Ерөнхий чуулган
Мөнх бус байдал үнэхээр үр дүнтэй!
2024 оны 10-р сарын Ерөнхий чуулган


10:59

Мөнх бус байдал үнэхээр үр дүнтэй!

Бид бүхэнд тулгардаг сорилт бэрхшээлээс үл хамааран бидний хайрт Тэнгэрлэг Эцэг биднийг энд бүтэлгүйтүүлэхгүйн тулд аз жаргалын төлөвлөгөөг зохиосон билээ.

Би тойргийнхоо нэг настай эгчийн гэрийн багшаар томилогдон хэдэн жил үйлчилсэн юм. Түүний амьдрал амар байгаагүй. Тэр эрүүл мэндийн олон асуудалтай байснаас гадна хүүхэд байхдаа тоглоомын талбай дээр бэртсэнээс болж насан туршдаа өвдөж шаналж байсан. Тэр 32 настайдаа нөхрөөсөө салж, бага насны дөрвөн хүүхдээ өсгөж, бүхий л хэрэгцээг нь хангаж байсан бөгөөд 50 насандаа дахин гэрлэсэн. 66 настай байхад нь хоёр дахь нөхөр нь өөд болж, тэр дахин 26 жил бэлэвсэн эмэгтэйн амьдралаар амьдарсан юм.

Амьдралынх нь туршид тохиолдсон саад бэрхшээлүүдээс үл хамааран тэр гэрээнүүддээ эцсээ хүртэл үнэнч байв. Энэ эгч угийн бичгийг идэвхтэй судалдаг, ариун сүмд байнга ордог, гэр бүлийн түүхээ цуглуулж, бичдэг байсан. Хэдийгээр тэр олон бэрхшээл зовлонг туулахдаа гуниглаж, ганцаардах үетэй цөөнгүй тулгарч байсан нь ойлгомжтой ч баяр баясгалантай царайтай, эелдэг зөөлөн зантай хүн байсан.

Түүнийг нас барснаас хойш 9 сарын дараа хөвгүүдийнх нь нэгэнд ариун сүм дотор нэгэн гайхалтай зүйл тохиолджээ. Ариун Сүнсний хүчээр ээж нь түүнд нэгэн захиас дамжуулсныг тэр мэдэж авсан юм. Ээж нь үзэгдэж эсвэл сонсогдохоор үг хэлээгүй ч түүнтэй харилцсан байна. Хүүгийн оюун бодолд ээжээс нь андуурахын аргагүй ийм нэгэн захиас иржээ. Тэр: “Мөнх бус байдал үнэхээр үр дүнтэй! [Миний амьдралд] яагаад энэ бүхэн ийм арга замаар тохиолдсоныг би одоо ойлгосон. Бүх зүйл зүгээр гэдгийг чамайг мэдээсэй гэж хүсэж байна” гэжээ.

Энэ эгчийн тэвчиж, даван туулсан нөхцөл байдал, бэрхшээл зовлонг мэдэх хүнд энэ захиас илүү утга учиртай.

Ах, эгч нар аа, мөнх бус байдал үнэхээр үр дүнтэй! Энэ нь үр дүнтэй байхаар бүтээгдсэн. Бид бүхэнд тулгардаг сорилт бэрхшээл, зовлон шаналал, хүнд хэцүү зүйлсээс үл хамааран бидний хайрт, ухаалаг, төгс Тэнгэрлэг Эцэг биднийг энд бүтэлгүйтүүлэхгүйн тулд аз жаргалын төлөвлөгөөг зохиосон билээ. Түүний төлөвлөгөө биднийг мөнх бус амьдралын бүтэлгүйтлээс өндийн босох арга замаар хангадаг. Их Эзэн: “хүмүүний үхэшгүй байдал ба мөнх амьдралыг тохиолгон авчрах нь миний ажил мөн миний сүр жавхлан бөлгөө” хэмээн айлджээ.

Гэсэн хэдий ч хэрэв бид Их Эзэний “ажил болон сүр жавхлангаас,” тэр бүү хэл “үхэшгүй байдал ба мөнх амьдралаас” ашиг хүртэгчид болох юм бол бид сургагдаж, заалгаж, заримдаа хязгаарынхаа туйлд хүртэл цэвэршүүлэгчийн гал дундуур нэвтрэх ёстой. Энэ дэлхийн асуудал, сорилт, бэрхшээлээс бүрэн зайлсхийх нь мөнх бус байдлыг үр дүнтэй болгоход зайлшгүй хэрэгтэй үйл явцыг алгасаж буй хэрэг юм.

Тиймээс бид хэцүү үе тохиолдоход гайхах хэрэггүй. Бид өөрсдийг маань сорих нөхцөл байдалтай мөн бидэнд жинхэнэ энэрэл, тэвчээрийг хэрэгжүүлэх боломжийг олгох хүмүүстэй учрах болно. Бид хүнд хэцүү зүйлсийг тэвчиж, Их Эзэний айлдсан дараах зүйлсийг санаж явбал зохино.

“Мөн миний байр суурийн тулд, миний нэрийн төлөө амиа өгдөг хэн боловч дахин үүнийгээ, бүр мөнх амьдралыг олж авах болно.

Тиймийн тул, дайснуудаасаа [энэ амьдралын асуудал, бэрхшээл эсвэл сорилтуудаас] бүү ай, учир нь та нар зохистойгоор олдож болохын тулд, та нар миний гэрээнд … үлдэх эсэхийг бүх зүйлд шалгах болно хэмээн би … тогтоосон билээ хэмээн Их Эзэн хэлж байна.”

Бид асуудлууддаа санаа зовниж, хямарч эсвэл амьдралын хүнд хэцүүг шударга ёсноос илүү хүлээн авч байна гэж бодож байвал Их Эзэн Израилын хүүхдүүдэд юу гэж айлдсаныг санаж чадна. Тэрээр:

“ЭЗЭН Бурхан чинь чамайг энэ дөчин жилийн турш цөлд удирдсан бүх л зам мөрийг дурсан сана. Энэ нь чиний зүрхэнд юу байсныг, тухайлбал тушаалыг нь дагах эсэхийг чинь мэдэхийн тулд мөн чамайг номхотгож, шалгаж сорихын тулд байсан юм” хэмээсэн.

Лихай өөрийн Хүү Иаковт:

“Чи хүүхэд ахуй үедээ ах нарынхаа балмадын учир их зүдгүүр мөн шаналлыг туулсан билээ. … Гэсэн хэдий ч, … [Бурхан] зүдгүүрүүдийг чинь чиний ашиг тусын тул ариулан адислах болно. … Иймийн тул, Гэтэлгэгчийнхээ зөв шударгын улмаас чи гэтэлгэгдсэнийг би мэднэ” хэмээн заажээ.

Энэ амьдрал сорилтын газар бөгөөд “амар амгаланг маань сарниулан, аюул зовлон дайрах тэр цагт” амьдралын сорилт бэрхшээлийн талаар Мозая 23 дээрх зөвлөгөө, амлалтыг санах нь тустай байдаг. Гэсэн хэдий ч—түүнд найдлагаа тавих хэн боловч мөнхүү тэр нь эцсийн өдөр өргөмжлөгдөх болно.

Би өсвөр насандаа өөр хүний зөв шударга бус үйлдлийн улмаас сэтгэлийн шаналал, ичгүүрийг биеэрээ амсаж байсан ба энэ нь олон жилийн турш өөрийгөө үнэлэх үнэлэмж болон Их Эзэний өмнө зохистой байх мэдрэмжид маань нөлөөлсөн. Гэсэн хэдий ч бидний уй гашуутай үедээ даван туулдаг ямар ч бэрхшээл дунд Их Эзэн биднийг хүчирхэгжүүлж, дэмжиж чадна гэдгийг би гэрчилж байна.

Бид Паулд юу тохиолдсоныг мэднэ.

“[Миний хүлээн авсан] мөнөөх агуу гайхамшигт илчлэлүүдээс болж махбодод минь өргөс өгөгдөж, өөрийгөө хэт дөвийлгөхөөс сэргийлж намайг Сатаны зарлага элч дэлссэн аж.

Үүнийг надаас ангижруулж өгөөч гэж энэ талаар би Эзэнээс гурвантаа хүсэмжлэн гуйсан юм.

Тэр надад “Миний нигүүлсэл чамд хангалттай. Учир нь мөхөсдөлд [Миний] хүч бүрэн төгс болдог” гэж айлдсан. Иймд Христийн хүч надад орших тул би ихэд баяртайгаар мөхөсдөлөөрөө илүү сайрхана.”

Бид Паулын “махбодын өргөс” юу байсныг мэдэхгүй. Тэр энэ нь биеийн өвчин эмгэг, сэтгэцийн эсвэл сэтгэл санааны мөхөсдөл эсвэл уруу таталт байсан эсэхийг дурдахыг хүсээгүй. Гэвч бид түүнийг зовж шаналан, Их Эзэнээс тусламж гуйсан гэдгийг мэдэхийн тулд нарийн ширийн зүйлсийг мэдэх шаардлагагүй ба эцсийн эцэст Их Эзэн түүнд энэ бүхнийг даван туулахад нь Өөрийн хүч чадлаар тусалсан.

Эцэст нь Их Эзэн намайг Паултай адилаар сэтгэл санаа болон сүнсний хувьд хүчирхэгжихэд тусалсан бөгөөд олон жилийн дараа би үнэ цэнтэй хүн байснаа мөн сайн мэдээний адислалуудыг хүлээн авах зохистой байснаа ойлгосон юм. Аврагч надад зохисгүй байдлын мэдрэмжээ даван туулж, гомдоосон хүнийг чин сэтгэлээсээ уучлахад тусалсан юм. Эцэст нь би Аврагчийн Цагаатгал бол зөвхөн надад зориулагдсан хувийн бэлэг гэдгийг мөн миний Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү хоёр намайг төгс хайрладгийг мэдэж авсан. Аврагчийн Цагаатгалын ачаар мөнх бус байдал үнэхээр үр дүнтэй!

Би эцэст нь Аврагч энэ үед намайг хэрхэн аварч, дэргэд минь байж дэмжиж байсныг нь ойлгохоор адислагдахын зэрэгцээ өсвөр насны минь харамсалтай үйл явдал бол миний хувийн аялал, туршлага байсан төдийгүй үүнийг шийдвэрлэсэн шийдвэр, эцсийн үр дүнг бусдын шударга бус зан чанараас болж зовж зүдэрсээр байгаа хүмүүст нялзааж болохгүйг маш сайн ойлгосон.

Амьдралын сайн, муу туршлагууд бидэнд чухал сургамжуудыг өгч чадна гэдгийг би ойлгосон. Би мөнх бус амьдрал үнэхээр үр дүнтэй гэдгийг мэддэг болсон бөгөөд үүнийг ийн гэрчилж байна. Амьдралын сайн, муу бүх туршлагынхаа ачаар би бусдын үйлдлээс болж хохирсон гэм зэмгүй хохирогчдод энэрэнгүй, дарлагдагсдад өр зөөлөн ханддаг болсон гэж боддог.

Амьдралын сайн, муу туршлагуудынхаа ачаар би бусдад Аврагчтай адил арга замаар, илүү сайхан сэтгэлээр ханддаг болж, нүгэлтнүүдийг илүү ойлгож, бүрэн дүүрэн шударга үнэнч байдлыг эрхэмлэдэг болсон гэж найдаж байна. Бид Аврагчийн ач ивээлд найдаж, гэрээнүүдээ сахиснаар Аврагчийн Цагаатгалын хязгааргүй үр нөлөөний үлгэр жишээ болж чадна.

Мөнх бус амьдрал үнэхээр үр дүнтэйг сануулах сүүлийн жишээг хуваалцъя.

Ахлагч Хэйлсийн авга эгч ба ээж

Ахлагч Хэйлсийн авга эгч Лойс Вандэнбош ба түүний ээж Клэа Вандэнбош.

Ээж маань мөнх бус амьдралдаа тийм ч амар аяллыг туулаагүй юм. Тэр магтаал сайшаал ч юм уу дэлхийгээс ямар нэгэн хүндэтгэл хүлээгээгүй бөгөөд түүнд ахлах сургуулиас цааш үргэлжлүүлж боловсрол эзэмших боломж олдоогүй. Тэр хүүхэд байхдаа саа өвчин туссанаас болоод насан туршдаа зүүн хөл нь өвдөж, зовуурилдаг байж билээ. Насанд хүрсэн хойноо ч тэр бие махбодын төдийгүй санхүүгийн хүнд хэцүү нөхцөл байдлуудтай тулгарч байсан ч гэрээнүүддээ үнэнч байж, Их Эзэнд хайртай хэвээр үлдсэн.

Ээжийг 55 настай байхад төрсөн эгч маань нас барж, найман сартай зээ дүү маань ээжгүй хоцров. Янз бүрийн шалтгааны улмаас, ээж минь 17 жилийн хугацаанд ихэвчлэн маш хэцүү нөхцөл байдалд зээ дүүг маань өсгөсөн. Гэвч тэр энэ бүх хүнд хэцүү зүйлээс үл хамааран өөрийн гэр бүл, хөрш, тойргийн гишүүддээ аз жаргалтай, чин сэтгэлээсээ үйлчилсэн ба олон жил ариун сүмд ёслолын ажилтнаар үйлчилсэн билээ. Амьдралынхаа сүүлийн хэдэн жил ээж маань нэг төрлийн ой санамжаа алдах өвчнөөр зовсон бөгөөд заримдаа ухаан нь орж гарч, сувилалд байдаг болов. Харамсалтай нь, ээж маань ганцаараа байхдаа гэнэт нас барсан.

Түүнийг нас барснаас хойш хэдэн сарын дараа би хэзээ ч мартагдашгүй нэг зүүд зүүдэлсэн юм. Тэр зүүдэнд, намайг Сүмийн удирдах газрын өрөөндөө сууж байхад ээж өрөөнд маань орж ирэв. Би түүнийг сүнсний дэлхийгээс ирснийг мэдэж байлаа. Тэгэхэд мэдэрсэн мэдрэмжээ би хэзээ ч мартахгүй. Тэр юу ч хэлээгүй ч түүнээс урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй, үгээр илэрхийлэхийн аргагүй сүнслэг гоо үзэсгэлэн цацарч байсан.

Түүний дүр төрх үнэхээр гайхалтай байлаа! Би түүний сүнслэг хүч, гоо үзэсгэлэнг дурдаж, “Ээж ээ, та үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна” гэж хэлснээ санаж байна. Тэр юу ч хэлээгүй ч надтай санал нэг байв. Би ээжийнхээ хайрыг мэдэрсэн мөн одоо түүнийг аз жаргалтай байгааг, дэлхийн санаа зовнил, асуудлуудаасаа салж, “сүр жавхлант амилуулалтыг” тэсэн ядан хүлээж байгааг ойлгосон. Ээжийн хувьд мөнх бус байдал үнэхээр үр дүнтэй байсан бөгөөд бидэнд ч мөн адил үр дүнтэй байх болно гэдгийг би мэднэ.

Хүмүүний үхэшгүй байдал болон мөнх амьдралыг тохиолгон авчрах нь Бурханы ажил мөн сүр жавхлан бөлгөө. Мөнх бус амьдралын туршлагууд нь үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралдаа өсөж хөгжих боломжийг бидэнд олгодог амьдралын чухал хэсэг юм. Бид бүтэлгүйтэхийн тулд бус харин Бурханы бидэнд зориулсан төлөвлөгөөг амжилттай болгохын тулд энд илгээгдсэн.

Хаан Бенжамины зааснаар “Мөн үүнээс гадна, Бурханы зарлигуудыг сахидаг тэдний адислагдсан мөн баярт байдлыг та нар тунгаагаасай хэмээн хүснэ би. Учир нь болгоогтун, тэд бүх зүйлд, эд хөрөнгө мөн сүнсний аль алинд нь адислагдсан болой; мөн хэрэв тэд төгсгөл хүртэл үнэнчээр тэвчвээс, тэгвэл тэд Бурхантай хамт хэзээ ч төгсөшгүй аз жаргалын байдалд оршиж болохын тулд тэд тэнгэрт хүлээн авагдах болно. Ай санагтун, эдгээр зүйл үнэн гэдгийг санагтун; учир нь Их Эзэн Бурхан үүнийг ярьсан юм.” Өөрөөр хэлбэл, мөнх бус байдал үнэхээр үр дүнтэй!

Бид сайн мэдээний ёслолуудыг хүлээн авч, Бурхантай гэрээнд нэгдэж, дараа нь эдгээр гэрээгээ сахиж, наманчилж, бусдад үйлчилж мөн эцсээ хүртэл тэвчсэнээр мөнх бус байдал үнэхээр үр дүнтэй гэдэг дээр Их Эзэнд итгэх бүрэн итгэл найдвар, баталгааг олж авах болно гэдгийг би гэрчилж байна. Би Есүс Христийг мөн бидний Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт байх сүр жавхлант ирээдүй Аврагчийн ач ивээл хийгээд Цагаатгалаар дамжин боломжтой болдгийг гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.