Ерөнхий чуулган
Найдварын ялалт
2024 оны 10-р сарын Ерөнхий чуулган


13:32

Найдварын ялалт

Найдвар бол Есүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлэхийн хэрээр өсдөг амьд бэлэг юм.

Дэлхий даяарх ах, эгч нар аа, “Ерөнхий чуулган” эхэлж буй энэхүү онцгой цаг үед тэнгэр биднийг анхааран харж байгаа нь гарцаагүй. Бид Их Эзэний үйлчлэгчдээр дамжуулан “Түүний дуу хоолойг” сонсож, Ариун Сүнсний “заан чиглүүлж, удирдаж, тайтгаруулах” нөлөөг мэдэрч, итгэлээ хүчирхэгжүүлэх болно.

Гурван жилийн өмнө ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Ерөнхий чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Зүрх сэтгэлдээ байгаа асуултууддаа цэвэр илчлэл хүлээн авах нь энэ чуулганыг үнэ цэнтэй бөгөөд мартагдашгүй болгох болно. Энэ хоёр өдөрт Их Эзэний таныг сонсоосой хэмээн бэлдсэн зүйлсийг сонсохын тулд Ариун Сүнсний тохинууллыг та хараахан эрэлхийлээгүй байгаа бол одоо эрэлхийлэхэд би уриалж байна. Энэхүү чуулганы цаг хугацаанд Их Эзэний үйлчлэгчдээрээ дамжуулан өгөх захиас дээр найрлахыг би та бүгдээс хүсэж байна” гэжээ.

Судрууд “итгэл, найдвар, төгс хайр” гэсэн гурван үгийг хамтад нь нягт холбон ашигладаг. Найдварын бэлэг бол Бурханы үнэлж баршгүй хишиг юм.

Тохиохыг хүсдэг олон зүйлдээ бид найдвар гэсэн үгийг ашигладаг. Жишээлбэл: “Бороо орохгүй гэж би найдаж байна” эсвэл “Манай баг ялна гэж би найдаж байна” гэх мэт. Есүс Христ болон сэргээгдсэн сайн мэдээнд төвлөрсөн бидний ариун нандин, мөнхийн найдвар, түүнчлэн “зөв шударга ёсны амлагдсан адислалуудын төлөө итгэлтэйгээр … хүлээх” талаар ярих нь миний ярианы зорилго юм.

Мөнх амьдралын төлөөх биднийнайдвар

Мөнх амьдралд найдах бидний найдвар нь Христийн ач ивээл болон хувийн сонголтуудаар маань баталгааждаг ба бидэнд тэнгэрлэг гэртээ эргэн очиж, Тэнгэрлэг Эцэг, Түүний Хайрт Хүүтэй болон итгэлтэй гэр бүл, эрхэм найз нөхөдтэйгөө мөн бүх тив, эрин зуун бүрийн зөв шударга эрэгтэй, эмэгтэй хүмүүстэй амар амгалан, аз жаргалтай үүрд мөнх амьдрах гайхалтай адислалыг авах боломжийг олгодог.

Дэлхий дээр бид соригдож, шалгагдах явцдаа баяр хөөр, харуусал гунигийг мэдэрдэг. Гэм нүгэл, зовлон бэрхшээл, уруу таталт, шударга бус явдал, энэхүү мөнх бус амьдралын сорилтуудыг Есүс Христэд итгэх итгэлээр даван туулах үед бидний ялалт ирдэг.

Бид Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлснээр асуудлуудынхаа цаадхыг буюу мөнхийн адислал, амлалтуудыг олж хардаг. Улам бүр туяаран гийгүүлэх гэрэлтэй адил, найдвар нь харанхуйлсан ертөнцийг гэрэлтүүлж, бид сүр жавхлант ирээдүйгээ тод хардаг.

Найдвар Бурханаас ирдэг

Эхлэлээс бидний Тэнгэрлэг Эцэг, Түүний Хайрт Хүү хоёр зөв шударга хүмүүсийг найдварын үнэт бэлгээр дуртайяа адисалсаар ирсэн.

Адам, Ева хоёр цэцэрлэгээс явсны дараа Тэнгэр элч нараар Есүс Христийн амлалтын тухай заалгасан. Найдварын бэлэг тэдний амьдралыг гэгээрүүлсэн юм. Адам: “нүд минь нээгдсэн буюу, мөн энэ амьдралд би баяр хөөртэй байх болно“ хэмээн тунхаглажээ. Ева: “[өөрсдийн] гэтэлгэлийн баяр баясгаланг, мөн дуулгавартай бүгдэд Бурханы өгдөг мөнх амьдралыг” дурдан ярьсан.

Ариун Сүнс Адамд найдвар авчирсан шиг Их Эзэний Сүнсний хүч эдүгээ итгэлтэй хүмүүсийг гэгээрүүлж, мөнх амьдралын бодит байдлыг гэрэлтүүлэн тодруулдаг.

Аврагч бидэнд “ертөнцийн өгдгөөс өөр” амар амгалан, итгэл, найдвар авчирдаг анд нөхөр, Тайтгаруулагч, Ариун Сүнсийг илгээдэг.

Аврагч: “Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун [найдварын гэрэлтэй байгтун]. Би ертөнцийг ялсан” гэж айлдсан.

Хүнд хэцүү үе тулгарахад бид Их Эзэнд итгэж найдахыг сонгодог. Бид “Гэвч миний хүслээр бус, харин Таныхаар болог” хэмээн чимээгүйхэн залбирдаг. Бид даруухан хүсэлдээ Их Эзэний зөвшөөрлийг мэдэрч, Их Эзэний сонгосон цагтаа илгээх амлагдсан амар амгаланг хүлээдэг.

Төлөөлөгч Паул: “Найдварын Бурхан та нарыг … баяр баясгалан ба амар тайвнаар дүүргэ[нэ]. Ингэснээр та нар Ариун Сүнсний хүчээр найдварт бялхах юм,” “найдвар дотор баярла, зовлон дотор тэвчээртэй бай” гэж заажээ.

Найдварын хичээл

Бошиглогч Моронай зовлонтой үед Христэд найдах талаар өөрийн туршлагаас олж мэдсэн юм. Тэрээр хүнд хэцүү нөхцөл байдлынхаа талаар ийн тайлбарлажээ.

“Би ганцаараа. … … мөн явах газаргүй боллоо.”

“Леменчүүд намайг устгах вий хэмээн би өөрийгөө … мэдүүлдэггүй.”

Гайхалтай нь, энэхүү хүнд хэцүү, ганцаардсан үедээ Моронай найдварын тухай эцгийнхээ үгийг ийн бичжээ.

“Хүмүүн итгэлтэй байх аваас тэрээр найдварыг агуулах нь гарцаагүй; учир нь итгэлгүйгээр ямар ч найдвар байж чадахгүй.”

“Та нар юуны төлөө найдах билээ?” … “Та нар Христийн цагаатгалын, мөн түүний амилалтын хүчээр мөнх амьдралд босгогдоход найдах [болно].”

Ах эгч нар аа, найдвар бол Есүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлэхийн хэрээр өсдөг амьд бэлэг юм. “Итгэл бол найддаг зүйлсийн [баталгаа] мөн.” Бид залбирал, ариун сүмийн гэрээнүүд, зарлигуудыг сахих, орчин үеийн бошиглогчдын болон судрын үгс дээр тогтмол найрлах, ариун ёслолоос хүртэх, бусдад үйлчлэх, бусад гэгээнтэнтэй хамт долоо хоног бүр шүтэн бишрэх зэргээр дамжуулан итгэлийнхээ баталгааны тулгуур чулуунуудыг барьж босгодог.

Найдварын өргөө

Ёс бус байдал улам бүр өсөн нэмэгдэж байгаа энэ үед бидний найдварыг бэхжүүлэхийн тулд Их Эзэн бошиглогчдоо Өөрийн ариун сүмээр дэлхийг дүүргэхийг зааварласан.

Их Эзэний өргөөнд орох үедээ бид Бурханы Сүнсийг мэдэрч, найдвараа баталгаажуулдаг.

Ариун сүм хоосон булшийг мөн хөшигний цаана амьдрал бүгдэд үргэлжилсээр байгааг гэрчилдэг.

Мөнхийн хамтрагчгүй хүмүүст ёслолууд нь зөв шударга хүн бүр амлагдсан бүх адислалыг хүлээн авах болно гэдгийг хүчтэй баталж өгдөг.

Залуу хосууд энэ дэлхийд төдийгүй үүрд мөнхөд лацдан холбогдохоор тахилын ширээний хоёр талд өвдөг сөгдөн суух үед энд агуу найдвар оршдог.

Одоогийн нөхцөл байдлаас нь үл хамааран бидний үр удамд амласан амлалтад бид асар их найддаг.

Их Эзэний өргөөнд Бурхантай байгуулсан гэрээнүүддээ итгэж, тэдгээрээс зууран барих үед ямар ч шаналал, өвчин эмгэг, шударга бус явдал, зовлон бидний найдварыг бөхөөж чадахгүй. Энэ бол гэрэл гэгээний өргөө; итгэл найдварын өргөө мөн.

Найдвар тасрах үед

Христэд найдвар тавьдаггүй хүмүүс гуниглаж, цөхрөхийг хараад бид харууслын нулимс урсгадаг.

Нэгэн цагт Христэд итгэдэг байсан ч итгэлээ үгүйсгэхээр шийдсэн залуу хосын амьдралыг би саяхан хөндлөнгөөс ажигласан юм. Дэлхийн хувьд тэд амжилт олж, оюун ухаандаа төдийгүй итгэлээ үгүйсгэж амьдарч байгаадаа сэтгэл хангалуун байв.

Залуухан, эрч хүчтэй нөхөр нь гэнэт өвдөж өөд болох хүртэл бүх зүйл сайхан байсан. Нар хиртэх шиг тэд цор ганц Хүүгийн гэрлийг халхалсан байсан ба үр дүнд нь найдвар нь хиртжээ. Эхнэр нь итгэж ч чадахгүй цочирдож, яах учраа ч олохгүй, ямар ч бэлтгэлгүй, хүүхдүүдээ тайтгаруулж ч чадахгүй байлаа. Оюун бодол нь түүнд амьдрал нь төгс голдирлоор явж байна гэж итгүүлж байсан бол гэнэт түүнд ямар ч ирээдүйгүй болсон мэт санагдав. Цөхрөл нь түүнд түнэр харанхуй, айдас хүйдсийг авчирчээ.

Зүрх шимшрэм гай зовлон дундах найдвар

Энэ эмэгтэйд тохиолдсон гашуун цөхрөлийн түүхийг би зүрх шимшрэм хэцүү үед Христэд найдсан өөр нэг гэр бүлийн түүхтэй харьцуулан ярья.

Хорин нэгэн жилийн өмнө миний зээ дүү Бэн Андэрсэн, эхнэр Робби болон тэдний шинэ төрсөн нярай Айдахогийн ферм дээрээсээ Солт Лэйк Сити дэх эмнэлэг рүү түргэний онгоцоор ниссэн юм. Намайг эмнэлэгт очиход Бэн нялх үрийнх нь зүрх аминд аюултай, ноцтой хүндрэлтэй талаар тайлбарлав. Бид Трэйгийн бяцхан толгой дээр гараа тавьж, Их Эзэн түүнийг үргэлжлүүлэн амьдрахаар адисалсан юм.

Төрөөд долоо хонож байсан Трэй зүрхний хагалгаанд орсон ба цаашаа ч олон хагалгаанд орсон. Он жилүүд өнгөрөх тусам Трэйд зүрх шилжүүлэн суулгах шаардлагатай нь илэрхий болов. Түүний биеийн үйл ажиллагаа хязгаарлагдмал байсан ч итгэл нь өссөөр байлаа. Тэрээр: “Би Есүс Христэд итгэхийн, авралын төлөвлөгөөний талаар гэрчлэлтэй байхын ач холбогдлыг үргэлж мэддэг байсан учраас өөрийгөө хэзээ ч өрөвдөж байгаагүй” гэж бичжээ.

Трэй Андэрсэн

Тэр ерөнхийлөгч Нэлсоны “Бидний баяр баясгалан амьдралын маань нөхцөл байдлаас биш, харин амьдралдаа юунд ач холбогдол өгч байгаатай холбоотой” гэх олонд танигдсан эшлэлийг утсан дээрээ байнга хадгалдаг байсан.

Трэй Андэрсэн

Трэй: “Би бүрэн цагийн номлолд үйлчлэхийг үргэлж тэсэн ядан хүлээдэг ч … зүрх шилжүүлэн суулгаснаас хойш ядаж нэг жил өнгөрөх хүртэл эмч нар маань үүнийг зөвшөөрөхгүй…. Би Есүс Христэд итгэж байна” гэж бас бичжээ.

Тэр энэ улирлаас эхлэх БЯИС-ийн нягтлангийн ангид тэнцсэндээ баяртай байсан бол, 7-р сарын сүүлээр удаан хүлээсэн утасны дуудлага ирж, зүрх шилжүүлэн суулгуулахаар эмнэлэгт ирээрэй гэхэд нь бүр юу юунаас илүү баярласан юм.

“Нэг жилийн дараа гэхэд би номлолдоо гарчихсан байна” гэж тэр ярьж байв.

Тэр мэс заслын өрөө рүү агуу хүлээлт тээн орсон. Гэвч мэс заслын үеэр ноцтой хүндрэлүүд гарч, Трэй эргэж сэхээгүй.

Түүний ээж Робби: “Баасан гараг хамгийн их зүрх шимшрэм байсан, … зүгээр л юу болж өнгөрснийг ойлгох гэж ядсан өдөр байсан. … Би бүх зүйлийг ойлгох гэж шөнө дунд хүртэл сэрүүн байсан. … Гэхдээ бямба гаргийн өглөө би баяр хөөр дүүрэн сэрсэн. Энэ бол ердийн нэг амар амгалан эсвэл үгүйсгэл байгаагүй. Би хүүгийнхээ төлөө бас түүний ээжийн хувьд баяр хөөрийг мэдэрсэн. … Бэн надаас түрүүлээд сэрчихсэн байсан ба биднийг ярилцах үед тэр ч бас надтай ижил мэдрэмжтэй сэрснийг би мэдсэн” гэлээ.

Робби, Бэн Андэрсэн

Бэн: “Бурханыг Ариун Сүнсээрээ дамжуулан надад заах үед бүх зүйл тов тодорхой болсон. Үүрийн 4 цагт сэрэхдээ би үгээр илэрхийлэхийн аргагүй амар амгалан, баяр хөөрийг мэдэрсэн. Яаж ийм зүйл болов оо? … Хүүгээ өөд болсонд би дэндүү их шаналж, түүнийг маш их санаж байна. Гэхдээ Их Эзэн биднийг тайтгаруулахгүйгээр орхидоггүй. … Хүүтэйгээ баяр хөөртэйгөөр дахин уулзахыг тэсэн ядан хүлээж байна” гэсэн юм.

Найдварын амлалт

Трэй тэмдэглэлийн дэвтэр дээрээ Ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Нэлсоны хэлсэн дараах үгийг бичсэн байсан. “Хүүхэд тань эдгэршгүй өвчний улмаас зовж, ажлын байраа алдаж, хань ижил тань хууран мэхэлсэн үед баяр баясгаланг мэдрэх боломжгүй мэт санагдаж болох юм. Харин энэ үед л яг Аврагчийн бидэнд өгөхийг хүсдэг баяр баясгалан хэрэгтэй болдог. Түүний баяр баясгалан хувиршгүй бөгөөд бидний “зовлон зүдгүүрүүд … хэсэг хугацаанд байх болно,” [Сургаал ба Гэрээ 121:7] бидний өсөлт хөгжлийн тул ариулан адислах болно хэмээн биднийг тайвшруулдаг.

Ах, эгч нар аа, та нарын эрэлхийлдэг амар амгалан хүссэнээр тань хурдан ирэхгүй байж болох ч Их Эзэнд найдах юм бол Түүний амар амгалан ирнэ гэдгийг би амлаж байна.

Бид эрхэм нандин итгэлээ тордож, найдварын төгс гэрэлтэйгээр урагш тэмүүлэх болтугай. Бидний найдвар бол бидний Аврагч Есүс Христ мөн гэдгийг би гэрчилж байна. Түүгээр дамжуулан бидний бүх зөвт мөрөөдөл биелнэ. Тэр бол найдварын Бурхан, найдварын ялалт билээ. Тэр амьд бас бидэнд хайртай. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Рассэлл М.Нэлсон, “Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 115.

  2. Рассэлл М.Нэлсон, “Цэвэр үнэн, цэвэр сургаал, цэвэр илчлэлт,” 2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 6-7.

  3. “Сударт найдвар гэдэг үгийг дангаар нь бараг ашигладаггүйг та нар анзаарч байсан уу? Найдварыг ихэвчлэн итгэлтэй холбодог. Найдвар болон итгэл төгс хайртай холбогдох нь түгээмэл. Яагаад? Учир нь найдвар байх аваас итгэл, итгэл байх аваас найдвар, итгэл болон найдвар байх аваас төгс хайр байх нь зайлшгүй юм (1 Коринт 13:13, Алма 7:24, Ифер 12:28, Сургаал ба Гэрээнүүд 4:5-ыг тус тус үзнэ үү). Тэдгээр нь яг л гурван хөлтэй сандал шиг бие биеэ дэмждэг. Энэ гурав гурвуулаа бидний Гэтэлгэгчтэй холбоотой.

    Итгэл нь Есүс Христэд [үндэслэдэг]. Найдвар нь Түүний Цагаатгалд төвлөрдөг. Төгс хайр нь “Христийн цэвэр хайр” (Моронай 7:47-ыг үзнэ үү) юм. Эдгээр гурван шинж чанар нь ороосон кабель утас шиг хоорондоо холбогддог ба амархан ялгагдахгүй байж магадгүй. Тэдгээр нь нийлээд биднийг селестиел хаант улс руу хөтлөх уяа болдог. (“Рассэлл М.Нэлсон, A More Excellent Hope” [Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалт, 1995 оны 1-р сарын 8], speeches.byu.edu).

  4. Сайн мэдээний сэдвүүд, “Найдвар,” Gospel Library.

  5. “Иймийн тул, Бурханд итгэдэг хэн боловч, илүү сайн дэлхийд, … Бурханы баруун гар талд байх нэгэн байрны төлөө лавтайяа найдаж болох болой, уг найдвар нь итгэлээр ирж, хүмүүсийн бодгальд зангуу болдог, уг зангуу нь тэднийг тууштай мөн хөдөлшгүй болго[х юм] (Ифер 12:4).

  6. Ахлагч Дийтр Ф.Угдорф: “Би сэтгэцийн хямрал, оюун санааны болон сэтгэл зүйн асуудлууд бодитой бөгөөд “жаргалтай байхыг хичээ” гээд л эдгээчихдэг зүйл биш гэдгийг хэлмээр байна. Өнөөдрийн миний зорилго бол сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлыг багасгах юм уу үл тоомсорлох явдал биш юм. Та тийм бэрхшээлийг туулж байгаа бол би тантай хамт шаналж, таны хажууд хамт зогсож байна. Зарим хүний хувьд баяр баясгалантай болох гэдэгт маш чухал салбарт амьдралаа зориулсан, сэтгэл зүйн эрүүл мэндийн мэргэжилтнээс тусламж эрэлхийлэх явдал багтаж болох юм. Бид ийм тусламж авах боломжтойдоо талархах хэрэгтэй. (“Бүр илүү баяр баясгалан,” Лиахона, 2024 оны 5-р сар).

  7. Тэнгэрлэг Эцэг маань Өөрийн ажил, сүр жавхланг бидний үхэшгүй байдал болон мөнх амьдралыг тохиолгон авчрах явдал хэмээн тунхаглажээ (Мосе 1:39-ийг үзнэ үү).

  8. Мосе 5-ыг үзнэ үү.

  9. Moсe 5:10

  10. Moсe 5:11

  11. Мосе 5:9-ийг үзнэ үү.

  12. Иохан 14:27

  13. Иохан 16:33

  14. Лук 22:42-ыг үзнэ үү.

  15. Ром 15:13

  16. Ром 12:12

  17. Ром 15:13

  18. Мормон 8:5

  19. Moронай 1:1

  20. Моронай 7:42

  21. Moронай 7:41

  22. Еврей 11:1. Иосеф Смитийн О:рчуулгад “Итгэл бол найддаг зүйлсийн маань баталгаа, харагдахгүй зүйлсийн нотолгоо мөн” хэмээн гардаг (Библийн хавсралтаас). Их Эзэнтэй байгуулсан гэрээгээ сахидаг хүмүүст ирдэг адислалуудаас бид итгэлийнхээ баталгааг олж хардаг.

  23. Рассэлл М.Нэлсон, “Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 72.

  24. Хүү Трэй Андэрсэны оршуулга дээр хэлсэн Робби Андэрсэны үг, 2024 оны 8-р сарын 12. Трэй 2024 оны 7-р сарын 31-ний өдөр мэс засалд орж, 2024 оны 8-р сарын 3-ны өдөр тэнгэрт хальсан.

  25. Хүү Трэй Андэрсэны оршуулга дээр хэлсэн Бэн Андэрсэны үг, 2024 оны 8-р сарын 12.

  26. Рассэлл М.Нэлсон, “Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь,” 72.

  27. 2 Нифай 31:20-ийг үзнэ үү. Нифайн ярьдаг найдвар нь Христэд төвлөрсөн учраас төгс бас гэрэлтэй юм. Тэр бас Түүний Цагаатгал төгс учраас энэхүү найдварын төгс гэрлийг санал болгодог.