Лиахона
Харамгүй үйлчилсэн олон арван жил: Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны сургаалуудаас
2024 оны 9-р сар


“Харамгүй үйлчилсэн олон арван жил: Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны сургаалуудаас,” Лиахона, 2024 оны 9-р сар.

Харамгүй үйлчилсэн олон арван жил: Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны сургаалуудаас

Өдгөө 100 настай ерөнхийлөгч Нэлсон 40 жил төлөөлөгчөөр үйлчилжээ. Сүмийн ерөнхийлөгч болсноос хойших түүний заасан сургаалуудын заримыг энд дурдъя.

Зураг
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны амьдралын янз бүрийн үйл явдлыг харуулсан нь

Төгсгөлөө бодож эхлэлээ тавь

“Бидний хүн нэг бүрийн хүсэн хүлээж буй төгсгөл бол Их Эзэний өргөөнд хүч чадлын хишиг хүртэж, гэр бүлээрээ лацдан холбуулж, ариун сүмд хийсэн гэрээнүүддээ үнэнч байснаар Бурханы хамгийн агуу бэлэг болох мөнх амьдралыг хүлээн авах шаардлагыг хангах явдал юм. Ариун сүмийн ёслол, тэнд хийдэг таны гэрээнүүд амьдрал, гэрлэлт, гэр бүл болон дайсны дайралтыг сөрөн зогсох чадварыг тань хүчирхэгжүүлдэг түлхүүрүүд юм. Ариун сүм дэх шүтлэг бишрэл, өвөг дээдсийнхээ төлөө хийдэг үйлчлэл тань та нарын хувийн илчлэлт, амар амгаланг өсгөн адисалж, гэрээний зам дээрээ үлдэх гэсэн та нарын хүслийг хүчирхэгжүүлнэ.”

Биднийг хамтдаа урагшлахад,” Лиахона, 2018 оны 4-р сар, 4.

Өдөр бүр наманчил

“Наманчлалд өдөр тутам, тогтмол анхаарлаа төвлөрүүлэхээс өөр бидний хувийн өсөлт хөгжилд нөлөөлж чадах тийм чөлөөлөгч, үлгэр жишээ болгогч, чухал зүйл гэж үгүй. Наманчлал бол нэг удаа болоод өнгөрдөг үйл явдал биш, харин үйл явц юм. Энэ нь сэтгэл санааны хувьд аз жаргал, амар амгаланг мэдрэх гол түлхүүр билээ. Наманчлал нь итгэлтэй нийлснээр Есүс Христийн Цагаатгалын хүчийг хүлээн авах боломжийг бидэнд нээж өгдөг.”

Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 77.

Гэрээ байгуулж, сахь

“Бурхантай гэрээнүүд байгуулж, сахидаг, санваарын ёслолуудад зохистой оролцдог эмэгтэй, эрэгтэй хүн бүр Бурханы хүч чадлыг шууд хүлээн авах боломжтой. Их Эзэний өргөөнд хишиг хүртсэн хүмүүс гэрээнийхээ улмаас Бурханы санваарын хүчийн бэлгийг тэрхүү хүчийг хэрхэн ашиглах тухай мэдлэгийн бэлгийн хамт хүлээн авдаг.”

Сүнслэг эрдэнэс,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 82.

Их Эзэнийг сонс

“Тодорхой бус байдал, айдсаар хүрээлэгдэх үед бидэнд хамгийн их тус болох зүйл бол Түүний Хүүг сонсох явдал гэдгийг Тэнгэрлэг Эцэг маань мэддэг.

Яагаад гэвэл, бид Түүний Хүүг үнэхээр сонсох юм бол ямар ч нөхцөл байдалд орсон бай, юу хийхээ мэдэхээр удирдуулан чиглүүлэгдэх болно.”

Түүнийг сонс,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108.

Бурханыг ялуулахыг сонго

Израил гэдгийг еврей тодорхойлолтын хүрээнд авч үзвэл, Израилын цугларалт гэдэг нь илүү олон утгыг илэрхийлдэг. Бурханыг амьдралдаа ялуулахад бэлэн хүмүүсийг Их Эзэн цуглуулж байна. Бурханыг амьдралынхаа хамгийн хүчтэй нөлөө үзүүлэгч болгохыг сонгосон хүмүүсийг Их Эзэн цуглуулж байна.”

Бурхан ялах болтугай,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 101.

Ертөнцийг ялан дийл

“Ертөнцийг ялна гэдэг нь ганц, хоёр өдрийн дотор явагддаг үйл явдал биш. Энэ нь бид амьдралынхаа туршид, Христийн сургаалыг ахин дахин хүлээн зөвшөөрөхөд тохиодог. Бид өдөр бүр наманчилж, хүч өгдөг гэрээгээ сахиснаар Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлдэг. Бид гэрээний зам дээр үлдэж, сүнслэг хүч чадал, хувийн илчлэлт, өсөж буй итгэл, тэнгэр элч нарын тохинууллаар адислагддаг. Христийн сургаалаар амьдрах нь бидний амьдралд сүнслэг инерцийг бүтээгч хамгийн хүчирхэг, зохистой дадлыг бий болгодог.”

Ертөнцийг ялж, амралтыг олох нь,” Лиахона, 2022 оны 11-р сар, 97.

Амар тайвныг тогтоогч байхыг сонго

“Зөрчилдөөн үүсэх тоолондоо Сүнсийг үргээдэг. Зөрчилдөөн нь энэ бол асуудлыг шийдвэрлэх арга зам гэсэн худал хуурмаг мэдрэмжийг төрүүлдэг хэдий ч хэзээ ч тийм байгаагүй. Зөрчилдөөн бол сонголт. Амар тайвныг тогтоох ч гэсэн сонголт. Та зөрчилдөөн, эвлэрэл хоёрын аль нэгийг сонгох эрхтэй. Би та нарыг одоо бас үргэлж амар тайвныг тогтоогч байхыг сонгоорой хэмээн уриалж байна.”

Амар тайвныг тогтоогчид хэрэгтэй,” Лиахона, 2023 оны 5-р сар, 100.

Селестиел ухаанаар бод

“Сонголт хийхдээ алсын хараа буюу мөнхийн талаас нь харахад би та нарыг урьж байна. Есүс Христийг нэгт тавь. Учир нь та нарын мөнх амьдрал Түүнд болон Түүний Цагаатгалд итгэх итгэлээс тань хамааралтай. Энэ нь мөн Түүний хуулийг дуулгавартай дагахаас тань хамааралтай. Дуулгавартай байх нь өнөөдөр баяр баясгалантай амьдралд, маргааш мөнхийн шагналд хүргэх замыг та нарт тавьж өгдөг.”

Селестиел ухаанаар бодогтун!,” Лиахона, 2023 оны 11-р сар, 118.

Хэвлэх