“Бүтээлтийн талаар төрсөн сүнслэг бодол,” Лиахона, 2024 оны 9-р сар.
Итгэлийн хөрөг
Бүтээлтийн талаар төрсөн сүнслэг бодол
Абрахам, Исаак хоёрын түүхээр баримал бүтээх явцад Есүс Христийн Цагаатгал миний хувьд илүү гүн утга учиртай санагдах болсон юм.
Уран зураг, баримал бол дэлхийн гоо үзэсгэлэнд талархаж буйгаа илэрхийлэх нэг арга юм. Миний хувьд урлаг нь бүтээлтийн талаар төрсөн сүнслэг бодлоор эхэлдэг.
“Гэрээний хүүхэд”
Найзыгаа тэтгэвэртээ гарч нүүх болоход би түүнд зориулж Гэрээний хүүхэд нэртэй баримал бүтээсэн юм. Энэ нь Абрахам нялх хүү Исаакаа тэвэрч буй баримал байв. Түүнээс хойш би Абрахам, Исаак хоёрыг харуулсан өөр хэд хэдэн баримал бүтээсэн. Тэдгээр нь миний хамгийн дуртай, хамгийн чухал бүтээлүүд юм.
Миний хувьд хамгийн хүчирхэг нь Абрахам хүүдээ бичээснүүдээс зааж байгаа баримал юм. Абрахам Их Эзэнээс ганц хүүгээ золиослох ёстой гэсэн илэрхийлэл хүлээн аваад өвдөг тулан, зовж шаналсан царайтай дээш харж байгаа нь. Исаак Абрахамыг тэвэрсэн ч аав нь яагаад түүнд хариулахгүй байгааг ойлгохгүй байлаа.
Одоо бүтээж буй өөр нэгэн баримал нь тэр хоёрыг тахилын ширээ босгож байгааг дүрсэлдэг. Исаакийг тахилын өргөл хаана байгааг асуухад Абрахам Их Эзэн хангана гэж хариулдаг. Өмнөх бүтээлдээ Абрахамд өтгөн бутан дундах нэгэн хуцыг өгсөн бөгөөд хүүгээ золиослох хэрэггүй гэснийг харуулжээ. Абрахам Исаакийг чанга тэвэрч байгаа нь. (Эхлэл 22:1–13-ыг үзнэ үү.)
Энэ түүх Бурханы Хүүгийн золиослолын хэв шинжийг агуулсан буюу үүний бэлгэдэл гэдгээрээ үнэ цэнтэй. Тэнгэр дэх Эцэг маань Өөрийн Цорын ганц Хүүд хайртай ч мөн л Түүнийг золиослохоор шийдсэн ба эцсийн мөчид ч Түүнийг хэлтрүүлээгүй. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл А.Максвэллын хэлснээр, “Абрахам, Исаак хоёрын Найз болох Түүнийг хэлтрүүлэх хуц Калварийн бутанд байгаагүй” (“O, Divine Redeemer,” Ensign, Nov. 1981, 8).
Харин Эцэг сонгогдсон Хүүгээ (Мосе 4:2-ыг үзнэ үү) бидний өмнөөс Цагаатгал гүйцэтгэхийг зөвшөөрч, тэгснээр бид бүхэн хүсвэл, мөн уг адислалыг хүлээн авахуйц зохистой амьдарвал Тэдэнтэй дахин хамт амьдрахаар гэртээ эргэн очих боломжтой болсон (Иохан 3:16–17-г үзнэ үү).
Бурхан бидний амьдралд оролцдогийг би өөрийн амьдралын туршлагаас мэднэ. Бид “баясгалантай байж болохын тулд” (2 Нифай 2:25) энд ирсэн ч зовлон бэрхшээл маань бидэнд туршлага өгдөг. Сайн зүйлс тохиох нь гарцаагүйн адил “бүх зүйлд сөрөг тал” бий (2 Нифай 2:11). Тийм ч гэлээ, Бурхан бидний төлөө байдаг ба бид юу ч тулгарсан байсан бүхнийг даван туулж чадна. Бид Аврагчтайгаа адил хайрлаж, үйлчилж, илүү энэрэнгүй байхыг хичээснээр сорилтуудаа ялан дийлж чадна гэдгээ олж мэдэх болно.
Би сайн мэдээнд болон өөрийн гэр бүлд мөн Сүмийн гайхалтай хүмүүст бүгдэд нь талархдаг. Би эхнэр Кайтлинтайгаа хамт дэлхийн хаана ч номлосон бай бие биедээ үйлчилдэг, бие биеэ хайрладаг, нэг нэгнийхээ төлөө золиос гаргаж чаддаг гэгээнтнүүдийг олж хардаг. Тэнгэрлэг Эцэг бидэнд хайртай бөгөөд бид Түүний хүүхдүүд. Түүнд болон бидэнд гүнээ итгэдэг Түүний Хүүд итгэлтэй байхаас илүү чухал зүйл гэж үгүй.