Эцэгтээ найдах нь
Бурхан биднийг олон чухал шийдвэр гаргана гэдэгт найддаг ба хамгийн чухал нь Тэр биднийг Өөрт нь найдахыг хүсдэг.3
1843 оны 6-р сарын 1-нд Аддисон Пратт эхнэр Луиза Барнс Праттдаа бяцхан гэр бүлээ даатгаад, Хавайн арлуудад сайн мэдээг номлохоор Иллинойн Наувуг орхин явав.
Науву дахь хавчлага хурцадсан нь гэгээнтнүүдийг дүрвэхэд хүргэж улмаар Винтер Квортерсоос Солт Лэйкийн хөндий рүү цагаачлахаар бэлтгэж байх үед Луиза уг аялалд нэгдэх эсэхээ шийдэх хэрэгтэй болов. Ганцаараа аялахын оронд үлдээд, Аддисоныг эргэж иртэл нь хүлээх нь түүнд амар байх байв.
Аль аль тохиолдолд нь тэрээр бошиглогч Бригам Янгаас удирдамж эрэлхийлсэн ба тэр түүнийг явахад урамшуулсан аж. Маш хүнд бэрх байснаас гадна өөрөө дурамжхан байсан ч тэр аялал болгоноо амжилттай дуусгасан билээ.
Луиза эхэндээ аяллаасаа бараг баяр хөөр мэдэрдэггүй байсан ч удалгүй хээрийн ногоон зүлэг, өнгө алагласан зэрлэг цэцэгс, голын эрэг дагуу газрууд түүнд таалагдаж эхлэв. Тэр тэмдэглэлдээ: “Яваандаа би дүнсийж гуниглахаа больсон ба манай хуаранд надаас өөр баяр хөөртэй эмэгтэй байгаагүй” гэж бичсэн байна.
Луизагийн түүх надад гүн сэтгэгдэл төрүүлсэн. Тэр сонголтоо хойш тавихад бэлэн байж, Бурханд итгэн, итгэлээ үйлдэл болгосон нь нөхцөл байдлыг өөрөөр харахад хэрхэн тусалсныг нь хараад би түүнийг биширдэг.
Биднийг хаана ч байсан харж ханддаг, мөн хэнээс ч, юунаас ч илүү итгэж болох хайрт Эцэг маань Тэнгэрт байдгийг тэр надад сануулсан.
Үнэний эх сурвалж
Бурхан биднийг олон чухал шийдвэр гаргана гэдэгт найддаг ба хамгийн чухал нь Тэр биднийг Өөрт нь найдахыг хүсдэг. Бидний үзэл бодол эсвэл олны санал нь Түүний хүүхдүүдийнхээ төлөөх хүслээс өөр байх үед ийн найдах нь улам хэцүү байдаг.
Зарим хүн үнэн бол харьцангуй ойлголт, бодит байдал өөрийгөө тодорхойлдог эсвэл Бурхан маш өгөөмөр учраас бидний юу хийх эсэх нь Түүнд тийм ч хамаатай биш болохоор зөв, буруугийн тухай ойлголтоо дахин засах хэрэгтэй гэж үздэг.
Бурханы үнэнийг ялган таньж сурахад хэцүү байж болно. Тиймээс зөв буруугийн хязгаарыг бид тогтоохгүй гэдгийг санах хэрэгтэй. Бурхан бидний ашиг тус, адислалын төлөөх мөнхийн үнэнүүд дээр тулгуурлаж эдгээр хил хязгаарыг Өөрөө тогтоосон.
Бурханы мөнхийн үнэнийг өөрчлөх хүсэл бүр эртнээс эхэлсэн. Энэ нь дэлхий үүсэхээс өмнө буюу Сатан хүн төрөлхтний сонгох эрхийг устгах гэж эрээ цээргүй хичээж Бурханы төлөвлөгөөг эсэргүүцэж эхэлсэн тэр үеэс эхэлсэн. Энэ загварын дагуу Шерем, Нехор, Корихор гэх мэт хүмүүс итгэл бол мунхаглал, илчлэл бол хуучинсаг, бид хүссэн бүхнээ хийх нь зөв гэж маргаж байв. Харамсалтай нь ихэнх тохиолдолд Бурханы үнэнээс ийн гажих нь асар их харуусалд хүргэдэг.
Зарим зүйл агуулгаасаа хамаардаг ч бүх зүйл тийм биш. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Бурханы авралын үнэнүүд нь туйлын үнэн, биеэ даасан бөгөөд Бурханаар Өөрөөр нь тогтоогддог гэж үргэлж заасаар ирсэн.
Бидний сонголт
Бид хэнд итгэх нь амьдралын чухал шийдвэрүүдийн нэг юм. Хаан Бенжамин өөрийн хүмүүст ийн зааварласан: “Бурханд итгэ; тэр байдаг гэдэгт мөн тэр … бүх мэргэн ухааныг … эзэмшдэг гэдэгт итгэ; Их Эзэний ухаарч чадах тэр бүх зүйлийг хүмүүн ухаардаггүйд итгэ.”
Аз болоход бидэнд Бурханы үнэнийг ойлгоход маань туслах судрууд болон амьд бошиглогчдын удирдамж байна. Хэрэв бидэнд илүү тодруулга хэрэгтэй бол Бурхан бошиглогчдоороо дамжуулан үүнийг тодорхой болгодог. Биднийг бүрэн дүүрэн ойлгохгүй байгаа үнэнүүдээ ойлгохыг эрэлхийлэх үед Тэр бидний чин сэтгэлийн залбиралд Ариун Сүнсээр дамжуулан хариулах болно.
Ахлагч Нийл Л.Андэрсэн: “Заримдаа [бидний] үзэл бодол Их Эзэний бошиглогчийн сургаалуудтай эхлээд бүрэн дүүрэн нийцэхгүй байвал битгий гайх. Энэ нь суралцах, даруусах, өвдөг сөхрөн залбирах мөч билээ. Бид цаг хугацаа өнгөрөх тусам Тэнгэрлэг Эцэгээс илүү сүнслэг тодорхой байдлыг хүлээн авна гэдгийг ойлгон, Бурханд найдаж, итгэлтэйгээр урагшилдаг хэмээн заасан.
Бидний анхаарал, хичээл зүтгэлийн дагуу Бурхан Өөрийн үгийг өгдөг гэсэн Алмагийн сургаалыг санах нь тустай. Хэрэв бид Бурханы үгийг анхаарвал илүү ихийг хүлээн авах болно; Хэрэв бид Түүний зөвлөгөөг үл тоомсорлох аваас юу ч мэдэхгүй болох хүртлээ үгийн багахан хувийг л хүлээн авах болно. Ийн мэдлэгээ алдах нь энэ үнэн худал байсан гэсэн үг биш харин бид үүнийг ойлгох чадвараа алдсаныг илтгэдэг.
Аврагчид хандагтун
Аврагч Капернаумд мөн чанар болон зорилгынхоо талаар заасан. Олон хүн Түүний үгийг сонсоход хэцүү гэж үзсэн ба үүнээс болж тэд олноороо буцаж, “цаашид Түүнтэй хамт явсангүй.”
Тэд яагаад буцсан бэ?
Яагаад гэвэл Түүний хэлсэн зүйлс тэдэнд таалагдаагүй. Тиймээс тэд өөрсдийн үзэл бодолд найдан, цааш явсан ба үлдсэн бол ирэх байсан адислалуудаасаа өөрсдөө татгалзсан юм.
Бидний бардамнал мөнхийн үнэнүүдийг хүлээн авахад саад болдог. Бид ойлгохгүй байгаа үедээ түр завсарлаад, сэтгэл санаагаа тайвшруулаад, дараа нь хэрхэн хандахаа шийдэж болно. Аврагч биднийг “Бодол болгондоо [Түүнд] хандагтун; бүү эргэлз, бүү ай” хэмээн урьсан. Биднийг Аврагч дээр төвлөрөх үед итгэл маань санаа зовнилыг ялан дийлж эхэлдэг.
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф биднийг “итгэлдээ эргэлзэхээсээ өмнө эргэлзээндээ эргэлз. Эргэлзээ биднийг олзлон авч, Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлээр дамжин ирдэг хайр, амар амгалан, бэлгүүдээс маань холдуулахыг бид хэзээ ч зөвшөөрч болохгүй.” хэмээн урамшуулдаг.
Үлдсэн хүмүүст адислал ирдэг
Тэр өдөр дагаж байсан хүмүүсийг Аврагчаас холдон явах үед Тэр арван хоёртоо “Та нар бас явахыг хүсэж байна уу?” гэхэд
Петр хариуд нь
“Эзэн, бид хэн уруу явах юм бэ? Мөнх амийн үгс Танд байна.
“Та бол Бурханы Ариун Нэгэн мөн гэдэгт бид итгэсэн мөн таньж мэдсэн” гэжээ.
Төлөөлөгчид цааш явсан дагалдагчдын адил дэлхийд амьдарч, адил нийгмийн дарамтуудад өртөж байсан ч энэ мөчид итгэлээ сонгож, Бурханд итгэснээр Бурханы үлддэг хүмүүст өгдөг адислалуудыг авах боломжтой болсон.
Та нарт заримдаа надтай адил энэ хоёр сонголт хоёулаа тохиолдож байсан байх. Бид Бурханы хүслийг ойлгож, хүлээн зөвшөөрөх хэцүү үед Тэр биднийг байгаагаар маань, хаана байгаагаас маань үл хамааран хайрладгийг санах нь биднийг тайтгаруулдаг. Түүнд бидэнд зориулсан илүү дээр зүйл байгаа. Бид Түүнд хандсанаар Тэр бидэнд туслах болно.
Түүнд хандах нь хэцүү байж болох ч хүүгээ эдгээхийг хүссэн эцэгт “Итгэдэгт нь бүх юм боломжтой” хэмээн Аврагч айлдсан. Бид ч бас хүнд хэцүү үедээ “Итгэлгүй байгаад минь туслаач” хэмээн гуйж болно
Өөрсдийн хүслийг Түүнийхтэй нийцүүл
Ахлагч Нийл А.Максвэлл нэг удаа “Түүний тааллыг дуулгавартай дагах нь Бурханы тахилын ширээнд өргөх бидний нэн хувийн онцгой өргөл юм” гэж заасан. Хаан Бенжамин өөрийн хүмүүсийг “хүүхэд шиг хүлцэнгүй, номхон, даруухан, тэвчээртэй, хайраар дүүрэн болж, бүр хүүхэд эцэгтээ захирагддаг шиг Их Эзэний түүн дээр ноогдуулах бүх зүйлийг хүлцэхэд” бэлэн болгохыг хүссэнд гайхах зүйлгүй юм.
Аврагч бидэнд үргэлж төгс үлгэр жишээ үзүүлдэг. Тэр гүйцэлдүүлэх ёстой хүндхэн даалгавраа ухаарч, шаналж байсан ба Мессиагийн эрхэм зорилгоо биелүүлж, та бидэнд мөнхийн амлалтуудыг нээж өгч Өөрийгөө Эцэгийнхээ хүсэлтэй нийцүүлсэн.
Өөрийн хүслийг Бурханыхтай нийцүүлэх сонголт нь шавь бидний зүрх сэтгэлд орших итгэлийн үйлдэл билээ. Энэ сонголтыг хийснээр бидний сонгох эрх багасдаггүй, харин ч томордог төдийгүй бидний өөр хаанаас ч олж авч чадахгүй зорилго, баяр баясгалан, амар амгалан, итгэл найдварыг авчирдаг тэрхүү Ариун Сүнсний дэргэд байх боломжтой болдгийг мэдэж авцгаадаг.
Хэдэн сарын өмнө би нэг гадасны ерөнхийлөгчтэй гадасных нь нэг эгч, түүний насанд хүрсэн хүү хоёр дээр айлчилж очсон юм. Тэр эмэгтэй олон жил Сүмээсээ холдож хэцүү бэрх замаар төөрсний эцэст эргэн ирсэн байв. Тэднийд байхдаа бид эргэж ирэх болсон шалтгааныг нь асуув.
“Би амьдралаа орвонгоор нь эргүүлсэн ч хаана байх ёстойгоо мэдэж байсан” гэж тэр хэлэв.
Би дараа нь түүнээс аяллаасаа юу сурч мэдсэнийг нь асуув.
Тэр сүмд ирээгүй удсан зуршлаасаа салахын тулд сүмдээ хангалттай их ирэх хэрэгтэй байгаа ба байхыг хүсдэг газар нь болтол явдаг болох хэрэгтэйгээ ойлгосон гэж сэтгэл хөдлөн хуваалцсан. Түүний хувьд эргэж ирэх амаргүй байсан ч Эцэгийн төлөвлөгөөн дэх итгэлээ хөгжүүлснээр Сүнсийг дахин мэдэрчээ.
Тэр мөн “Бурхан бол сайн бас Түүний зам минийхээс дээр байдгийг ойлгосон” гэв.
Бидэнд хайртай Бурхан болох Мөнхийн Эцэгийнхээ тухай мөн биднийг аварсан Түүний Хүү, Есүс Христийн тухай би гэрчилж байна. Тэд бидний зовлон бэрхшээлийг мэднэ. Тэд биднийг хэзээ ч орхихгүй бас бидэнд хэрхэн туслахаа төгс мэддэг. Бид Тэдэнд хэнээс ч, юунаас ч илүү найдсанаар илүү баяр баясгалантай байж чадна. Есүс Христийн ариун нэрээр, амен.