Хэзээ ч мартагдахгүй өдрүүд
Удахгүй болох үйл явдлууд нь хаа газрын Сүмийн гишүүдэд Есүс Христийн сайн мэдээний баярт мэдээг хуваалцах боломжийг нь олгох болно.
Оршил
Хайрт ах, эгч нар аа, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн энэ эрин үеийн түүх Их Эзэн Сүмээ хэрхэн удирдан чиглүүлснийг харуулсан тэнгэрлэг үйл явдлуудаар баялаг. Гэхдээ бидний түүхэн он жилүүдээс 1820 оноос 1830 оны хоорондох 10 жил бусдаасаа тодоос тод ялгардаг. Энэ 10 жил бошиглогч Иосеф Смит Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрыг 1820 оны хавар Ариун төгөлд харснаар эхлэн 1830 оны 4-р сарын 6-ны өдөр хүртэл үргэлжилснээрээ бусдаасаа өөр юм.
Тэдгээр гайхамшигтай үйл явдлыг авч үзэцгээе! Залуу бошиглогч тэнгэр элч Моронайтай харилцаж, алтан ялтаснуудыг орчуулж, Мормоны Номыг хэвлэсэн! Түүгээр дамжуулан Аароны болон Мелкизедек санваар сэргээгдсэн бөгөөд дараа нь тэр Сүмийг зохион байгуулсан юм! Оливер Каудери тухайн цаг үеийг “хэзээ ч мартагдах аргагүй” байсныг дурдсан. Гайхамшигт үйл явдлууд өнөөдөр ч тохиосон хэвээр.
Бараг хоёр зууны тэртээ бүх зүйлийн хосгүй үндэс суурийг тавьсан тэр 10 арван жилд тохиосон зүйлстэй адил ач холбогдол бүхий 10 жил эхэлснийг би зориг бардам хэлье.
Бидний 10 жил
Энэ талаар тайлбарлая. 2024 оноос 2034 оны хооронд бид үйлчлэх, гишүүд болон найз нөхөдтэйгөө нэгдэн нийлэх, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг өмнөхөөсөө олон хүнд таниулах ёр бусын боломж гарч ирэх чухал үйл явдлуудыг үзэх болно.
Саяхан бид ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны 100 насны ойг хэдэн арван саяулаа хамт тэмдэглэх түүхэн цаг мөчийн хүчийг гэрчилсэн.
Ньюзвик сэтгүүл ерөнхийлөгч Нэлсоны төрсөн өдрийн талаарх мэдээгээ “Хамгийн өндөр настай шашны удирдагч 100 нас хүрэв” гэж гарчигласан байв. Дараа нь тэд ерөнхийлөгч Нэлсоноос эхлэн Пап Францис, Далай лам гээд дэлхийн шашны хамгийн өндөр настай 10 удирдагчийн жагсаалтыг гаргасан байлаа.
Нью-Иорк Таймс сонины нийтлэл дэх дараах мэдэгдэл олон улсын хэвлэлд энэ үйл явдлыг хэрхэн мэдээлсний тод жишээ юм: “Нас, манлайллын талаарх ойлголтоо эргэж харах хэрэгтэй гэдгийг ойлгуулсан [АНУ] дахь ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн болж буй ноён Нэлсоны тэмдэглэлт үйл явдал, ямартай ч сүмийнх нь хувьд, гурван оронтой тоотой насны ой тохиоход эмзэглэх хэрэггүй гэдгийг харууллаа. Ерөнхийлөгчөө гүйцэтгэх удирдлагаас гадна ‘бошиглогч, үзмэрч, илчлэгч’ гэж хардаг сүмийнхээ гишүүдийн дунд тэр нэр хүндтэй хэвээр байна”.
Ерөнхийлөгч Нэлсоны төрсөн өдрийн тэмдэглэлт үйл явдал бидэнд дэлхийн хүн амд Бурханы бошиглогчийг танилцуулах боломж олгосонд бид ихэд талархаж байгаа бөгөөд үүнийг хэзээ ч мартах аргагүй юм.
Энэ хаврын эхээр Сүмийг хүлээн зөвшөөрсөн улс орнуудын далбааг байрлуулсан, ариун сүмийн сэргээн засварласан талбайн хэсгийг нээсэн юм. Талбайн үүдэнд: “Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь уулсын тэргүүн болж, толгодын дээгүүр өргөгдөнө. Бүх үндэстэн түүн уруу цутгана” хэмээх бошиглолын үгсийг сийлсэн боржин чулуун хөшөө сүндэрлэнэ.
Ирэх 10 жилийн хугацаанд тохиох гайхамшигтай үйл явдлууд нь Исаиагийн энэхүү бошиглолын нэг илрэл байх нь гарцаагүй.
Дараагийн 10 жилийн турш урьд хожид байгаагүй олон тооны ариун сүмийн нээлттэй хаалганы өдөрлөг болох, онцгойлон адислах ёслол хийгдэхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд ариун сүмийн тоо 164-т хүрч, цаашид ч нэмэгдэхээр байна. Та нар найз нөхөдтэйгөө хэдэн арван саяараа Их Эзэний өргөөгөөр алхаж байна гээд төсөөл дөө. Эдгээр үйл явдлын бэлгэдлийн төв нь Солт Лэйкийн ариун сүмийг дахин онцгойлон адисалж, холбогдох үйл ажиллагаануудыг дахин эхлүүлэх нь байх болно. Тэр өдрүүд нь хэзээ ч мартагдах аргагүй байх болно.
2030 онд Сүмийн зохион байгуулагдсан хоёр зуун жилийн ойг дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлэх боломж тохионо. Энэ түүхэн цаг мөчийг Сүм хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэхийг хэлэхэд хэтэрхий эрт байгаа ч энэ нь өөрсдийн гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагсад, хүндэт зочдыг “ирээд, үзэ[ж]” мөн гишүүдийнхээ амьдралд үзүүлсэн Сүмийн хүчирхэг нөлөөг илүү сайн ойлгоход урих боломжийг бидэнд олгох нь гарцаагүй.
2034 онд өвлийн Олимпын наадамд оролцохоор олон мянган албаныхан, зочин гийчин, тамирчин дэлхийн өнцөг булан бүрээс ирж Солт Лэйк Ситигийн гудамжнуудыг дүүргэх болно. Олимпын наадмаас илүү дэлхийн эв нэгдлийг харуулсан өөр цугларалт гэж байхгүй биз ээ. Дэлхийн анхаарал Сүм дээр болон гишүүдэд хандаж, сайн дураар туслах, үйлчлэх, сайн үйлсээр дамжуулан [баярт мэдээг] хуваалцах олон мянган боломж гарч ирнэ. Энэ нь хэзээ ч мартагдах аргагүй.
Удахгүй болох энэ үйл явдлууд нь хаа газрын Сүмийн гишүүдэд үг, үйлдлээрээ Есүс Христийн сайн мэдээний баярт мэдээг хуваалцах боломжийг нь олгох ба хэзээ ч үл мартагдах 10 жил байх болно.
Баярт мэдээ
Ерөнхийлөгч Нэлсон төрсөн өдөр нь болохоос хэдэн долоо хоногийн өмнө хийсэн уулзалт дээр “баярт мэдээ” гэх үг хэллэг өөрт нь яагаад чухал болох талаар хуваалцсан юм. Хальт сонсоход энэ хэллэг баяр баясгалан, аз жаргалын талаар ярьж байгаа мэт. Гэхдээ “баярт мэдээ” нь үүнээс чухал зүйлийг дамжуулдаг. Тэрээр энэ үг хэллэг нь юуанжэлион буюу шууд утгаараа “сайн мэдээ” гэсэн грек үгээс гаралтай гэдгийг тайлбарласан. Энэ болон ирэх амьдрал дахь баяр баясгалан, аз жаргал гэдэг нь Есүс Христийн сайн мэдээтэй салшгүй холбоотой. Тиймээс “баярт мэдээ” гэх үг хэллэг нь энэ давхар утгыг гайхалтай илэрхийлдэг.
“Баяр баясгалантай байж болохын тул хүмүүс орших бөлгөө.”. Тэнгэрлэг Эцэг Өөрийн адислалаар дамжуулан баяр баясгаланг хүлээн авах боломжийг бидэнд олгох аз жаргалын төлөвлөгөөг өгсөн. Үүнд гэр бүлээрээ Түүний оршихуйд мөнхөд амьдрах боломж багтдаг. Есүс Христийн Цагаатгал нь биднийг гэтэлгэх Бурханы авралын төлөвлөгөөний хамгийн чухал хэсэг юм. Мөнх амьдралыг хүлээн авахын тулд бид Христэд ирэх ёстой. Бид Түүнд ирснээр, “бусдад мөн адил ирэхэд нь тусалснаар Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцдог.”
Есүс Христийн сайн мэдээний баярт мэдээ бол дэлхий дээрх хамгийн чухал захиас юм. Үүнийг түгээхэд Сүмийн өсвөр үеийнхэн, залуучууд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Одоо, ирэх 10 жил Сүмийн гишүүн бүрийн хувьд хэзээ ч мартагдах аргагүй өдрүүдээр дүүрэн байна. Ялангуяа энэ нь өсөж буй үеийнхэн та бүхэнд хамаатай. Та нарыг энэ цаг үед дэлхий дээр байлгахаар сонгосон учраас та нар одоо энд байгаа юм. Та нарт урьд хожид байгаагүйгээр Христийн шавь байх хүч чадал, чадамж байгаа.
Ерөнхийлөгч Жорж К.Каннон: “Бурхан дэлхийтэй мөн хилэнцэт нэгний хүчтэй нүүр тулж, ямар ч үр дагавраас үл айн, Сионыг байгуулах зоригтой, шийдэмгий сүнснүүдийг энэ эрин үед зориулан нөөцөлсөн байсан” гэж заасан.
Иймээс би өсөж буй үеийнхэн та нартаа хандан ярихыг мөн хэзээ ч мартагдах аргагүй ирэх 10 жил та нарын хувьд ямар их догдлом сайхан байхыг төсөөлөхийг уриалж байна. Би мөн дараах 10 жилийн турш та нарыг хүчирхэгжүүлэх энгийн зөвлөгөө, урмын цөөн хэдэн үг хэлэхийг хүсэж байна.
Та нарт байдагтай адил, үе үе, заримдаа цаанаасаа аль нэгэн өдөр юу хийснийг минь харуулсан зургууд үзүүлдэг ухаалаг утас надад бий. Хэдэн жилийн дотор миний болон гэр бүлийн минь хувьд ямар их зүйл өөрчлөгдсөнийг олж харах үргэлж гайхалтай байдаг.
Утас тань одооноос эхлэн 10 жилийн доторх таны зургуудыг үзүүлнэ гээд төсөөл дөө! Та өөрийгөө ахлах сургуулиа эсвэл коллежоо төгсөж, хишгээ хүлээн авч, номлолд явж, гэрлэж, анхны хүүхдээ өлгийдөн авч байснаа харж болох юм. Та нарын хувьд энэ бол хэзээ ч мартагдах аргагүй 10 жил байх болно. Гэхдээ Христийн сайн мэдээний баярт мэдээ таныхаас гадна гэр бүл, найз нөхөд, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээрх дагагчдын тань амьдралыг хэрхэн сайжруулж, илүү баялаг болгож чадах талаар хорвоо дэлхийтэй хуваалцах гэрэл нь болохыг шаргуу хичээвэл энэ үйл явдал бүр ч мартагдахын аргагүй байх юм.
Үүнийг хэрхэн хийх вэ гэж бодож байж магад.
Бурханы бошиглогчид үүнийг тэнгэрээс томилогдсон үүрэг хариуцлагууд гэх дөрвөн энгийн үйл ажиллагаагаар дамжуулан хийх боломжтой болохыг заасан. Тэдгээр нь нэгдүгээрт, Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах; хоёрдугаарт, тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах; гуравдугаарт, бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урих; дөрөвдүгээрт, гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэх гэсэн явдал юм. Эдгээрийг энгийн бөгөөд эгэл жирийн арга замаар хийх боломжтой нь өөрөө гайхамшиг юм.
Тэнгэрээс томилогдсон үүрэг хариуцлагууд
Хэрэв та нар тэнгэрээс тогтоосон энэ дөрвөн үүрэг хариуцлагыг хүлээн авах аваас ирэх 10 жил та нарын хувьд хэзээ ч мартагдах аргагүй он жилүүд байх болно гэдгийг би амлаж байна. Эдгээр нь биднийг юунд хүргэхийг авч үзэцгээе.
Нэгдүгээрт, Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдар. Бошиглогчдын үгсийг судалж, тэнгэр дэх Эцэгээ хайрлаж сур. Зүрх сэтгэлээ Түүнд хандуулж, Түүний арга замаар амьдрахыг хичээ. Ахлагч Үлиссэс Соарэсын тодорхойлсноор “гэрээндээ итгэлтэй” байснаар урам зориг хүлээн ав. Энэ итгэлтэй байдал нь Есүс Христийг дагах гэрээнүүдийг байгуулж, хариуд нь Аврагч өөрийг тань хүчирхэгжүүлж, дэмжинэ гэх мэдлэгээс ирдэг.
Найз нөхдөдөө сайн мэдээний дагуу амьдарснаар мэдэрдэг баяр баясгаланг харуул. Энэ нь тэдний хүлээн авч болох хамгийн үр дүнтэй сайн мэдээний захиас байх болно.
Хоёрдугаарт, тусламж хэрэгтэй хүмүүст өрөвдөн хайрлах сэтгэлээр хүрч тусал. Танай үеийнхэн золгүй хүмүүст бусдаас илүү онцгой анхаарал тавьдаг. Гамшиг тохиолдох бүрд нуранги, хог үлдэгдлийг цэвэрлэж, гамшигт өртсөн хүмүүсийг тайтгаруулахаар яаран очдог “Тусламжийн гар” цамцаа өмссөн Сүмийн гишүүдийн ихэнх нь өсвөр, мөн 20 гаран насныхан байгаа харагддаг. “Нэг нэгнийхээ ачааг … үүрэлцэ[ж]” мөн “тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруул[ах]” нь та нарын мөн чанарт сууж өгсөн байдаг. Ийн үйлдсэнээр бид “Христийн хуулийг хэрэгжүүлдэг.”
Хүүхдийн ангийн насны Эван хүү орон нутгийн хүнс хандивлах санд самрын тос, жимсний чанамал бүхий хачиртай талх хийж хандивлах материал цуглуулахад зуныхаа амралтыг зориулахаар шийджээ. Тэр энэ төслийг JustServe вэбсайт дээрээс олж харсан байна. Бяцхан Эван сургуулийнхаа ангийн бүх хүүхдийг татан оролцуулж 700 гаруй шил жимсний чанамал цуглуулж чаджээ! Бурханыг хайрлах таны хайр, хөршдөө өөрийн адил хандах хүсэл тань үйлчилдэг хүмүүстээ үзүүлдэг анхаарал халамжийн тань үндэс суурь юм гэдгийг тэдэнд ойлгуулаарай.
Гуравдугаарт, бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урь. Энэ жил бид бүрэн цагийн номлолд үйлчлэх хүсэлтэй бүх хүнийг хүлээн авахын тулд дэлхий даяар 36 шинэ номлол нээсэн. Өсвөр насны хүүхдүүд олноороо шашны албан ёсны үйл ажиллагаанд оролцохоос эрс татгалзах болсон энэ эрин үед номлолд үйлчлэх хүсэлтэй хүмүүс үүнээс ч олон байгаа нь та нарын гэрчлэлийн хүчирхэг мөн чанарыг илэрхийлж буй хэрэг юм. Бүрэн цагийн номлолд үйлчилсэн ч бай үгүй ч бай та нарын найз нөхдөдөө нөлөөлж, тэднийг хайрлаж, тэдэнтэй хуваалцаж, Есүс Христийн сайн мэдээг судлахад тэднийг урих чадавх тань асар их гэдгийг ухааран ойлгоорой.
Дөрөвдүгээрт, гэр бүлээ мөнхөд нэгтгэ. Дэлхийг тойрон ариун сүмүүдээр зочлох үеэрээ өсвөр үеийнхэн олноороо баптисмын усан сангийн дэргэд зогсон хүлээж байгааг мөн ёслолын ажилтнаар үйлчилж буй залуучуудын тоо нэмэгдсэнийг харахад надад ер бусын сайхан мэдрэмж төрдөг. Саяхан Шотланд, Ирландын 600 гаруй өсвөр үеийн хүүхдээс бүрдсэн нэгэн баг Английн Прэстон ариун сүм рүү аялан очиж, 4000 гаруй ёслол гүйцэтгэсэн бөгөөд тэдгээрийн ихэнх нь хүүхдүүдийн өвөг дээдэс байв! Би та нарт, гэр бүлийн түүхээ хөтлөх ажилд оролцон, ариун сүмд цагийг өнгөрүүлэхийн зэрэгцээ өөрсдийн адил зохистой хамтрагчтай ариун сүмд гэрлэж чадахуйц эрэгтэй, эмэгтэй болоход өөрсдийгөө сайтар бэлдэхийг аминчлан захиж байна. Яг одоо ариун сүмийг амьдралынхаа салшгүй нэгэн хэсэг болгох загварыг амьдралдаа хэвшүүл.
Дүгнэлт
Хайрт ах, эгч нар аа, залуу найзууд аа, ирэх өдрүүдэд бидний хүн нэг бүрд хүнд хэцүү зүйлс тохиолдох нь гарцаагүй. Гэсэн ч, бид урьд хожид байгаагүй дараах 10 жилийн туршид амьдрах, халамжлах, урих, эв нэгдэлтэй байх энгийн үйлдлээрээ баярт мэдээг хуваалцах болтугай. Биднийг ийн үйлдэхэд Их Эзэн хэзээ ч мартагдах аргагүй туршлагаар адислах болно.
Их Эзэнд чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр ханддаг, Аврагчийн нэрийг хэзээд хэлэхэд бэлэн, Ариун Сүнсийг бодгальдаа тээдэг, энэ агуу, сүр жавхлант мөргөлийн аян замд гарсан хүмүүст хандан хэлэхэд та нар селестиел адислалуудыг хангалттай ихээр олж нээн, мэдэрч, Бурхан та нарыг сонсдог, мэддэг, хайрладаг гэсэн гэрчлэлийг хүлээн авах бөгөөд хэзээ ч мартагдах аргагүй өдрүүдийг үзэх болно гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.