2015
Би Залуу эмэгтэйчүүдийн ангийн ерөнхийлөгч болоход өөрийгөө хангалтгүй гэж бодож байна. Би хэрхэн илүү сайн удирдагч болж чадах вэ?
2015 оны арванхоёрдугаар сар


Асуулт, хариултууд

“Би Залуу эмэгтэйчүүдийн ангийн ерөнхийлөгч болоход өөрийгөө хангалтгүй гэж бодож байна. Би хэрхэн илүү сайн удирдагч болж чадах вэ?”

Хэрэв та дуудлага авахдаа өөрийгөө голж байгаа бол та ганцаараа биш. Иеремиа, Енох, Иосеф Смит нар бошиглогчоор дуудагдах үедээ бүгд залуу байсан ба өөрсдийгөө голж байсан боловч Их Эзэн Өөрийн хаант улсыг байгуулахад тэднийг ашигласан. Их Эзэн агуу зүйлүүдийг гүйцэлдүүлэхийн тулд эртний бошиглогчдыг ашигласны адилаар та нар залбирч, Түүнд найдвал Тэр та нарыг ашиглаж чадна.

Ангийн гишүүдийнхээ төлөө таны хийж чадах хамгийн сайн зүйл нь тэдний найз байх явдал байж болох юм. Тэдний нэрийг чээжил. Та өдөр бүр тэдний төлөө залбирч, тэдэнд бэрхшээл тулгарч байвал мацаг барьж ч болох юм. Сүмээс гадуурх тэдний амьдралын талаар асууж, уулзах бүрдээ инээмсэглэж мөн мэндэлж, сүм дээр эсвэл сургууль дээр тэдний хажууд суух талаар бодож үзээрэй. Илүү их хайр, дэмжлэг хэрэгтэй хүмүүсийг хайгаарай.

Тусламж хүсэхээс бүү ай. Тэнгэрлэг Эцэг таныг ганцааранг орхихгүй. Тэр танд зөвлөхүүдийг болон насанд хүрсэн зөвлөгчдийг өгсөн. Тэд танд тусална. Тэр ч бас тусална.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008): “Өвдөг сөгдөж, Их Эзэний адислалуудыг хүс. Тэгээд хөл дээрээ босоод, хийх ёстой зүйлээ хий. Дараа нь үүнийгээ Их Эзэний мутарт үлдээ. Та нар асар үнэ цэнэтэй зүйл гүйцэлдүүлсэн гэдгээ ойлгох болно” (“To the Women of the Church,” Лиахона, 2003 оны 11-р сар, 114) гэж хэлжээ.

Найз нь бай!

Ангийн ерөнхийлөгчийн хувьд би ч бас өөрийгөө голж байсан. Гэсэн хэдий ч залуу эмэгтэйчүүдийг хайрлаж, гадуурхахгүй байх нь чухал юм. Сайн найз байж, шийдвэр гаргахдаа зөвлөхүүдээ сонс. Зөв шударга жишээ үзүүлж, Залуу эмэгтэйчүүдийн эрхэмлэх чанаруудыг мөрдөж амьдар. Гэхдээ өөрийгөө төгс байх болно гэж бодох хэрэггүй. Тэнгэрлэг Эцэг таныг хичээгээсэй гэж хүсдэг. Хэрэв та нар Түүнийг дуудвал Тэр та нарт хэрэгтэй хүч чадал, удирдамжийг өгөх болно.

Ребека Н., 16 настай, АНУ, Нью Хемпшир

Сайн дураараа үйлчил

Миа Мэйдийн ангийн ерөнхийлөгч болсноос хойш надад ч бас адил мэдрэмж төрж байсан. Би бишопын өрөөнд орохдоо мэдэрсэн мэдрэмжээ одоо ч санаж байна. Би татгалзаж болох байсан боловч энэ үүрэг даалгавар бишопоос бус, харин Бурханаас ирсэн дуудлага гэдгийг мэдэж байсан. Хэрэв бид өөрсдийгөө Түүнд зориулж, даруу байвал Тэнгэрлэг Эцэг бидэнд туслах болно.

Никол П., 16 настай, Филиппин

Заадаг хүмүүсээ хайрла

Илүү сайн удирдагч болохын тулд та нар үйлчилдэг хүмүүсээ хайрлах ёстой. Өс хонзон санахгүй байж, уучлах шаардлага гарна. Бурхан тэдний үнэ цэнийг хардгийн адил та ч бас тийн харахын төлөө залбирч болно. Чамайг болон ангийн гишүүдийг чинь хайрлах Түүний хайрыг мэдрэхийн тулд залбир. Хувийн хөгжил дэвшил нь дуудлагаа биелүүлэхэд шаардлагатай зан чанаруудыг хөгжүүлэхэд тусалж чадна гэдгийг би хувийн туршлагаасаа мэднэ. Хэрэв та нар Бурханаас тусламж гуйвал Тэр та нарт хүч чадал өгөх болно.

Мэри Б., 16 настай, АНУ, Вашингтон

Байгаа түвшингээсээ эхэл

Та нар хөгжүүлэхийг хүсэж байгаа зан чанаруудаа харуулснаар илүү сайн удирдагч байж чадна. Шийдвэр гаргах үедээ Сүнсийг өөртэйгөө хамт байлгахын төлөө залбир. Залуу эмэгтэйчүүдийн хэрэгцээнд анхааралтай хандахын төлөө залбир. Илүү сайн удирдагч болохын тулд хийж болох олон зүйл байгаа хэдий ч хамгийн эхний алхам бол үүнийг хийж чадна гэдэгтээ итгэх явдал гэдгийг би олж мэдсэн.

Саванна П., 15 настай, АНУ, Техас

Ариун сүмд ор

Би диконы чуулгын ерөнхийлөгчөөр дуудагдаад удаагүй байхдаа сүнслэг байдлаа хэрхэн сайжруулахаа мэдэхгүй байсан. Би ихэвчлэн ням гараг бүр гэр бүлийн түүхээ хийж эхэлсэн. Би бямба гараг бүрийн өглөө ариун сүмд орж байгаа. Би аль болох олон эрэгтэй хүний баптисм, гишүүний баталгааны нэрс авчрах зорилготой байсан юм. Долоо хоног бүр би ариун сүмд орсныхоо дараа илүү сүнслэг болсон байдаг. Ингэснээр чуулгадаа илүү сайн туслах боломжтой болсон.

Жош Б., 13 настай, АНУ, Юта

Илчлэлтийн дагуу үйлд

Хэрэв Их Эзэн чамд ямар нэг дуудлага өгсөн бол чиний хийж чадах нэг ажил байгаа гэсэн үг. Иаков 1:5 дээр хэлсэнчлэн бид Бурханаас асуух хэрэгтэй. Бид юу хийх ёстой нь Ариун Сүнсний хүчээр бидэнд илчлэгдэх болно (2 Нифай 32:5-ыг үзнэ үү). Түүний тусламжтайгаар бид “бүх зүйлийн үнэнийг мэдэж болно” (Moронай 10:5). Тэгээд бид хүлээн авсан илчлэлтээ дагах хэрэгтэй. Их Эзэн биднийг удирддаг учраас бид бүгд дуудлагаа эрхэмлэн биелүүлж чадна гэдэг гүн итгэл үнэмшил надад бий.

Люси Д, 17 настай, Франц

Урам зориг өгөх үйл ажиллагаа төлөвлө

Ерөнхийлөгчийн зөвлөлтэйгөө тогтмол хуралдаж, охидын хэрэгцээ, сонирхолд нийцсэн урам зориг өгөх үйл ажиллагаа төлөвлө. Аль нэг залуу эмэгтэй ангид ирэхгүй байвал түүнийг санаж байгаа гэдгээ хэл. Надад тусалсан судруудын нэг бол Мозая 18:9 юм.

Кэрэн П., 16 настай, Мексик