Ерөнхий чуулган
Бурханы охид, хөвгүүд
2024 оны 10-р сарын Ерөнхий чуулган


9:58

Бурханы охид, хөвгүүд

Бид чухамдаа Бурханы хүүхдүүд тул Түүнтэй адил болох чадавхтай гэдэгт бид итгэдэг.

Өнөөдөр би Бурханы илчилсэн сайн мэдээний хамгийн алдар суут, баяр баясгалант, хүчирхэг үнэнүүдийн нэгийг хөндөн ярихыг хүсэж байна. Үүний хажуугаар хүмүүс энэ үнэнийг егөөдөн, биднийг шүүмжилсээр ирсэн. Хэдэн жилийн өмнө надад тохиолдсон нэгэн үйл явдал сайн мэдээний энэхүү үнэнийг гэх талархлыг маань нэмэгдүүлсэн.

Сүмийн төлөөлөгчийн хувьд би нэг удаа шашны чуулганд уригдсан ба уг чуулганаар Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр усаар үйлдсэн л бол Христийн сүмүүдийн бараг бүх баптисмын ёслолыг тухайн мөчөөс хууль ёсны гэж хүлээн зөвшөөрнө гэдгээ тэд мэдэгдсэн. Дараа нь тэр журам нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн баптисмд хамаарахгүй болохыг тайлбарлаж билээ.

Чуулганы дараа би уг мэдэгдлийг хийсэн удирдагчтай хүлээн зөвшөөрөхгүй гэсэн учир шалтгааных нь талаар ярилцсан юм. Бид гайхалтай сайхан яриа өрнүүлсэн.

Товчхондоо тэр нь Христийн бусад урсгалын Ариун Гурвал хэмээн нэрлэдэг Бурхан Тэргүүтэний талаарх манай итгэл үнэмшилтэй холбоотой болохыг надад тайлбарлалаа. Би түүнд итгэл үнэмшил, сүмийнхээ бодлогын талаар цаг гарган тайлбарласанд нь талархсанаа илэрхийлээд, ярианыхаа төгсгөлд бид нэг нэгнээ тэврэн салцгаасан юм.

Дараа нь өрнүүлсэн яриагаа эргэцүүлэн бодох үед тэр удирдагчийн хэлснээр “Ариун Гурвалын нууцыг” хожмын үеийн гэгээнтнүүд ойлгодоггүй гэсэн үг санаанаас минь гарсангүй. Тэр яг юуны талаар ярьсан юм бол? Энэ нь Бурханы мөн чанарын талаарх бидний ойлголттой холбоотой байв. Бид Бурхан Эцэгийг “хүмүүнийхтэй адил мэдрэгдэх махан болон ясан биетэй”, “өргөмжлөгдсөн [алдар суут] хүн” [мөн] Хүү ч бас адил” гэдэгт итгэдэг. Тиймээс бид Бурханы мөн чанарын талаар ярих бүрдээ ямар нэгэн байдлаар өөрсдийн мөн чанарын талаар ярьж байдаг аж.

Бид зөвхөн “дүр төрхийнх [нь] дагуу [Түүнтэй] адилхан” бүтээгдсэн учраас бус харин Дуулал номд цэдэглэснээр “Бурхад билээ, та нар. Бүгд Хамгийн Дээдийн хөвгүүд юм” хэмээн Бурхан хэлсэн учраас энэ нь үнэн. Энэ бол Сэргээлттэй хамт бидэнд дахин өгөгдсөн үнэт сургаал юм. Дүгнэн хэлэхэд энэ нь манай номлогчдын “Бурхан бол бидний Тэнгэрлэг Эцэг, бид Түүний хүүхдүүд” хэмээн заадаг нэгдүгээр хичээлийн эхний догол мөрийн эхний өгүүлбэрт бичсэн яг тэр зүйл юм.

За, “Гэхдээ олон хүн өөрийгөө Бурханы хүүхэд гэдэгт итгэдэг“ гэж та нар хэлж магад. Тийм ээ, энэ нь үнэн хэдий ч энэ талаарх тэдний ойлголт бидний хүлээн зөвшөөрдөг гүн гүнзгий утга агуулгаас арай өөр байж болох юм. Хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд энэ сургаал бол зүйрлэл төдий зүйл биш. Бид бүгд угтаа Бурханы хүүхэд гэдэгтээ итгэдэг. Бурхан бол “[бидний] Сүнсний Эцэг” учир бидэнд Түүнтэй адилхан болох чадавх бий гэдэг нь зарим хүнд санаанд оромгүй зүйл байж болох юм.6

Анхны үзэгдэл Сэргээлтийн үүдийг нээснээс хойш өдгөө 200 гаруй жил өнгөрчээ. Тухайн үед бага залуу байсан Иосеф Смит аль сүмд нэгдэхээ мэдэхийг хүсэн тэнгэрээс удирдамж эрэлхийлсэн. Тэрхүү өдөр болон хожим нь хүлээн авсан илчлэлүүдээр дамжуулан бошиглогч Иосеф Бурханы мөн чанар, мөн Бурхан болон Түүний хүүхдүүд болох бидний хоорондын харилцааны талаарх мэдлэгийг хүлээн авсан.

Тиймээс бид энэ үнэт сургаалыг Тэнгэрлэг Эцэг бүр эхэн үеэс зааж ирсэн болохыг илүү тодорхой мэдэж авдаг. Судраас наад зах нь хоёр жишээг эш татан би энэ сургаалыг тайлбарлая.

Та нар Агуу Үнэт Сувд номд цэдэглэснээр Мосед өгсөн Бурханы зааварчилгааг санаж байгаа байх.

“Бурхан Мосед ярьж, хэлсэн нь: Болгоогтун, бибээр Их Эзэн Бүхнийг Чадагч Бурхан, мөн Төгсгөлгүй гэдэг нь миний нэр бөлгөө” гэснийг бид уншдаг. Өөрөөр хэлбэл Бурхан Мосед, Би чамаас намайг хэн гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна гэжээ. Тэгээд Бурхан, “Мөн, болгоогтун, чи миний хүү билээ. Мөн би чамд зориулан ажил бэлтгэсэн, Мосе, хүү минь; мөн чи бол миний Төрсөн Ганцтай адил төстэй билээ” гээд, төгсгөлд нь: “Мөн эдүгээ, болгоогтун, энэ нэг зүйлийг би чамд үзүүлье, Мосе, хүү минь хэмээсэн байдаг.

Үүнээс үзэхэд Бурхан Мосед энэ хичээлийг заахаар шийдчихсэн байсан учир “Чи миний хүүхэд” хэмээн дор хаяж гурван удаа хэлсэн бололтой. Бурхан Мосегийн нэрийг дуудахдаа хүртэл Миний хүү гэж ард нь нэмж хэлсэн.

Ийн хэлсээр байхад Мосе ганцаар үлдэхдээ Бурханы оршихуйд байгаагүй тул сул дорой гэдгээ мэдэрч байв. Яг тэр үед нь Сатан түүнийг уруу татахаар ирсэн. Та нар загварыг олж харж байна уу? Эхлээд Сатан: “Мосе, хүний хүү, намайг шүтэгтүн” гэж хэлдэг.

Өнгөцхөн харвал Сатан өөрийг нь шүт гэж түүнд хэлснээр анхаарлыг нь сарниулах гэсэн оролдлого байсан байж болох юм. Харин Мосегийн хувьд сул доройгоо мэдрэх тэр агшиндаа эргэлзэж, өөрийгөө Бурханы бус харин “хүний хүү” гэж итгэхэд томоохон уруу таталтад орж болох байв.

“Мөнхүү улиран тохиох дор Мосе Сатан руу харж мөн хэлэв: Чи хэн бэ? Учир нь болгоогтун, түүний Төрсөн Ганцтай адил төстэй Бурханы хүү байна би гэж хариулжээ. Азаар, Мосе эргэлзэж, анхаарлаа сарниулсангүй. Тэр үнэндээ өөрийн хэн болохыг мэдэж байсан юм.

Дараагийн түүх Матай 4-д гардаг. Эрдэмтэн судлаачид Их Эзэн гуравхан удаа уруу татагдсан мэтээр энэ түүхийг “Христэд ирсэн гурван сорилт” гэж нэрлэдэг. Мэдээж гуравхан удаа биш шүү дээ.

Түүнд ирсэн энэ уруу таталтуудын утга агуулгын талаар тайлбарлан бичихэд хэдэн зуун литр бэх зарцуулсан. Матай 4-р бүлгийн эхэнд Есүс элсэн цөлд очиж, “дөчин өдөр, дөчин шөнө мацаг барьсны эцэст өлсжээ” гэдгийг тайлбарладаг.

Сатаны эхний уруу таталт Их Эзэний бие махбодын хэрэгцээ шаардлагыг хангахтай холбоотой байсан нь илт харагддаг. Тэр “энэ чулуунуудыг талх бол гэж тушаа” хэмээн Аврагчийг сорьдог.

Хоёр дахь уруу таталт нь магад Бурханыг сорихтой холбоотой байсан: “Хэрэв Чи Бурханы Хүү мөн юм бол доош үсэр. Учир нь“Тэрээр тэнгэр элч нартаа Чиний талаар тушаана” хэмээдэг.

Сатаны сүүлийн буюу гурав дахь уруу таталт нь дэлхийн нэр төр, алдар суутай холбоотой. Сатан Есүст “ертөнцийн бүх хаанчлал болон сүр хүчийг … үзүүлээд “Хэрэв Чи сөхрөн, надад мөргөвөөс энэ бүхнийг би Чамд өгье гэж[ээ].”

Үнэндээ Сатаны жинхэнэ уруу таталт эдгээр өдөөн хатгалтад биш харин Есүс Христийг Өөрийн бурханлаг мөн чанарт эргэлзэхэд хүргэх зорилготой байсан байж болох юм. Сатан уруу татахынхаа өмнө хоёр ч удаа “Чи Бурханы Хүү мөн юм бол”, чи үнэхээр үүнд итгэдэг л юм бол гээд дараа нь үүнийг хий, түүнийг хий гэх зэргээр өдөөн хатгасан байдаг.

Есүсийг мацаг барьж, залбирахаар цөл рүү явахын өмнөхөн юу болсныг харцгаая. Христ баптисм хүртсэн. Түүнийг уснаас гарч ирэх үед тэнгэрээс “Үзэгтүн, хайрт Хүү минь энэ билээ. Таалал минь Түүнд оршдог …” гэх дуу гардаг.

Одоо та нар анзаарав уу? Загварыг нь эндээс олж харав уу?

Бидэнд бурханлаг мөн чанар, хувь заяаны маань талаар заах бүр бүх зөв шударгын дайсан эргэлзээ төрүүлэх зорилгоор биднийг уруу татдагт гайхах хэрэггүй биз.

Хэрэв бид өөрсдийн хэн болохыг жинхэнээсээ ухааран ойлговол гаргах шийдвэрүүд маань хэр өөр байх байсан бол?

Бид үймээн самуун улам газар авч буй, сорилтоор дүүрэн дэлхийд амьдарч байна. Шударга ариун хүмүүс ядаж хүн чанартай байхыг онцлохыг хичээж байхад, бидэнд сүмийн нэгэн хэсэг байж, алсын харааг маань өндөрт аваачиж, бурханлаг оршихуйд урин дууддаг сайн мэдээг хүлээн авах боломж өгөгдсөн байна.

“Тэнгэрлэг Эцэг[ийнхээ] [адил] төгс” бай гэсэн Есүсийн зарлиг нь Түүний өндөр хүлээлт, бидний мөнхийн боломжуудын талаар маш тодорхой ойлголт өгдөг. Эдгээрийн аль нь ч нэг өдрийн дотор тохиодоггүй. Ерөнхийлөгч Жэффри Р.Холландын хэлснээр энэ нь “эцэстээ” тохиох болно. Гэхдээ “Христэд ирвэл” бид “Түүгээр төгөлдөржинө” гэсэн амлалт бий. Үүнд хүрэхийн тулд ихээхэн хичээл зүтгэл гаргах шаардлагатай. Энэ нь зүгээр ч нэг ажил биш, бурханлаг ажил, Христийн ажил билээ!

Хамгийн сайхан мэдээ бол бидний Тэнгэр дэх Эцэг “Учир нь болгоогтун, хүмүүний үхэшгүй байдал ба мөнх амьдралыг тохиолгон авчрах нь миний ажил мөн миний сүр жавхлан бөлгөө” хэмээсэн.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Селестиел ухаанаар бодогтун” гэсэн урилга нь бидний бурханлаг мөн чанар, үүсэл гарал, хүрэх газрыг маань сануулсан гайхалтай урилга юм. Бид Есүс Христийн цагаатгагч золиосоор л дамжуулан селестиел алдар сууг хүлээн авах боломжтой.

Тиймээс Сатан Есүсийг дэлхий дээрх тохинууллаа эхэлсэн цаг мөчөөс эхлэн дуусах хүртэл нь нөгөөх л уруу таталтаараа сорьсон байх. Матай номд Есүсийг загалмай дээр байхад нь “дэргэдүүр нь өнгөрөгсөд … доромжилж … Чи Бурханы Хүү мөн юм бол загалмайнаас буугаач” гэж байсныг тэмдэглэн үлдээжээ. Есүс тэр үгсийг сонсолгүй бидэнд бүх селестиел адислалыг хүлээн авах арга замыг өгсөнд нь Бурхандаа талархъя.

Бидний аз жаргал өндөр өртгөөр олдсон гэдгийг үргэлж санацгаая.

Би төлөөлөгч Паулын адил “Биднийг Бурханы хүүхдүүд гэдгийг Сүнс Өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг. Хэрэв бид хүүхдүүд нь юм бол, өв залгамжлагчид нь ч бас мөн. Христтэй хамт алдаршуулагдахын тулд хэрэв бид үнэхээр Түүнтэй хамт зовдог юм бол, бид Бурханы өв залгамжлагчид бөгөөд Христийн хамтран залгамжлагчид юм” гэдгийг гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.