“Рассэлл М.Нэлсон: Бидний өнөө үеийн бошиглогч,” Лиахона, 2024 оны 9-р сар
Рассэлл М.Нэлсон: Бидний өнөө үеийн бошиглогч
Энэ хожмын өдрүүдэд биднийг удирдан залах бошиглогч байгаа нь бидний хувьд адислал юм.
Нэгэн сэтгүүлч Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг “энэ сүмийг хөгшин хүмүүс удирддаг” гэж шүүмжлэхэд ерөнхийлөгч Гордон Б.Хинкли: “Хал үзэж, хашир суусан, аливаа номлолын салхинд туугдахааргүй хүн удирдаж байгаа нь гайхалтай биш гэж үү?” хэмээн хариулжээ.
Энэ эрин үед үйлчилж буй хамгийн өндөр настай бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон яг л ийм хүн. 2024 оны 9-р сарын 9-нд тэрээр 100 нас хүрч байна. Тэр бол ер бусын энэрэнгүй, эелдэг, алсын хараатай, эрч хүчтэй, халуун дулаан, мэргэн ухаантай удирдагч юм.
Би ерөнхийлөгч Нэлсонд хайртай. Бид нөхөрлөөд 60 жил, хамт төлөөлөгчөөр үйлчлээд 40 жил болсон байна. Би 2018 оны 1-р сараас хойш түүний удирдлаган доор Сүмийн Тэргүүн зөвлөлд үйлчлэхээр адислагдсан.
Есүс Христийн сэргээгдсэн Сүмийг удирдаж, шилдэг багш нь байхаар дуудагдсан ерөнхийлөгч Нэлсон Аврагчийг мэддэг төдийгүй тэр Түүний бошиглогч юм. Нэгэн зууны турш амьдарч, суралцахдаа тэрээр мэргэжлээрээ нэр хүнд олж авсан төдийгүй цэргийн албанд бас онцгой амжилт гаргасан билээ. Тэр өнөр өтгөн гэр бүлийнхээ хайраар дүүрэн, нөлөө бүхий удирдагч байсаар ирсэн. Их Эзэний бошиглогчоор үйлчилж буй сүүлийн зургаан жилийг оролцуулан тэрээр Сүмийн дуудлагуудаараа дамжуулан Их Эзэний сэргээгдсэн Сүмийн үлгэр жишээ удирдагч байсаар ирсэн.
Нэгэн зууны турш амьдрахдаа ерөнхийлөгч Нэлсон энэ болон ирэх амьдралд аз жаргал олж авах түлхүүрүүдийн талаар сурч мэдэн, амьдралдаа хэрэгжүүлжээ. Тэрээр тэдгээрийг амьдралын “хамгийн чухал сургамжууд” гэж нэрлэдэг.
Тэр бидэнд “төгсгөлийг нь харж эхлүүлэх” ёстойг заасан.
Тэр Их Эзэний өргөөнд хайртай. Тэрээр Сүмийн ерөнхийлөгч байх хугацаандаа 153 ариун сүмийг шинээр зарлажээ. Энэ тоо бол энэ эрин үед баригдсан, баригдаж байгаа эсвэл зарлагдсан, Сүмийн нийт 335 ариун сүмийн бараг тал нь юм.
Энэ бүх ариун сүмийг барьж байгаа маань Бурханы илүү олон хүүхдэд ариун сүмийг болон ариун сүмийн гэрээнүүдийн адислалыг ойртуулж байгаа юм гэж тэр бидэнд заав. Энэ бол Бурханы төлөвлөгөө.
Ерөнхийлөгч Нэлсон: “Бидэнд зориулсан Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө гайхалтай төдийгүй энэ амьдралд бидний хийх зүйл үнэхээр чухал, Аврагчийн Цагаатгал Эцэгийн төлөвлөгөөг боломжтой болгодог гэдгийг би олж мэдсэн” гэж заасан. Тэрхүү төлөвлөгөөг ойлгосноор “амьдрал нууцлаг байхаа, ирээдүй маань тодорхойгүй байхаа больдог. Энэ нь бидний хүн нэг бүрд дэлхий дээр хэрхэн амьдрахаа, хаана үүрд мөнх амьдрахаа сонгох боломжийг олгодог” хэмээн тэр заажээ.
Бидний Аврагч, Гэтэлгэгч Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэхэд бүхнээ зориулж буй, Их Эзэний даруухан үйлчлэгч ерөнхийлөгч Нэлсоноор удирдуулж байгаагаараа хожмын үеийн гэгээнтэн бид үнэхээр адислагдсан хүмүүс юм. Бид үргэлжлүүлэн ерөнхийлөгч, бошиглогч Рассэлл Марион Нэлсоныхоо төлөө залбирч, түүнийг гэрчилж, дэмжиж, түүний төлөө Бурханд талархах болтугай.