“Сүнс өөрчилсөн юм,” Лиахона, 2024 оны 9-р сар
Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой
Сүнс өөрчилсөн юм
Хөгжим зогссон ч тойргийн гишүүдийг үргэлжлүүлэн дуулах үед би тэднээс хайр мэдэрсэн.
Аавыг 55-хан насандаа нас барах үед манайх АНУ-ын Жоржиа мужийн нэгэн жижиг хотод амьдардаг байлаа. Манай гэрийнхний ихэнх нь өөр мужид амьдардаг байсан. Тэр үед бидний хоорондох энэ 3200 км зай үнэхээр хол санагдаж байв.
Нөхөр минь бишоп, харин би жижиг тойргийнхоо бадралт баг бишгүүрчийн дуудлагатай байв. Тэр ням гарагт ариун ёслолын цуглааныг хаахдаа “Биднийг уулзтал Бурхан чамтай байг” (Дуулал, д. 80) дууллыг дуулах болоход оршуулгын ажлын төлөвлөсөн ажилд туслах стресс, олон янзын сэтгэл хөдлөл зэргээс болоод би үнэхээр тамир тэнхээгүй болсноо мэдэрч байлаа.
Хоёрдугаар бадгийн дунд хүрэхэд би уй гашуугаа барьж дийлсэнгүй. Бадгаа арай гэж дуусгасан ч гар чичирч, нүд минь нулимсаар дүүрч, үлдсэн нэг бадгийг тоглож чадахгүйд хүрэв. Би уйлахаа больж чадсангүй.
Хөгжим зогссоныг хүмүүс анзаараад, хэсэг зуур дуулахаа азнав. Гэвч удалгүй тойргийн гишүүд хөгжимгүй дуулж эхэллээ. Тэд төгс сайн дуулаагүй. Бид угаасаа цөөхүүлээ байсан. Гэсэн ч Сүнс үүнийг өөрчилсөн юм. Нулимстайгаа хутгалдаж, ичиж зовох зуураа би тэдний дуулж байгаагаас хайр мэдэрч чадсан.
Биднийг уулзтал Бурхан чамтай байг;
Үүрд хайраар чамайг өлгийдөн,
Үхлийн савраас Тэр хамгаалаг.
Биднийг уулзтал Бурхан чамтай байг.
Дуулал дуусаж, хаалтын залбирал хэлэх үеэр намайг мэгшин уйлж суухад хөгжмийн удирдагч намайг тэвэрч байлаа. Дараа нь хэд хэдэн хүн нүдэндээ нулимстай над дээр ирж, аавыг минь өнгөрсөнд харамсаж буйгаа илэрхийлэв.
Дараа нь би хөгжмийн удирдагчид оршуулгын үеэр төгөлдөр хуур тоглоно гэдгээ хэлэв. Ийм зүйл болсны дараа энэ нь тийм ч сайхан санаа биш шиг санагдлаа. Гэсэн ч аав миний төгөлдөр хуур тоглохыг сонсох дуртай байсан. Би түүнд зориулж тоглохыг хүсэв. Хаалтын дууны үеэр би түүнийг надад их ойрхон байгааг мэдэрсэн.
Би дууллуудад үнэхээр талархдаг. Дуу хөгжим заримдаа ярьж хэлэхээс ч илүү бидэнд зааж, биднийг тайтгаруулж чаддаг гэдгийг би гэрчилж байна. Дууллын номын удиртгал хэсэгт Тэргүүн зөвлөлийн бичсэнчлэн, “Сүмийн дуулал нь … сул дорой болон гашуудаж буй хүмүүсийг тайвшруулж, биднийг эцсээ хүртэл тэвчихэд урамшуулдаг.” Түүнчлэн би гэр бүлийнхнээсээ хол байх үед сайн тойргийнхны үзүүлдэг хайранд талархаж байна. Аавтайгаа дахиад гарцаагүй уулзана гэдгээ би мэднэ.