Тэд Иосефыг мэддэг байсан
Сэргээлтийн бошиглогч Иосеф Смит ямар хүн байсан бэ? Бид түүнтэй уулзаж байсан, түүнийг сайн мэддэг хүмүүсийн хэлсэн зүйлүүдийг уншсанаараа түүний талаар илүү ихийг мэдэж болно.
Иосефтой танилцсан мормон бус хүмүүс
Иосефтой уулзсан мормон бус олон хүн түүнийг хүндэлдэг байсан. Жишээ нь, Харвардын төгсөгч, удалгүй Бостоны захирагч болох гэж байсан Жосаиа Күинси Иосеф Смиттэй Наувуд танилцжээ. Иосеф бол “маш өвөрмөц шинж чанартай,” удирдагч байхаар төрсөн, “бусдын анхаарал, хүндэтгэлийг татам удирдан жолоодогч хүний төрхтэй, … хүн дуулгавартай дагамаар санагддаг” хүн байсан. Ирээдүйд ном зохиолд Иосеф Смитийг “энэ улсын хүмүүсийн хувь заяанд хүчтэй нөлөө үзүүлсэн”1 хүн гэж дүрсэлж магадгүй гэж тэр хэлжээ.
Түүнтэй уулзсан шинэ хөрвөгчид
Иосефтой анх уулзсан хөрвөгчид мөн түүнийг хүндэлж, бахадсан байна. Англиас Наувуд ирээд тав хонож байсан Виллям Клэйтон ийнхүү бичжээ: “Өнгөрсөн шөнө бид олуулаа Иосеф ахтай хамт байсан бөгөөд хаант улсын зүйлүүдийн тухай түүний ярихыг сонсоход зүрх сэтгэл маань баясаж байв. Тэр бол маш элэгсэг хүн. Бид түүнд маш их хайртай бөгөөд та нар ч бас хайрлах байсан.”2
Наувуд ирэхдээ 14 настай байсан Мэри Алис Каннон Ламберт “Удирдагч ах нараас нэлээд хэд нь уг онгоцоор ирсэн гэгээнтнүүдийн бүлгийг тэнд угтаж авсан юм. Тэдгээр ах нарын дотор бошиглогч Иосеф Смит байлаа. Миний харц түүн дээр агшин төдийд тогтоход тэр бол Бурханы бошиглогч мөн гэсэн гэрчлэлтэй болсноо би мэдсэн”3 гэж хэлжээ.
Түүнийг сайн мэддэг хүмүүс
Сүмийн анхны гишүүдийн нэг Жон М.Бернхизел нь эмч байсан. Тэр Смитийнхний гэрт хэдэн сар амьдарч байжээ. Иосеф Смитийг “сэтгэн бодох чадвар сайтай,” маш их эрч хүчтэй, “хүний мөн чанарын тухай гарамгай мэдлэгтэй,” “уужуу тайван,” “үзэл бодол нь өргөн хүрээнд төлөвшсөн,” “шударга ёсыг дээдэлдэг” хүн байсан гэж тэр хэлжээ. “Тэр нинжин сэтгэлтэй, хүнд туслахад ямагт бэлэн байдаг, өгөөмөр нигүүлсэнгүй, эв нийцтэй, хөгжилтэй, юмсыг олон талаас нь тунгаан боддог. Тэр шударга, илэн далангүй, аймхай хулчгар биш, өөрийн гэсэн бодолтой, хэн хүнд байдаг хуурамч зангүй, [хуурамчаар дүр эсгэдэггүй] хүн юм”4 гэж тэр хэлжээ.
Иосефын бичээчүүдийн нэг Ховард Корэй бошиглогчийн олон янзын хүмүүстэй харилцах чадварыг биширдэг байв. Эмч, хуульч, санваартан болон өөр бусад хүн “хэцүү асуултууд тавихаар” ирдэг байжээ. Иосеф “нөхцөл байдлаа үргэлж сайн мэддэг байсан. … Түүнийг эрдэмтэн хүмүүсийн асуултад их хялбархан, бэлэн хариулахыг харах үнэхээр сайхан санагддаг байсан”5 гэж тэр бичжээ.
Хожим нь Солт Лэйкийн хөндий рүү аялах гар тэрэгний багийг удирдсан Даниел Д.Макартур “Тэр бол амьд Бурханы үнэн бошиглогч байсныг би гэрчилж байна. Түүний хэлсэн үгийг хэдийчинээ их сонсож, үйл хэргийг нь хэдийчинээ их харах тусам тэр үнэхээр Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёртой … уулзсан гэдэгт би төдийчинээ их итгэдэг болсон”6 гэж хэлжээ.
Түүнийг мэддэг байсан бошиглогчид
Ерөнхийлөгч Жон Тэйлор “Адам ямархуу дүр төрхтэй харагдаж байсныг та Иосефоос асуусан бол, тэр танд тэр даруй хариулах байсан. Өндөр нам, төрх байдал гээд түүний тухай бүхнийг танд ярьж өгөх байсан. Петр, Иаков, Иохан нар ямархуу дүр төрхтэй хүмүүс байсныг та түүнээс асуулаа гэхэд тэр мөн л хэлж өгөх байсан. Яагаад? Учир нь тэр тэднийг харсан шүү дээ”7 гэж хэлжээ.
Бошиглогчийн зээ дүү Жозеф Ф.Смит Сүмийн зургаа дахь ерөнхийлөгч болсон юм. Тэрээр: Иосеф Смитэд “хүний хамгийн эрхэм, ариун сайхан чанарууд бүгд байсан. Энэ нь ах нартайгаа бөмбөг тоглох, барилдах, … зугаацах зэрэг хор шаргүй тоглоом наргианд олонтоо илэрдэг байв. …Тэр бол баяр баясгалан, хайр энэрэл, хүнийг агуу их, сайн сайхан болгодог бусад шилдэг чанараар дүүрэн, тэгсэн атлаа … даруу төлөв, цагаан цайлган сэтгэлтэй хүн байлаа. Бурханы нигүүлслээр Бүхнийг чадагчийн зорилгуудыг ойлгох хүч түүнд байсан юм. Энэ бол бошиглогч Иосеф Смитийн зан чанар байлаа”8 хэмээн бичжээ.