Лиахона
Бурхантай тогтоосон гэрээт харилцаанаасаа тайтгарал олох нь
2024 оны 9-р сар


“Бурхантай тогтоосон гэрээт харилцаанаасаа тайтгарал олох нь,” Лиахона, 2024 оны 9-р сар.

Бурхантай тогтоосон гэрээт харилцаанаасаа тайтгарал олох нь

Есүс Христ бол цэвэр хайр, эдгэрэл, аз жаргал, тайтгарлын эх булаг билээ.

Есүс Хоёр дахь ирэлтийн үед

Тэрээр захирч, засаглахаар дахин ирнэ зургийн хэсгээс, Мэри Р.Сауэр

Хэсэг хугацааны туршид миний оюунд болон зүрх сэтгэлд Бурхантай тогтоосон гэрээт харилцаагаараа дамжуулан хэрхэн тайтгарал олох тухай асуулт эргэлдлээ. Их Эзэний бошиглогч бидэнд гэрээ, ариун сүм, санваарын хүчний талаар суралцахыг зааж, ухуулснаар би гэрээнүүдэд агуулагддаг сэргээх үнэнүүдийг эрэлхийлж, хайрлаж, тэдгээр дээр найрласан юм.

Бид гэрээнүүдээрээ дамжуулан Их Эзэнтэй хүчирхэг арга замаар хамтрах заяатай. Бидний санаа зовсон үед болон шийдвэр гаргах мөчид Тэр бидэнтэй хамт байхыг хүсдэг. Бид амьдралын сорилт бэрхшээл, уй гашуу, аюулт мөч, зовлон шаналлыг ганцаараа туулах хэрэггүй. Тэр бидний дэргэд байх болно. Тэрээр: “Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар уруу ирнэ” (Иохан 14:18) хэмээсэн.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Гэрээний зам гэдэг нь бидний Бурхантай харилцах харилцаа” гэдгийг заахдаа Бурханы зан чанар, биднийг гэх Түүний агуу хайрыг дүрсэлсэн. Тэрээр: “Та бид Бурхантай гэрээ байгуулсан л бол Түүнтэй харилцах харилцаа маань бидний гэрээ байгуулахаас өмнөх үеийнхээс ч илүү дотно болно. Одоо бид бие биетэйгээ харилцан холбоотой болсон. Бид Бурхантай гэрээ байгуулсан тул Тэр бидэнд туслахаар хичээхээ хэзээ ч болихгүй бөгөөд Түүний бидэнд гаргасан нигүүлсэнгүй тэвчээр хэзээ ч дундрахгүй. Бидний хүн нэг бүр Бурханы зүрх сэтгэлд онцгой байр суурь эзэлдэг. Тэр бидэнд их итгэл найдвар тавьдаг” хэмээн хэлсэн.

Амар амгалангийн минь хамгийн агуу эх булаг

Хараахан гэрлээгүй эгч миний хувьд Тэнгэр дэх Эцэг, Аврагч хоёртой тогтоосон энэхүү хайр энэрлээр дүүрэн гэрээний харилцаа амьдралд минь чухал байр суурь эзэлдэг бөгөөд тайвшрал, амар амгалангийн хамгийн агуу эх булаг минь байсаар ирсэн, одоо ч ийм байна. Бидний гэрлэсэн төлөв, түүхээс үл хамаараад Их Эзэн бидний “бүх үйлүүд[эд маань]” (Алма 37:37) бидэнтэй “нэг” (3 Нифай 19:23) байж, хүчирхэг арга замаар хамтрахыг хүсдэг. Биднийг Их Эзэнээс дэмжлэг гуйж, “зүрх сэтгэлийн [маань] хайр [Түүн] дээр үүрд байрла[х]” (Алма 37:36; тодотгол нэмсэн) үед бидний амьдрал гэрээний энэхүү гайхалтай холбоогоор дүүрэн байх боломжтой.

Өөрсдийн Аврагч Есүс Христээр дамжуулан бид амьдралын сорилт бэрхшээлийг ганцаараа даван туулахаас чөлөөлөгдөх боломжтой.

Бид бүгдэд ганцаараа гэсэн мэдрэмж төрүүлдэг асуудал, хэрэгцээ бий. Тэр бидний том ч бай, жижиг ч бай асуудалд анхаарлаа хандуулдаг. Өчүүхэн мэт санагдах зүйлсэд санаа зовох үед минь байнга байдаг “байрны засварчин” найз шиг Түүний тусламж надад хэрэгтэйг мэдэрч байсан. Зөвлөлдөх хань ижилгүй учир ямар газраар засвар хийлгэх, хаана боломжийн үнэтэй байна гэдэгт мөн гэртээ байхын тулд ажлаасаа цаг гаргах, санхүү, гэр орноо сайн хариуцах зэрэгт би ганцаар санаа зовдог. Хэд хоногийн өмнө гараажийнхаа хаалгыг засуулсан явдал миний хувьд том амжилт байв! Их Эзэн асуудлыг минь сонссон байлаа. Мөнхийн ач холбогдолтой агуу зүйлсийн дэргэд өчүүхэн мэт боловч Тэр миний залбиралд хариулсан юм. Яаж гэж үү? Найрсаг хөрш, Сүнсний тусламж, мөн YouTube дээрх видеоны ачаар би яаж хаалга засахаа мэдэж аван адислагдсан.

Хэрэв Их Эзэн өчүүхэн хэрэгцээг ч гэсэн анхаардаг бол хүчирхийлэл, донтолт, гэр бүлийн хэцүү харилцаа, гарз хохирол, урам хугарах, сэтгэл санааны болон бие махбодын эрүүл мэндийн асуудал, санхүүгийн хямрал, эцэг эхийн хувьд гарч ирдэг болон эцэг эхээ халамжлахтай холбоотой асуудлууд, хувь хүний итгэлтэй холбоотой бэрхшээл, сайн мэдээг сонгоогүй хүүхэд эсвэл хань ижил зэрэг зүрх сэтгэл, бодгалийн цөөнгүй чухал асуудалд биднийг адисалж, дэмжих Түүний хүслийг төсөөлөөд үз дээ.

Амьдралд үүссэн хурцадмал байдалд, түүнчлэн хүчин мөхөсдөх үедээ би Бурхантай тогтоосон гэрээний харилцаандаа гүн бат найдаж, илүү түшиглэдэг. Түүний хайр, халамжид найдаж, амьдралаа Түүнд зориулахын тулд хамгийн сайнаараа хичээх үед минь Тэр намайг санваарын хүчээрээ тайтгаруулж, сүнслэг болон материаллаг хэрэгцээг минь хангаж байдаг. Тэр намайг айдас, аюул, бардамнал, нүгэл, ганцаардал, уй гунигаас ангижруулсан.

Ерөнхийлөгч Нэлсон: “Бурхантай байгуулсан гэрээгээ сахисны шагнал бол сорилт, уруу таталт, сэтгэлийн зовлонгоо илүү сайн даван туулахад биднийг хүчирхэгжүүлдэг тэнгэрлэг хүч юм” хэмээн баттайгаар, тодорхой заасан билээ.

Есүс Христээр дамжуулан бид амьдралын сорилт бэрхшээлийг ганцаараа даван туулахаас чөлөөлөгдөх боломжтой.

Еий эгч хоёр эгчтэйгээ хамт

Еий эгч Микронезид эцэг эхдээ хаягдсан хүүхдүүдийг өсгөж буй эгч нарын хамт.

“Далайн арлууд дээрх” эгч нар

Бурхантай тогтоосон гэрээт барилдлагаас ирсэн адислалуудаа эргэцүүлэхдээ би Азийн Хойд бүсэд айлчлах даалгаврынхаа талаар бодов.

Японоос зүүн өмнө зүгт 2400 км-ийн зайд орших Микронезийн Чуук хэмээх жижиг арлууд руу аялах завшаан надад тохиосон. Чуукийн Вэнод амьдардаг хоёр эгч эцэг эхдээ хаягдсан хүүхдүүдийг өсгөхөд амьдралаа зориулжээ. Энэ хоёр эгч тэр хүүхдүүдийг сайн мэдээнд өсгөх нь чухал гэдгийг мэдэрсэн байв. Тэдний нэг нь ганц бие бөгөөд бүтэн цагаар сургуулийн зөвлөхийн ажил хийдэг.

Эгч нар та нар хайрлагдсан, хэрэгтэй, үнэ цэнтэй хүмүүс хэмээх ерөнхийлөгч Нэлсоны Сүмийн эгч нарт хандан хэлсэн захиасыг би тэдэнд хуваалцсан юм.

Зээ дүү нараа өсгөж буй ганц бие үзэсгэлэнт эгч нулимс дуслуулан, сүүлийн үед өөрийгөө үнэ цэнгүй, мартагдсан нэгэн гэж бодох болсноо хэлэв. Гэвч тэр үнэхээр “үнэ цэнтэй” гэх бошиглогчийн үгсээс Бурхан өөрт нь хайртай, өөрийнх нь хэн болохыг мэддэг гэдгийг мэдэрснээ гэрчилсэн бөгөөд үүнийг үнэн гэдгийг мэдэж байлаа. Тэрээр Бурханы эдгээгч хайрыг мэдэрч, тайтгарсан юм.

Их Эзэн: “Би, Их Эзэн та нарын Бурхан бүх хүмүүнийг бүтээсэн, мөн би далайн арлууд дээрх тэднийг санахыг … та нар эс мэднэ гэж үү?” хэмээн хэлсэн (2 Нифай 29:7).

Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёр энэ эгч нарыг мэднэ. Тэд ганцаар биш. Та ч, би ч зовлон зүдүүр, асуудал бэрхшээлдээ ганцаар биш. Их Эзэн намайг 13700 км орчим замыг онгоц, галт тэрэг, автомашин, завиар туулуулан, далайн арал дээр буй “нэг хүнд” Бурханы хайр, тайтгарлыг өгөхөөр илгээсэн. Тэр бас биднийг асуудлаасаа болон зүрх сэтгэлдээ тээсэн ачаанаасаа болж ганцаардсан өөр өөрийн арлуудаас маань олох болно. Тэр хамт байж, биднийг адисалж, хөтөлж, тайвшруулахаар бэлтгэгдсэн.

“Би чам дээр очиж чадна”

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) нөхрөөсөө салсан залуухан эхэд тохиолдсон түүхийг хуваалцсан. “7–16 насны долоон хүүхэдтэй тэр эмэгтэй нэгэн орой хөршдөө ямар нэгэн зүйл хүргэж өгөхөөр замын нөгөө тал руу явж байсан юм гэж ярьжээ.” Түүний санаж буйгаар уг эмэгтэй ийнхүү ярьсан.

“Би гэртээ харихаар алхах замдаа байшингийн маань гэрэл ассан байхыг харлаа. Хэдхэн минутын өмнө гэрээс гарах үед хүүхдүүдийн маань хэлж байсан үгс санаанд минь оров. Тэд: ‘Ээж, бид оройн хоолонд юу идэх юм бэ?, Та намайг номын сан хүргэж өгч чадах уу?, Надад өнөө орой ханын сонин хийх цаас хэрэгтэй’ гэж байлаа. Ядарч туйлдсан би байшин руугаа хартал бүх өрөө гэрэлтэй байв. Намайг гэртээ ирээд, хэрэгцээ болгоныг нь биелүүлнэ гэж хүлээн суугаа хүүхдүүд маань бодогдлоо. Миний ачаа дааж чадахаас минь илүү хүнд болсон мэт санагдав.

“Би тэнгэр лүү нулимс дүүрэн нүдээр хараад, ‘Хайрт Эцэг минь, би өнөө орой яаж ч чадахгүй нь. Би маш их ядарч байна. Би тэр бүхнийг хийж чадахгүй нь. Би гэртээ харьж, бүх хүүхдээ ганцаараа халамжилж чадахгүй. Би Тан дээр очин, ганцхан шөнө Тантай хамт байж болох уу?’ гэж асууснаа санаж байна. …

Би үнэндээ хариулсан үгсийг нь чихээрээ сонсоогүй ч оюун санаандаа сонссон юм. ‘Үгүй ээ, охин минь, чи одоо Над дээр ирж болохгүй. … Харин Би чам дээр очъё’ гэж Тэр хариулсан.”

“Би чам дээр очъё.” Амьдралынхаа туршид хөдөлмөрлөж зүтгэсэн, худгийн дэргэд суусан эмэгтэй дээр Аврагч очсонтой яг адил энэ эмэгтэй дээр ирсэн. Тэрээр тан дээр мөн над дээр ирэх болно (Иохан 4:3–42-ыг үзнэ үү). Тэр түүнд урам зориг өгч, зааж, Мессиа гэдгээ тунхагласан. Магадгүй өөрийгөө хайрлаагүй байхад нь Тэр түүнийг хайрласан. Их Эзэн худаг дээрх эмэгтэйг, долоон хүүхдийн залуухан ээжийг, таныг болон намайг тайтгаруулахад бэлэн байдаг. Бид хайраар дүүрэн Бурхантай тогтоосон гэрээт барилдлагаараа дамжуулан тайтгарлыг хүлээн авах боломжтой гэдгийг би гэрчилж байна.

Над шиг та сэтгэл санаа, бие махбод, сүнслэг байдлын хувьд амьдралынхаа хамгийн хүнд хэцүү үеүдэд ганцааранг минь бүү орхиоч хэмээн тусламж гуйсан байх. Эдгээр эрчимтэй өсөлтийн үе бидний бодгальд миний хэлдгээр “сүнслэг язралтын сорви” үлдээдэг. Гэвч Тэр намайг үүрч байсан бөгөөд таныг ч мөн үүрнэ гэдгийг би гэрчилж байна. Тэр таныг алгандаа сийлсэн (Исаиа 49:16; 1 Нифай 21:16-г үзнэ үү). Таныг “харанхуйд зөв шударга байх”-ыг хичээх үед Тэр тантай хамт байсан. Тэр намайг орхиогүй, таныг ч орхихгүй. Үүнийх нь төлөө би Түүнийг үргэлж хайрлана.

Хайрт ах, эгч нар аа, цэвэр хайр, эдгэрэл, аз жаргал, тайтгарлын эх булгийг Есүс Христээс олдог. Би Есүс Христ бол тайтгарал гэдгийг гэрчилж байна.

Тэр таныг халамжилж, адисалж, уучлахыг хүсдэг. Тэрээр уг зорилгын тулд, таны эрэлхийлж буй хамгаас хэрэгтэй тайтгарлыг өгөхөөр ирсэн. Тэр бол дэлхийн Гэтэлгэгч, Тэр амьд бөгөөд танд хайртай гэдгийг би гэрчилж байна.

2023 оны 5-р сарын 3-нд Бригам Янгийн Их Сургуулийн Эмэгтэйчүүдийн чуулган дээр хэлсэн үгээс.