Лиахона
Ариун санваарын гармент
2024 оны 9-р сар


“Ариун санваарын гармент,” Лиахона, 2024 оны 9-р сар.

Ариун санваарын гармент

Бидэнд ариун сүмийн хишгийн нэг хэсэг болгон гэрээнүүдийг маань сануулах, Аврагчийн Өөрийнх нь бэлгэдэл болсон ариун нандин бөгөөд биет сануулагчийг өгсөн.

Адам, Ева хоёр хамтдаа алхаж байгаа нь

Адам, Ева хоёр зургийн хэсгээс, Даглас М.Фрайэр

Адам, Ева хоёр бэлтгэгдсэн нь эргэлзээгүй бөгөөд хүлээн авсан баталгаануудаа санахыг хичээсэн хэдий ч тэдний хувьд Еденийн диваажингийн цэцэрлэгээс явж, унасан дэлхийд хөл тавих нь үнэхээр цочирдмоор үйл явдал байсан нь лавтай.

Тэд тайван, санаа зовох юмгүй байсан амьдралаа үхэл гэх зүйлээр төгсөх эсрэг тэсрэг байдал, хөлс хөдөлмөр, өргөс хийгээд уй гашуутай ертөнцөөр сольсон нь юу гэсэн үг болохыг ойлгож ухамсарласан. Тэд энэ бүхэн ямар утга учиртайг эхлээд мэдээгүй ч удалгүй өдөр бүр шинэ зовлон учирч болохыг олж мэдсэн билээ. Үнэндээ, хамгийн зовлонтой нь тэд энэ бүхнийг Тэнгэрлэг Эцэгээсээ тусгаарлагдсан үедээ буюу Мосегийн хожим цэдэглэснээр “түүний оршихуйгаас таслагдсан” байхдаа туулна гэдгийг ухаарах явдал байсан.

Хүйтэн, дүнсгэр ертөнцөд ийм хагацал, ганцаардал дунд гэрээ хэмээх ариун нандин, мөнхийн зүйлээр дамжуулан амлалтууд өгөгдсөн гэдгийг санах нь Адам, Ева хоёрыг ямар их тайвшруулсан бол доо. Тэд амьдралынхаа бүхий л өдрүүдэд Эцэгийг дуулгавартай дагана гэж амласан ба Тэр хариуд нь тэдний зовлон шаналал, уй гашууг арилгах, алдааг цагаатгах, Өөрийнх нь оршихуйд тэднийг аюулгүй эргүүлэн аваачих Аврагчийг өгнө хэмээн амласан байсан.

Гэхдээ энэ мөнх бус хүмүүс амласан зүйлсээ хэрхэн санах вэ? Тэд хэцүү нөхцөл байдлаа хэрхэн өдөр шөнөгүй, үргэлж ухамсарласан хэвээр байх вэ?!

Тэдний гэрээг сануулагч

Тэр үүнийг сануулах зорилгоор тэдэнд “арьсан хувцас” өгчээ. Ямар гайхалтай бөгөөд цагаа олсон бэлэг вэ. Адам, Ева хоёр хориглогдсон жимснээс хүртсэн даруйдаа нүцгэн байгаагаа мэджээ. Эхлээд тэд нүцгэн биеэ инжрийн навчаар халхлах гэж оролдов. Дараа нь тэд үүнийг хангалтгүй байх вий гэж эмээн, Их Эзэнээс нуугдахыг оролдсон аж. (Энэ мунхаг оролдлого нь мөнх бус байдал тэдэнд нөлөөлж эхэлсний нотолгоо байв!) Тэр мөчөөс эхлэн өнөөг хүртэл хайраар дүүрэн Эцэг хүүхдүүдээ нуугдахаа болиод, Өөр дээр нь ирэхэд урьсан. Тэрээр нигүүлслээ үзүүлэн биднийг нүцгэн орхиогүй бөгөөд тухайн үед арьсан хувцсаар, түүнээс хойш янз бүрийн хувцсаар дамжуулан дуулгавартай хүмүүсийг амлалт, гэрээнүүдийг сануулагч “зөвт байдлын нөмрөгөөр” хувцасласан. Эдгээр “авралын хувцас” нь хамгийн агуу бэлэг болох Есүс Христийн Цагаатгалыг бэлгэддэг.

Гармент бол Аврагчийг бэлгэддэг

Тэгэхээр Адам, Ева хоёрын тухай болон гэрээ, хувцаслалт зэргийн тухай энэ бүх бодрол зүгээр нэг сэтгэл зүйн дасгал төдий зүйл биш гэдэг нь ойлгомжтой. Адам, Ева хоёрын юу мэдэрснийг төсөөлөхөд хэцүү биш. Учир нь бид ч бас энэ унасан дэлхийд саад бэрхшээлтэй тулгардаг. Бид ч гэсэн Бурханы оршихуйгаас тусгаарлагдаж, нүгэл үйлдэх болгондоо өөрсдийгөө улам холдуулсаар байдаг. Бидэнд ч бас Адам, Ева хоёрт өгсөн шиг тэрхүү Аврагчийг буюу Назарын Есүс Христ, Альфа ба Омега, амьд Бурханы Хүүг өгсөн. Адам, Ева хоёртой адил бид Бурхантай гэрээ байгуулсан. Мөн ариун сүмийн хишгийн нэг хэсэг болгон бидэнд уг гэрээнүүдийг сануулах, Аврагчийн Өөрийнх нь бэлгэдэл болсон ариун нандин бөгөөд биет сануулагчийг өгсөн. Бидний эрин үед үүнийг ариун санваарын гармент гэж нэрлэдэг.

Бид энэ гарментыг хувцасныхаа дотуур өмсдөг. Би ямар ч үүрэг хариуцлагатай, амьдралд ямар ч үүрэг хүлээсэн байсан, мөн өдөр тутмын амьдрал надаас юуг ч шаардсан байсан, энэ бүхний цаана миний гэрээнүүд үргэлж мөн үүрд мөнх байдаг. Энэ бүхний цаана миний хэзээ ч салшгүй ариун нандин амлалтууд байдаг. Гармент бол дэлхийд гайхуулж, сайрхах зүйл биш. Гэрээнүүд ч мөн адил. Гэхдээ би тэдгээрийн аль алиныг чадахынхаа хэрээр өөртөө ойр байлгадаг. Тэдгээр нь нэн хувийн шинж чанартай бөгөөд туйлын ариун нандин зүйл юм.

Бид тэрхүү гэрээнүүдийг болон хоёр талт амлалтуудаа санахаар амьдралынхаа турш гармент өмсдөг. Энэ дадал хэвшил нь Аврагчийг өөрсдийн амьдралд байнга нөлөө үзүүлээсэй гэж хүсдэгийн илрэл болдог юм. Бидний эрхэмлэдэг бусад бэлгэдэл үе үе тохиодог. Бид амьдралдаа нэг л удаа баптисм хүртдэг. Бид долоо хоногт нэг удаа ариун ёслолоос хүртдэг. Бид боломжтой үедээ ариун сүмд ордог. Гэвч ариун санваарын гармент нь өөр юм. Бид энэ бэлгэдлийг өдөр шөнөгүй хүндэтгэдэг.

Гэрээнүүд ч мөн ийм байдаг буюу ая тухтай эсвээс хайхрамжгүй байдлаас болж хойш тавьдаггүй, мөн нийгмийн хэв маяг, загварт тохируулан өөрчилдөггүй. Есүс Христийн шавийн хувьд гэрээнүүдтэйгээ нийцүүлэхийн тулд дэлхийн арга замуудыг өөрчлөх ёстой ба эсрэгээрээ биш юм.

Бид гармент өмсөх үедээ Тэргүүн зөвлөлийн заасанчлан Есүс Христийг бэлгэдсэн ариун нандин бэлгэдлийг өмсдөг. Тэгвэл бид яагаад энэ бэлгэдлийг тайлах шалтаг хайна гэж? Бид яагаад өөрсдийгөө гарментын бэлгэддэг тэрхүү хүч чадал, хамгаалалт, нигүүлслийн амлалтаас холдуулна гэж? Харин ч эсрэгээрээ, бид гарментаа түр тайлах шаардлага гарсан бол аль болох хурдан буцааж өмсөхийг эрмэлзэх ёстой. Учир нь бид гэрээнүүдийг маань утга учиртай болгодог амлалт, аюулын аль алиныг нь санадаг. Хамгийн гол нь бид Христийн загалмайг мөн хоосон булшийг санадаг.

Зарим хүн: “Есүсийг санах өөр арга надад бий” гэж хэлэх байх. Би хариуд нь гайхалтай гэж хэлнэ. Олон арга зам байх тусмаа сайн. Бүгдээрээ “үргэлж түүнийг санах” амлалтаа биелүүлэхийн тулд аль болох олон арга замыг бодож олцгооё. Гэвч ингэхдээ, хишиг хүртсэн хүнд Их Эзэний Өөрийнх нь өгсөн сануулагч болох ариун санваарын гарментыг санаатайгаар үл тоомсорлох нь шударга бус хэрэг болно.

Есүс Христ ба Түүний сайн мэдээ бол миний хувьд хамгаас чухал зүйл юм. Миний мөнхийн найдвар, хүсэл мөрөөдөл, эрхэмлэн дээдэлдэг бүхэн Түүнээс хамааралтай. Тэр бол “авралын минь хад,” Тэнгэрлэг Эцэгтээ очих зам, урьд нь надад байсан тэр зүйл рүү эргэн очих цорын ганц арга зам минь бөгөөд үүнийгээ эргээд авахыг одоо маш ихээр хүсэж байна. Түүний бидэнд өгсөн бэлэг бол төгсөшгүй зовлонгоор худалдаж авсан, хязгааргүй олон болж өргөжсөн, цаглашгүй хайраар заяагдсан, миний авч байсан хамгийн өгөөмөр, өгч байсан хамгийн харамгүй бэлэг юм. Энэ унасан дэлхийн өргөст зангуу, өвчин зовлон, нүгэл шаналал бүгд “Христээр залгигдсан.”

Тиймээс би 64 жилийн өмнө, 19 настайдаа хишиг хүртсэнээсээ хойш ариун санваарын гарментыг өдөр шөнөгүй зохих ёсоор нь өмсөж байна. Учир нь би Түүнд хайртай бөгөөд үүний бэлгэддэг амлалтууд надад хэрэгтэй.

Гармент өмсөхтэй холбоотой асуулт байна уу?

Та нарын зарим нь намайг гарментын талаар тодорхой нэг асуултад хариу өгөх байх гэж найдан, энэ нийтлэлийг уншиж байгаа байх. Та нар зүрх сэтгэлдээ ойр байгаа асуудлаар “Их Эзэн ийн хэлэв” эсвэл бүр “Түүний үйлчлэгч ийн хэлэв” гэхийг сонсоно гэж найдаж байгаа байх. Та нарын асуулт ажил эрхлэлт, дасгал хөдөлгөөн, эрүүл ахуй, цаг агаар, даруу байдал, ариун цэврийн өрөө зэргээс, тэр ч байтугай эрүүл мэндтэй холбоотой хувийн нөхцөл байдлаас үүдэлтэй байж болох юм.

Иймэрхүү зарим асуултын хариултыг temples.ChurchofJesusChrist.org болон Ерөнхий гарын авлагын 38.5-р хэсгээс олж болно. Хувийн асуудлаар итгэл даасан гэр бүлийн гишүүд, удирдагчидтай зөвлөлдөж болно. Гэвч анхдагч ёслолуудаар маш тодорхой удирдамж өгсөн бөгөөд таныг мэддэг, хайрладаг, нөхцөл байдлыг тань бүгдийг ойлгодог Тэнгэрлэг Эцэг тань үүрд мөнхөд байдаг билээ. Таныг эдгээр асуултыг Өөрөөс нь асуувал Тэр ихэд баяртай байх болно.

Ютагийн Сэйнт Жорж ариун сүмийн орой

Ютагийн Сэйнт Жорж ариун сүмийн оройн зураг

Битгий буруу ойлгоорой. Таныг бурханлаг удирдамж эрэлхийлэх үед Сүнс таныг ариун сүмд хүлээн авсан зааварчилгааг болон Тэргүүн зөвлөлийн саяхны мэдэгдэлдээ хуваалцсан бошиглолын зөвлөгөөг дагахаас бага зүйлийг хийхэд урамшуулахгүй. Хайраар дүүрэн Эцэг таныг одоо болон үүрд адислах сүсэг бишрэл, даруу байдлын жишгүүдэд нь нийцэхийн тулд чадахаасаа бага зүйл хийж байгаагаа зөвтгөхөд тань туслахгүй. Гэвч Тэр та нарын асуултуудыг ойлгож; гарментыг хүндэтгэн, гэрээгээ сахисны адислалыг хүлээн авахад тань туслах болов уу? Тийм ээ! Шаардлагатай үед мэргэжлийн эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй зөвлөлдөх хэрэгтэй юү? Тэгэлгүй яах вэ! Та нар эрүүл ухааныг үл тоомсорлох юм уу зорилгоос алсуур хайх ёстой юу? Та нарыг тэгэхгүй гэж залбирч байна.

Би та нарын асуулт бүрд хариулж чадахгүй. Би өөрийнхөө асуулт бүрд ч хариулж чадахгүй. Гэхдээ би Их Эзэн Есүс Христийн төлөөлөгчийн хувьд, Түүнтэй байгуулсан гэрээнүүдээ сахих тусам та нарт амжилт, адислал бүрийг хүсдэг хайраар дүүрэн Бурханы тусламжийг таны одоогоор ойлгож, төсөөлж чадахгүй тийм арга замаар хүлээн авах болно гэдгийг амлаж чадна.

Эх сурвалж

  1. Мосе 5:4

  2. Moсе 4:27

  3. Moсе 4:13–14-ийг үзнэ үү.

  4. Исаиа 61:10; 2 Нифай 9:14-ийг мөн Илчлэлт 19:8; 2 Нифай 4:33; Мормон 9:5; Сургаал ба Гэрээ 109:76-г үзнэ үү.

  5. Өнөөдөр бидний өмсдөг гармент Адам, Ева хоёрт өгсөн арьсан хувцастай адил биш гэдэг нь ойлгомжтой. Гармент нь материал, загварын хувьд олон жилийн туршид янз янзаар өөрчлөгдсөн. Гэвч гарментын ариун нандин мөн чанар, төлөөлдөг гэрээнүүд зэрэг хамгаас чухал зүйлс нь өөрчлөгдөөгүй.

  6. Гарментын энэхүү бүтэн нэр нь Сүмийн бүрэн нэртэй адил сургамжтай юм. Санваар бол Бурханы хүч бөгөөд гармент нь биднийг Бурхантай гэрээ байгуулж, сахих үед хүртээмжтэй болдог бурханлаг хүчний сануулагч юм.

  7. Моронай 4:3; 5:2

  8. 2 Нифай 4:30

  9. Мозая 16:8-ыг мөн Алма 31:38-ыг үзнэ үү.