“Бидэнд зориулсан илүү дээр зүйл Бурханд байсан,” Лиахона, 2024 оны 9-р сар.
Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой
Бидэнд зориулсан илүү дээр зүйл Бурханд байсан
Номлогчид намайг Бурханы хүүхэд байсан гэдгийг заахад надад болон гэр бүлийнхэнд минь зориулж хадгалсан олон адислал Түүнд байгаа гэдгийг би мэдсэн.
Би Филиппинийн хөдөөгийн нэгэн жижиг тосгонд өссөн. Манай гэр бүл ядуу байв. Филиппинд мөнгөгүй бол сургуульд явж чадахгүй. Хэчнээн саад тотгор байсан ч би амбицтай залуу байсан юм.
Би эцэг эхдээ дандаа эмч, багш эсвэл ямар нэгэн мэргэжлийн хүн болно гэж хэлдэг байсан ч тэд намайг мөрөөдөхөө боль гэдэг байв. Бидэнд намайг их сургуульд явуулах мөнгө байгаагүй юм. Эцэг эх минь намайг сэтгэл хангалуун, амьдралдаа урам хугардаггүй нэгэн байгаасай гэж хүсдэг байсан.
“Бид мэргэжилтэй болох хүмүүс биш ээ” гэж тэд хэлдэг байв. Тэд манай гэр бүлд байснаас маань илүү дээр зүйл бэлдсэн байгаа гэдэгт итгээгүй юм.
Гэвч энэ нь биднийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд нэгдэхээс өмнөх зүйл билээ.
Бид хотоос их хол амьдардаг байсан ч номлогчид биднийг олж, манайд ирсээр байв. Тэд гэр бүлд маань заахын тулд их золиос гаргасан бас бидний амьдралыг үүрд өөрчилсөн.
Биднийг Сүмд нэгдсэний дараа, би өөрийгөө өсөж хөгжин, сурч боловсорч, хувирч өөрчлөгдөх чадвартай Бурханы хүүхэд гэдгээ олж мэдсэн юм (Мосе 1:39; “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Gospel Library-г үзнэ үү). Би сайн мэдээний талаар мэдлэгтэй болж, гэр бүлийнхээ нөхцөл байдлыг сайжруулах цаг ирснийг ойлгосон. Бид зүгээр л нэг жижиг тосгоны ядуу хүмүүс биш, харин Бурханы итгэлтэй дагагчдад амлагдсан адислалуудыг хүртэх эрхтэй, Түүний үнэ цэнтэй охид, хөвгүүд байлаа.
Номлогчид амьдралд минь сайн мэдээг авчирч, сайн мэдээ миний амьдралд дуу хөгжим авчирч, дуу хөгжим надад их сургуульд орох тэтгэлэг олж өгсөн юм. Би эхлээд бүрэн дунд боловсролоор бакалавр, дараа нь найрал дууны удирдаачаар хөгжмийн зэрэг хүртсэн. Одоо би Кагаяаны Лицей Их Сургуульд хөгжмийн багшаар, Юү лицей ахлах сургуульд найрал дууны удирдаачаар ажилладаг. Би мөн Сүмийн гишүүдийн найрал дууг удирддаг. Бидний зорилго бол дуу хөгжмөөр дамжуулан Бурханы үнэнийг хуваалцах юм.
Их сургууль төгссөнөөр би шинэ амьдралтай болсон. Есүс Христийн сайн мэдээ байгаагүй бол би өнөөдөр хаана байх байснаа ч мэдэхгүй.
Бид Тэнгэрлэг Эцэгтэй гэдгээ мэдэх, Тэр биднийг өсөж хөгжин, сурч боловсорч, хувирч өөрчлөгдөх чадавхаар адисалсан гэдгийг мэдэх боломжийг хүн бүр хүртэх эрхтэй.