Залуучуудын тухай хөрөг өгүүлэл
Германд сайн мэдээний гэрч болж амьдрах нь
Зохиогч нь Германд амьдардаг.
Итгэдэг зүйлүүддээ үнэнч байвал тэдгээрийг хуваалцахад амар болдог.
Ханноверийн төвөөс галт тэргээр 30 минутын зайд, олон арван акр хаврын цэцэгт талбайнуудын дунд Германы жижигхэн хот Штадтхаген оршдог. Энэ бол 19 настай Эстер Графын өссөн газар. Энэ газрын бүх зүйлд явган эсвэл дугуйтай хүрэхэд амар бөгөөд талхны мухлаг, зайрмагны дэлгүүрүүд гудамжаар нэг эгнэж мөн зах ажлын өдрүүдээр хотын талбайг дүүргэдэг.
Түүнчлэн Штадтхагенд хожмын үеийн гэгээнтнүүдийн тоо өсөн нэмэгдсээр байна.
Штадтхаген жижигхэн хот боловч энд нэг том тойрог байдаг бөгөөд 10 000 герман хүн тутамд таваас бага гишүүн ноогдож байгаа нь Герман улсын хувьд хэвийн зүйл биш юм. Харин Эстерийн хувьд энэ нь Есүс Христийн сайн мэдээний зарчмуудаар амьдарч, бусдад үйлчлэн, бусдыг адислахын тулд тэдгээр зарчмыг хэрхэн ашиглах талаар суралцахад яг тохирсон газар байсаар иржээ.
Эстер 14 настайдаа патриархын адислалаа хүлээн авсан бөгөөд энэ нь түүнд нэг чухал зүйлийг ойлгуулсан ажээ. “Би Тэнгэрлэг Эцэгийн хувьд ямар чухал болохоо сайн ойлгосон” гэж тэр хэлэв. “Бид бүгд Түүний хувьд ямар чухал болохыг би ойлгосон.”
Тэр энэ мэдлэгээ бусадтай харилцах харилцаандаа ашигладаг.
Жишээ нь, гадасны ганц бие залуучуудын зөвлөлд үйлчилдэг дуудлагат ажлаа хийхдээ тэрээр хүн бүртэй найрсаг дотно байх тал дээр санаа тавьдаг. “Би бусдыг шүүмжлэхийн оронд тэднийг таньж мэдэхийг сурч байгаа.”
Тэр сургууль дээрээ байхдаа ч үүнийг санаж явдаг. “Хүмүүс миний шүтэн биширдэг шашны талаар олонтоо асуудаг ч би үүнийг муу зүйл гэж ер боддоггүй” гэж тэр хэлэв. “Ямар нэг байдлаар энэ нь намайг үргэлж аз жаргалтай болгодог. Учир нь би энэ нь надад ямар их тусалж, миний амьдралд ямар их зүйл авчирдгийг санаж байдаг. Сайн мэдээгээр дамжуулан би маш их зүйлийг сурдаг.
“Бидний итгэлийг шоолдог, үүнийг ойлгодоггүй хүмүүс байсаар байх боловч бид итгэдэг зүйлдээ үнэнч байвал бүх зүйл сайхан болдог” гэж тэр хэлсэн.
Эстерт сайн мэдээний дагуу амьдарч мөн үүнийг хуваалцахад нь тусалдаг зүйл бол Бурханыг хайрлах хайр, Түүнд итгэх итгэл юм.
Тэр “Та нар санаа зовохоосоо өмнө Бурханд итгэ” гэж хэлэв. Намайг үүнийг хийж мөн итгэлтэй байх үед бүх зүйл энгийн байдаг. Бид Бурханд итгэснээрээ амьдралдаа ирээдүйд итгэх итгэл, найдвартай урагш тэмүүлж чадна. Бид үүнийг хийснээр Бурханы гэрчүүд байж чадна.”