Лиахона
Ганцаардахаа болих нь: Харилцаа холбоотой байх долоон арга
2024 оны 9-р сар


“Ганцаардахаа болих нь: Харилцаа холбоотой байх долоон арга,” Лиахона, 2024 оны 9-р сар

Нас ахисан ч итгэлтэй хэвээр

Ганцаардахаа болих нь: Харилцаа холбоотой байх долоон арга

Ганцаардал бол хичээл зүтгэл, сэтгэлийн эрч хүч, Аврагчийн тусламжтайгаар ялан дийлэх боломжтой сорилт бэрхшээл юм.

Зэрэгцэн алхаж яваа хоёр хүн

Бид бүгд хэзээ нэгэн цагт ганцаардах нь дамжиггүй. Үе үе ганцаардсан мэдрэмжтэй байх нь эрүүл төдийгүй ашиг тустай зүйл бөгөөд энэ нь бидэнд харилцаа холбоогоо сайжруулах хэрэгтэйг илэрхийлж буй биологийн сануулга юм. Гэвч удаан хугацаагаар ганцаардах нь аз жаргалтай байхад том саад болдог.

Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөнд гэр бүл, хамт олноороо цугларах явдал багтдаг. Энэ нь бидний мөнхийн өсөлт хөгжлөөс гадна бусадтай хамт байх, тэдний нэгэн хэсэг гэдгээ мэдрэх, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, авах зэрэг хүний хэрэгцээнд тустай. Нийгмийн харилцаа нь бидний эрүүл мэнд, амьд үлдэх чадвартай холбоотой биологийн хэрэгцээ гэдгийг шинжлэх ухаан хүлээн зөвшөөрч эхэлж байна.

Энэ нь түүнчлэн сүнслэг хэрэгцээ юм. Сүнслэг байдлын хувьд сайн сайхан байж, өсөж хөгжье гэвэл бид бие биедээ хэрэгтэй. Мөнхийн харилцаагаар дүүрсэн тэнгэрт байна гэж бодоход л онцгой баяр хөөр мэдрэгддэг (Сургаал ба Гэрээ 130:2-ыг үзнэ үү).

Амьдралдаа ганцаардлыг даван туулахад туслах дараах санаануудыг авч үзээрэй. Үүнд:

  1. Аврагчид найд. Таны Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр ганцаардаж байгааг тань ойлгож, туслахыг хүсдэг. Аврагч ганцаардахын зовлонг туулсан гэдгийг мэдэх нь Тэр таны юу мэдэрч байгааг ойлгодог гэдгийг мэдэхэд тусалж болох юм. Залбирлаар дамжуулан Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёрт илүү ойртох, судруудаас судлах, Хүндэтгэлийн өдрөөр болон ариун сүмд шүтэн бишрэх нь танд хэзээ ч ганцаараа биш гэдгээ ойлгоход тусална. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны зааснаар “Бид … амьдралаа … Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд төвлөрүүлбэл амьдралд маань юу тохиолдож, юу тохиолдохгүй байгаагаас үл хамааран баяр баясгаланг мэдрэх боломжтой.”

  2. Нөхөрсөг бай. Заримдаа ганцаардал хичээл зүтгэл гаргах нь зовлонг маань багасгахад тусална гэдэгт эргэлзэхэд хүргэдэг. Гутранги байгаа эсэхээ мэдэхийн тулд өөрийгөө шалгаад үзээрэй. Нөхөрлөлийг хайхын зэрэгцээ нөхөрсөг байх хэрэгтэйг сана. Хөршдөө ердөө л сайн уу гэж хэлэхэд өөрчлөлт гарна. Мөн тан шиг ганцаардаж буй хүмүүсийн амьдралыг адислах боломжийг эрэлхийлэх нь ганцаардлаас гарах хамгийн хүчирхэг арга зам байж ч мэднэ.

  3. Нийтлэг сонирхолтой байхаас эхэл. Таныхтай ижил сонирхол, үзэл бодол, жишигтэй бүлгийг болон ийм хүмүүсийг хайж ол. Та номын болон үйлчлэлийн клуб, ууланд авиралтын клуб, дууны хамтлаг, гэр бүлийн үдшийн бүлэг эсвэл хүүхдүүд нь өсөж тусдаа гарсан эцэг эхчүүдийн бүлгийг хайж, тэр байтугай бүр өөрөө бүлэг үүсгэж болно!

  4. Одоо байгаа харилцаагаа бэхжүүл. Ихэнх хүн гэр бүл, найз нөхөд, хөршүүдтэй болон тойргийн гишүүдтэйгээ аль хэдийн харилцаа холбоо үүсгэсэн байдаг. Ганцаардалтай тулгарахдаа эхлээд танд аль хэдийн үүссэн байгаа эдгээр харилцаагаа тордож эхлэх нь зүйтэй. Нөхөрлөхөд угаасаа цаг хугацаа ордог учраас харилцаа холбоо үүсгэхдээ хүлээцтэй ханд. Харилцааны тооноос илүү чанар нь чухал гэдгийг санаарай.

  5. Авьяас чадвар, сүнслэг бэлгүүдээ хуваалцаж, үйлчлэх боломжийг эрэлхийл. Сүмд болон гэр бүл, орон нутагтаа үйлчилж, тохинуулах хязгааргүй боломж бий. Хичээл зүтгэл маань бусдад эергээр нөлөөлөх үед бидний амьдрал утга учир, зорилго чиглэлтэй болж эхэлдэг. Бидний амьдрал бусдад чухал нөлөөтэй гэдгийг мэдрэх нь ганцаардлыг зогсоох хүчтэй.

  6. Хэцүү цаг үед зориулж төлөвлө. Баярын өдрүүдэд бас хайртай хүний тань өөд болсон өдөр зэрэг онцгой өдрүүдэд хэцүү санагдах үе бий. Ийм өдрүүдэд өнгөрсөн харилцаагаа санагалзаж, байсан ч болоосой гэж бодохын оронд найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ үйл ажиллагаа зохиохоор төлөвлөхийг хичээгээрэй.

  7. Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролц. Энэ бол тайтгарал, харилцаа холбоог мэдрэх хүчирхэг арга зам юм. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд “өвөг дээдсээ болон амьд байгаа хамаатан саднуудаа хайрлах өсөн нэмэгдсэн хайр, талархал, үүнээс уламжлаад бид ахиад хэзээ ч ганцаардахгүй байх” зэрэг хүлээн авах боломжтой олон адислалыг амласан.

Ихэнх хүний хувьд ганцаардал нь хичээл зүтгэл, сэтгэлийн эрч хүч, Аврагчийн тусламж зэргийн ачаар ялан дийлэх боломжтой сорилт бэрхшээл юм.