Лиахона
Сайн мэдээнээс надад ирсэн ач буян
2024 оны 9-р сар


“Сайн мэдээнээс надад ирсэн ач буян,” Лиахона, 2024 оны 9-р сар

Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Сайн мэдээнээс надад ирсэн ач буян

Сүмийн хүмүүсийн ачаар би Ариун Сүнсийг мэдэрсэн.

Зураг
Зохиогчийн эхнэртэйгээ авхуулсан гэрэл зураг

Намайг өсөн торниж байх үед манай ээжийн талын өвөө болох ачэй миний баатар байсан юм. Тэрээр итгэлдээ үнэнч хүн байсан. Би түүнтэй хамт олон янзын сүмд очсон ч шашин надад таалагдсангүй.

Намайг одоо миний эхнэр болсон Жинатайгаа танилцах үед тэр минь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн байв. Тэр намайг Сүмийн талаар сурч мэдээсэй гэж, мөн надтай ариун сүмд гэрлэхийг хүсэж байлаа. Гэвч би тэгэхийг хүсээгүй. Би шашин шүтдэггүй байсан юм.

Эцэст нь бид иргэний хууль ёсоор гэрлэв. Хүүхэдтэй болсныхоо дараа ч би Сүмийг сонирхсонгүй. Харин Жина явсаар л байлаа.

Тэгээд би түүний сүмийг буруу гэж нотлохын тулд өөр олон сүмд очиж үзсэн. Энэ байдал хэдэн жил үргэлжилсэн бөгөөд хаана ч очсон надад тухгүй байв.

Тэгтэл нэгэн ням гарагт Жинаг охинтойгоо сүмд явахаар бэлтгэж байх үед би тэдэнтэй хамт явахаар бэлтгэв. Тэр над руу хараад, “Чи яах гэж байгаа юм бэ?” гэж асуув. Би “Та нартай хамт сүм рүү явъя” гэлээ. Тэр охин руугаа хараад, “Хурдан бэлэн болоорой! Түүнийг бодлоо өөрчлөхийг хүсэхгүй л байна шүү!” гэв.

Тэгээд бид явлаа. Би сүм дээрх хүмүүсээр дамжуулж Ариун Сүнсийг мэдэрсэн болохоор тэд миний хөрвөлтөд чухал нөлөө үзүүлсэн. Тэр цагаас хойш номлогчид манайд ирдэг болов. Тэд гайхалтай байсан төдийгүй тэдний хуваалцсан сургаал надад маш их таалагдаж, зүрх сэтгэл минь Сүнсээр дүүрсэн юм (Моронай 10:4–5).

Намайг өвөөдөө юу олж мэдсэнээ хэлэхээр очиход тэр баярлаагүй. Гэвч би сэтгэл зүрхээ дагах хэрэгтэйг ойлгосон.

Би Сүмд нэгдэж, удалгүй Жина бид хоёр ариун сүмд лацдан холбогдсон. Охин маань бидэнтэй лацдан холбогдож, өөр гурван хүүхэд маань гэрээнд төрсөн билээ.

10 жил өнгөрсний эцэст ачэй маань биднийг Сүм дээр юунд итгэдгийг ойлгож хүндэлсэн юм. Тэрээр хүүгийн минь ахлах сургуулийн төгсөлт дээр хүн бүрд навахо хэлээр “Би энэ гэр бүлд дуртай. Би тэдний итгэл үнэмшлийг дэмждэг. Тэдний хүүхдүүд яаж залбирахаа үнэхээр мэддэг” гэж хэлсэн.

Би хамаатан садан дундаа цорын ганц Сүмийн гишүүн хэдий ч тэд миний хөрвөлт жинхэнэ гэдгийг хүлээн зөвшөөрч, сайн мэдээний надад болон эхнэр, хүүхдүүдэд маань авчирсан ач буяныг анзаардаг гэдгийг би мэднэ.

Хэвлэх