Лиахона
Амьдралыг тэсэж гарах ба амьдралаас таашаал мэдрэх гурван арга
2024 оны 9-р сар


“Амьдралыг тэсэж гарах ба амьдралаас таашаал мэдрэх гурван арга,” Лиахона, 2024 оны 9-р сар.

Залуучуудад зориулав

Амьдралыг тэсэж гарах ба амьдралаас таашаал мэдрэх гурван арга

Тэнгэрлэг Эцэг биднийг өгөгдсөн амьдралаасаа баяр баясгаланг олоосой гэж хүсдэг.

Зураг
Герман дахь залуучууд

Гийдо Германаас

Та хэзээ хамгийн сүүлд жинхэнээсээ аз жаргалтай байсан бэ?

Энэ асуултад хариулахад хэцүү байна уу?

Хүнд хэцүү цагт бид сорилт бэрхшээлдээ дарагдан, баяр баясгаланг мэдрэх нь үнэндээ ямар байдгийг мартсан байж болох юм. Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Рэйна И.Абурто эгчийн дүрсэлснээр “Хар үүлс бидний амьдралд үүсэж, Бурханы гэрлээс биднийг халхалж, бүр тийм гэрэл байдаг эсэхэд эргэлзэхэд ч хүргэж болно.”

Залуус бидний олонхын хувьд амьдрал заримдаа зүгээр л тэвчиж өнгөрөөдөг, эцэст нь амлагдсан адислалуудаа авах хүртлээ тэмцэлдэж өнгөрүүлдэг зүйл мэт санагддаг.

Бид заримдаа амьдрал бол таашаал авдаг зүйл гэдгийг мартдаг. Мөнхөд аз жаргалтай байх адислалыг одооноос эхлэн авч болно.

Бид амьдралдаа гэрэл гэгээ, баяр баясгаланг дахин асааж болох хэдэн аргыг энд дурдъя.

Энгийн үнэнүүдийг сана

Нүдээ харанхуйд дасгахын оронд бид Есүс Христийн сайн мэдээний бидний амьдралд авчирдаг гэрлийн туяаг хайж болно.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Баяр баясгалан [Есүс Христийн] ачаар, [Есүс Христээс] ирдэг. Тэр бол бүхий л баяр баясгалангийн эх үүсвэр юм” хэмээн бидэнд сануулсан. Амьдралаасаа гэрэл гэгээ олж харж чадахгүй байвал эхлээд Есүс Христэд ханд.

Та түүнчлэн Тэнгэрлэг Эцэгээс бурханлаг мөн чанарынхаа ач холбогдлыг эргэн санахад туслахыг гуйж болно.

Далын ахлагч Гари Б.Сабин: “Бид хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгийн бурханлаг охид, хөвгүүд гэдгээ санах нь аз жаргалын чухал хэсэг” хэмээн заасан. Бурхан таныг ойлгодог, танд хамгийн сайн сайхныг хүсдэгийг жинхнээсээ мэдрэх нь амьдралд тань гэрэл гэгээ авчирч болох юм.

Сорилт бэрхшээлтэй тулгарсан ч сайн мэдээний эдгээр үндсэн зарчмыг санах нь Аврагчийн гэрлийг амьдралдаа урин авчрахад танд тусална.

Юу танд аз жаргал авчирдгийг олж мэд

Бидний аз жаргал бусдынхтай үргэлж адилхан байдаггүйг санах нь заримдаа хэцүү. Үнэндээ залуучууд бидний хувьд амьдралаа бусдынхтай харьцуулахгүй байх хэцүү байдаг. Гэвч аз жаргал тань таны гарт байгааг санаарай.

Намайг юу аз жаргалтай болгодог вэ?

Юу намайг инээмсэглүүлдэг вэ? гэж өөрөөсөө асуу.

Ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорф Тэргүүн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх байхдаа “Яаруу тэвдүү байдлаа багасгаж, өөрсдийгөө илүү сайн мэдэж авахад цаг гаргахыг” зөвлөсөн. Жижиг зүйлсээс сайхныг олж хар. Тухайлбал: Гадуур алх. Ариун сүмд ор. Үйлчлэлийн төсөлд оролцохоор бүртгүүл. Шинэ хоббитой бол эсвэл өмнөх хоббигоо сэргээ.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Г.Скотт (1928–2015) бүтээлч байдал бидний амьдралыг хэрхэн гэрэлтүүлдэг талаар ийн ярьсан. “Дуу хөгжим, бүжиг, уран баримал, яруу найраг гэх мэт зүйлсийн аль нэгийг сонгож болно. Бүтээлч байх нь амьдралаас баяр баясгаланг олоход тань тусална. Энэ нь талархах сэтгэл төрүүлдэг. Энэ нь мөн нуугдмал авьяасыг хөгжүүлэхийн зэрэгцээ сэтгэх, үйлдэх, амьдралын зорилгоо олох чадавхыг тань хурцалдаг. Энэ нь бас ганцаардлыг хөөн зайлуулж, сэтгэлийн шархыг эдгээдэг. Энэ нь шинэ боломж, урам зоригийг өдөөж, амьдралын төлөө тэмүүлдэг болгоно.”

Зүрх сэтгэлийг тань аз жаргалаар дүүргэдэг зүйлийг олох нь мухардалд орсон үед амьдралдаа дахин гэрэл асаахад тусална.

Хамгийн чухал зүйлд төвлөр

Амьдрал дааж давшгүй хүнд болж, өдөр бүрийг даван гарах гэж бүх хүчээ шавхаж байгаа мэт санагдвал хамгийн чухал зүйлд анхаарлаа төвлөрүүлэхийн тулд нам гүм орчинд хэсэг бай.

Ингэхийн тулд ерөнхийлөгч Угдорф “амьдралаа бага зэрэг энгийн болго[хыг]” зөвлөсөн. Амьдралаа Тэнгэрлэг Эцэгийн хайр, Христийн Цагаатгалын гайхамшигт бэлэгт дахин төвлөрүүл. Гэр бүл, найз нөхөдтэйгөө мөн өөртэйгөө харилцах харилцаанд юун түрүүнд анхаар.

Сөрөг зүйлстэй эергээр, харанхуйтай Есүс Христийн гэрэл, сайн мэдээгээр тэмц.

Ерөнхийлөгч Нэлсон: “Энэ цаг үеийг зүгээр нэг тэсэж өнгөрөөхгүй байцгаая. Ирээдүйг итгэлээр хүлээн авцгаая!” хэмээн биднийг уриалсан. Амьдралын хэцүү бэрхийг даван туулахдаа сайн сайхнаас нь таашаал авч сураарай. Сайн мэдээний амладаг мөнхийн аз жаргал ирээдүйн нэгэн өдөр биш одоо эхэлнэ.

Хэвлэх