэлсэн үгэндээ Иосеф Смит Илчлэлт номыг анхааралтай уншсанаар буруу ойлголтуудыг хязгаарлаж болно гэдгийг харуулжээ. Уг номын эхний гурван бүлэг нь Иоханы цаг үеийг болон “удахгүй болох ёстой юмсыг” (Илчлэлт 1:1) өгүүлдэг ба үлдсэн хэсэг нь “үүний дараа юу тохиолдох ёстойг” (Илчлэлт 4:1) буюу Иоханы цаг үеэс хойших5 зүйлийг дүрсэлдэг гэдгийг тэр онцолсон. Номын эдгээр хэсэгт гардаг уран дүрслэлүүд юун тухай өгүүлдгийг мэдэх нь уг номыг ойлгоход илүү амар болгодог.

Үүнээс гадна, зарим тохиолдолд араатан гэдэг нь араатныг л хэлж байгаа юм гэж Иосеф Смит заасан. Иохан тэнгэрт араатнуудыг харж байхдаа (Илчлэлт 4:6-г үзнэ үү) бодитой харсан зүйл нь … тэнгэр дээрх араатан байсан гэдгийг тэр тайлбарлажээ. Иоханы үзсэн үзэгдлийн дүрслэлийн зарим нь шууд утгаараа, бусад нь өөр утга агуулсан гэдгийг бошиглогч харуулсан.6 Түүнчлэн тэр ийм биетүүдтэй холбоотой нэг зарчмыг тайлбарлажээ.

“Бурхан дүр зураг, араатан, ямар нэг биетийн тухай үзэгдэл өгөхдөө тэдгээр зүйлийн утгыг илчлэх эсвэл ойлгуулах хариуцлагыг хүлээдэг. Эсвээс бид үүнд итгэх хариуцлага үүрдэггүй. Хэрэв Бурхан аливаа сэдэвтэй холбоотой илчлэлт эсвэл ойлголтыг өгөөгүй байвал үзэгдэл эсвэл зүйрлэлийн утгыг мэдэхгүйгээс болж шийтгүүлнэ гэж бүү ай.”7

Нууцлаг утга бүхий үзэгдлүүдийг нэг бүрчлэн ойлгодог байх нь судруудыг судлах үйл явцад маань тийм ч чухал биш. Бошиглогчдын ашигладаг далд утга санаа бүхий нууцууд нь “наманчилдаг мөн итгэлээ бодитой болгодог, мөн сайн үйлүүдийг авчирдаг, мөн үргэлж тасралтгүйгээр залбирдаг” (Aлма 26:22) хүнд өгөгддөг Бурханы нууцуудтай адилгүй юм.

Бошиглогч Илчлэлт номын нууцыг тайлснаараа Есүс Христийн сайн мэдээний хамгийн чухал хэсгүүдэд саад болж болзошгүй зүйлүүдийг арилгасан. Иоханы үзэгдэл нь хожмын өдрүүдийн талаар чухал мэдээлэл өгдөг: Урвалт ба Сэргээлт, Есүс Христийн хоёр дахь ирэлт, чөтгөрийн дээрх Түүний ялалт, Түүний мянган жилийн засаглал, Амилуулалт болон Эцсийн шүүлт. Бид үнэнийг олж мөн Их Эзэний хүслийг дагахыг эрэлхийлэх үед эдгээр зүйл бидэнд тусалж чадна. Гэхдээ бид энэ үзэгдэлд гардаг зарим зүйлийн тайлбар дээр хэт төвлөрвөл хамгийн чухал зүйлүүдээ орхигдуулж магадгүй.8

Бид Илчлэлт номыг судлахдаа мөн бошиглогч Иосеф Смитээр дамжин ирсэн гайхалтай ойлголтуудыг ашигласнаар дэлхийн түүхэнд болон Бурханы хүүхдүүдтэйгээ харилцах харилцаанд ямар байр суурь эзэлдэг болохоо харж чадна. Бид үүнийг мэдсэнээр Есүс Христийн тухай гэрчлэлтэй байхын мөн хожмын өдрүүдэд Түүний ажилд бүрэн оролцохын ач холбогдлыг ойлгох болно. Тэгээд бид дэлхийг ялж, Христтэй хамт Эцэгийн бүх зүйлийг өвлөх болно (Илчлэлт 3:21; 21:7-г үзнэ үү).

Эшлэлүүд

  1. Жишээлбэл, Илчлэлт 2:1, зүүлт тайлбар a; эсвэл Илчлэлт 6:14, зүүлт тайлбар a-г үзнэ үү.

  2. Жишээ нь, Иосефын бичсэн Илчлэлт 1:7 (Библийн хавсралт дахь) ийн өгүүлдэг: “Болгоогтун, тэр үүлэн дунд хаант улс дахь арван мянган гэгээнтнүүдтэйгээ хамт Эцэгийн алдар суугаар хувцаслаж ирэх болно. Мөн нүд бүхэн түүнийг харж, түүнийг сүлбэсэн хүмүүс болон дэлхийн бүх хүн түүнээс болж чангаар уйлах болно.” Иосеф Смитийн нэмсэн үгс (налуу бичигдсэн) энэ шүлгийг Христийн хоёр дахь ирэлтийн талаар заадаг бусад судартай холбож өгдөг. Жишээлбэл, Матай 16:27 (“Эцэгийн алдар суу”) болон Иуда 1:14 (“түүний арван мянган гэгээнтэн”).

  3. Библийн толь бичиг, “Иоханы илчлэлт.”

  4. History of the Church, 5:342.

  5. Иосеф Смит эхний таван лац нь өнгөрсөн үйл явдлуудын тухай боловч эдгээр нь хүн төрөлхтний түүхийн зорилго эсвэл шалтгааныг буюу Хоёр дахь ирэлт хүртэл тохиох, Иоханы цаг үеэс хойших үйл явдлуудыг онцлох зорилготой гэдгийг мэдэж байсан нь тодорхой.

  6. Энэ жишээн дээр гардаг араатнууд нь шууд утгаараа дөрвөн араатанг төлөөлдөг бол тэднийг дүрсэлсэн Иоханы дүрслэл нь тэдний гадаад төрх гэхээсээ илүү зан чанарыг төлөөлсөн далд утга бүхий зүйлүүдийг (олон нүдтэй, далавчтай) агуулдаг (Илчлэлт 4:6–8; С ба Г 77:4-ийг үзнэ үү).

  7. History of the Church, 5:343.

  8. Энэ нь ялангуяа номлогчдын хувьд үнэн гэж Иосеф Смит үздэг байжээ. Тэрээр: “Ай, Израилийн ахлагч та нар, миний дуу хоолойг сонс. Та нар номлохоор дэлхийд илгээгдэхдээ хэлэхээр зааварлагдсан зүйлүүдээ хэлж, чанга дуугаар, ‘Наманчил та нар, тэнгэрийн хаант улс ойрхон байна. Наманчилж мөн сайн мэдээнд итгэ’ гэж номло. … Анхны зарчмуудыг тунхагла мөн та нар дийлдэхгүйн тулд учир битүүлэг зүйлсийг орхи. Амьтдын үзэгдэл болон ойлгохгүй сэдэвтэй хэзээ ч бүү орооцолд” History of the Church, 5:344) хэмээн хэлжээ.

Product Shot from December 2015 Liahona

Гэрэл зураг чимэглэлийг Кристина Смит, Иохан Патм арал дээр, Марк Стаинер © Providence Collection