Лиахона
Бошиглогч биднийг Есүс Христ рүү хөтөлдөг
2024 оны 9-р сар


“Бошиглогч биднийг Есүс Христ рүү хөтөлдөг,” Лиахона, 2024 оны 9-р сар.

Бошиглогч биднийг Есүс Христ рүү хөтөлдөг

Бошиглогч замыг мэддэг. Учир нь тэрээр “зам, үнэн, амь” (Иохан 14:6) болох Есүс Христийг мэддэг.

Зураг
Ардаа хоньдтой Аврагчийн зураг

Нэгийн эрэлд, Лиз Лемон Свиндл, хувилж болохгүй

Нэг өдөр би хамт ажилладаг Далын гурван хүнтэй Сүмийн удирдлагын байрны хоолны газарт өдрийн хоол идэж байлаа. Биднийг хоолоо идэж байх үед ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ширээ рүү маань хүрч ирэн, “Би хамт сууж болох уу?” гэж асуув.

“Тэгэлгүй яах вэ, ерөнхийлөгч өө” гэж бид хариуллаа. Бошиглогчтой хамт хооллохыг хүсэхгүй хэн байх билээ дээ?

Хоолоо идэх зуур ерөнхийлөгч Нэлсон олон улс орноор айлчлахдаа олж авсан туршлагаасаа хуваалцан, өөрийг нь сүнслэгээр өдөөсөн хүмүүсийн талаар ярив. Тэр маш эелдэг, ухаалаг, сайхан сэтгэлтэй хүн байсан.

Өдрийн хоолоо идэж дуусаад, би ерөнхийлөгч Нэлсонд хандан, “Ерөнхийлөгч өө, тантай дахин нэг ширээнд хамт суух боломж олдохгүй байх. Гэхдээ би өнөө орой эхнэр, хүүхдүүдтэйгээ уулзаад, тэдэнд бошиглогчтой хамт сууж хооллосон гэдгээ хэлнэ. Тэд ‘Тэр бидэнд юу гэж хэлээрэй гэсэн бэ?’ гэж асууна гэдгийг би мэдэж байна. Ерөнхийлөгч өө, та намайг эхнэр, хүүхдүүддээ юу гэж хэлээсэй гэж хүсэж байна вэ?” гэж асуулаа.

Ерөнхийлөгч Нэлсон над руу хэсэг харав. Би түүний хэлэх зүйлийг сонсохоор догдолж байлаа! Тэр: “Надад чамд хэлэх хоёрхон үг байна. Гэр бүлийнхэндээ намайг ‘Зарлигуудыг сахь’ хэмээн хэлсэн гэж хэлээрэй” гэв.

Бид бүгдээрээ өмнө нь уг зөвлөгөөг ерөнхийлөгч Нэлсоноос сонсож байсан ч энэ удаад би ерөнхийлөгч Нэлсон бол жинхэнэ бошиглогч юм гэсэн хувийн хүчтэй гэрчлэлийг мэдэрсэн юм. Би түүнд талархаад, орой нь гэр бүлийнхэндээ юу болсныг ярив. Дараа нь манай хүүхдүүд “Зарлигуудыг сахь” гэсэн наадаг зургууд хийгээд, ерөнхийлөгч Нэлсоны хэлснийг сануулахаар хөргөгч болон толин дээр нааж билээ.

Тэр цагаас хойш би ерөнхийлөгч Нэлсоны зөвлөгөөг тунгаан бодох болсон. Бид зарлигуудыг сахиснаар Тэнгэрлэг Эцэгт болон Аврагчид хайраа харуулдаг. Бид Тэдэнд илүү ойртож, Тэдний хайранд багтдаг. (Иохан 14:21; 15:10-ыг үзнэ үү.)

Бошиглогчтой уулзсан энэ явдал надад нэгэн агуу хийгээд сүнслэг байдлын хувьд чухал үнэнийг баталсан юм. Бид Хүүхдийн хэсэгт “Бошиглогчийг дага. Тэр замыг заана” гэж дуулдаг. Тэр үнэхээр замыг мэднэ! Бошиглогч “зам, үнэн, амь” (Иохан 14:6) болох Есүс Христийг мэддэг учир замыг мэддэг. Бид бошиглогчийг дагах үедээ Есүс Христ рүү хөтлөгддөг.

Бошиглогчдын ариун нандин үүрэг

Их Эзэн эрт үед ч, өнөө үед ч бошиглогчдод нэгэн ариун нандин чухал үүргийг өгсөн. Бид судраас “Зарц нар, эш үзүүлэгчдэдээ нууцаа илчлэлгүйгээр Эзэн БУРХАН үнэхээр юу ч хийхгүй” (Aмос 3:7) хэмээн уншдаг.

Бошиглогчдоос юу шаарддаг талаар бид Езекиел номоос илүү ихийг олж мэддэг. Их Эзэн бошиглогч Езекиелд: “Би чамайг Израилийн гэрт харуул болголоо. Тиймээс чи амнаас минь гарах үгийг сонсоод, Миний өмнөөс тэднийг сэрэмжлүүлнэ” (Езекиел 33:7) хэмээн хэлжээ.

Бошиглогчид цамхаг дээрх харуулын адил Их Эзэний дуу хоолой болж, өөрсдөд нь илчилсэн зүйлийг тунхаглах онцгой үүрэгтэй. Их Эзэн Өөрийн бошиглогчдоос итгэлтэй, үнэнч шударга, зоригтой байхыг шаарддаг.

Зураг
Хэрмэн дээрх лемен үндэстэн Самуелын зураг

Лемен үндэстэн Самуелын зураг, Дан Бөрр

Жишээлбэл: Лемен үндэстэн Самуел хэрмэн дээр зогсоод, зүрх сэтгэлд нь Их Эзэний мэдрүүлсэн зүйлсийг нифайчуудад тунхаглахдаа Есүс Христэд бүрэн үнэнч гэдгээ харуулсан (Хиламан 13:4-ийг үзнэ үү).

“Мөн болгоогтун, Их Эзэний нэгэн тэнгэр элч надад үүнийг тунхаглаж, мөн тэрээр бодгальд минь баярт мэдээ авчирсан болой. Мөн болгоогтун, та нарт ч баярт мэдээ байж болохын тулд үүнийг та нарт түүнчлэн тунхаглахаар илгээгдсэн болой би; гэвч болгоогтун та нар намайг хүлээн авсангүй” (Хиламан 13:7) хэмээн Самуел хэлэв.

Нифайчууд “хэрмэн дээрх түүний зүг чулуу шидэж … мөн түүний зүг сум харва[ж]” (Хиламан 16:2) байсан ч Самуел үнэнийг зоригтойгоор гэрчилсэн нь надад гайхалтай санагддаг. Бид өнөөдөр ч бошиглогч, үзмэрч, илчлэгчдээс энэхүү зоригийг олж хардаг.

Дэлхийг илүү сайхан газар болгох нь

Саяхан АНУ-ын Тэннисси мужийн Нэшвилл хотод болсон гадасны чуулганы үеэр би нэгэн гэр бүлийн хостой танилцсан юм. Эхнэр нь бүх насаараа Сүмийн гишүүн байсан ч нөхөр нь гишүүн биш байв.

Тэд над дээр ирээд, нөхөр нь “Би баптисм хүртэхэд бэлэн” гэв.

Би үүнийг сонсоод баярлав! Тэгээд би түүнээс “Юунаас болж өөрчлөгдөв өө?” гэж асуулаа.

Тэр надад “Ерөнхийлөгч Нэлсоны Ерөнхий чуулган дээр хэлсэн үг сэтгэлийг минь хөндсөн. Тэр үед би түүнийг бошиглогч гэдгийг нь мэдсэн. Би гэрчлэлтэй болж, одоо баптисм хүртэхэд бэлэн болсон” гэсэн юм.

Би бас Гана улсын Кэйп Көүстийн нэгэн эмэгтэйг мэднэ. Тэр санамсаргүй Ерөнхий чуулганыг олж сонсжээ. Тэр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар огт сонсож байгаагүй ч бошиглогч, үзмэрч, илчлэгчдээс харсан, сонссон зүйлс түүний анхаарлыг ихэд татсан байв. Дараа нь тэр Сүмийг хайж, цуглааны байрыг олж очин, номлогчидтой уулзжээ. Эцэст нь тэр баптисм хүртэв. Саяхан тэр надад хишиг хүртэхээр ариун сүмд очсон зургаа явуулсан юм.

Энэ хоёр жишээ бошиглогчийн захиас дэлхийд ямар хүчирхэг нөлөө үзүүлдгийг харуулж байна. Хэрэв бүх хүн түүний захиасыг анхаарч сонсвол дэлхий үнэхээр амар тайван байхсан. Бид бүгдээрээ Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёртой харилцах харилцаагаа хөгжүүлж, хүчирхэг, мөнхийн гэр бүлүүдийг бий болгох зэрэг хамгийн чухал зүйлсэд анхаарлаа хандуулах байсан. Түүнчлэн бид Бурханаа хайрла, хөршөө хайрла гэсэн хоёр агуу зарлигийг даган, хамгийн сайнаараа байх байсан (Матай 22:37–39-ийг үзнэ үү). Бид шавь байх сүнсийг өвөрлөн; хайр, зөвт байдал, эв эе ноёрхдог нийгэм болох Сионыг урагш авчрах байсан (Сургаал ба Гэрээ 82:14-ийг үзнэ үү).

Бошиглогч Есүс Христийг дагаж, мөн бидэнд Түүнийг дагахад тусалдаг учраас бид бошиглогчийг дагахдаа Бурханы биднээр хийлгэхийг хүссэн зүйлийг хийж байгаа гэдэгтээ итгэлтэй байж болно. Есүс Христийн ачаар амьдралын бүх зүйл утга учиртай болдог. “[Бид] … юу тохиолдож, юу тохиолдохгүй байгаагаас үл хамааран баяр баясгаланг мэдрэх боломжтой.” Бошиглогчийг дагаснаар бид үнэхээр дэлхийг илүү сайхан газар болгож чадна.

Амлагдсан адислалуудыг олох нь

Гэгээнтнүүдийг Охайогийн Көртландаас хөөгдөх үед Тэргүүн зөвлөл гэгээнтнүүдийн өмч хөрөнгийг зарж, Сүмийн өрийг барагдуулах ажлыг Оливер Гранжерт даатгав. Хүйтний улмаас харааныхаа ихэнх хувийг алдсан Оливер хэмээх жирийн нэгэн залуу бошиглогч Иосеф Смит болон бусад удирдагч өөрөөс нь хүссэн болохоор энэ хүнд хэцүү ажлыг хүлээн авчээ. Оливер олон саад бэрхшээлийг цөхрөлгүй давсан бөгөөд Их Эзэн түүний золиослол, хүчин чармайлтыг үнэлсэн.

Их Эзэн: “Би өөрийн үйлчлэгч Оливер Гранжерыг дурсан санаж байна. Болгоогтун, түүний нэр үеэс үед хийгээд үүрд мөнхөд ариун нандин дурсамжид байх болно хэмээн би үнэнээр түүнд хэлж байна. …

… Мөн тэрээр унаад, тэрээр дахин босч ирэх болно, учир нь түүний өсөлтөөс илүүгээр түүний золиослол надад илүү ариун нандин байх болно” (Сургаал ба Гэрээ 117:12–13) гэжээ.

Оливер, түүний эхнэр Лидиа хоёр бошиглогчийг дэмжсэн ба Их Эзэн Оливерийг үргэлж амжилттай байгаагүй хэдий ч хамаг чадлаараа зүтгэснийг нь үнэлсэн. Их Эзэн түүний амжилтаас илүүтэй хичээл зүтгэлийнх нь үнэ цэнийг онцолсон.

Номлогч байхдаа ч мөн одоо ч би Оливер Гранжерын талаар нэг их сонсож байснаа санадаггүй. Гэхдээ тэрээр бошиглогчийн удирдамж зааврыг дагаж, амлагдсан адислалуудыг хүлээн авсан учир түүний нэрийг сударт дурдаж, ариунаар дурсдаг. Удирдамж заавар бурханлаг эх сурвалжаас (бошиглогчдоор дамжуулан) ирдэг ч зам нь саад бэрхшээлгүй шулуун байна гэсэн үг биш. Гэвч амлалтууд гүйцэлдэх нь баттай гэдгийг бид Оливер Гранжераас сурдаг (Алма 37:17-г үзнэ үү).

Бошиглогчид байгаагүй бол бидний амьдрал ямар байх байсан бол? Амьд бошиглогч болох Сүмийн ерөнхийлөгч нь Бурханы өөрийн хүмүүстэй харилцдаг шууд шугамыг төлөөлдөг бөгөөд Сүмийг бүхэлд нь удирдах илчлэлт хүлээн авдаг дэлхий дээрх цорын ганц хүн юм. Тэр түүнчлэн энэ цаг үед бидэнд сорилт бэрхшээлийг даван туулахад туслахаар Бурханаас яг одоогийн илчлэлтийг хүлээн авдаг. Бид Есүс Христтэй илүү адил болохыг хичээхдээ бошиглогчийн зөвлөгөөг сонссоноор амьдралдаа амар амгалан, баяр баясгалан, удирдамж зааврыг олж авч чадна. (Сургаал ба Гэрээ 21:4–6-г үзнэ үү.)

Орчин үеийн бошиглогчид Бурханы мутар дахь зэмсэг бөгөөд биднийг мөнхийн адислал өөд хөтөлдөг гэдгийг мэдэж, тэдний сургаал, үлгэр жишээг хүлээн авцгаая. Би тэдэнд хайртай бөгөөд тэдний төлөө залбирдаг. Тэднийг сүнслэгээр өдөөгдсөнд мөн биднийг болон гэр бүлүүдийг маань Аврагч, Есүс Христ рүү авчрахад тусалдагт би талархдаг.

Хэвлэх