Ерөнхий чуулган
Христийн үг болон Ариун Сүнс биднийг үнэн рүү хөтөлнө
2024 оны 10-р сарын Ерөнхий чуулган


10:7

Христийн үг болон Ариун Сүнс биднийг үнэн рүү хөтөлнө

Энэ гайхалтай төлөвлөгөөг мэдэх нь бид Бурханы хүүхдүүд бөгөөд Түүнтэй адилхан болох боломжтой гэдгээ мэдэхэд бидэнд тусална.

Бурхан бол бидний Тэнгэр дэх Эцэг мөн. Бид Түүний сүнсэн хүүхдүүд ба Түүний дүр төрхөөр бүтээгдсэн. Тиймээс бидний хүн нэг бүр Бурханы хүүхдийн хувьд Түүнтэй адил болох бурханлаг чадавхтай.

Бид энэ дэлхийд ирэхээсээ өмнө сүнс байдлаар Түүнтэй хамт амьдарч байсан. Бидний сүнсний эцгийн хувьд Тэнгэрлэг Эцэг биднийг хайрладаг, сайн сайхан бүхнийг бидэнд хүсдэг бөгөөд үхэшгүй байдал, мөнх амьдрал болох хамгийн агуу адислалуудыг хүртэх төлөвлөгөөг бидэнд зориулан бэлдсэн. Уг төлөвлөгөөний дагуу сүнсэн хүүхдүүд нь болох бидэнд Түүний төлөвлөгөөг сонгох эрх өгөгдөх байв. Бид дэлхийд ирснээрээ Бурханы оршихуйг орхиж, мөнх бус байдлын өмнөх амьдралаа мартаж, яс, махан биетэй болж, өөрсдөө туршлага хуримтлуулж, итгэлээ хөгжүүлэх байв. Яс, махан биетэй эгэл хүмүүний хувьд бид уруу таталтад орж, цэвэр бус болон, Бурханаас холдож, Түүний ариун оршихуйд эргэн очих боломжгүй болох байв. Тэнгэрлэг Эцэгийн маань биднийг гэх хайр хязгааргүй учраас Өөрийн Ууган Хүү, Есүс Христийг бидний Аврагч болгон илгээсэн. Есүс Христ Өөрийн золиосол, Цагаатгалаар дамжуулан нүглээсээ гэтэлгэгдэж, амилуулагдан, мөнх амьдралыг хүлээн авах боломжийг бидэнд олгосон билээ.

Би Эцэгийн авралын төлөвлөгөө, Түүний нигүүлслийн төлөвлөгөө, Түүний аз жаргалын агуу төлөвлөгөө гэж бидний нэрлэдэг эдгээр агуу үнэнд асар их талархдаг. Эдгээр чухал үнэний талаар судлах нь надад хувь хүний хувьд хэн гэдгээ төдийгүй Бурханы бидэнд бэлдсэн өргөмжлөл, мөнх амьдрал гэгч агуу адислалын талаар олж мэдэхэд тусалсан. Бошиглогч Нифай уг замыг бидэнд ийн заасан. “Иймийн тул, … Христийн үгэн дээр найрла, … учир нь болгоогтун, Христийн үгс та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно. Хэрэв та нар уг зам дээр гарваас, мөн Ариун Сүнсийг хүлээн авбаас, энэ нь та нарын хийвэл зохих тэр бүх зүйлийг та нарт үзүүлэх болно.” Өнөөдөр би Христийн үг, Ариун Сүнс хоёр хэрхэн өсвөр насанд минь надад эдгээр чухал үнэнийг олж мэдэхэд тусалсан талаар хуваалцмаар байна.

Христийн үг та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно

Яг л 1 Нифай номын эхний мөрд Нифайн дурдсанаар, би ч бас “буянт сайн эцэг эхээс мэндэл[сэн].” Би Японы Наганод шударга, хичээнгүй, даруу байхыг бүхий л талаар урамшуулдаг, хуучны ёс заншлыг ягштал дагадаг гэрт өсөж торнисон. Аав минь их шүтлэгтэй хүн байсан юм. Би түүнийг өглөө, орой бүр Шинто болон Буддын тахилын ширээний өмнө залбирахыг хардаг байв. Хэдийгээр хэнд, юуны төлөө залбирч байгааг нь мэддэггүй байсан ч чин сэтгэлээсээ залбирах юм бол ямар нэгэн далдын хүч эсвэл Бурхан биднийг “аврах хүчтэй”, бидэнд тусална гэдэгт би итгэдэг байлаа.

Би ч гэсэн бусад өсвөр насны хүүхдийн адил олон бэрхшээлийг даван гарсан. Амьдрал шударга бус гэж бодон, олон сайн сайхныг бас хэцүү бэрхшээлийг үзэж туулсан юм. Амьдралд минь чиглүүлэг байгаагүй учир надад төөрсөн мэт санагддаг байлаа. Нас барахад амьдрал дуусах тул амьдрал нүд ирмэхийн зуур өнгөрөх юм шиг бодогддог байв. Авралын төлөвлөгөөг мэддэггүй байх үеийн амьдрал минь ойлгомжгүй байлаа.

Дунд сургуульд англи хэл үзэж эхлээд удаагүй байхад манай сургуулийн бүх суралцагчид Шинэ Гэрээ өгсөн байв. Хэдийгээр англи хэл дөнгөж үзэж эхэлж байсан ч багш маань бидэнд энэ номыг уншин англи хэл сурах хэрэгтэй гэж хэлсэн юм. Би номыг нээгээд, агуулгыг нь харсан. Шинэ Гэрээний үгс надад маш хүнддэж байлаа. Япон хэл дээрх нь ч яг адил хүнд байв. Гэсэн хэдий ч—ганцаардах, өөртөө итгэх итгэлгүй байх, төөрөлдөх, амьдралын сорилттой тулгарах гэх мэт Гидеоны Библийн удиртгалд байгаа бодгальтай холбоотой мэдээлэл болон асуултуудын жагсаалт миний анхаарлыг татсан юм. Жагсаалт дахь асуулт бүрийн ард Шинэ Гэрээний шүлэг, хуудасны эх сурвалжийг тавьсан байдаг байлаа. Нэн ялангуяа “Ядарч туйлдсан үед” гэсэн хэсэг нь миний анхаарлыг ихэд татав. Эх сурвалжийг даган Матай 11:28–30-ийг нээхэд Есүс шавь нартаа:

“Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая.

Буулгыг минь өөрсөд дээрээ ав. Надаас сур. Би дөлгөөн, зүрхэндээ даруу. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно.

Буулга минь аятай, ачаа минь хөнгөн” хэмээн хэлсэн байв.

Энэ нь миний уншсан Есүс Христийн анхны үг байсныг би санаж байна. Хэдийгээр хэлсэн бүх үгийг нь ойлгоогүй ч Түүний үг намайг тайтгаруулж, миний сэтгэлийг сэргээж, найдвар төрүүлсэн юм. Үгийг нь уншихын хэрээр Түүний үгийн нөлөөлөх хүчийг турших нь зайлшгүй гэсэн бодол надад төрөх болов. Тэр өдөр төрсөн шиг мэдрэмж өмнө нь надад төрж байсангүй. Намайг хайрладаг юм байна гэдгийг мөн Есүс Христ бол миний таньдаг нэгэн болохыг би мэдэрсэн юм.

Цааш суралцан, “Зөвт байдлын төлөө өлсөж, цангагсад ерөөлтэй еэ! Тэд тайвшрал авах болно” гэж хэлснийг нь уншихад Тэрээр надад хандан ярьж байгаа мэт бодогдож билээ.

Тухайн үед төрсөн мэдрэмжээ би сайн тайлбарлаж чадахгүй байсан ч Түүний үг сэтгэл зүрхийг минь дүүргэсэн. Хэдийгээр Есүс Христ олон зууны өмнө миний мэдэхгүй газар амьдарч байсан ч надад Түүний үгэнд бүхий л зүрх сэтгэлээрээ итгэж найдаж болно гэж бодогдсон. Ирээдүйд нэгэн өдөр би Есүс Христийн талаар илүү ихийг суралцана гэж найдаж байлаа.

Ариун Сүнс та нарын хийвэл зохих бүх зүйлийг харуулах болно

Тэр нэгэн өдөр хэдэн жилийн дараа тохиов. Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн зорилгодоо үнэнч, бүрэн цагийн номлогчидтой танилцаж, удалгүй Есүс Христийг дагахыг хичээж буй найрсаг, баяр баяслаар дүүрэн хожмын үеийн гэгээнтнүүдийн жижиг бүлэгтэй уулзсан юм. Тэдэнд бүрэн итгэж найдахад хэсэг хугацаа шаардагдсан ч Шинэ Гэрээг судалж байхдаа хүсэн тэмүүлж байсан Есүс Христийн үгсийг мөн тэдгээрээс ирдэг найдвар, амар амгаланг би сэргээгдсэн сайн мэдээнээс олж харж билээ.

Номлогчид надад залбирахыг заасан нь миний хувьд маш онцгой ариун үйл явдал байв. Бид Бурханыг нэрээр нь дуудах ёстой, залбирахдаа сэтгэлийнхээ угаас хэлж, талархлаа илэрхийлэн, найдвар, хүслээ хуваалцах ёстой, хэлэхийг хүссэн бүх зүйлээ хэлж дуусаад “Есүс Христийн нэрээр, амен” гэж төгсгөнө гэдгийг би мэдэж авсан. Есүс Өөрийнх нь нэрээр залбирахыг бидэнд зарлигласан тул бид ийн залбирдаг. Тэнгэрлэг Эцэгт хандан залбирах нь надад Түүний хэн болохыг мөн Түүнтэй харилцах миний харилцааг буюу би Түүний хайртай сүнсэн хүү гэдгийг мэдэхэд тусалсан. Мөн Тэнгэрлэг Эцэг миний хэн болохыг мэддэг, намайг хайрладаг учраас Ариун Сүнсээр дамжуулан надтай шууд, өвөрмөц байдлаар, надад ойлгомжтой арга замаар ярьдаг гэдгийг би олж мэдсэн юм.

Надад Ариун Сүнсийг үнэхээр ялган таньж чаддаггүй байсан үе бий. Би зүгээр л залбирлын алхмуудыг дагах юм бол ямар нэгэн гайхалтай зүйл болно гэж ташаа ойлгож байлаа. Нэг өдөр номлогчдоос хичээл авч байх үеэрээ би түр завсарлахаар хичээлээсээ гарч явсан юм. Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ үнэхээр үнэн юм бол амьдралдаа юу хийх ёстой вэ гэдгээ мэдэхгүй би эргэлзсээр байв.

Номлогчдын хүлээж суусан өрөө рүү буцаж орох гэж байтал нэг номлогчийн дуу хоолой надад сонсогдлоо. Миний нэрийг дуудах нь сонсдов. Хаалга онгойлгохын оронд би хаалганы цаанаас яриаг нь чагналаа. Би ямар их гайхсан гээч. Тэд зүгээр л Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч байв. Залбирал хэлж буй хүн Бурханд хандан миний залбирлыг сонсохыг гуйж байлаа. Хэдий япон хэлээр чөлөөтэй ярьж чадахгүй байсан ч сэтгэлийнхээ угаас залбирахыг нь сонсоод зүрх сэтгэл минь зөөлөрсөн юм. Тэд яагаад надад тэгтлээ их санаа тавьж байгаа юм бол гэж би гайхширан бодов. Харин дараа нь миний төлөө өргөсөн тэдний залбирал Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёрын намайг гэх хайрын илрэл юм байна гэдгийг би ойлгосон. Тэр хайр нь надад найдвар өгсөн бөгөөд дараа нь би Бурханаас итгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр залбиран асуусан юм. Би ийн залбираад, өөрийгөө үнэхээр Бурханы хүүхэд мөн юм байна, надад бурханлаг чадавх, хувь тавилан байгаа юм байна гэдгээ мэдэн баяр баясгалан, амар амгаланг мэдэрсэн. Авралын төлөвлөгөө миний зүрх сэтгэлд гүнзгий шингэсэн юм.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Өөрсдийгөө хэн гэж бодох нь та нарын цаашдын шийдвэр бүрд нөлөөлөх болно” гэж хэлсэн. Миний хувьд ч бас ийм байсан. Баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авах замаар Аврагч Есүс Христийг дагах шийдвэр маань миний амьдралыг төсөөлж байгаагүй ихээр адисалсан юм. Бид Бурхантай баптисмын гэрээнд орохдоо Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авч, Бурханы зарлигуудыг сахиж, амьдралынхаа үлдсэн хугацаанд Түүнд үйлчлэхэд бэлэн гэдгээ амладаг. Үүний хариуд Тэнгэрлэг Эцэг маань бидэнд Өөрийн Сүнсийг— Ариун Сүнсний удирдамжийг үргэлж бидэнтэй хамт байлгана гэж амласан билээ.

Би та нарыг Христийн үгс болон Ариун Сүнс таныг “[та нарын] хийвэл зохих бүх зүйл” рүү хөтлөх болно гэсэн Нифайн бидэнд заасан захиаст итгээрэй хэмээн урьж байна. Тэр бүх зүйлийг харуулна! Энэ бол Бурханы гайхамшигт бэлэг юм.

Ах, эгч нар аа, би Тэнгэрлэг Эцэгийнхээ авралын төлөвлөгөөнд талархаж байна. Тэрээр биднийг хайрладаг учраас Өөрийн Цорын Ганц Хүү Есүс Христээр дамжуулан Түүний оршихуйд буцаж ирэх замыг бэлтгэсэн. Энэ гайхалтай төлөвлөгөөг мэдэх нь бид Бурханы хүүхдүүд бөгөөд Түүнтэй адилхан болох боломжтой гэдгээ мэдэхэд бидэнд тусална. Энэ чухал үнэнд би талархаж байна. Есүс Христийн үгс мөн Ариун Сүнс биднийг мөнх амьдралыг хүлээн авахад хөтөлнө гэдгийг би та нарт гэрчилж байна. Энэ бүхэн үнэн гэдгийг би мэднэ. Есүс Христийн ариун нэрээр, амен.