Лиахона
Цөхрөл минь итгэлийн сууриа дахин тавихад тусалсан
2024 оны 9-р сар


“Цөхрөл минь итгэлийн сууриа дахин тавихад тусалсан,” Лиахона, 2024 оны 9-р сар.

Залуучуудад зориулав

Цөхрөл минь итгэлийн сууриа дахин тавихад тусалсан

Бие, сэтгэл, сүнслэг байдлын хувьд хүнд сорилт бэрхшээлтэй тулгарсныхаа дараа би Аврагч Есүс Христээр дамжин эдгэрэхийн утга учрыг ойлгосон.

Зураг
Зохиогчийн Солт Лэйк ариун сүмийн дэргэд авхуулсан зураг

Дэлхий сүйдэж, КОВИД-19-өөс болж улс орон бүхэлдээ хатуу хөл хорионд орох үед би Францад бүрэн цагийн номлогчоор үйлчилж байв. Би амьдралынхаа туршид сэтгэл гутралтайгаа тэмцэж байсан бөгөөд хөл хорионд байх нь намайг сэтгэл гутралд оруулах вий гэж санаа зовж байлаа. Гэвч хорионы эхний буюу 2020 оны 4-р сарын түүхэн Ерөнхий чуулганы өмнөх долоо хоног миний амьдралын хамгийн сүнслэг долоо хоног байсан.

Одоо эргээд харахад, тэр долоо хоногт Их Эзэн намайг шуурганд бэлтгэн хүчирхэгжүүлсэн мэт санагддаг.

Уг чуулган дээр Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Гари Э.Стивэнсон Солт Лэйк ариун сүмийн суурийн засварын талаар ярьсан. Тэрээр тэрхүү засварыг бидний амьдралтай зүйрлээд, биднээс доорх асуултыг өөрсдөдөө тавьж үзэхийг хүссэн юм.

“Надад болон манай гэр бүлийнхэнд амьдралд зайлшгүй тохиолдох хүчит, аймшигт газар хөдлөлтийн үйл явдлуудад тууштай, хөдөлшгүй бат бөх байх, бүр тэсэж үлдэх боломж олгож чадах миний сүнслэг болон сэтгэл санааны хүч чадлын чухал суурийн хэсгүүд юу вэ?”

Түүний үгийг сонсох үед надад амьдралынхаа дараагийн үед энэ ариун сүм шиг ямар нэг байдлаар эвдэрч гэмтэх вий гэсэн сэтгэгдлийг Сүнс надад төрүүлсэн юм. Гэхдээ би тэдгээр сорилт бэрхшээлийн үеэр Их Эзэнд хандаж байвал Тэрээр итгэлийн сууриа бэхжүүлэхэд маань тусална гэдгийг мөн мэдэрсэн.

Цөхөрсөн нь

Бодож байсанчлан би удалгүй сэтгэл гутралд орж, амиа хорлох бодол надаас салахаа больж, хавханд орсон хулгана мэт болов. Би оюун ухаан, сэтгэл хөдлөл, сүнслэг байдлын хувьд гүн хямралд орсон байлаа.

Хоёр сарын хөл хорионы дараа байдал арай дээрдэв. Гутралын эсрэг эм ууж, хөл хорио цуцлагдаж, нөхцөл байдал өөрчлөгдсөний ачаар би сэтгэл санааны хувьд сайжирч эхэллээ. Гэвч удалгүй бие минь өвдөж, хоолойны угт гурван том зангилаа үүссэнийг анзаарав.

Эхлээд би тэдгээр товойсон зүйлийг тоохгүй байсан ч илрэх шинж тэмдгүүд нь гүнзгийрч, номлолын талбарт үлдэж чадахааргүй болсон юм. Гэртээ харьсан даруйд намайг Ходкинийн лимфома гэх цусны хорт хавдартай гэж оношлов.

Сэтгэл гутралын эсрэг эм маань сэтгэл хөдлөлийг дардаг үйлчилгээтэй байсан тул би зургаан сар хими эмчилгээ хийлгэхдээ үүнийг хүндээр тусгаж авсангүй.

Хэдий тийм ч бие махбодын хувьд муудаж эхлэв.

Зураг
Зохиогчийн Солт Лэйк ариун сүмийн дэргэд авхуулсан зураг

Сүнслэг сууриа дахин тавьсан нь

Хими эмчилгээ дууссанаас хойш жилийн дараа бие минь сайжирч эхэлсэн. Би коллеждоо эргэн орж, амьдралаа төлөвлөж байлаа. Гэвч номлолынхоо үеэр болон хими эмчилгээ хийлгэж байхдаа мэдэрсэн сүнслэг хүчтэй өвдөлт, мэдээ алдалт маань ерөнхийдөө Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт хайхрамжгүй ханддаг болоход хүргэсэн байв.

Надад яагаад ийм зүйл тохиолдсон юм бэ гэж би бодох болж, Тэд намайг хамгийн хүнд цаг үед хаячихсан юм шиг санагддаг байж билээ.

Гэхдээ эдгэрэхийн тулд миний ямар замаар явах хэрэгтэйг Тэнгэрлэг Эцэг мэдэж байсан.

Нэгэн цагт хүчтэй байсан итгэл, зан чанараас үнс нуранги үлдсэн мэт санагдаж байлаа. Би өөрөө өөрийгөө танихгүй байв. Их Эзэний надтай холбогдох гэж оролдсон оролдлогод зүрх минь зөөлөрч байсан ч сайн мэдээнд хайнга хандсанаасаа болж би өөрийгөө сүнслэг байдлын хувьд буруутгаж, сэтгэл түгшин, өөрийгөө зохисгүй гэж бодох болсон байлаа.

Би хэдэн сарын турш сүнслэг эрүүл мэндийнхээ талаар бодож тунгаасны эцэст амьдралдаа сүнслэг жижиг жижиг өөрчлөлт гаргах мэдрэмж авав. Би хэсэг хугацаанд өвчнөө үл хайхран амьдарсан ч учирсан зовлон бэрхшээлээсээ болж бодгальдаа мэдэрсэн өвчнийг эдгээхийг хүсэж байв.

Удалгүй би Тэнгэрлэг Эцэгийн мутрыг амьдралаасаа олж харж чадсан юм. Найз нөхөд, хайртай хүмүүс минь намайг сүнслэг байдлын хувьд юу мэдэрч байгаагаа мэдэхээ больсныг анзаараагүй хэрнээ эдгэрлийн талаар ярьж эхэлсэн. Тэдний нэг нь бүр надтай Элэйн С.Маршаллын онцгой цугларалт дээр хэлсэн үгийг хуваалцсан.

Би үүнийг нь дурамжхан уншсан.

Сувилагч хүний хувьд Элэйн биеийн болон сүнслэг эдгэрлийг харьцуулж ийн хэлсэн байв. “Эдгэрэл бол эмчилгээ биш юм. Эмчилгээг цэвэрхэн, хурдан бөгөөд ихэвчлэн мэдээ алдуулж байж хийдэг. … Харин эсрэгээрээ эдгэрэл бол … бие махбод, сэтгэл санаа, сүнсний дайралтад өртөж байсан ч тэдгээрээс үл хамааран, магадгүй тэдгээрээс болж илаарших, өсөж хөгжих насан туршид үргэлжлэх үйл явц юм. Үүнд цаг хугацаа шаардагддаг.”

Хорт хавдрын эмчилгээнд зургаан сарын турш хими эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан нь тохиолдлын зүйл байгаагүй гэж би боддог. Хими эмчилгээний нөлөө хүчтэй, нүдэнд илт харагдахуйц, хэцүү бэрх байдаг. Сонирхолтой нь, бие махбоддоо эдгэрэх боломж олгож сурснаараа би Есүс Христийн ач ивээлд хэрхэн түшиглэх, Түүнтэй болон Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцаагаа анагаах цаг хугацаа, орон зайг өөртөө хэрхэн олгох гээд сүнслэг эдгэрлийн чухал зарчмыг сурсан.

Аврагчийн ач ивээлийг хүлээн авах нь

Ач ивээл бол тэнгэрлэг тусламж, боломж олгогч, хүчирхэгжүүлэгч хүч төдийгүй сүнслэг эдгэрэл юм. Энэ нь “Их Эзэн Есүс Христийн Цагаатгалаар дамжин ирдэг” Тэнгэрлэг Эцэгийн маань бэлэг.

Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан Түүний эдгээх хүчээс хүртсэн тухай өгүүлсэн миний дуртай жишээ бол залуу Алмагийн түүх билээ. Тэрээр гурван өдрийн турш ухаан орохгүй, “яллагдсан бодгалийн өвдөлтөөр” тарчилж байхдаа Есүс Христийн талаар эцгийнхээ заасныг санасан (Алма 36:16–17-г үзнэ үү). Тэр эхлээд тусламж хүсэн Христ рүү хандсан ба энэ нь түүний амьдралын замыг өөрчилж, сүнслэг байдлын хувьд эдгэрэх боломжийг олгожээ (Алма 36:18–22-ыг үзнэ үү).

Сүнслэг байдлын хувьд эдгэрэхийн тулд миний хийсэн эхний алхам бол Бурхантай холбогдох хүсэлтэй болох явдал байв. “Итгэлийн жижиг хэсгийг ч гэсэн бодит болговол, тийм ээ, бүр та нарт итгэх хүслээс илүү нь байхгүй ч гэсэн, энэ хүслийг өөрсдөдөө хөгжихийг, бүр та нар миний үгсийн нэгэн хэсгийг өөртөө байрлуулж чадахаар итгэтлээ зөвшөөр” (Алма 32:27) хэмээн Алмагийн хэлсэн үг надад хэрхэн эхлэхийг заасан.

Энэ сургаал үнэн гэдгийг би өөрийн туршлагаар гэрчилж байна.

Бид илүү их хүсэлтэй болж, үрийг (Бурханы үг) суулгаж, уг үрээ бодитой, барьцтай болтол нь арчлан тордож чадна. Эцэст нь, биднийг өөрсдийн үйлдэл, үзэл бодол, итгэл үнэмшил, зүрх сэтгэл, оюун ухаанд, дараа нь бодгальд гарсан өөрчлөлтийг харж чадах болсон үед Есүс Христэд итгэх итгэлийн маань үр жимс боловсордог. Бидний суурь Түүн дээр тавигддаг (Хиламан 5:12-ыг үзнэ үү).

Алмагийн туршлага шиг, Сүнсийг болон сайн мэдээний баяр баясгаланг дахин мэдрэх миний хүсэл амьдралын замыг минь бүхэлд нь өөрчилж, эдгэрэх үйл явц руу хөтөлсөн юм. Тэр цагаас хойш би Бурханд болон Аврагчид гомдоллохоо больж, өөрийн сул талд дургүйлхэхгүй болж сурсан ба Аврагч надад өнгөрсөн мэдрэмжтэйгээ эвлэрэхэд тусалсан.

Түүний ачаар, сорилт бэрхшээлээсээ болж алдсан гэж бодож байсан зан ааш, хүсэл тэмүүлэл, сайн мэдээг хайрлах хайр минь надад эргэн ирж, би өөрийгөө бүрэн бүтэн, шинэ хүн болж сэргэснийг мэдэрч билээ.

Илүү бат бөх суурь

Өвчин зовлон, сорилт бэрхшээл намайг өөрчилсөн ч би Есүс Христээр дамжин эдгэрч, Түүнд итгэх итгэлийнхээ суурийг шинээр тавьсан. Цаг хугацаа өнгөрч, эдгэрэх тусам Есүс Христийн ачаар би зовж байсан ч баяр баясгалантай байхад суралцаж чадна гэдгээ ойлгосон юм. Би одоо сорилт бэрхшээлийг даван туулахын хамгийн чухал хэсэг бол биднийг өөрсдийгөө алдахад хүргэдэг зүйлс юм уу бидний мэдэрдэг өвдөлт биш, харин үүний дараа Аврагчийн нигүүлслээр эдгэрлийг мэдэрч, өөрийгөө буцааж олох явдал гэдгийг ойлгодог болсон.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Патрик Кийрон: “Хүндээр шархдаж, үүнийхээ улмаас амьдралын шударга бусыг үүрч яваа эрхэм найзууд минь, та нар шинээр эхэлж чадна. Гетсемани болон Калварид Есүс ‘та нарын төдийгүй миний … бүх зовлон зүдгүүр, шаналлыг Өөртөө авсан’ [Рассэлл М.Нэлсон, “Сүмийн зөв нэр,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 85] бөгөөд энэ бүхнийг ялан дийлсэн!” хэмээн заасан.

Тиймээс би өөрийгөө алдсан гэж бодож байгаа хүмүүсийг зоригтой, тэвчээртэй байж, Их Эзэнд болон Түүний эдгээх хүчинд найдаарай хэмээн гуйж байна. Цаг хугацаа, тэвчээр, өчүүхэн жижиг хүсэл байхад Түүний ач ивээл таныг өөрчилж, сууриа дахин тавьж, бүрэн бүтэн болсноо мэдрэхэд тусалж чадна.

Энэ бол Түүний бидний хүн нэг бүрд өгдөг бэлэг юм.

Зохиогч АНУ-ын Хойд Каролина мужид амьдардаг.

Хэвлэх