Лиахона
Мормоны Ном надад амар амгалан авчирсан
2024 оны 9-р сар


“Мормоны Ном надад амар амгалан авчирсан,” Лиахона, 2024 оны 9-р сар

Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Мормоны Ном надад амар амгалан авчирсан

Мормоны Ном амьдралыг минь өөрчилж, намайг Есүс Христ рүү илүү ойртоход тусална гэдгийг би ойлгосон.

Испани хэл дээрх хөх хавтастай Мормоны Номын зураг

Зураг чимэглэлийг Аллэн Гарнс

2013 оны сүүлээр цагаан цамц, зангиатай хоёр залуу манай эгч дээр долоо хоногт хоёр удаа айлчилж ирдэг байв. Би тэр даруй тэднийг сүмийн хүмүүс гэдгийг мэдсэн. Би хувьдаа сүмд орно гэж боддоггүй байсан учраас тэдэнтэй ярихгүй байхаар шийдэв.

Тэднийг ирэх болгонд би гэртээ байхгүй байхаар төлөвлөдөг байлаа. Гэсэн ч нэг зүйл миний анхаарлыг татав. Тэд үргэлж нэг хөх өнгийн ном авч явдаг байлаа. Би өмнө нь тэр номыг ер харж байгаагүйгээс гадна надад хачирхалтай санагдсан.

Нэгэн өдөр зочны өрөөнд эгч минь надад уг номын талаар ярьж эхлэв. Гэнэт нөгөө хоёр залуу манайд ирлээ. Харамсалтай нь, би тэднээс нуугдаж чадсангүй. Тэд биднийг нөгөө хөх өнгийн ном болох Мормоны Номтой байгааг хараад, надаас Есүс Христийн талаар юу мэддэгийг минь асуув.

Тэр өдрөөс хойш би тэр номлогчдыг сонсож, тэд зааж буй зүйлээ хэрхэн Мормоны Номтой холбож байгаа нь надад сэтгэгдэл төрүүлсэн юм. Үр дүнд нь тэрхүү хөх өнгийн ном надад хачирхалтай санагдахаа больсон билээ.

Надад эргэлзээ их байсан ч би номыг уншиж эхлэв. Би Мормоны Ном Библийг орлодоггүй, харин амьдралыг минь өөрчилж, намайг Есүс Христтэй илүү ойртуулахад тусалдаг гэдгийг ойлгосон. Би Мормоны Ном Аврагчид төвлөрдөг гэдгийг мэдэж авсан. Үүний сургаалууд надад Түүний хэн болохыг мөн Тэнгэрлэг Эцэг гэж хэн болохыг мэдэхэд тусалсан.

Тийнхүү Мормоны Ном надад илүү сайн хүн болж, Есүс Христийн жинхэнэ шавь байхад тусалсан юм. Энэ нь түүнчлэн өдөр тутмын сорилт бэрхшээлтэй нүүр тулах хандлагаа өөрчлөхөд тусалсан. Энэ нь хүмүүсийг Христэд ирэх, сайн мэдээний дагуу амьдрахад нь тусалдаг гэдгийг би үүнийг судалсан туршлагаасаа олж мэдсэн (Моронай 10:32-ыг үзнэ үү). Энэ нь биднийг Христийн сургаалуудыг дагаж, тэдгээрийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэхэд урамшуулдаг. Энэ нь бид бол Бурханы охид, хөвгүүд гэдэг мэдлэгийг өгдөг. Энэ нь амар амгаланг авчирдаг.

Номлогчидтой уулзаж, Мормоны Номыг уншсанаасаа хойш хэдэн долоо хоногийн дараа би баптисм хүртсэн билээ. Би Мормоны Ном үнэн гэдгийг, мөн үүнийг унших нь хамгийн бараан мөчүүдийг ч гэрэл гэгээтэй, итгэл найдвартай болгож, Их Эзэний хайр, хамгаалалтыг мэдрэхэд тусалдаг гэдгийг чин сэтгэлээсээ гэрчилж байна. Миний амьдралд Мормоны Ном байгаад би талархдаг.