Ерөнхий чуулган
Ариун судрууд—Итгэлийн суурь
2024 оны 10-р сарын Ерөнхий чуулган


14:7

Ариун судрууд—Итгэлийн суурь

Хөрвөгдөх, сайн мэдээнд үнэнч хэвээр үлдэхэд гүйцэтгэдэг ариун судруудын ач холбогдлыг бид дутуу үнэлж болохгүй.

Миний эхнэр Мариа бид хоёр нэг удаа урдаа номны зурагтай цамц харсан юм. Цамцан дээр: ”Ном бол анхны зөөврийн төхөөрөмж” гэж бичсэн байлаа.

”Ном бол анхны зөөврийн төхөөрөмж” гэсэн бичигтэй цамц.

Би энэ сонирхолтой бичвэрийн тухай, мөн бүх төрлийн зөөврийн төхөөрөмж ямар чухал болсон талаар бодсон. Лавшруулан бодсоноор би ямар ч төхөөрөмж, тэр ч байтугай хиймэл оюун ухаанаар тоноглогдсон төхөөрөмж ч тэнгэрлэг илчлэлээс ирдэг сүнслэг удирдамж шиг чухал эсвэл ач холбогдолтой байхгүйг ойлгосон.

Гартаа барьсан байна уу, дижитал хэлбэрээр байна уу, Ариун Библи болон Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээ нь дэлхийн Аврагч, Есүс Христийн сүнслэг удирдамж, сургаалыг өгдөг. Эртний бошиглогчдод болон хүмүүст өгсөн Бурханы удирдамжийг баримтжуулж үлдээхэд чухал үүрэг гүйцэтгэснийх нь төлөө, түүнчлэн бидний амьдралд удирдамж заавар өгдгийнх нь төлөө бид эдгээр номыг нандигнан хайрладаг.

Эдгээр ариун судар нь амьд бошиглогчдын сургаалтай хослон өнөөгийн дэлхий ертөнцөд бидэнд хэрэгтэй сургаалын удирдамж зааврыг өгдөг. Их Эзэнээс удирдамж эрэлхийлж буй хувь хүн, гэр бүлүүдэд заавар, залруулга, тайтгарал, тайвширлыг өгөх үед эдгээр судрын хүч хамгийн ихээр илрэн гардаг.

Судрууд нь Ариун Сүнсний сүнслэг өдөөлтийн хамтаар “харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэй,” Есүс Христийг дагахыг хүсдэг хүмүүсийг хөрвөгдөхөд тусалдаг үндсэн эх сурвалж байсаар ирсэн билээ. Судрууд нь итгэлийг сулруулах гэсэн дайсны байнгын дайралтыг тэсэн гарах сууриа тавихад тусалдаг.

Шинэ хөрвөгчид Сүмийн түүхийн туршид Сүмийн адислал, амин сүнс нь байсаар ирсэн. Би нэгэн жишээг бусдаас илүү нандигнадаг. Намайг залуу бишоп байхад хоёр гайхамшигтай номлогч эгч Виллиам Эдвард Муссманы гэр бүлд зааж байсан юм. Маш чадварлаг хуульч аав нь томоохон корпорацын ерөнхий зөвлөхөөр ажилладаг, харин түүний үнэнч эхнэр Жанэт гэр бүлээ илүү “Христийн адил амьдралаар” амьдрахад нь тусалдаг байв.

Тэдний 20 гаруйхан настай авьяаслаг хүү, охин хоёрт нь бас номлогчид зааж байлаа. Дөрвүүлээ хичээл авч, сүмд явдаг байв. Номлогч эгч нар Мормоны Номыг уншаад уг ариун судрын талаар гэрчлэл хүлээн авахын төлөө залбирахыг тэдэнд онцгойлон хэлжээ. Гайхалтай нь, тэд гэр бүлээрээ Мормоны Номыг богино хугацаанд бүхэлд нь залбиран уншжээ.

Хоёулаа тойргийн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр үйлчилж байсан тойргийн номлогчид ариун ёслолын цуглаанаар тэдэнтэй хамт суудаг байв.

Гэр бүлээрээ баптисм хүртэх өдөр дөхөхөд Сүмийг шүүмжилсэн олон номыг тэд авав. Энэ явдал интернэт гарч ирэхээс өмнө болсон бөгөөд том цаасан хайрцаг дүүрэн материал байлаа.

Номлогч эгч нар саяхан дуудагдсан 34 настай бишоп байсан надаас тэдний асуултуудад хариулахад туслахыг гуйсан юм. Зочны өрөөнд нь цугларах үед Сүмийг шүүмжилсэн баахан товхимлоор дүүрэн том хайрцаг өрөөний голд байв. Би энэ үүрэгт өөрийгөө бэлдэн залбирч билээ. Нээлтийн залбирлаар Сүнс надад “Тэр үнэн гэдгийг аль хэдийн мэдсэн” гэж шивнэв. Энэ нь чухал байлаа. Гэр бүлийн бусад гишүүн аль хэдийн гэрчлэлтэй болсон гэдэгт эгч нар итгэж байсан ч аавынх нь тухайд эргэлзэж байв.

Би тэр даруй “Та аль хэдийн гэрчлэлтэй болсныг Сүнс надад хэллээ. Үнэн үү?” гэж асуусан юм. Тэр над руу анхааралтай гэгч хараад, Сүнс өөрт нь Мормоны Ном болон Сүм үнэн гэдгийг баталсан гэв.

Дараа нь би та нар сүнслэг баталгааг аль хэдийн хүлээгээд авчихсан юм бол энэ товхимлуудын талаар ярих шаардлага байгаа гэж үү? гэж асуусан юм.

Аав нь ярих шаардлагагүй гэж хариуллаа. Гэр бүлийнх нь бусад гишүүн ч түүний хариултыг хүлээн зөвшөөрсөн.

Өөрт нь нэгэн чухал асуулт байгааг мөн өөр шашин шүтлэгтэй байсан нь Сүмийг үгүйсгэсэн маш их материал хүлээн авах нэг шалтгаан гэдгийг аав нь хэлэв. Үүнээс гадна тэр тухайн сүмдээ шинэ барилга барихад нь тусална гэж том амлалт өгсөн байжээ. Мөн номлогч эгч нар аравны нэгийн ач холбогдлын талаар түүнд заасныг тэр талархалтайгаар хүлээн авсан ч өмнө нь өгсөн амлалтаа биелүүлж болох болов уу гэж бодсоноо илэрхийлэв. Өгсөн амлалтаа биелүүлэх нь нэр төртэй, зүй ёсны хэрэг гэдгийг би түүнд батлан ​​хэлсэн юм.

Муссманы гэр бүл

Муссманы гэр бүл хүү, охин, бэрийнхээ хамт.

Тэд гэр бүлээрээ баптисм хүртсэн. Жилийн дараа тэд Калифорнийн Оакланд ариун сүмд гэр бүлээрээ лацдан холбуулсан билээ. Надад тэнд байх аз завшаан тохиосон. Хүү нь хуулийн сургуулиа дүүргэж, Калифорнийн хуульчийн шалгалтад тэнцсэний дараахан Японд номлолд итгэлтэйгээр үйлчилсэн юм. Дараа дараагийн үеийнхэн нь сайн мэдээнд үнэнч хэвээр байхыг би олон жилийн турш ажигласан. Надад нэг ач охиныг нь лацдан холбох завшаан ч тохиож байв.

Бидний энэ цаг үед болж буй хөрвөлтүүд ч мөн адил гайхалтай. Өнгөрсөн 6-р сард Канзас Сити Чийфс багийн хөлбөмбөгийн ахлах дасгалжуулагч Энди Рид бид хоёр манай болон өөр бусад шашныг төлөөлсөн бусад хүний хамтаар Нью-Йорк хотын Ривэрсайд сүмд болсон олон шашны үйл ажиллагаанд оролцон үг хэлсэн. Дасгалжуулагч Рид Есүс Христийн сайн мэдээний үндсэн сургаалын хэсэг болох хоёр дахь боломж болон урилга, боломжуудыг хүлээн авах талаар онцлон ярив. Маргааш өглөө нь бид өөрсдийн эхнэр Тэмми Рид, Мэри нарын хамтаар Манхэттэны хоёрдугаар тойргийн ариун ёслолын цуглаанд оролцсон юм. Цуглаан маш сүнслэг болж өнгөрөв. Тэнд олон шинэ хөрвөгч ирсэн байлаа. Ариун ёслолыг түгээсэн Аароны санваарын гишүүдийн дунд баптисм хүртээд удаагүй таван гишүүн, дөрвөн эр, нэг залуу эрэгтэй байв. Сүм даяар үүнтэй нэгэн адил, шинэ гишүүдийн урсгал тасрахгүй байгааг дуулгахад таатай байна.

Ариун урилгыг хүлээн авч, амьдралаа өөрчилж, Есүс Христийг дагах боломжийг хүлээн авч байгаа хүмүүсийн тоо мэдэгдэхүйц нэмэгдэж байгаад бид талархаж байна. Тэд Ариун Библи болон Мормоны Номд зааснаар итгэл, наманчлал, баптисм, гишүүний баталгаа зэргээр дамжин гэрээний замд ордог.

Хөрвөгдөх, сайн мэдээнд үнэнч хэвээр үлдэхэд гүйцэтгэдэг ариун судруудын ач холбогдлыг бид дутуу үнэлж болохгүй. Мормоны Номд өгүүлсэн эртний бошиглогчид Есүс Христийн үйл хэргийг мэддэг ба Түүний сайн мэдээг заадаг байсан. Мормоны Ном нь бидэнд сургаалыг нь судалж, ойлгож, хэрэгжүүлснээр биднийг Бурханд илүү ойртоход тусалдаг. Бошиглогч Иосеф Смит: “бусад ямар ч номоос илүүгээр, [уг номын] зааврыг мөрдсөнөөр [эрэгтэй, эмэгтэй] хүмүү[с] Бурханд илүү ойртох болно” гэж заасан.

Мормоны Ном нь Бурханы үг гэдгийг мэдэхийн тулд бид эхлээд үүнийг уншиж, тунгаан бодож, залбирч, дараа нь дүрмийнх нь дагуу үйлдэх хэрэгтэй. Бошиглогч Моронай биднийг Христэд итгэлтэй байж, чин сэтгэл, үнэн хүсэлтэйгээр залбирах үед Бурхан номын үнэнийг илчлэх болно хэмээн амласан. Мормоны Номыг судлах нь хөрвөгдөхөд нэн чухал.

Гарт барьдаг төхөөрөмжийн хувьд Библи, Мормоны Ном хоёрын харилцаа холбоог эргэцүүлэн бодох үед бидэнд нэг асуулт гарч ирж магад. Хэрвээ Их Эзэн тэдгээр нь “нэгдэн нийлж,” “чиний гарт тэдгээрийг нэг болохоор нийл[нэ]” гэж тунхагласан бол энэ хоёр ном хэр ашигтай, бие биеэ хэрхэн нөхнө гэж та бодож байна вэ? Их Эзэн “Иудагийн саваа” болох Библи, “Иосефын саваа” болох Мормоны Номын талаар ийн тунхаглажээ.

Мормоны Ном олон талаараа Библийг сайжруулж, нөхдөг чухал сургаалуудыг өгдөг. Есүс Христийн Цагаатгалын тухай сургаал бол үүний тод жишээ юм.

Библи нь Есүс Христийн мөнх бус амьдрал дахь тохинуулал, түүний дотор Түүний үхэл, Амилалтын тухай үнэн зөв мэдээллийг өгдөг. Мормоны Ном нь Есүс Христийг үхэхийн өмнө бошиглогчдын нарийвчлан тайлбарласан Түүний Цагаатгалын талаар илүү дэлгэрэнгүй өгүүлдэг.

Алма 42-р бүлгийн оршил хэсэгт Есүс Христийн Цагаатгал сургаалын хувьд ямар ач холбогдолтойг тусгасан байдаг.

Зуурдын байдал нь наманчилж мөн Бурханд үйлчлэх боломжийг хүмүүнд олгодог сорилтын цаг юм---Уналт нь биеийн мөн сүнсний үхлийг бүх хүн төрөлхтөний дээр авчирсан бөлгөө---Гэтэлгэл наманчлалаар ирдэг---Бурхан өөрөө дэлхийн нүглийг цагаатгана---Нигүүлсэл нь наманчлах тэдэнд зориулагдсан болой---Бусад бүгд нь Бурханы шударга ёсонд харьяалагдах бөлгөө---Цагаатгалын улмаас нигүүлсэл ирдэг---Зөвхөн үнэнээр гэмшигчид аврагддаг.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Та нар өдөр бүр Мормоны Номыг залбирч судалбал өдөр бүр илүү сайн шийдвэр гаргадаг болно,” мөн “Та нар өдөр бүр Мормоны Номд эзэмдүүлбэл … тухайн өдрийн хилэнцийн эсрэг дархлаатай болох боломжтой” гэж амласан.

Миний дурдсанчлан, анхны зөөврийн төхөөрөмж бол ном юм гэдэг ойлголт надад их таалагдсан. Гэхдээ өнөөгийн дэлхий дээр интернэтийн гүйцэтгэдэг үүргийн ач холбогдлыг би үгүйсгэхгүй. Түүхэндээ томоохон номын санг дүүргэж байсан мэдээллийг орчин үеийн зөөврийн ганцхан төхөөрөмж өгөх боломжтой. Ийм цаг үед амьдарч байгаадаа бид талархаж байна. Тэр тусмаа энэ нь ариун ном болон Сүмийн материалуудыг дижитал хэлбэрээр ашиглах боломжийг олгодогт би талархдаг. Интернэт бол сайн мэдээг судлахад туслах хүчирхэг хэрэгсэл юм. Өнөө үед олон хүн технологи ашиглан найзуудтайгаа судар хуваалцдаг. Жишээлбэл: Мормоны Ном аппликэйшн нь найзууддаа Мормоны Номыг танилцуулах гайхалтай арга ба хаана ч байсан энгийнээр, амархан хуваалцах боломжтой.

Мормоны Номын аппликэйшн

Хэдийгээр интернэт олон талаар адисалдаг ч дээр дурдсанчлан Сүмийг шүүмжилсэн материалуудын нэгэн адил ариун нандин сайн мэдээний зарчмуудад итгэх итгэлийг үгүйсгэж, эргэлзээ үүсгэхэд ч мөн ашиглагдаж ирсэн. Энэ нь ерөнхийлөгч Нэлсоны дурдсан “тухайн өдрийн хилэнцийн” нэг хэсэг болж болох юм.

Дайсан болон түүнд туслагчдын санаатай, санамсаргүй байдлаар интернэтэд байрлуулсан, дээр дурдсан Сүмийг шүүмжилсэн хайрцаг дүүрэн бичиг цаастай дүйцэхүйц материал нь таныг Бурханы үнэнээс холдуулах зорилготой.

Эргэлзээ төрүүлэхийн тулд тавьж буй асуудлууд нь олон жилийн туршид нэгэн хэвээр байсаар ирсэн нь гайхалтай. Ялангуяа миний 20-иод настай байсан 60-аад оны үетэй харьцуулбал үүнийг тодорхой харж болно.

Судрууд нь биднийг бүх зүйлд шүүлтүүртэй, ухаалаг ханд гэж заадаг. Интернэтийг эерэг, сөрөг аль алинаар нь ашиглаж болно.

Гишүүн болоод удаж байгаа, сайн мэдээг анхлан судалж байгаа хүмүүсийн аль аль нь үзэж байгаа зүйлдээ болгоомжтой хандах хэрэгтэй. Ёс зүйгүй, худал хуурмаг, шударга бус материалыг бүү анхаарч үз. Хэрэв анхаарч үзэх л юм бол алгоритм нь итгэлийг тань устгаж, мөнхийн хөгжил дэвшилд тань саад болох зам руу таныг хөтөлнө. Танд эергээр ч бас сөргөөр ч нөлөөлж болох юм. Зөв шударгыг эрэлхийл. Интернэтийн харанхуй нүхэнд унаж, сөрөг зүйлсэд цагаа үрэн мөхөхөөс зайлсхий. Амьдралаа эерэг, зөв санаагаар дүүргэж; баяр хөөртэй, хөгжилтэй бай, харин тэнэглэхээс зайлсхий. Хөгжилтэй байх, тэнэглэх хоёр ялгаатай. Итгэлийн 13-р тунхаг гайхалтай хөтөч юм. Хамгийн чухал нь Сүнсийг амьдралд тань татан авчирч, үнэнийг худал хуурмагаас ялган танихад тань туслах Мормоны Номоос тогтмол шимтэн суралцаарай.

Би гэрээний замаасаа ямар нэгэн байдлаар хазайсан хүмүүст хандан, эргэж ариун судраа унш, бошиглолын удирдамжийг сонс, гэр орондоо шашны зан үйлээ сахь, итгэлийн дуу хөгжмөө сонс гэж зөвлөмөөр байна. Бодгаль бүр Их Эзэний хувьд үнэ цэнтэй. Бидэнд та нар хэрэгтэй! Их Эзэнд та нар хэрэгтэй; та нарт Их Эзэнхэрэгтэй! Таныг үргэлж баяртайяа хүлээн авна. Олон жил Сүмд үйлчилсэн хугацаандаа гэрээний замдаа эргэн гарч; хайрлаж, харилцаж байсан бүх хүндээ үйлчилж мөн адисалсан гайхалтай хүмүүсийг би хайрлан хүндэтгэдэг.

Ариун судрууд болон амьд бошиглогчид нь хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэг аз жаргалын төлөвлөгөөгөө бүх хүүхдэдээ боломжтой болгосон гол арга зам юм.

Би Есүс Христийн бурханлаг чанарыг болон Түүний Цагаатгал бодитой гэдгийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.

Эх сурвалж

  1. 2 Тимот 3:16-г үзнэ үү.

  2. Миний сайн мэдээг номло: Есүс Христийн сайн мэдээг хуваалцах удирдамж (2023), 28; мөн 2 Нифай 2:7; 3 Нифай 12:19; Сургаал ба Гэрээнүүд 20:37; Ezra Taft Benson, “A Mighty Change of Heart,” Ensign, Oct. 1989-ийг үзнэ үү.

  3. Бэвэрли Бридж, Шэрил Морган эгч нар номлогчид нь байсан.

  4. Хүү Виллиам Э.Муссман III нь Стэнфордыг төгсөөд, Сан Франциско дахь Калифорнийн Их Сургуулийн хуулийн сургуульд сурч байсан. Түүний дүү Анн К.Муссман Стэнфордын Их Сургуульд сурдаг байсан.

  5. Элэнор Мээр, Луиз Жонсон нар гадасны номлогчид нь байв.

  6. Нью-Йоркийн Хожмын үеийн гэгээнтэн мэргэжилтнүүдийн нийгэмлэг А.Р.Бэрнардад болон дасгалжуулагч Эндрю “Энди” В. Рэйдэд Манхэттэн дэх олон шашны түүхэн Риверсайд сүмд хүндэтгэл үзүүлсэн. Өмнө нь хүндэтгэл хүртэж байсан Рабби Жозэф Потасник гэх зэрэг манай болон өөр бусад шашны Сүмийн олон удирдагч мөн хүрэлцэн ирсэн байв.

  7. Tad Walch, “How Andy Reid’s Beliefs in Jesus Christ and a Second Chance for Michael Vick Guide the Kansas City Chiefs,” Deseret News, July 3, 2024, deseret.com-ыг үзнэ үү.

  8. 2024 оны 1-р сарын 1-ээс 2024 оны 8-р сарын 30 хүртэл 198000 гаруй шинэ хөрвөгч баптисм хүртсэн байна (Номлолын хэлтсээс өгсөн мэдээлэл).

  9. Миний сайн мэдээг номло удирдамжийн 5-р бүлэгт яагаад Мормоны Ном манай шашны тулгуур чулуу болохыг тайлбарладаг.

  10. Мормоны Номын удиртгал

  11. Бошиглогч Иосеф Смит “бусад ямар ч номоос илүүгээр, [Мормоны Номын] зааврыг мөрдсөнөөр хүмүүн Бурханд илүү ойртох болно” хэмээн гэрчилсэн (Мормоны Номын удиртгалыг үзнэ үү).

  12. Моронай 10:4-ийг үзнэ үү.

  13. Езекиел 37:15–17; мөн 2 Нифай 3:12-ыг үзнэ үү.

  14. Есүс Христийн Цагаатгалыг дурдсан цагаатгал гэдэг үгийг Шинэ Гэрээнд ганцхан удаа дурдсан байдаг (Ром 5:11-ийг үзнэ үү). Мормоны Номд цагаатгал гэдэг үгийг 24 удаа дурддаг. 2 Нифай 2:10-т Цагаатгалаар дамжин хүрэх “аз жаргалыг” дүрсэлдэг (Мормоны Номын индекс дэх “Есүс Христ, Цагаатгалаар дамжуулан” гэснийг үзнэ үү).

  15. (Рассэлл М.Нэлсон, “Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?,” Ensign, Nov. 2017, 62 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 56)

  16. Долоо хоног бүр онлайнаар Ирээд, Намайг дага гарын авлагаас суралцаж байхдаа, бид хэчнээн их адислагдсаныг бодож үзээрэй.

  17. Зарим асуудал зүгээр л худлаа байдаг. Зарим нь түүхэн баримтыг хам сэдвээс нь салгаж тавьсан байдаг. Зарим нь Библи, Мормоны Ном хоёрын алинтай нь ч үл нийцэх нийгэмд үүссэн асуудлыг сурталчилдаг. Зарим нь Их Эзэний хараахан илчлээгүй байгаа асуудлын талаар байдаг.

  18. Дүүмскролл буюу сөрөг зүйлсэд цагаа үрэн мөхөх гэдэг нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн сувгаас сөрөг, сэтгэлээр унагаах мэдээг өөрийн мэдэлгүй гүйлгэн хайж үзэх зуршлыг хэлдэг (Merriam-Webster.com Толь, “doomscroll”).

  19. Сүүлийн жилүүдэд Сүмийн өсөлт, ирц мэдэгдэхүйц нэмэгдсэн. Сүмээс гарсан хүмүүсийн хувь хэмжээ өмнөхөөс багассан ч гишүүн нэг бүр бидэнд хэрэгтэй.