Лиахона
Би Аврагчийг хүлээн авахад хэрхэн бэлтгэх вэ?
2024 оны 9-р сар


“Би Аврагчийг хүлээн авахад хэрхэн бэлтгэх вэ?” Лиахона, 2024 оны 9-р сар.

Ирээд, Намайг дага

Хиламан 10; 3 Нифай

Би Аврагчийг хүлээн авахад хэрхэн бэлтгэх вэ?

Аврагчийг амьдралдаа хүлээн авах дөрвөн аргыг энд дурдъя.

Нифайчууд Аврагчийг өөрсдийн биеэр хүлээн авахаар өөрсдийгөө бэлтгэх хэрэгтэй байсан. Бид Аврагчийг амьдралдаа сүнслэг байдлын хувьд хүлээн авахын тулд тэдний үлгэр жишээнээс юу сурч болох вэ?

Хүмүүс судар уншиж байгаа нь

Бурханы зүйлсийг тунгаан бод

Тэр үед: Бошиглогч Нифай “гутарч” байхдаа “Их Эзэн[ий] өөрт нь үзүүлсэн зүйлүүдийн талаар эргэцүүл[сэн]” (Хиламан 10:2–3).

Одоо: Сайн, муу аль ч цаг үед Бурхан бидний төлөө юу хийснийг санах нь бидэнд Түүнтэй ойр байж, ирээдүйг итгэлээр угтах хүч чадал, зоригийг өгдөг.

Тэргүүн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, ерөнхийлөгч Хэнри Б.Айринг бидэнд өдөр бүр эргэцүүлэн бодож, сэтгэгдлээ бичиж тэмдэглэхийг зөвлөсөн. “Та бүхэн дараах асуултуудыг тунгаан бодож, залбирч болно. Бурхан яг надад зориулж захиас илгээсэн үү? Би Түүний нөлөөг өөрийн болон хүүхдүүдийнхээ амьдралд харсан уу?” гэж тэр хэлсэн.

Та өнөөдөр өөрийн амьдралаас Бурханы хайр, сүнслэг нөлөө, адислалуудыг олж харсан уу?

Христийн нэрийг өөр дээрээ ав

Тэр үед: Мормон өөрийгөө “Есүс Христийн шавь” (3 Нифай 5:13) хэмээн зоригтой тунхагласан.

Одоо: Далын ахлагч Жонатан С.Шмитт бидэнд Есүс Христийн өөр өөр нэр цолыг өөрсөд дээрээ авч, Түүнд анхаарлаа төвлөрүүлэхийг зөвлөсөн. Жишээлбэл: Есүс бол “өчигдөр, өнөөдөр, бас үргэлжид адил” (1 Нифай 10:18). Уг нэрийг өөрсөд дээрээ авч, сайн мэдээний дагуу тууштай амьдрахыг ахлагч Шмитт бидэнд зөвлөсөн.

Та Есүс Христийн өөр ямар нэрийг өөр дээрээ авахыг хүсэж байна вэ?

Библийн видеон дээрх Аврагчийн гэрэл зураг

Аврагчид та нарыг Өөртөө цуглуулан аврахыг зөвшөөр

Тэр үед: 3 Нифай 10:4–6 дээр Есүс Христ Өөрийгөө дэгдээхийнүүдээ цуглуулах эм тахиатай зүйрлэсэн. Энэ бол гайхалтай дүрслэл юм. Учир нь Тэр биднийг хамгаалж, тэтгэхийн тулд үргэлж биднийг Өөр дээрээ ирүүлэхээр даллаж байдаг. Гэхдээ бид Түүн дээр ирэхийг сонгох ёстой. Тэрээр: “Тахиа дэгдээхийнүүдээ цуглуулдаг шиг би та нарыг хичнээн ч удаа цуглуулахсан хэмээв, мөн та нар цугласангүй” (5-р шүлэг) хэмээн хэлжээ.

Одоо: Есүс өнөөдөр ч биднийг цуглуулж байгаа. Гэхдээ бид өөрсдийгөө Түүн дээр цугларахыг зөвшөөрөх ёстой. Та Аврагч руу очиж, Түүгээр хамгаалуулах боломжийг өөртөө олгож байна уу, аль эсвэл татгалзаж, аюулд өртсөн хэвээр байна уу?

Аврагч танд ямар урилга өгч байна вэ, мөн та уг урилгыг хүлээн авахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

Тэнгэр өөд хар

Тэр үед: Нифайчууд гурван удаа оролдсоныхоо дараа Бурханы дуу хоолойг сонссон. “Гурав дахь удаагаа тэд уг дуу хоолойг сонсож, мөн үүнийг сонсохоор сонороо дэлгэв; мөн тэдний харц дуу гарсан зүгт чиглэв; мөн тэд тэрхүү дуу хоолой ирсэн тэнгэрийн зүг тууштайгаар ажиглаж байв” (3 Нифай 11:5).

Одоо: “Тэнгэрийн зүг тууштайгаар ажиглах” нэг арга зам бол ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлснээр “селестиел ухаанаар бодох” явдал юм. Селестиел ухаанаар бодохын нэг хэсэг нь “сүнслэгээр сэтгэх” явдал болохыг тэр тайлбарласан.

Та илүү сүнслэгээр сэтгэж, “тэнгэрийн зүг тууштайгаар ажигла[хын]” тулд юу хийж болох вэ?