Ерөнхий чуулган
Үндсийг нь торд, тэгвэл мөчрүүд нь ургах болно
2024 оны 10-р сарын Ерөнхий чуулган


14:32

Үндсийг нь торд, тэгвэл мөчрүүд нь ургах болно

Таны гэрчлэлийн мөчрүүд Тэнгэрлэг Эцэгт болон Түүний Хайрт Хүүд итгэх итгэлийг гүнзгийрүүлснээс тань хүч чадлаа олж авна.

Звикау дахь хуучин цуглааны байр

Миний хувьд 2024 он амьдралын минь хамгийн тэмдэглэлт он жилүүдийн нэг юм. Би Германы Звикауд баптисм хүртэж, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүнээр батлуулснаас хойш 75 жил болж байна.

Есүс Христийн Сүм дэх гишүүнчлэл маань надад эрхэм нандин билээ. Бурханы гэрээт хүмүүсийн дунд ах, эгч та нартайгаа хамт тоологдох нь миний амьдралын хамгийн агуу эрхэм зүйлсийн нэг юм.

Шавь байх хувийн аяныхаа талаар бодох үед хүүхэд байхдаа Есүс Христийн Сүмийн ариун ёслолын цуглаанд очдог байсан үеийн үнэт дурсамж бүхий Звикау дахь жижиг байшин оюун санаанд минь буудаг. Энэ бол гэрчлэлийн үр минь анхныхаа арчилгаагаа хүлээн авсан газар юм.

Энэ цуглааны байранд агаараар хөөрөгддөг хуучны бадралт бишгүүр хөгжим байдаг байв. Ням гараг бүр тэр хөгжмийг ажиллуулахын тулд агаар үлээдэг хөөрөгний хатуу хөшүүргийг дээш доош болгох үүргийг нэг залуу эрэгтэйд даалгадаг байлаа. Заримдаа надад тэрхүү чухал даалгаврыг гүйцэтгэх онцгой боломж таардаг байв.

Цугларагсад бидний хайртай дууллыг дуулах үед би бадралт бишгүүр хөгжмийг хийтэй байлгахын тулд хамаг чадлаараа шахуургаддаг байв. Хөөрөгний операторын суудлаас Аврагч Есүс Христ болон Ариун төгөл дэх Иосеф Смитийг тус тусад нь дүрсэлсэн өнгөт шил бүхий гоёмсог цонхнууд надад маш сайн харагддаг байлаа.

Гэгээнтнүүдийн гэрчлэх, дуулахыг сонсож байхдаа би нар нэвт гэрэлтсэн уг цонхнуудыг хараад мэдэрдэг байсан нандин мэдрэмжээ одоо ч санаж байна.

Энэ ариун газарт Бурханы Сүнс надад Есүс Христ бол дэлхийн Аврагч гэдэг нь үнэн; энэ бол Түүний Сүм; бошиглогч Иосеф Смит Бурхан Эцэг, Есүс Христ хоёрыг харсан бөгөөд Тэдний дуу хоолойг сонссон гэдгийг оюун бодол, зүрх сэтгэлд минь гэрчилсэн юм.

Энэ оны эхээр Европ руу томилолтоор явахдаа Звикау руу эргэж очих боломж надад гарсан. Миний хайртай тэрхүү хуучин байр тэнд байхаа больсон нь гунигтай байсан. Уг байрыг том орон сууцны барилга барихаар олон жилийн өмнө нураасан байлаа.

Юу мөнхийнх, юу мөнхийнх биш вэ?

Хүүхэд ахуй цагтаа хайрладаг байсан тэр байр ердөө дурсамж болон үлдсэнийг мэдэх нь гунигтай гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Тэр байр миний хувьд ариун нандин барилга байсан юм. Гэхдээ энэ нь ердөө л барилга шүү дээ.

Нөгөөтээгүүр, олон жилийн өмнө миний Ариун Сүнснээс олж авсан тэр сүнслэг гэрч алга болоогүй. Яг үнэндээ, улам хүчирхэгжиж өссөн. Есүс Христийн сайн мэдээний үндсэн зарчмуудын талаар миний өсвөр насандаа сурч авсан зүйлс амьдралын минь туршид миний бат бөх суурь болж байна. Звикаугийн цуглааны байрыг буулган, өнгөт шилэн цонхнууд нь алга болоод удсан ч Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хайрт Хүүтэй тогтоосон гэрээний харилцаа минь надтай хамт үлдсэн юм.

“Тэнгэр газар өнгөрөн одно, харин Миний үгс өнгөрөн одохгүй.”

“Уулс ганхаж, толгод доргивч, Энэрэл хайр минь чамаас салахгүй, Энхийн гэрээ минь хөндөгдөхгүй гэж Энэрэгч ЭЗЭН чинь айлдаж байна” хэмээн Есүс хэлжээ.

Мөнхийн зүйлс, мөнхийн бус зүйлс хоёрын хоорондын ялгааг мэдэж авах нь энэ амьдралд бидний суралцаж болох хамгийн чухал зүйлсийн нэг юм. Нэгэнт бид үүнийг ойлгосон л бол бидний харилцаа, бидний сонголт, бидний хүмүүст ханддаг хандлага зэрэг бүх зүйл өөрчлөгддөг.

Юу мөнхийн бэ, юу мөнхийн биш вэ гэдгийг мэдэх нь Есүс Христ, Түүний Сүмийн тухай гэрчлэлээ өсгөх түлхүүр юм.

Мөчрүүдийг үндэс гэж бүү андуур

Бошиглогч Иосеф Смитийн зааснаар, Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ “бүх үнэнийг, түүнчлэн үнэний хэсэг бүрийг агуулдаг.” Гэхдээ энэ нь бүх үнэн эн тэнцүү үнэ цэнтэй гэсэн үг биш юм. Зарим үнэн гол цөм, амин чухал байдаг бөгөөд бидний итгэлийн үндсэнд оршдог. Бусад нь хавсралт буюу мөчрүүд бөгөөд зөвхөн суурь зарчмуудад холбогдсон үед үнэ цэнтэй байна.

Бошиглогч Иосеф Смитийн хэлснээр “Манай шашны тулгуур зарчмууд бол Есүс Христийн талаарх, тухайлбал Тэрбээр егүүтгэгдэж, оршуулагдаад, гурав дахь өдрөө дахин босч ирэн, тэнгэрт дээшлэн одсон тухай бошиглогч, төлөөлөгчдийн гэрчлэл юм. Иймд манай шашинд хамаатай бусад бүх зүйл нь зөвхөн уг гэрчлэлийн хавсралт төдий юм.”

Өөрөөр хэлбэл, Есүс Христ, Түүний гэтэлгэгч золиослол бол бидний гэрчлэлийн үндэс. Бусад бүх зүйл бол мөчрүүд нь юм.

Энэ нь мөчрүүд чухал биш гэсэн үг биш шүү. Модонд мөчир хэрэгтэй. Гэхдээ Аврагчийн шавь нартаа айлдсанчлан, “Усан үзмийн модонд холбогдохгүй бол мөчир өөрөөсөө жимс ургуулж чадахгүй.” Үндсэнд байдаг тэжээлтэй холбогдоогүй бол, Аврагчтай холбогдохгүй бол мөчир хатаж үхнэ.

Есүс Христийн талаарх гэрчлэлээ тордохдоо бид заримдаа мөчрийг үндэс гэж андуурдаг юм биш байгаа гэж би боддог. Энэ алдааг Есүс Христ Өөрийн өдрүүдэд фарисайчуудаас ажиглажээ. Тэд хуулийн харьцангуй аар саар зүйлд маш их анхаарал тавих атлаа үндсэн зарчмууд болох “шударга ёс, өршөөл, итгэл” буюу “чухал нөхцөлүүд” хэмээн Аврагчийн нэрлэсэн зүйлсийг үл тоомсорлосон.

Хэрэв та модоо тэжээж тордохыг хүсэж байгаа бол мөчрүүд рүү нь ус цацдаггүй, харин үндсийг нь усалдаг. Үүнтэй адил, гэрчлэлийнхээ мөчрүүдийг ургуулж, үр жимсээ өгөөсэй гэж хүсэж байвал үндсийг нь торд. Та тодорхой нэг сургаал, зан үйл эсвэл Сүмийн түүхийн нэгээхэн хэсэгт эргэлзэж байвал Есүс Христэд итгэх итгэлээр тодорхой ойлголт эрэлхийл. Таны төлөө үйлдсэн Түүний золиослол, таныг гэх Түүний хайр, таны төлөөх Түүний хүслийг ойлгохыг эрэлхийл. Даруу байж Түүнийг дага. Гэрчлэлийн тань мөчрүүд Тэнгэрлэг Эцэгт болон Түүний Хайрт Хүүд итгэх итгэлийг гүнзгийрүүлснээс тань хүч чадлаа олж авна.

Жишээлбэл: Та Мормоны Номын талаар илүү хүчтэй гэрчлэлтэй болохыг хүсэж байвал тэрхүү номын Есүс Христийг гэрчилсэн гэрч дээр төвлөр. Мормоны Ном хэрхэн Түүнийг гэрчилж, Түүний талаар юу зааж байгааг, мөн таныг Түүн рүү ирэхэд хэрхэн урьж, урам зориг өгч буйг анзаар.

Хэрэв та Сүмийн цуглаан дээр эсвэл ариун сүмд илүү утга учиртай туршлага олж авахыг эрэлхийлж байгаа бол тэнд бидний хүлээн авдаг ариун нандин ёслолуудаас Аврагчийг хайхыг хичээ. Их Эзэнийг Түүний ариун өргөөнөөс ол.

Хэрэв танд Сүмийн дуудлагадаа дарагдан тамирдсан эсвэл туйлдсан мэт санагдаж байвал үйлчлэлээ Есүс Христ дээр дахин төвлөрүүлэхийг хичээ. Үүнийг та Түүнийг хайрладаг хайрынхаа илэрхийлэл болго.

Үндсийг нь торд, тэгвэл мөчрүүд нь ургах болно. Цаг нь болоход мөчрүүд үр жимсээ өгөх болно.

“Түүнд үндэслэгдэн, байгуулагдсан”

Есүс Христэд итгэх хүчтэй итгэл хоногийн дотор бий болдоггүй. Харин энэ мөнх бус дэлхийд эргэлзээний өргөс, зангуу ямар ч арчилгаагүйгээр ургадаг. Эрүүл, үр жимс өгөгч итгэлийн мод ургуулахын тулд зориуд хичээл зүтгэл гаргах шаардлагатай. Тэрхүү хичээл зүтгэлийн нэгэн амин чухал хэсэг бол бид Христ дээр баттай үндэслэсэн гэдгээ бататгах явдал юм.

Жишээлбэл: Эхлээд бидэнд Сүмийн нөхөрсөг гишүүд, найрсаг бишоп, цуглааны байрын цэвэр цэмцгэр байдал сайхан сэтгэгдэл төрүүлсэн учраас Аврагчийн сайн мэдээнд болон Сүмд татагдсан байж болно. Ийм нөхцөл байдлууд Сүм өсөж хөгжихөд гарцаагүй чухал.

Гэсэн хэдий ч бидний гэрчлэлийн үндэс илүү гүн гүнзгий ургахгүй бол, бид тийм ч сайхан сэтгэгдэл төрүүлдэггүй байранд цуглаанаа хийдэг, тийм ч нөхөрсөг биш гишүүд болон биднийг гомдоох зүйл хэлдэг бишоптой тойрог руу нүүх болбол юу тохиолдох вэ?

Өөр нэг жишээ хэлье. Хэрэв бид зарлиг тушаалуудыг дагаж, ариун сүмд лацдан холбогдсон бол ухаалаг, дуулгавартай, Сүмдээ идэвхтэй явдаг, номлолд үйлчилж, тойргийн найрал дуунд дуулдаг, бямба гараг болгонд цуглааны байраа цэвэрлэхэд сайн дураараа тусалдаг үр хүүхдүүдтэй, аз жаргалтай өнөр өтгөн гэр бүлээр адислагдах болно гэж найдах нь үндэслэлтэй биш гэж үү?

Энэ бүх зүйл бидэнд тохиолдоосой гэж би найдаж байна. Гэхдээ ийм зүйл тохиолдохгүй бол яах вэ? Бид нөхцөл байдлаас үл шалтгаалан Аврагчид болон Түүний цаг хугацаанд найдаж, Түүнтэй холбоотой хэвээр үлдэх үү?

Бид дараах асуултуудыг өөрсдөдөө тавих ёстой. Гэрчлэл минь амьдралдаа тохиолдоосой хэмээн найдсан зүйл дээр тулгуурлаж байна уу? Энэ нь бусдын үйлдэл, хандлагаас шалтгаалдаг уу? Эсвэл амьдралын хувьсан өөрчлөгдөж буй нөхцөл байдлаас үл хамааран Есүс Христ дээр суурилж, “Түүнд үндэслэгдэн, байгуулагд[сан]” уу?

Уламжлал, хэвшил, итгэл

Мормоны Номд “Бурханы ёслолуудыг гүйцэтгэхдээ чанд” хүмүүсийн тухай өгүүлдэг. Гэтэл Аврагчийн сайн мэдээг тохуурхан, үүнийг “мунхаг,” “эцэг өвгөдийнх [нь] хөгийн уламжлалууд” гэж нэрлэсэн Корихор гэгч эргэлзэгч нэгэн гарч ирэв. Корихор “олны зүрх сэтгэлийг дагуулан удирдаж, тэднийг ёс бусдаа толгойгоо өргөхөд хүргэв.” Гэвч тэрээр бусад хүнийг хуурч чадаагүй. Учир нь тэдний хувьд Есүс Христийн сайн мэдээ уламжлалаас нь хавьгүй илүү зүйл байв.

Итгэл нь бидний уламжлал, бусдын хэлж, хийж чадах зүйлээс үл хамааран, хувийн туршлага, Есүс Христэд өгсөн хувийн амлалт дээр үндсээ гүн гүнзгий суулгасан үед хүчтэй байдаг.

Бидний гэрчлэл соригдож, туршигдах болно. Хэзээ ч соригдож байгаагүй итгэл бол итгэл биш юм. Хэзээ ч эсэргүүцэлтэй тулгараагүй бол итгэл хүчтэй биш байна. Иймээс итгэл тань соригдох юм уу танд хариулт аваагүй асуулт байгаа бол бүү цөхөр.

Бид үйлдэхээсээ өмнө бүх зүйлийг ойлгоно хэмээн хүсэн хүлээх ёсгүй. Энэ бол итгэл биш. Алмагийн зааснаар “Итгэл бол юмсын тухай төгс мэдлэгтэй гэсэн үг биш юм.” Хэрэв бид бүх асуултынхаа хариултыг авах хүртэл үйлдэхгүй хүлээх юм бол гүйцэтгэж чадах сайн зүйлсээ хязгаарлаж, итгэлийнхээ хүчийг ч хязгаарладаг.

Итгэл нь хүсэн хүлээсний дагуу адислалууд ирээгүй үед ч байж байдаг учраас гоё сайхан юм. Бид ирээдүйг харж чадахгүй, бүх хариултыг мэдэхгүй ч үргэлжлүүлэн урагшилж, дээш тэмүүлэхдээ Есүс Христ бидний Аврагч, Гэтэлгэгч учраас Түүнд найдаж чадна.

Итгэл нь Христ дээр, Түүний сургаал дээр бат бөх үндэслэдэг учраас амьдралын зовлон бэрхшээл, тодорхой бус байдлыг тэсэн гардаг. Есүс Христ болон Түүнийг илгээсэн Тэнгэрлэг Эцэг хоёр хамтдаа бидний итгэлийн төгс найдаж болох цорын ганц гуйвшгүй нэгэн юм.

Гэрчлэл бол та нэгэнт олоод авчихсан л бол үүрд үлддэг зүйл биш юм. Энэ бол таны байнга арчилж торддог модтой адил. Бурханы үгийг зүрх сэтгэлдээ суулгах нь зөвхөн эхний алхам. Гэрчлэл тань өсөж эхлэхэд жинхэнэ ажил эхэлдэг! Тэр үед та “энэ нь үндэслэж болохын тулд, энэ нь ургаж, мөн жимс гаргаж болохын тулд агуу халамжаар үүнийг арчил[на].” Үүнд “их халамж” үзүүлэх, “үгийг арчлахдаа зориулсан тэвчээр” шаардлагатай болдог. Гэхдээ Их Эзэний “Уг мод та нарт жимс өгөхийг хүлээж байх зуур гаргасан итгэлийнхээ, мөн шаргуу байдал, тэвчээр мөн тэсвэрийнхээ шагналыг та нар хурааж авах болно” хэмээн амласан нь баттай билээ.

Хайрт ах, эгч нар болон найзууд минь, Звикау дахь цуглааны хуучин байр, өнгөт шилэн цонхнуудыг санагалзах нь миний нэгэн хэсэг болон үлджээ. Гэхдээ өнгөрсөн 75 жилийн хугацаанд Есүс Христ намайг төсөөлж байснаас ч илүү сэтгэл хөдлөм амьдралын замаар хөтөлсөн. Тэрээр зовлон бэрхшээлтэй үед тайвшруулж, сул дорой талуудаа танин мэдэхэд тусалж, сүнслэг шархыг минь эдгээж, итгэлээ өсгөхөд намайг тордсон.

Аврагчид, Түүний сургаалд, Түүний Сүмд итгэх итгэлийнхээ үндсийг байнга тэжээж тордох болтугай хэмээн би чин сэтгэлээсээ залбирч, адислалаа үлдээж байна. Энэ бүх зүйлийг би бидний Аврагч, Гэтэлгэгч, Эзэн, Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.

Эх сурвалж

  1. 2024 он бол миний ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдсаны 30 жил, энэ дуудлагаар гэр бүлээрээ Германаас Нэгдсэн Улсад нүүж ирсний 25 жилийн ойн тэмдэглэлт жил болж байна. Бараг яг 20 жилийн өмнө буюу 2004 оны 10-р сард би Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүн, “бүх дэлхийд Христийн нэр” (Сургаал ба Гэрээнүүд 107:23)-ийг гэрчлэх тусгай гэрчээр дэмжин батлагдсан юм.

  2. Зарим талаараа, уг барилгын талаарх миний мэдрэмж “тэнд [тэд] Гэтэлгэгчийнхээ мэдлэгт ирсэн” (Мозая 18:30) учир тэдний хувьд үзэсгэлэнтэй газар нь байсан Мормоны усны талаар Алмагийн хүмүүсийн мэдэрсэнтэй адил байв.

  3. Матай 24:35; мөн Иосеф Смит—Матай 1:35-ыг үзнэ үү.

  4. Исаиа 54:10; мөн 3 Нифай 22:10-ыг үзнэ үү.

  5. Ерөнхийлөгч Томас С.Монсон энэхүү ижил үнэнийг “Дэлхийн амьдралын энэ богинохон хугацаанд сурах ёстой агуу сургамжуудын нэг нь юу чухал, юу чухал бишийг ялгаж мэдэхэд тусалдаг сургамж гэж би боддог. Хамгийн чухал зүйлүүдээ хажуугаараа өнгөрүүлчихгүй байхыг би та нараас гуйж байна” хэмээн заасан (“Аялалдаа баяр баяслыг олох нь,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 97). Үүний адилаар, саяхан ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон биднийг “селестиел ухаанаар бод” хэмээн урихдаа “Мөнх бус амьдрал нь хамгийн агуу мөнхийн ач холбогдолтой зүйлсийг сонгож сурдаг мастер анги юм” гэжээ (“Селестиел ухаанаар бодогтун!,” Лиахона, 2023 оны 11-р сар, 118).

  6. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 264; мөн Teachings of Presidents of the Church: Brigham Young (1997), 16–18-ыг үзнэ үү.

  7. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит, 49.

  8. Иохан 15:4

  9. Матай 23:23, шинэчлэн хянасан стандарт хувилбар.

  10. Эртний америкчуудын соёл, Мормоны Номын хүмүүс хоорондын археологийн ижил төстэй байдлыг анзаарахад сонирхолтой байдаг уу? Сонирхолтой байж болно. Иосеф Смит Мормоны Номыг хэрхэн орчуулсан талаарх нарийн ширийн зүйлийн тухай бичээчдийн болон бусдын гар бичмэлүүдээс судлах нь тустай юу? Зарим хүний хувьд тустай. Гэхдээ эдгээрийн аль нь ч Мормоны Ном бол Бурханы үг гэсэн урт хугацааны гэрчлэлийг тогтоодоггүй. Үүний төлөө бид Аврагчийн танд хандан ярьж буй дуу хоолойг сонсохын тулд Түүнийг Мормоны Номоос хайх хэрэгтэй. Ийм зүйл тохиолдоход Зарахемлагийн эртний хот чухам хаана байрлаж байсан эсвэл Урим, Туммим яг ямар харагддаг зэрэг нь танд тийм ч хамаатай биш болно. Эдгээр мөчир нь шаардлагатай үед модноос тасдаж авч болох мөчрүүд хэдий ч мод нь хэвээрээ үлдэх болно.

  11. Сургаал ба Гэрээнүүд 84:19–20-ийг үзнэ үү.

  12. Жой Д.Жөүнс, “Түүний төлөө,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 121–123-ыг үзнэ үү.

  13. Эхлэл 3:18-ыг үзнэ үү.

  14. Ерөнхийлөгч Нэлсон бид бүгдийг “Есүс Христийн мөн Түүний сайн мэдээний талаарх гэрчлэлээ хамгаал. Үүний төлөө зүтгэ. Гэрчлэл тань хүчирхэгжиж болохын тулд тэтгэ” гэж урьсан (“Ертөнцийг ялж, амралтыг олох нь,,” Лиахона, 2022 оны 11-р сар, 97).

  15. Колоссай 2:7

  16. Aлма 30:3

  17. Aлма 30:12–16, 31-ийг үзнэ үү.

  18. Aлма 30:18

  19. Сонирхолтой нь, Корихорын маргаан нь эцэг өвгөдийнхөө уламжлалаас болоод Христийг дагадаггүй байсан, Аммоны хүмүүс болох дөнгөж хөрвөгдсөн леменчүүдийн дунд бүхэлдээ үнэмшилгүй байв (Алма 30:19–20-ийг үзнэ үү).

    Нөгөөтээгүүр, Мормоны Номд “тэд эцэг өвгөдийнхөө уламжлалд итгээгүй” (Мозая 26:1–4-ийг үзнэ үү) учраас Их Эзэний Сүмээс өөрсдийгөө тусгаарласан залуу үеийнхний тухай мөн өгүүлдэг. Зөв шударга уламжлалыг тогтоох нь гэр бүлүүдэд сайн хэрэг. Гэхдээ ийм уламжлалын цаана буй шалтгааныг сайн ойлгох нь гэр бүлүүдэд мөн чухал байдаг. Бид яагаад өглөө, орой болгон залбирдаг вэ? Бид яагаад гэр бүлээрээ судар судалдаг вэ? Бид яагаад гэр бүлийн үдшийг долоо хоног болгон, гэр бүлийн үйл ажиллагаа, үйлчлэлийн төсөл зэргийг хийдэг вэ? Хэрэв хүүхдүүд маань эдгээр уламжлал биднийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт хэрхэн илүү ойртуулдгийг ойлговол тэдгээрийг өөрсдийн гэр бүлд үргэлжлүүлэн дагах, сайжруулах илүү их магадлалтай болох юм.

  20. Aлма 32:21. Итгэл мэддэг зүйлээсээ шалтгаалж бус, харин хийдэг зүйлээсээ шалтгаалж хүчирхэг байдаг.

  21. Еврей 10:23-ыг үзнэ үү.

  22. Алма 32:37, 41–43