“Би бошиглогчийн талаарх гэрчлэлээ хэрхэн хүчирхэгжүүлэх вэ?,” Лиахона, 2024 оны 9-р сар.
Ирээд, Намайг дага
Би бошиглогчийн талаарх гэрчлэлээ хэрхэн хүчирхэгжүүлэх вэ?
Ерөнхий чуулган бидэнд амьд бошиглогчдын талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд тусалдаг.
Хиламаны номд лемен үндэстэн бошиглогч Самуел Есүс Христийг гэрчилж, нифайчуудад сэрэмжлүүлж, урилга өгдөг (Хиламан 13–14-ийг үзнэ үү). Энэ цаг үед ч гэсэн бид бошиглогчоосоо болон Сүмийн бусад удирдагчаас цагаа олсон сэрэмжлүүлгийг сонсох боломжтой. Тэдний урилгыг анхааран сонсох нь бидэнд гэрээний замыг дагахад тусалдаг.
Ерөнхий чуулган бол сүнсээр өдөөгдсөн удирдагчдынхаа хамгийн сүүлд хэлсэн үгийг сонсож, Есүс Христэд илүү ойртох төгс боломж юм. Амьд бошиглогчдын талаарх гэрчлэлээ өсгөхийн тулд Ерөнхий чуулганыг ашиглах зарим аргыг энд дурдъя.
-
Ерөнхий чуулганаас өмнө, чиний хувьд бошиглогчтой байх нь яагаад чухал талаар залбирч байгаад тунгаан бод. Сүмийн одоогийн ерөнхийлөгч бол өнөөдөр дэлхий дээр байгаа Бурханы бошиглогч, үзмэрч, илчлэгч гэх Сүнсний баталгааг хүлээн авахын тулд залбир. “Илчлэлтээр дамжуулан газар дэлхий дээр амьд бошиглогч байдгийг мэдэж авах нь бүх зүйлийг өөрчилдөг.”
-
Бошиглогч, ерөнхий эрх мэдэлтнүүдийг дэмжин батлах нь ямар утга учиртайг судал. Бямба гаргийн үдээс хойших хуралдааны үеэр тэднийг дуудлагад нь дэмжин батлахад оролц.
-
“Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно” (Моронай 10:5). Сүмийн удирдагчдын захиасыг сонсож байхдаа тэдний үгс үнэн гэдгийг гэрчлэх Сүнсэнд анхаарлаа хандуул.
-
Бошиглогчийн гол үүргүүдийн нэг бол Есүс Христийг гэрчлэх, бидэнд “Бурханы Хүүг итгэлтэйгээр … хар[ахыг]” (Хиламан 8:13–16-г үзнэ үү) заах явдал юм. Бошиглогч болон бусад үг хэлэгч Аврагчийн талаар юу зааж байгааг тэмдэглэж авч болно.
-
“[Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоноор] дамжуулан бид тоймгүй олон урилга хүлээн авсан бөгөөд хэрэв амьдралаа Аврагч Есүс Христэд төвлөрүүлбэл гайхамшигт адислалууд амлагдсан билээ.” Чуулганы үеэр бошиглогч болон бусад үг хэлэгч ямар ямар урилга өгснийг жагсаан бич. Христтэй илүү адил болохыг хичээх үедээ уг жагсаалтаа хараарай.
-
“Би та бүхнийг энэхүү чуулганы захиасыг ирэх зургаан сарын турш ойр ойрхон, бүр дахин давтан судална уу хэмээн хүсэж байна” гэсэн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны урилгыг сана. Захиаснуудыг дахин сонсох эсвэл уншихдаа онцгой санагдсан хэсгүүдээ тэмдэглээрэй.
-
Ерөнхийлөгч Нэлсон биднээс “гайхамшгийг эрэлхийл мөн хүлээ” гэж хүссэн. Бошиглогчийн зөвлөгөөг дагаж, амьдралдаа өөрчлөлт гаргах үедээ хүлээн авах адислалуудад болон олж харах гайхамшгуудад анхаарлаа хандуул (Хиламан 16:4–5-ыг үзнэ үү).
Бошиглогч, үзмэрч, илчлэгчийн талаарх гэрчлэлээ хөгжүүлэх дээрх алхмуудыг дагахдаа Есүс Христэд болон хайрт Тэнгэрлэг Эцэгт итгэх итгэлдээ тулгуурла. Бурхан биднийг Өөр лүүгээ буцаан хөтлөхийн тулд Өөрийнх нь тааллыг дэлхийд илчилж, Өөрийнх нь өмнөөс ярих бошиглогчдыг бидэнд хайрласан. (Сургаал ба Гэрээ 1:38; 21:5–6-г үзнэ үү.) Бид Түүний үйлчлэгчдийн зөвлөгөөг дагахаар сонгох үедээ Түүнийг дагахаар сонгодог.