Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой
Би ганцаараа байгаагүй
Робэрт Хоффман, АНУ, Вашингтон
Би яаравчлан ухсан нуувчиндаа сууж байхдаа элсэн цөлийн дээгүүр хойд зүг рүү Иракийн чигтэй харлаа. Энэ нь 12-р сарын 24-ний цөлийн бэхлэлтийн үе байсан бөгөөд би шөнө дундаас эхлэн харуулын үүрэг гүйцэтгэх болов.
Би хороондоо цорын ганц хожмын үеийн гэгээнтэн байсан ба баярын үеэр бүр ч их ганцаардаж байв. Бид найман сараас хойш Саудын Арабын цөлд байсан бөгөөд энэ нь Христийн мэндэлсний баярын хүйтэн, одод гэрэлтсэн шөнө байлаа. Хуаранг тэр аяараа унтаж байхад надад хөх саарал элсэн толгодыг харж, бодолд автах дахиад хэдэн цаг байв.
Би АНУ-ын Жеоржиад байгаа эхнэр, хүүгээ бодлоо. Мөн гэрт баярын уур амьсгал оруулдаг гацуур мод, бэлэгнүүд, жинхэнэ баярын оройн зоогны талаар бодов. Дараа нь би Христийн мэндэлсний баярын түүхийг бодож эхлэв.
Би Христийн мэндэлсэн шөнийн тухай бодож байлаа. Тэр үед хэр харанхуй байсныг мөн орчин тойрныг гэрэлтүүлэх сар байсан эсэх эсвэл зөвхөн гэрэлтэх одод л харагдаж байсан эсэхийг бодлоо. Түүнийг төрөх үед гэрэл цахилгаан байгаагүй учраас тэр шөнө миний өнгөрүүлж буй шөнөтэй адил байсан болов уу. Ямар ч баяр цэнгэлгүй, харанхуй, чимээ аниргүй шөнө байсан байх.
Тэгээд нэг гайхалтай бодол надад төрсөн юм. Мэргэн хүмүүс шөнийн тэнгэрт үзэгдэх одоор удирдуулан зүүн зүгээс ирсэн гэж Библид гардаг. Шөнийн тэнгэрийг ширтэж байхдаа би өөрийгөө Бетлехемээс зүүн зүгт байгааг, тэр үеийн хөгжлийн төвүүдийн нэг нь Багдад байсан гэдгийг санасан юм. Мэргэн хүмүүс миний байгаагаас холгүй газраас ирсэн байж болох уу? Ямар од гэрэлтэж байсан юм бол? Энэ нь одоо ч гэсэн тэнгэрт байгаа болов уу? Би үүнийг харж чадах болов уу?
Би Бурханы бүтээлүүдийг гайхан, дээшээ ширтэж, миний дотор ямар нэг дулаан зүйл байгааг мэдрэв. Би энэ оронд байгаа нь эсвэл тэр од тэнгэрт байгаа эсэх нь чухал биш юм. Харин би Бетлехемд төрсөн бяцхан хүү, Хаадын хааны талаар мэргэн хүмүүстэй адил мэдлэгтэй байгаа нь л надад чухал байсан.
Би Христийн мэндэлсний баяраар ганцаараа бус, харин мэргэн хүмүүс, бошиглогчид гэх мэт Түүнийг эрэлхийлдэг бүх хүнтэй хамт байсан юм. Тэр шөнө Аврагчийн төрөлтийн талаарх миний гэрчлэл хүчирхэгжиж, маргааш өглөө нь Ариун Сүнс надтай хамт байсаар байв.
Тэр жилийн Христийн мэндэлсний баяр маань гунигтай биш, харин хамгийн дурсамжтай баяруудын нэг болсон юм.