Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой
Христийн мэндэлсний баярын гайхамшиг
Жоан Бөртон Стотт, АНУ, Калифорни
1968 оны намар манай бишоп эцэг, эхээс минь Ютагийн Провогийн ариун сүмийг барих ажилд мөнгө хандивлахыг хүсжээ. Өнөөдөр тойргууд ийм хандив авдаггүй боловч олон жилийн өмнө энэ нь нийтлэг зүйл байсан юм. Миний аав 1000 ам.доллар өгөхөөр амлажээ. Энэ нь их мөнгө биш юм шиг байж болох ч бидний хувьд их байсан. Аав минь их сургуульд байгаа нэг хүү, номлолд үйлчилж байгаа нэг хүү, таван хүүхдээ тэжээхийн тулд хоёр ажил хийж байсан юм.
Аавыгаа гэр бүлийн зөвлөлийн үеэр биднийг суулгаад, ариун сүмд 1000 доллар хандивлахаар амласан гэдгээ хэлэхэд, энэ нь нэг сая доллар өгнө гэж амласан юм шиг их сонсогдож билээ. Би түүнийг ийм их мөнгө хандивлахаар амласанд итгэж чадахгүй байсан бөгөөд тэр мөнгийг олоход бидэнд дөрвөн сар хүрэхгүй хугацаа үлдсэн байлаа.
Бид энэ мөнгийг олох дөрвөн арга замыг сонголоо: Христийн мэндэлсний баяраар бэлэг авах байсан мөнгөө хандивлах, би эгч нарынхаа хамт хоёр хүүхэд харж олсон мөнгөө хандивлах, дүү маань мөнгө олохын тулд олон ажил хийх, гэр бүлээрээ орон нутгийн ферм дээр хэдэн долоо хоногийн турш алим хурааж мөнгө олоод хандивлах.
Бид мөнгөө хийхээр нэг гутлын хайрцгийг цаасаар ороож, ариун сүмийн болон Есүс Христийн зургийг наагаад, тэр хайрцгаа жижиг ширээн дээр тавьж билээ. Хандив маань нэмэгдэх тусам бидний сэтгэл хөдөлж байлаа. Бидний анхаарал өөрсдийнхөө хүссэн бэлгүүд дээр бус, харин Аврагчид өгөх бэлгэн дээр төвлөрсөн юм. Би Бурханы хүүхдүүдэд амьдралаа өгсөнд нь Түүнд маш их талархдаг учраас бага ч гэсэн зүйлийг өгөхийг хүсэж байсан.
Алим хураах ажил мөнгө олоход хамгийн хэцүү ч сэтгэл ханамжтай арга болж хувирав. Энэ нь хүнд ажил байсан ч бид гэр бүлээрээ хамт ажиллахдаа хүчирхэгжиж мөн адислагдаж байсан. Бид “эв нэгдэл хийгээд … хайранд” (Moзая 18:21) нэгдэж эхлэв.
Христийн мэндэлсний баяр ойртох тусам хандивын хайрцаг руу харах бүрд миний урам хугардаг байлаа. Бид хичээл зүтгэл гаргаж байсан ч гэсэн зорилгоосоо хол байв.
Бид бэлэг солилцохгүй байх шийдвэр гаргасанд би баяртай байсан. Бидний гаргаж буй золиослол бага байсан ч Аврагч үүнд баярлана гэсэн итгэл надад байсан.
Нэг өдөр аав маань бид зорилгодоо хүрсэн бөгөөд тэр мөнгөө хандивласан гэж хэлэв. Бид үлдсэн мөнгийг яаж тийм хурдан олсныг би огт ойлгоогүй юм.
Энэ Христийн мэндэлсний баяраар аавын өгсөн амлалтын биелэлт нь гайхалтай байсан. Харин миний хувьд, авахын оронд өгснөөс болж тохиосон жинхэнэ гайхамшиг нь би Аврагчид илүү ойр болсон явдал юм. Энэ нь миний авч болох байсан ямар ч бэлэгнээс илүү байсан. Долоон жилийн дараа намайг Провогийн ариун сүмд нөхөртэйгөө энэ амьдрал болоод мөнхөд лацдан холбогдохоор тахилын ширээний дэргэд сөгдөн сууж байхад бэлэг минь надад эргэж ирсэн билээ.