2015
Миний залуу хөрвөгч байхдаа сурсан зүйлүүд
2015 оны арванхоёрдугаар сар


Миний залуу хөрвөгч байхдаа сурсан зүйлүүд

Би Сүмд шинэ гишүүн байхдаа тойргийнхоо бусад өсвөр үеийнхнээс золиослолын агуу үлгэр жишээг хардаг байсан. Тэр үеэс хойш би олон гайхалтай зүйлийг сурсан.

Photo illustration depicting young Jorg Klebingat at a church meeting for prospective seminary students.

Гэрэл зураг чимэглэлийг Давид Стокер

Би 17 настай байхдаа Сүмд орсон юм. Би Германд байдаг төрөлх хотынхоо цэргийн бааз дахь америкчуудаар дамжуулан Сүмтэй танилцсан. Миний амьдардаг газар герман хэл дээр үйл ажиллагаа явуулдаг тойрог байгаагүй болохоор би цэргийн баазад байрлах жижигхэн сүмийн байранд америкчуудтай хамт сүмийн цуглаанд оролцдог байсан.

Намайг баптисм хүртээд удаагүй байхад нэгэн ням гарагт ариун ёслолын дараа бишоп босоод, “Семинарын насны хүүхдүүдтэй бүх эцэг, эх ард үлдэж болох уу?“ гэж асуув. Тэдэнтэй нэгдэхийг тэр надаас хүссэн.

Эдгээр гэр бүл, бишоп болон би сүмийн байранд үлдсэний дараа бишоп ирэх хичээлийн жилд намайг тэдний семинарын ангид сууж болно гэж хэлэв. Гэвч би орон нутгийнхаа герман сургуульд сурдаг байсан ба хичээл маань цэргийн бааз дахь өсвөр үеийнхний америк сургуулиас нэг цагийн өмнө эхэлдэг байсан. Намайг уулын уруу байдгаараа хурдлан, хичээлээсээ хоцролгүй ирж болохын тулд тэд семинарын ангийг тогтсон цагаасаа нэг цагийн өмнө буюу өглөөний 6:00 цагт хийх хэрэгтэй болох байв.

Бишоп тэднээс намайг семинарт оролцуулахын тулд тэднийг ийм золиослол хийж чадах эсэх дээр саналаа өгөхийг хүссэн. Бүх эцэг эх, суралцагч тэр даруй гараа өргөж, тийм гэж хэлцгээв.

Энэ нь миний хувьд маш гайхалтай мөч байсан юм. Энэ нь надад золиослолын талаар заасан билээ. Эдгээр залуу суралцагч семинарт оролцох боломжгүй болох байсан шинэ хөрвөгчийн төлөө өөрсдийнхөө тав тухыг нэг өдөр эсвэл долоо хоног ч биш, харин бүтэн жилээр золиослоход бэлэн байлаа.

Би тэдний золиослолд талархалтай хэвээр байдаг. Семинарын нэг жил (Сургаал ба Гэрээг судлах нь) Сүмийн шинэхэн гишүүн миний амьдралд үнэхээр чухал байсан. Семинарт яваагүй байсан бол би ням гаргаас бусад өдөр Сүмтэй холбоогүй байх байсан. Өдөр бүр семинарт явах нь номлолын гайхалтай бэлтгэл байв. Энэ нь надад сахилга баттай байх талаар их зүйлийг заасан. Бас мэдээж сайн мэдээ болон судруудын мэдлэг асар их нөлөөлсөн. Тэр үед чээжилсэн Сургаал ба Гэрээний төгс эзэмших шүлгүүдийг надаас асуувал би тэднийг одоо ч мэднэ. Эдгээр туршлага нь Тэнгэрлэг Эцэгтэйгээ ойртож мөн хотдоо германаар ярьдаг цорын ганц гишүүн байх бэрхшээлийг давахад надад тусалсан.

Бурхантай харилц

Photo illustration depicting Jorg Klebingat in military uniform.  He is praying.

Би сургуулиа төгсөөд, номлолд явахынхаа өмнө цэргийн алба хаасан юм. Би цэрэгт байхдаа өнөөдрийг хүртэл хийж буй дадал хэвшлийг олж авсан. Энэ нь үргэлж залбирах явдал юм.

Цэргийн ангийн хувцас солих өрөө, зургууд, яриа, хүмүүсийн орой үздэг кино гэх мэт зүйлүүд нь үргэлж сүнслэг байдаггүй нь тодорхой. Гэвч би номлолд явах болно гэдгээ мэдэж байсан. Би хүчтэй байхыг хүсэж байв. Би унахыг хүсээгүй юм. Би үеийнхнийхээ нөлөөнд автахыг хүсэхгүй байв. Тиймээс би бүх цаг үед зүрх сэтгэлдээ залбирах дадлыг бий болгосон.

Байшингаас байшингийн хооронд явах, ой дундуур уул өгсөж, уруудах, нуувчинд хэвтэх, дайны сургууль хийх гэх мэт хаана ч байсан би Тэнгэрлэг Эцэгтэй залбирлаар дамжуулан ярилцаж, Түүнд ойртож мөн хүчтэй байхын тулд олон минутаар, заримдаа олон цагаар залбирдаг байсан. Ихэнхдээ би талархлаа илэрхийлдэг байсан.

Би энэ дадал хэвшлээ одоо ч хадгалсаар байгаа. Би машин барихдаа эсвэл автобусанд сууж эсвэл хаашаа ч юм алхаж байхдаа зүрх сэтгэлдээ залбирах юм уу судруудад хэлснээр “үргэлж залбирах” нь миний нэг хэсэг болсон (жишээлбэл, 2 Нифай 32:9-ийг үзнэ үү). Энэ бол бага наснаасаа хөгжүүлбэл зохих сайн дадал хэвшил билээ.

Бид залбирах ёстой гэдгээ мэддэг ч гэсэн энэ нь Тэнгэрлэг Эцэгийн төлөө өглөө, оройд богино хугацаанд өвдөг сөгдөхийг хэлдэггүй. Залбирал нь үнэнч, гүнзгий, Эцэгтэйгээ харилцах байнгын холбоо байх ёстой. Ингэснээр энэ нь та нарыг Түүнд илүү ойртоход туслах болно. Залбирлын энэ дадлыг хэвшүүлэх нь дэлхийд буй бүх уруу таталттай нүүр тулах үед та нарт тусална (3 Нифай 18:15, 18-ыг үзнэ үү). Та нар А цэгээс Б цэг рүү явахдаа эсвэл чөлөөт цаг завтай үедээ хөгжим сонсох юм уу мессеж бичихэд илүү бага цаг зарцуулж, зүрх сэтгэлдээ залбирахад илүү их цаг зарцуулах талаар бодож үзээрэй.

Есүс Христийн Цагаатгалыг бүх үед ашигла

Jesus Christ depicted kneeling at the base of a tree in the Garden of Gethsemane during the Atonement. Christ has His hands clasped as He prays.

Христ Гетсеманид, Харри Андэрсоны бүтээлийн хэсгээс

Та нар үргэлж залбирч, сайн мэдээнээс суралцсанаар Аврагчийн Цагаатгал та нарт “нүглүүдийнхээ ангижралыг хадгалахад” (Moзая 4:11–12-ыг үзнэ үү) туслахын тулд өдөр бүрийн цаг бүрд боломжтой байдгийг ойлгох болно. Та нар энэ хүчийг ашиглаад, зөвхөн ням гарагт эсвэл ноцтой зүйлүүдийг илчлэхээр бишоптой уулзах үедээ бус, ямар ч үед цэвэр болгогдохын тулд Тэнгэрлэг Эцэгтээ залбирч болно.

Их Эзэн та нараас Есүс Христийн Цагаатгалын хүчийг ашиглаж, цэвэр ба зохистой болж, Сүнсийг мэдэрч, унаж босож явахын оронд үргэлж удирдуулж яваасай хэмээн хүсдэг. Та нар Цагаатгалыг өдөр тутам ашигласнаараа өмнө нь ямар алдаа гаргаснаас үл хамааран энэ адислалыг авч чадна. Наманчлал гэдэг нь бишоптойгоо уулзаж, ноцтой нүглүүдээ түүнд хэлэхээс бүрддэг гэж олон өсвөр үеийнхэн боддог. Наманчлал нь үүнээс илүү зүйл. Энэ нь өдөр бүр (1) судруудыг, ялангуяа Христийн Цагаатгалын тухай заадаг хэсгүүдийг судалж, (2) үүнийг амьдралынхаа өдөр бүрийн аль ч мөчид ашиглаж сурахын тулд даруухан, тогтмол залбиралтай байж, өдөр тутам хичээл зүтгэл гаргахыг хэлдэг. Энэ нь үүний тулд хийгдсэн зүйл. Та нар өдөр бүр өчигдрийнхөөс илүү сайн болохыг хүсэж байгаа гэдгээ Тэнгэрлэг Эцэгтээ хэл.

Чи сайн биш, бусад бүх хүн чамаас илүү гэсэн мэдрэмжээр дамжуулан Тэнгэрлэг Эцэг та хоёрын хооронд саад бий болгохыг чөтгөрт бүү зөвшөөр. Аврагчийн Цагаатгал ба Түүний хайр, дэмжлэг өмнө чинь харагдаж байвч хүршгүй мэт санагдуулахыг бүү зөвшөөр. Энэ бол огт үнэн биш. Тэнгэрлэг Эцэг чамайг яг өнөөдөр байгаагаар чинь хайрладаг хэдий ч мэдээж чи үргэлж сайжрахыг хичээж, зарлигуудыг сахин, Цагаатгалыг өдөр тутам ашиглах хэрэгтэй. Төлөөлөгч Паулын хэлснээр, “өөрсдийгөө шалга” (2 Коринт 13:5). Гэхдээ чи Цагаатгалын талаар, үүнийг хэрхэн ашиглахад суралцсанаар алдаа дутагдал гаргасан ч гэсэн Их Эзэний хайрыг мэдэрч чадна гэдгээ ойлгоно.

Өөрийгөө хэн гэдгийг, Христ хэн гэдгийг мөн Тэр чиний төлөө юу хийснийг ойлго. Тэгээд энэ хоёр зүйлийг хамтатгаад, чи үргэлж цэвэр байж мөн өөртөө болон Тэнгэрлэг Эцэг, Аврагчид итгэлтэй байж болно. Дараа нь үүнээс үүдэн чи өөрийгөө үнэлж, өөртөө итгэлтэй байх болно.

Эдгээр нь миний залуу хөрвөгч байхдаа сурсан зүйл ба миний амьдралыг ихэд адисалсан. Та нарыг золиослол хийж, судалж, Тэнгэрлэг Эцэгтэй ойр байхаар чармайх үед Тэр та нарыг адислах болно. Хэзээ ч бүү бууж өг!