Ерөнхий чуулган
Эсэргүүцлийн зэр зэвсгээ доош тавих нь
2024 оны 10-р сарын Ерөнхий чуулган


13:12

Эсэргүүцлийн зэр зэвсгээ доош тавих нь

Бид амьдралдаа Бурханы эсрэг аливаа эсэргүүцлийг гүнээс гүнд булшилж, үүнийг зөөлөн зүрх сэтгэл, эрмэлзэх оюунаар орлуулах болтугай.

Мозая хааны хөвгүүд Христийг төрөхөөс 90 орчим жилийн өмнө леменчүүдийн дундах 14 жилийн номлолоо эхлүүлсэн хэмээн Мормоны Номд тэмдэглэсэн байдаг. Лемен үндэстнийг Христийн сургаалд итгэх итгэлд авчрахын төлөө олон үе дамжин гаргасан хичээл зүтгэл талаар өнгөрсөн байв. Гэсэн хэдий ч энэ удаад Ариун Сүнсний гайхамшигт тусламжтайгаар мянга мянган леменчүүд хөрвөгдөж, Есүс Христийн шавь болсон юм.

“Мөн Их Эзэн амьд нь гарцаагүйн адил, итгэсэн болгон нь, өөрөөр хэлбэл илчлэл болон бошиглолын суу билгийн, мөн тэднээр дамжуулан гайхамшгуудыг үйлдэх Бурханы хүчний дагуу, Аммон болон түүний ах дүүсийн номлолоор үнэний мэдлэгт авчрагдсан болгон нь—тийм ээ, би та нарт хэлнэ, Их Эзэн амьдын адил, леменчүүдээс тэдний номлолд итгэн мөн Их Эзэнд хөрвүүлэгдсэн болгон нь, хэзээ ч итгэл алдраагүй болой” хэмээн бид уншдаг.

Энэ хүмүүсийн эргэлт буцалтгүй хөрвөлтийн гол түлхүүрийг дараагийн шүлэгт: “Учир нь тэд зөв шударга хүмүүс болсон билээ; тэд эсэргүүцлийн зэр зэвсгээ доош тавьснаар, Бурханы эсрэг бас ах дүүсийнхээ хэнийх нь ч эсрэг дахин тулалдсангүй” хэмээн дурдсан байдаг.

“Эсэргүүцлийн зэр зэвсэг” гэсэн энэхүү эшлэл нь шууд утгатай мөн бэлгэдлийн чанартай байсан юм. Энэ нь тэдний илд, дайны бусад зэр зэвсгээс гадна Бурханд болон Түүний зарлиг тушаалуудад дуулгаваргүй хандах явдлыг түүнчлэн хэлж байсан.

Тэр хөрвөгдсөн леменчүүдийн хаан үүнийг “Мөн эдүгээ болгоогтун, ах дүүс минь, өөрсдийн бүх нүглийг мөн үйлдсэн бүх аллагаа наманчилж, мөн Бурханаар тэдгээрийг зүрх сэтгэлээсээ зайлуулан авхуулахаар бид чадах бүхнээ хийсэн учраас … , тодруулбал тэрээр бидний толбыг зайлуулахуйц хангалттайгаар Бурханы өмнө наманчлахад чадах бүхнээ хийсэн …” хэмээн илэрхийлсэн байдаг.

Чин сэтгэлийн наманчлал нь тэднийг гэм нүглээсээ өршөөгдөхөд хүргэсэн төдийгүй Бурхан тэдгээр гэм нүглийн толбыг, мөн гэм нүгэл үйлдэх хүслийг нь тэдний зүрх сэтгэлээс зайлуулсан хэмээн хэлсэн хааны үгийг анхаарна уу. Тэд Бурханыг эсэргүүцэж байсан урьдын байдалдаа буцаж орох эрсдэлд орохын оронд зэр зэвсгээ доош тавьсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тэд өөрчлөгдсөн зүрх сэтгэлтэйгээр бодит зэр зэвсгээ доош тавихдаа гэм нүгэл үйлдэх хүслээ мөн доош тавьсан юм.

Бид ямар ч зүйлд “эсэргүүцлийн зэр зэвсгээ доош тавьж, “Их Эзэнд хөрвүүлэгдсэнээр” гэм нүглийн толбо бас зүрх сэтгэлээс маань гэм нүгэл үйлдэх хүсэл маань зайлуулагдаж, дахин хэзээ ч итгэл алдрахгүй байх энэхүү загварыг дагахын тулд юу хийж болох билээ гэж өөрсдөөсөө асууж болох юм.

Эсэргүүцэл нь идэвхтэй эсвэл идэвхгүй байж болно. Санаатайгаар эсэргүүцсэн тод жишээ бол мөнх бус оршихуйн өмнөх дэлхийд Эцэгийн гэтэлгэлийн төлөвлөгөөний эсрэг зогсож, бусдыг мөн адил үйлдэхэд уриалсан Люсифер ба “мөн тэр өдөр олон нь түүний араас дага[сан]” билээ. Энэ цаг үед ч түүний үргэлжилж буй эсэргүүцлийн үр нөлөөг ялган танихад хэцүү биш.

Мормоны Ном дахь Христийг эсэргүүцэгч ариун бус гурван хүн болох Шерим, Нихор, Корихор нарын эсэргүүцэл Бурханы эсрэг идэвхтэйгээр эсэргүүцсэний тод жишээг харуулдаг. Нихор, Корихор хоёрын туйлширсан үзэл нь гэм нүгэл гэж байхгүй учир наманчлах шаардлагагүй мөн Аврагч гэж байхгүй бөгөөд “Хүн бүр өөрийн чадварын дагуу дэгжиж, мөн хүн бүр өөрийн хүчний дагуу ялан дийлдэг; мөн хүмүүний хийсэн юу боловч гэмт хэрэг бус” хэмээх үзэл байсан юм. Христийг эсэргүүцэгч үзэл нь шашны эрх мэдлийг үгүйсгэж, ёслол, гэрээг “хүч мөн эрх мэдлийг эзэрхийлэхээр эртний пристүүдээр тогтоогдсон” зүйл гэж үздэг.

Виллиам В.Фэлпс

Сайн сайхнаар төгсдөг, хожмын үеийн санаатай эсэргүүцлийн тод жишээ бол Виллиам В.Фэлпсийн түүх юм. Фэлпс 1831 онд Сүмд нэгдсэн бөгөөд Сүмийн хэвлэгчээр томилогдсон юм. Тэрээр Сүмийн эртний хэд хэдэн хэвлэлийг хянан засварлаж, маш олон дуулал бичиж, Иосеф Смитийн бичээчээр үйлчилсэн. Харамсалтай нь тэрээр Сүм, мөн бошиглогчийн эсрэг эргэж, бүр Миссуригийн шүүхийн танхимд Иосеф Смитийн эсрэг худал гэрчлэл мэдүүлж, бошиглогчийг тэнд хориход нэрмээс болсон.

Дараа нь Фэлпс Иосефоос өршөөл хүсэж, “Би өөрийн нөхцөл байдлыг мэдэж байгаа, та ч, Бурхан ч бас мэдэж байгаа. Хэрвээ найзууд маань надад тусалбал би аврагдахыг хүсэж байна” хэмээн бичсэн байдаг.

Түүний хариуд бошиглогч “Бид таны зан авираас болж маш их зовсон нь үнэн. … Гэсэн хэдий ч, бид гашуун аяганаас хүртэж, Эцэгийн таалал гүйцэлдсэн ба бид амьд байгаадаа Их Эзэнд талархаж байна. … Нааш ир, хайрт ах минь, дайн дууслаа, эхэнд найзууд байсан, эцэст нь дахин найз боллоо” хэмээн хариулсан байдаг.

Чин сэтгэлийн наманчлалтайгаар Виллиам Фэлпс “эсэргүүцлийн зэр зэвсгээ” доош тавьж, дахин бүрэн нөхөрлөлд орсон ба тэрээр дахин хэзээ ч итгэл алдраагүй юм.

Магадгүй Бурханы эсрэг эсэргүүцлийн далд хэлбэр нь амьдралдаа Түүний хүслийг үл ойшоох идэвхгүй хувилбар юм. Идэвхтэйгээр эсэргүүцэх талаар хэзээ ч бодохгүй хүмүүс тэнгэрлэг удирдамжийг харгалзан үзэлгүйгээр өөрийн замыг хөөснөөр Бурханы үг болон хүслийг эсэргүүцэж болдог. Би дуучин Фрэнк Синатрагийн олон жилийн өмнө алдаршсан “Би өөрийн арга замаар хийсэн” гэдэг үгтэй дууг санадаг. Мэдээж амьдралд хувь хүний сонголт, хүслээ дагах олон боломж байдаг ч аврал, мөнх амьдралын асуудлын хувьд бидний гол сэдэвт дуу нь “Би Бурханы арга замаар хийсэн” гэх дуу байх нь зүйтэй. Учир нь үүнээс өөр зам гэж үгүй билээ.

Баптисмын талаарх Аврагчийн үлгэр жишээг авч үзье. Тэрээр баптисм хүртсэнээр Эцэгтээ үнэнч гэдгээ үзүүлж мөн бидэнд үлгэр жишээ болгон харуулсан.

“Тэрээр … Эцэгийн өмнө өөрийгөө маханбодын дагуу даруусгахаа хүмүүсийн үрсэд үзүүлж, мөн тэрээр түүний зарлигуудыг сахихдаа түүнд дуулгавартай байх болно гэдгээ Эцэгт гэрчилдэг бөлгөө. …

Мөн тэрээр хүмүүсийн үрсэд Та нар намайг дагагтун хэмээсэн бөлгөө. Иймийн тул, хайрт ах дүү нар минь, бид Эцэгийн зарлигуудыг сахихдаа бэлэн байхаас бусдаар дагаж чадах уу?

Хэрэв бид Христийн жишээг дагавал “миний арга зам” гэж үгүй байх болно. Тэнгэрт хүрэх өөр зам хайх нь Христ рүү болон Түүний аврал руу харахын оронд Бабелын цамхаг барихтай адил хий хоосон зүйл юм.

Хөрвөгдсөн леменчүүдийн доош тавьсан илд, бусад зэр зэвсэг нь тэд тэдгээрийг ямар байдлаар ашиглаж байснаас үүдэн эсэргүүцлийн зэр зэвсэг болсон юм. Тэдний хөвгүүдийн гарт байсан ижил төрлийн зэр зэвсэг нь гэр бүл, эрх чөлөөгөө хамгаалахын тулд ашиглагдсан ба Бурханы эсрэг эсэргүүцсэн зэр зэвсэг огтхон ч биш байлаа. Нифайчуудын гарт байсан зэр зэвсгийн хувьд энэ нь үнэн байв: “Тэд эзэрхийллийн болон эрх мэдлийн төлөө тулалдаагүй, харин гэр орон мөн эрх чөлөөнийхөө, эхнэр болон хүүхдүүдийнхээ төлөө мөн байгаа бүгдийнхээ төлөө, тийм ээ, шүтэн бишрэх ёс заншлууд мөн сүмийнхээ төлөө тулалдсан юм.”

Үүнтэй адил бидний амьдрал дахь муу, сайн аль аль нь байж болох, эсвэл угаасаа сайн байж болох зарим зүйл буруу арга замаар ашиглавал “эсэргүүцлийн зэр зэвсэг” болж хувирдаг. Жишээлбэл: Бидний үг хэллэг нь сэнхрүүлсэн эсвэл гутаан доромжилсон хандлагатай байж болно. Иаков:

“Харин хэн ч хэлийг номхруулж чадахгүй. Хэл бол үхлийн хороор дүүрсэн, амралтгүй муухай эд мөн.

Бид хэлээр Эзэн ба Эцэгийг магтдаг. Бид түүгээр Бурханы төрхөөр бүтээгдсэн хүмүүсийг хараадаг.

Ерөөл хараал нэг л амнаас гардаг аж. Ах дүүс минь, ийм байж болохгүй” гэж хэлсэн байдаг.

Өнөө үед олон нийт, хувь хүний харилцаанд хорлонтой, атгаг санаат үгс байдаг. Бүр өсвөр үеийнхний дунд хүртэл бохир хэллэг, хараалын үг яриа их байна. Иймэрхүү төрлийн хэл яриа нь Бурханыг эсэргүүцсэн “эсэргүүцлийн зэр зэвсэг” ба “үхлийн хороор дүүрсэн” байдаг.

Уг чанар нь сайн хэдий ч тэнгэрлэг удирдамжийн эсрэг эргэж болдог бас нэгэн жишээ бол хувь хүний ажил мэргэжил юм. Зарим хүн ажил мэргэжил, эрхэлж буй хөдөлмөр эсвэл үйлчилгээнээс жинхэнэ сэтгэл ханамжийг олдог ба бид бүгд олон салбарт үнэнчээр зүтгэсэн, авьяаслаг хүмүүсийн хийж бүтээсэн зүйлээс ашиг тус хүртдэг.

Гэсэн хэдий ч ажил мэргэжилдээ үнэнчээр зүтгэх нь бидний амьдралын хамгийн чухал зүйл болон хувирах боломжтой. Ингэснээр Аврагчийн биднээс хүсдэг цаг хугацаа, авьяас билиг зэрэг бүх зүйл хоёрдогч хүчин зүйл болж хувирдаг. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн хувьд түүнчлэн гэрлэх хууль ёсны боломжуудаас татгалзаж, хань ижлээ өргөн дэмжиж, нэгдмэл байж чадахгүй байх, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхгүй байх, бүр зөвхөн албан тушаалаа ахиулахын тулд, үр хүүхэд төрүүлж өсгөхөөс ирдэг адислал болон үүрэг хариуцлагаас санаатайгаар зайлсхийх зэрэг нь магтууштай ололт амжилтыг эсэргүүцлийн хэлбэр лүү шилжүүлдэг.

Бие махбодын сайн сайхны төлөөх санаа зовнил нь мөн нэг тод жишээ юм. Бид биеэр болон сүнсээр аль алинаар нь Бурханыг алдаршуулах хэрэгтэй гэдгийг Паул бидэнд сануулдаг. Мөн энэ бие нь Ариун Сүнсний ариун сүм бөгөөд “бие бол Бурханаас та нарт өгөгдсөн бөгөөд өөрсдөө өөрсдийнх биш” хэмээн хэлсэн байдаг. Тиймээс бид чадах чинээгээрээ бие махбоддоо санаа тавихад цаг зарцуулах зүй ёсны сонирхлыг тээдэг. Бидний цөөн хэд нь л гүйцэтгэлийн оргил цэгт хүрдэг болохыг бид Олимпын болон Паралимпын тамирчдын амжилтаас саяхан олж харсан билээ. Мөн бидний зарим нь ерөнхийлөгч М.Рассэлл Баллард ахын хэлснээр “хадаас мултарч буй” үе буюу нас ахихын үр нөлөөг мэдэрч байна.

Гэсэн хэдий ч бид Бүтээгчийн гайхалтай бэлэг болох бие махбодоо хамгийн сайнаараа асарч тордох үед Тэр баясдаг гэдэгт би итгэдэг. Харин өөрийн бие махбодыг гэмтээж, гутаан доромжлох, зүй бусаар ашиглах эсвээс эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж чадахгүй байх нь эсэргүүцлийн нэг хэлбэр байж болно. Үүнээс гадна дэмий хоосон зүйл болон өөрийн биеийн галбир, царай төрх, хувцас зэрэгт хэт автах нь Бурханы оронд Бурханы бэлгийг шүтэн бишрэхэд хүргэх бас нэг төрлийн эсэргүүцлийн хэлбэр болж болно.

Эцэст нь Бурханыг эсэргүүцсэн эсэргүүцлийн зэр зэвсгээ доош тавих гэдэг нь Ариун Сүнсний нөлөөг дагаж, төрөлх араншингаа орхиж, “Их Эзэн Христийн цагаатгалаар дамжуулан гэгээнтэн болох явдал юм.” Энэ нь эхний тушаалыг амьдралдаа нэгдүгээрт тавихыг хэлдэг. Энэ нь Бурханыг ялуулах гэсэн утгатай. Хэрэв Бурханыг хайрлах бидний хайр, Түүнд бүхий л хүч, оюун, чадлаараа үйлчлэх шийдэмгий байдал нь бүх зүйлийг шүүх, бүх шийдвэрийг гаргахад маань шалгуур болж чадвал бид эсэргүүцлийн зэр зэвсгээ доош тавих болно. Христийн ач ивээлээр Бурхан бидний гэм нүгэл, өнгөрсөнд үйлдсэн эсэргүүцлийг өршөөх ба тэдгээр гэм нүглийн толбыг болон бидний зүрх сэтгэлээс эсэргүүцлийг зайлуулах болно. Тэрээр өнгөрсөн үед хөрвөгдсөн леменчүүдэд үйлдсэний адил ямар ч хилэнцтийг хийх хүслийг яваандаа зайлуулах болно. Харин дараа нь бид ч бас “хэзээ ч итгэл алдра[хгүй]”.

Эсэргүүцлийн зэр зэвсгээ доош тавих нь хосгүй баяр баясалд хөтөлдөг. Их Эзэнд хөрвөгдсөн тэд бүгдтэй хамт бид “Гэтэлгэх хайры[н дууг] дуулахаар” авчрагддаг. Бидний Тэнгэрлэг Эцэг, мөн Түүний Хүү, бидний Гэтэлгэгч бидний эцсийн аз жаргалын төлөөх Өөрсдийн хувиршгүй амлалтыг хамгийн гайхамшигт хайр, золиослолоор батлан харуулсан билээ. Бид Тэдний хайрыг өдөр бүр мэдэрдэг. Бид өөрсдийн хайр, үнэнч байдлаар хариу үзүүлж чадах нь дамжиггүй. Бид амьдралдаа Бурханы эсрэг аливаа эсэргүүцлийг гүнээс гүнд булшилж, үүнийг зөөлөн зүрх сэтгэл, эрмэлзэх оюунаар орлуулах болтугай. Есүс Христийн нэрээр, амен.