Номлолоосоо эрт гэртээ ирсэн минь
Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.
Би номлогчийг бэлтгэх төвд орох үедээ номлол минь миний хүсэн хүлээснээс маш өөр байх болно гэдгийг мэдээгүй байсан юм.
Номлолын дуудлага хүлээн авах нь миний амьдралын хамгийн агуу, гайхалтай мөчүүдийн нэг байлаа. Би 18 насандаа сайн мэдээний гэрчлэлтэй болсноосоо хойш номлолын талаар олон удаа бодсон. Би Тайванийн Тайчунг номлолд үйлчлэх дуудлага хүлээж аваад, энэ нь зөв гэдгийг мэдсэн бөгөөд номлолд үйлчлэхээр сэтгэл минь ихэд догдолж байсныг санаж байна.
Би өдөр бүр судруудаа уншиж, номлолд болон ариун сүмд бэлтгэх ангид суун, бүр мандарин хятад хэлийг бие даан сурах гэж оролдож байв. Би айлын ганц хүүхдийн хувьд номлол надад төдийгүй эцэг эх болон Тэнгэрлэг Эцэгт минь хүндлэл авчирна гэдгийг мэдэж байсан. Номлогчийг бэлтгэх төвд (НБТ) орсон өдөр надад ирэх 18 сарын турш юу ч буруугаар эргэхгүй мэт санагдаж байлаа. Баптисм хүртээхээс эхлээд удаан хүлээсэн тайвань хоол хийх зэрэг номлолын бүх зүйлд миний сэтгэл хөдөлж байсан. Номлогчийг бэлтгэх төвд орох үедээ номлол минь миний хүсэн хүлээснээс маш өөр байх болно гэдгийг би мэдээгүй байсан юм.
Өвдөв
Номлолд гараад дөрвөн сар болсны дараагаас дугуй унах, өглөөний дасгал хийхэд төдийгүй унтах, хувийн сургалт хийж байхад хүртэл бие минь өвддөг болж эхэлсэн. Миний биеийн жин маш хурдан буурч байв. Ус уусан ч бие өвдөж байлаа. Эмч нарын шинжилгээ миний өвчний оношийг тогтоож чадаагүй юм. Надад ямар ч шимэгч хорхой эсвэл вирус байгаагүй. Номлолын ерөнхийлөгч болон хамтрагч маань, би өөрөө хүртэл эрүүл мэнд минь ийм хурдацтай муудаж байгааг гайхаж байв.
Дараагийн сарын туршид би өөрөө ч гайхширам тийм итгэлтэй байв. Би бухимдаж байсан ч шаргуу ажиллан, дугуйгаараа илүү хурдан явж, хагас дутуу хятад хэлээрээ харсан хүн бүртэйгээ яривал Бурхан гайхамшгаар намайг эдгээнэ гэдэгт бүрэн итгэж байсан. Би Христийн өвчтэй хүмүүсийг эдгээж, нас барсан хүнийг босгосон түүхүүдэд итгэж байсан ба Тэрээр сул дорой боловч урам зоригтой байгаа номлогч миний төлөө адил зүйлийг хийнэ гэж итгэж байсан юм. Дараа нь нэгэн ням гарагт хамтрагч бид хоёр сонирхогчтойгоо уулзахаар Сүмийн цуглааны байр руу дугуй унаад явж байхад миний бие бүхэлдээ тэсэхийн аргагүй өвдөж эхлэв. Бид цуглааны байранд ирэхэд, би ахлагчдаас надад адислал өгөхийг хүссэн бөгөөд энэ нь тус болсон юм. Өдөр өнгөрөх тусам ойр ойрхон санваарын адислал авч, эдгэрэхийн тулд олон ч удаа залбирсан.
Тайванийн бүгчим халуун нэгэн өглөө сэрээд, орноосоо ч босож чадахгүй болсон тэр өдөр миний номлолын хамгийн гунигтай өдөр байж билээ. Тэр үед би өөрийгөө цаашид үүнээс илүү удаан хугацаагаар номлогч байж чадахгүй юм байна гэдгээ мэдсэн юм. Номлолын ерөнхийлөгч гэрт маань ирээд, бид хамтдаа зөвлөлдөв. Бид бүх л боломжит хувилбарыг ярилцан, маш их залбирч, нулимс унагасны дараа би гэртээ харьж биеэ сайжруулах тал дээр анхаарах хэрэгтэй гэдгийг Сүнс баталж хэлсэн.
Гэртээ эрт эргэж ирлээ
Агаарын бөмбөлөг, “Гэртээ тавтай морил” гэсэн лоозон байгаагүй ба би онгоцноос буугаад, тэргэнцрээр эцэг эх дээрээ очиход, тэд намайг тэр даруй эмнэлэгт авчирсан. Хэдэн сарын турш шинжилгээ өгсөн боловч миний юу болохгүй байгааг эмч нар олж чадаагүй. Мөн миний эргэн тойрны хүмүүс сайхан сэтгэлийн үүднээс “Чи хэзээ номлолдоо буцаж гарах вэ?” “Чи гэртээ үлдэх үү?” “Магадгүй, чи гэрлэх ёстой байсан юм болов уу?” “Магадгүй, чи анхнаасаа явах ёсгүй байсан байх” гэх мэт зүйлийг хэлж байв.
Би ичиж бас яах учраа олохгүй байв. Би Бурханы хайрыг хүртэх зохистой юу? Намайг хичээнгүйлэн үйлчилж байхад яагаад надад ийм зүйл тохиолдсон юм бол? Би сайн номлогч байж чадаагүй юм болов уу? Бурхан намайг сонсож байсан уу? Үеийнхэн маань “хагас дутуу” хийсэн номлолын үйлчлэлийг минь хүлээн зөвшөөрөх болов уу?
Дараагийн зургаан сарын турш миний гэрчлэл суларч байсан бөгөөд би үүндээ гэмшиж байв. Би өөрийгөө цээрлүүлэгдсэн гэж бодож, Тэнгэрлэг Эцэг надад үнэхээр хайртай эсэхэд эргэлзэж эхэлсэн. Яваандаа миний сэтгэл санаа бага зэрэг дээрдсэн ч би номлолынхоо өмнөх шиг болоогүй л байлаа. Би амьдралдаа шийдвэр гаргахаас зайлсхийсээр байв.
Нэг орой би сайн найзтайгаа ярилцсан юм. Тэр ч бас өвчнөөс болоод номлолынхоо дундаас гэртээ ирэхийн зовлон, гунигийг үзсэн ба номлолын талбарт эргэж гарахаар хичээж байсан. Би зургаан сарын турш мэдрээгүй амар амгаланг тэр өдөр мэдэрснээ санаж байна. Сүнсний дуу хоолой надад “Чи буцаж явах ёстой” гэж шивнэсэн юм. Би юу хийх ёстойгоо мэдэж авсандаа тун их баяртай байлаа. Маргааш нь би бишоптойгоо уулзахаар явав. Дараа нь би Номлолын албанд чин сэтгэлийн захиа бичиж, номлолын талбарт эргэж очиж болох эсэхээ асуусан юм. Миний хүсэлт зөвшөөрөгдөж, нэг сарын дараа би нэрийн тэмдгээ дахин зүүв.
Зургаан сарын дараа нөгөө өвчин намайг дахин зовоож эхэлсэн юм. Би эмнэлэг дээр олон цагаар шинжилгээ өгч, тариа хийлгэснээс болж эмнэлгийн орон дээр дэмийрч байснаа санаж байна. Ийм зүйл тохиолдсонд би итгэж чадахгүй байлаа. Энэ удаа миний номлол дуусаж байгааг би мэдэж байв. Гансрал, харууслын гашуун нулимс хацрыг минь даган урсах үед ухаантай номлолын ерөнхийлөгчийнхөө: “Романелло эгч ээ, та эргэж ирсэн учраас Их Эзэнд хоёр дахин илүү хайртай” гэж хэлэхийг сонссон. Би ийм үгийг сонсоод, маш их тайвширч билээ. Энэ удаа гэр рүүгээ явахаар онгоцонд суухдаа би хариулт хүлээж аваагүй ч итгэлтэй хэвээр байх болно гэдгээ Тэнгэрлэг Эцэгт амласан.
Христийн Цагаатгалаас эдгэрлийг олох нь
Би одоо гэртээ эргэж ирээд хоёр жил гаруй болж байна. Надад хүндрэл учирсаар байгаа бөгөөд миний тамир тэнхээ, эрч хүч номлолд үйлчлэхээс өмнөх үетэй адилгүй болсон. Эмч нар миний бие яагаад муудаад байгааг оношилж чадаагүй. Номлолын хугацаагаа дуустал үйлчлээгүй, эргэж ирсэн номлогч байх нь амаргүй хэвээр л байна. Гэсэн хэдий ч, би хөрвөгч бүрдээ хайртай. Бусад номлогчид 18 эсвэл 24 сарын номлол нь үнэ цэнэтэй байдаг шиг миний номлолын үйлчлэл богино байсан ч гэлээ үнэ цэнэтэй байсныг мэдэхэд цаг хугацаа шаардлагатай байсан.
Их Эзэн гэнэтийн нөхцөл байдлаас болж гэртээ эргэж ирэх зовлонг амссан хүмүүстэй ярих олон боломжийг надад өгсөн. Их Эзэн намайг тэдэнтэй гэрчлэлээ хуваалцаж, эрүүл мэндийн шалтгаанаас болж гэртээ эргэж ирэх нь нууж хаах буруу зүйл бус, харин бусадтай ярилцах ёстой туршлага гэдгийг ойлгоход нь тэдэнд туслуулахаар хөтөлсөн гэдгийг би мэднэ.
Эхний удаа гэртээ эргэж ирэхдээ би итгэлээ үл хайхрах нь ямар байдгийг үзсэн бол хоёр дахь удаа эргэж ирэхдээ итгэлдээ үнэнч байх нь ямар байдгийг мэдэрсэн. Би судрууд судлах, институтэд оролцох, сүмдээ явах, дуудлагаа биелүүлэх зэрэг үндсэн гол зүйлүүдээ хийсээр байна. Бүх зүйл яагаад ингэж эргэснийг мэдэх гэж би олон ч удаа залбирсан даа. Би өөрийгөө болон Тэнгэрлэг Эцэгийг буруутгахаа больсон. Би эргэн ирж, хотод маань амьдардаг хятад ах, эгч нар дээр айлчилж эхэлснээс хойших амьдралаа харахдаа надад тохиолдсон бүх зүйлд мөнхийн зорилго байсан гэдэг байр суурьтай байдаг.
Би Moзая 5:15-д гардаг “Тиймийн тул, тэнгэр ба газарт орших бүх зүйлийг бүтээсэн, бүхний дээрх Бурхан болох түүний мэргэн ухаан хийгээд хүч, мөн шударга ёс, мөн нигүүлслээр та нар үүрдийн аврал хийгээд мөнх амьдралыг авч болохын тулд, та нар тэнгэрт авчрагдаж болохын тулд, Христ, Төгс Хүчит Их Эзэн Бурхан та нарыг өөрийнх байлгахаар лацдаж болохын тулд, та нарыг хичээнгүй мөн гуйвшгүй байж, сайн үйлүүдээр үргэлж бялхаасай хэмээнэ би” хэмээх үгсэд дуртай:
Хэрэв би Их Эзэнд бүхнээ зориулан амьдарсан хэвээр байвал үүрд адислагдах болно гэдэгт итгэдэг. Ингэснээр миний бие 100 хувь эдгэрээгүй ч гэсэн би Есүс Христийн Цагаатгалаар эдгээгдсэн гэдгээ мэддэг. Миний зүрх сэтгэл хэзээ ч ийм бүрэн бүтэн эсвэл Их Эзэний ажилд үйлчлэхэд бэлэн байгаагүй.