2015
Аврагч Есүс Христийн гэрч
2015 оны арванхоёрдугаар сар


Аврагч Есүс Христийн гэрч

Ерөнхийлөгч Боид К.Пакэр ерөнхий эрх мэдэлтнээр 54 жил, төлөөлөгчөөр буюу ‘бүх дэлхийд Христийн нэрний’ (С ба Г 107:23) тусгай гэрчээр 45 жил үйлчлэхдээ даруухнаар гэрчилсээр ирсэн. Ерөнхийлөгч Пакэр 2015 оны 7-р сарын 3-нд нас барахынхаа өмнөхөн өөрийн тохинууллын онцлох хэсгүүдээс Лиахонад нийтлүүлэх хүсэлт тавьсан юм. Христийн мэндэлсний баярын үеэр эдгээр нь Аврагч Есүс Христийн талаарх түүний гэрчлэлийг болон Түүнийг хайрлах хайрыг харуулдаг.

Carl Bloch's painting depicting Christ with a  boy.  The painting is cropped to show only Christ.  There is a halo of light around Christ's head.

Христ ба бяцхан хүүхэд, Карл Генрих Хофманы бүтээлээс

Би Их Эзэнд хайртай

“Би Христийн мэндэлсний баярт дуртай. Христийн мэндэлсний баярын үеэр онцгой сүнс байдаг. Энэ нь Есүс бол Христ гэсэн гэрчлэл бөгөөд зөвхөн Сүмийн гишүүд төдийгүй дэлхий даяар тархдаг. … Би Их Эзэний үйлчлэгч, Арванхоёрын нэгний хувьд Есүс бол Христ гэдгийг мэднэ. …

“Би Их Эзэнд хайртай. Би Түүний ажилд хайртай. Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд хайртай. Би бидний Эзэн, Найз болох Түүний тухай гэрчилж байна.”1

Миний бие Түүний гэрч билээ

“Ярихад хэт ариун нандин зүйлс гэж байдаг. …

“Тэдгээр нь нууц бус харин ариун нандин учраас ярьж болдоггүй. Тэдгээрийг хадгалан хамгаалж, туйлын бишрэл хүндэтгэлтэй хандах ёстой.

Бошиглогч Алма дараах зүйлийг ямар утгатай хэлснийг би ойлгодог болсон:

‘… Бурханы нууцуудыг мэдэх нь олонд өгөгдсөн юм; гэсэн хэдий ч тэдний түүнд хандуулах тэрхүү анхаарал мөн шаргуу байдлын хэрээр хүмүүний үрсэд соёрхдог үгсийн зөвхөн тэр хэсгийн дагуу л бус аваас хуваалцаж үл болно гэсэн чанд хатуу зарлигийг тэд хүлээсэн байдаг.

Мөн тиймийн тул, зүрх сэтгэлээ хатууруулах тэр нь, мөнхүү тэр нь үгийн багахан хувийг хүлээж авдаг; мөн зүрх сэтгэлээ хатууруулахгүй, түүнд тэдгээрийг бүрэн дүүрэн мэдэх хүртэл нь Бурханы нууцуудыг түүнд мэдүүлэх хүртэл үгийн илүү их хэсэг өгөгддөг болой’ (Aлма 12:9–10). …

Би өөрийгөө яагаад төлөөлөгчийн ариун дуудлагад дуудагдсан юм бол гэж боддог. Би маш олон чадвараар дутмаг хүн. Шаардлагатай хэмжээгээр үйлчлэхэд их хүч чармайлт хэрэгтэй байна. Үүнийг тунгаан бодох үедээ үүнд ганцхан шалтгаан байгаа бөгөөд энэ нь надад байгаа тэр гэрчлэл гэж боддог.

Би Есүс бол Христ гэдгийг мэднэ гэдгээ та бүхэнд тунхаглаж байна. Тэр амьдыг би мэднэ. Тэрээр цагийн голчид мэндэлсэн билээ. Тэрээр сайн мэдээгээ зааж, шүүгдэж, цовдлогдсон юм. Тэрээр гурав дахь өдөртөө босч ирсэн. Тэрээр амилалтын анхны үр жимс болсон билээ. Тэр мах, ясан биетэй. Үүнийг би гэрчилж байна. Би Түүний гэрч.”2

Тэр шийтгэл хүлээхийг сонгосон

Jesus Christ depicted leaning on a rock in the Garden of Gethsemane. The image depicts the Atonement of Christ.

Харри Андэрсоны Миний хүсэл бус, харин Таны хүсэл биелэгдэг зургийн хэсгээс

“Цовдлолтын өмнө хийгээд дараа олон эрэгтэй хүн баатарлаг зүйлд амиа зориулсан байдаг. Гэхдээ тэдний аль нь ч Христийн амссан зовлонг амсаагүй. Түүний дээр бүхий л хүн төрөлхтний нүгэл хийгээд гэмүүд дарамт болж байсан. Цагаатгал бүх зүйлийг шийдэх учиртай байв. Түүний энэ сайн дурын үйлсээр дамжуулан нигүүлсэл хийгээд шударга ёс эвлэрч, мөнхийн хууль биелэгдэж, энэ зуучлал нь мөнх бус хүмүүнийг мөхөх аюулаас гэтэлгэсэн билээ.

Тэрээр өөрийн сонголтоор бүх хүн төрөлхтний өмнөөс тэдний энэ дэлхий дээр үйлдсэн эсвэл цаашид үйлдэх бүхий л ёсон бус, завхрал, харгислал, ёс суртахуунгүй үйлдэл, гажуудал, ялзрал, донтолт, аллага, яргалал хийгээд хядлагынх нь өмнөөс шийтгэл хүлээсэн юм. Үүнийг сонгосноороо Тэрээр бие махбод хийгээд мөнх бус амьдралын өвчин шаналлыг хэзээ ч амсаагүй ад чөтгөрийн агуу хүчтэй тулгарсан юм. Энэ үйл явдал Гетсеманид болсон!

Цагаатгал хэрхэн гүйцэлдсэнийг бид мэдэхгүй. Мөнх бусыг хэзээ ч үзээгүй чөтгөр хүртэл тэр цэвэр ариун бодгалийн Гэрлийн өмнө дальдирч, нуугдаж байхыг мөнх бус нэг ч хүн хараагүй. Тэрхүү гэрлийг бүх ёсон бус нийлээд ч мохоож чадаагүй. Тэрхүү тохиох ёстой зүйл тохиосноор өр төлөөс цайрсан юм. Наманчлах тэдгээр бүгдээс үхэл хийгээд тамын аль аль нь зайлан одох болов. Эцэст нь хүмүүс чөлөөтэй болсон. Дэлхий дээр амьдарч байсан хүн бүр тэрхүү Гэрлийг дагахыг сонгосноор гэтэлгэгдэх боломжтой.

Энэ хязгааргүй золиослол, ‘Христийн Цагаатгалаар дамжин cайн мэдээний хуулиуд хийгээд ёслолуудад дуулгавартай байснаар бүх хүн төрөлхтөн аврагдана’ (Итгэлийн тунхаг 1:3).”3

Гарамгай багш

“Би Түүний сайн мэдээг заахыг хичээх явцдаа Есүс Христ, Бурханы Хүү, Эцэгийн Төрсөн Ганц болох Түүнийг мэддэг болсон юм. Би Түүний заасан зүйлүүдийг, Тэр тэдгээрийг хэрхэн заасныг гүнээ хүндэтгэж байна. Бид түүнтэй адил заадаг болохыг эрмэлзэх нь зохисгүй зүйл биш юм. Бид түүнтэй адил байхыг хичээх нь ч зохисгүй зүйл биш. Тэр зүгээр нэг багш бус, гарамгай багш байсан.”4

Хамгийн их мэдвэл зохих үнэн

“Мөнх бус хүмүүний хувьд бид Түүний цагаатгагч золиослолыг хэрхэн хийснийг бүрэн дүүрэн ойлгохгүй. Гэхдээ одоохондоо Түүний хэрхэн зовж шаналсан нь Түүний яагаад зовж шаналсантай адил чухал биш байна. Яагаад Тэр таны, миний болон бүх хүн төрөлхтний төлөө үүнийг хийсэн юм бол? Тэрээр Бурхан Эцэгийг болон бүх хүн төрөлхтнийг хайрладаг учраас үүнийг хийсэн. ‘Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас өөр агуу хайр байхгүй’ (Иохан 15:13–13).

Христ Гетсеманид залбирахаар төлөөлөгчдөө орхин явдаг. Тэнд болсон зүйл нь бидний ойлголтоос хэтэрсэн зүйл юм! Гэхдээ бид Түүнийг Цагаатгал хийсэн гэдгийг мэддэг. Тэрээр бүх дэлхийн алдаа, нүгэл, гэм буруу, эргэлзээ, айдсыг Өөр дээрээ авахад бэлэн байсан. Тэрээр бидний өмнөөс зовж шаналсан учраас бид зовж шаналах шаардлагагүй. Маш олон хүн зовлон шаналлыг амсаж, аймшигт үхлээр үхсэн байдаг. Гэвч тэднийг Түүний зовлон шаналалтай харьцуулшгүй. …

Түүний туулсан зовлон шаналал хүн төрөлхтний зовлон шаналлаас өөр юм. Учир нь Тэрээр хүн төрөлхтөнд ирэх бүхий л шийтгэл, үр дагаврыг Өөр дээрээ авсан билээ. Төсөөлөөд үз дээ! Түүнд төлөх ёстой өр байгаагүй. Тэрээр ямар ч буруу зүйл үйлдээгүй. Гэсэн хэдий ч Тэр бидний мэдэх бүх гэм нүгэл, гуниг харуусал, өвчин зовлон, ичгүүр, биеийн болон оюун ухааны бүх зовлонг туулсан. Хүн төрөлхтний бүх цаг үеийн түүхэнд ямар ч нүгэлгүй, бүх хүний гэм болон нүглийн төлөөсийг төлөх эрхтэй, төлөөстэй хамт ирэх өвдөлтийг тэвчих Цорын ганц л хүн байсан юм.

Тэр Өөрийнхөө амьдралыг золиослоход бэлэн байсан бөгөөд ‘Дэлхийн нүглийг өөр дээрээ авагч нь би билээ’ (Мозая 26:23) хэмээн хэлсэн билээ. Тэр цовдлогдож, амиа өргөсөн. Тэд Түүний амийг авах боломжгүй байсан. Тэр өөрөө үхэхийг сонгосон юм. …

Хэрэв та унаж, алдагдсан бол, хэрэв та боолчлолд орсноо ухаарсан бол итгэлтэй урагшилж, дэлхий дээр битгий дахин хэрэн тэнүүчлээрэй. Таныг амар амгалан, аюулгүй газар руу хөтлөх хүмүүс үргэлж байдаг юм шүү. Сударт амласанчлан, Бурханы ач ивээл “хийж чадах бүхнээ” хийсний дараа л ирдэг (2 Нифай 25:23). Энэ нь боломжтой гэдэг нь хамгийн их мэдвэл зохих үнэн билээ.

Өршөөлийн цэлмэг өглөө ирнэ гэдгийг би амлаж байна. Тэгээд ‘бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар тайван’ (Филиппой 4:7) таны амьдралд дахин нэг удаа яг л нарны цацраг мэт ирж, Тэрээр ‘тэдний нүглийг дахин санахгүй’ (Иеремиа 31:34). Та үүнийг хэрхэн мэдэж авах вэ? Та мэдэх болно! (Moзая 4:1–3-ыг үзнэ үү.)”5

Миний гэрчлэл

“Би амьдарч, зааж, үйлчилсэн бүх он жилийнхээ эцэст, дэлхий даяар сая сая километр аялсныхаа дараа, үзэж туулсан бүх зүйлийн дараа ч гэсэн бусадтай хуваалцахыг хүсдэг нэгэн агуу үнэн надад байдаг билээ. Энэ бол Аврагч Есүс Христийн тухай миний гэрчлэл юм.

Иосеф Смит, Сидней Ригдон хоёр ариун нандин туршлагынхаа талаар дараах зүйлийг бичжээ:

‘Мөн эдүгээ, түүний талаар өгөгдсөн олон гэрчлэлийн дараа, энэ бол түүний талаар бидний өгөх, хамгийн сүүлчийн гэрчлэл юм: Тэр амьд бөлгөө!

Учир нь бид Түүнийг … харсан билээ’ (С ба Г 76:22–23).

Тэдний үгс бол миний үгс юм.”6

“Амьдралынхаа турш Есүс бол Христ, Бурханы Хүү гэдэг онцгой гэрчлэлээ хуваалцах боломжтой байсан нь ямар их аз завшаан билээ. Тэр бол Эцэгийн Төрсөн Ганц Хүү гэдгийг би даруухан боловч туйлын тодорхой гэрчилж байна. Энэ сүм бол Түүний Сүм; Тэрбээр үүнийг тэргүүлдэг ба энэ ажлыг удирддаг. Тэр бол бидний Гэтэлгэгч билээ. Тэр амьд гэдгийг би мэднэ мөн би Түүнийг мэднэ. Энэ тухай би Есүс Христийн нэрээр гэрчиллээ, амен.”7

Эшлэлүүд

  1. “Our Witness of the Lord,” Ерөнхий эрх мэдэлтнүүдэд өгсөн сургалт, 1974 оны 12-р сарын 5.

  2. “The Spirit Beareth Record,” Ensign, 1971 оны 6-р сар, 87, 88.

  3. “Есүс гэж хэн бэ?” Лиахона, 2008 оны 3-р сар, 15.

  4. Mine Errand from the Lord: Selections from the Sermons and Writings of Boyd K. Packer (2008), 337.

  5. “Аврагчийн аминч бус хийгээд ариун золиослол,” Лиахона, 2015 оны 4-р сар, 37–38; мөн “Truths Most Worth Knowing,” Cүмийн боловсролын системийн онцгой цугларалтыг үзнэ үү, 2011 оны 11-р сарын 6.

  6. “Гэрч,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 115–116.

  7. Ерөнхийлөгч Пакэр энэхүү сүүлчийн гэрчлэлээ нас барахынхаа өмнө бичжээ.