Бидний гэтэлгэлийн баяр баясгалан
Есүс Христийн хайр мөн хүч бидний хүн нэг бүрийг алдаа, сул тал болон нүглээс маань аварч, илүү сайн болоход маань тусалдаг.
Арав орчим жилийн өмнө надад Аврагчийн хөргийг зурах сүнслэг мэдрэмж төрсөн юм. Би өөрөө уран зураач ч гэсэн зурж хүчрэхээргүй санагдсан. Би Есүс Христийн Сүнсийг илэрхийлсэн хөрөг зургийг хэрхэн зурах вэ? Би хаанаас эхлэх ёстой вэ? Би үүнд зориулах цагийг яаж гаргах вэ?
Иймэрхүү асуултууд гарч байсан ч би Их Эзэн надад тусална гэж найдаад, зурж эхлэхээр шийдэв. Гэхдээ би зургаа үргэлжлүүлж, боломжит хувилбаруудыг Түүнд даатгах хэрэгтэй байлаа. Би залбирч, тунгаан бодож, судалж, хар зураг гаргаж; тусламж болон эх сурвалж олж авч адислагдсан. Цагаан зотон даавуу маань амилж эхлэх нь тэр.
Үйл явц амаргүй байлаа. Заримдаа энэ нь миний найдаж байсан шиг харагдахгүй байсан. Заримдаа сүнслэгээр өдөөгдсөн санаа, зураас орж ирэх мөчүүд ч байв. Мөн маш олон удаа, ахин дахин оролдох хэрэг ч гарч байлаа.
Тосон зургаа эцэст нь зурж дууссан. Тэгээд би хатсан гэж бодоод тоос шорооноос хамгаалахаар тунгалаг лак түрхэж эхэлсэн юм. Ийн түрхэх зуураа би зурган дээрх үсний өнгө өөрчлөгдөж, толботож, уусан шингэрч байгааг анзаарлаа. Би дэндүү яарч лак түрхсэнээ, зургийн маань тэр хэсэг нойтон хэвээрээ байсныг тэр даруй ухаарсан юм.
Би зурсан зургийнхаа нэг хэсгийг лакаар арччихсан байлаа. Миний дотор палхийгээд явчхав. Бурханы надад хийхэд минь тусалсан зүйлийг сүйтгээд хаячихсан мэт санагдаж байлаа. Би уйлж, дотор минь харанхуйлж байв. Гутарсандаа болоод би ийм байдалд орсон хэний ч гаргадаг үйлдлийг гаргасан. Би ээж рүүгээ залгасан. Тэр ухаалгаар, бас тайвнаар: “Чи өнгөрснийг буцааж чадахгүй шүү дээ, харин одоо өөрт байгаа зүйлээрээ чадах бүхнээ хий” гэж хэлсэн.
Тиймээс би залбирч, тусламж гуйж, зургаа шөнөжингөө засаж будсан. Өглөө нь будсан зургаа харахад өмнөхөөсөө илүү дээр харагдаж байсныг би санаж байна. Яаж ийм болов? Засах боломжгүй алдаа гаргалаа гэж бодсон маань Түүний нигүүлсэнгүй мутраа харуулах боломж байсан байж. Тэр уг хөрөг зураг дээр төдийгүй надтай ажиллаж дуусаагүй байв. Зүрх сэтгэл минь баяр баясгалан, тайтгарлаар дүүрлээ. Би Их Эзэнд нигүүлслийнх нь төлөө, зургийг маань авраад зогсохгүй биднийг алдаа, сул тал болон нүглээс маань аварч, илүү сайн болоход маань тусалдаг Түүний хайр болон хүчний талаар надад илүү ихийг заасан энэхүү гайхамшгийн төлөө Түүнийг магтан дуулсан.
Аврагчийг “засагдашгүй” зургийг засахад минь нигүүлсэнгүйгээр туслах үед Түүнд талархах талархал маань илүү гүнзгийрсэн шиг, намайг сул талууд дээрээ Түүнтэй хамт ажиллаж, алдаа дутагдлынхаа өмнөөс өршөөл эрэлхийлэх үед Аврагчийг хайрлах хайр, талархал минь өсөн нэмэгдсэн юм. Би өөрчлөгдөж, цэвэр болж чадна гэдэгтээ Аврагчдаа мөнхөд талархах болно. Би Түүнд зүрх сэтгэлээ өгдөг бөгөөд Түүний надаар хийлгэхийг хүсэж байгаа бүхнийг хийж, намайг болоосой гэж хүсэж байгаа тэр хүн нь болно гэж би найдаж байна.
Наманчлах нь бидэнд Бурханы хайрыг мэдэрч, өөр ямар ч арга замаар мэдэж чадахгүй тийм арга замаар Түүнийг мэддэг болж, хайрлах боломжийг олгодог. Аврагчийн хөлийг тосолсон эмэгтэйн талаар Тэрээр: “Түүний олон нүгэл уучлагдсан. Учир нь тэр их хайрласан. Харин багахан уучлагдсан нь бага хайрладаг” хэмээн хэлжээ. Есүс түүнийг ихэд өршөөсөн учраас тэрээр Есүст маш их хайртай байсан.
Дахиад оролдоод үзэж чадна гэдгээ мэдэх нь биднийг маш их тайтгаруулж, найдвар төрүүлдэг. Ахлагч Дэвид А.Бэднарын зааснаар, бид чин сэтгэлээсээ үнэхээр наманчилсан үедээ Ариун Сүнсний ариусгагч хүчээр дамжуулан нүглийнхээ ангижралыг үргэлжлүүлэн хүлээн авч чадна.
Есүс Христийн гэтэлгэгч хүч бол бидний гэрээний хамгийн агуу амлагдсан адислалуудын нэг юм. Ариун нандин ёслолуудад оролцохдоо үүнийг тунгаагаарай . Үүнгүйгээр бид Тэнгэр дэх Эцэгийнхээ болон хайртай хүмүүсийнхээ дэргэд гэртээ буцаж очиж чадахгүй.
Бидний Их Эзэн, Аврагч Есүс Христ аврах хүчтэй гэдгийг би мэднэ. Дэлхийнхний нүглийг цагаатгаж, Өөрийн амийг өгч мөн эргэн амилсан Бурханы Хүүгийн хувьд Тэрээр гэтэлгэлийн болон амилуулалтын хүчийг атгадаг. Тэрээр бүх хүнд үхэшгүй байдлыг, мөн Өөрийг нь сонгох хүмүүст мөнх амьдралыг боломжтой болгосон. Түүний цагаатгагч золиослолоор дамжуулан бид наманчилж мөн үнэхээр цэвэршигдэн, гэтэлгэгдэж чадна гэдгийг би мэднэ. Тэрээр та биднийг ийм байдлаар хайрладаг нь гайхамшиг билээ.
“Би та нарыг эдгээж болохын тулд та нар эдүгээ надад эргэн ирж, мөн нүглүүдээ наманчилж, мөн хөрвүүлэгдэхгүй гэж үү?” хэмээн Тэрээр хэлсэн. Тэр та нарын бодгалийн “хоосорсон газруудыг—нүгэл, харууслаас болж хуурайшиж, хатаж, зэлүүд болсон газруудыг— эдгээж, мөн “[таны] зэлүүд талыг Еден шиг” болгож чадна.
Бид Гетсемани дахь мөн загалмай дээрх Христийн шаналлын зовлон, цар хэмжээг ойлгож чадахгүйтэй адил, бид “Түүний бурханлаг өршөөлийн болон нигүүлсэл, хайрын хязгаарыг хэмжиж, цар хэмжээг нь ойлгож чадахгүй.
Заримдаа танд өөрийн хийсэн зүйлээс эсвэл өөрт тулгарсан бэрхшээлээс болж гэтэлгэгдэх боломжгүй гэж мөн та Бурханы хайрын болон Аврагчийн цагаатгах хүчний хүрээнээс гадуур байгаа гэж санагдаж болох юм. Гэхдээ Эзэний мутар хүрч чадахгүй газар гэж үгүй гэдгийг би гэрчилж байна. Аврагч “бүхнээс хэцүүг туулсан” бөгөөд хамгийн харанхуй нүхнээс та нарыг гаргаж, аврах, “өөрийн гайхамшигт гэрэл рүү” авчрах бурханлаг байр суурьтай. Тэр өөрийн шаналал зовлонгоор дамжуулан бидний хүн нэг бүрд хувийн сул тал, нүглээ ялан дийлэх арга замыг бэлдэж өгсөн. “Тэрээр өөрийнх нь нэрэнд итгэдэг мөн наманчлалд нийцэх үр жимсийг гаргадаг хүн бүрийг аврах бүх хүчийг эзэмшдэг.”
Би зургаа засахын тулд тэнгэрийн тусламжийг гуйж, хөдөлмөрлөх шаардлагатай байсан шиг, “наманчлалд нийцэх үр жимсийг” авчрахын тулд хөдөлмөрлөж, чин сэтгэлээсээ хандан, даруу байх ёстой. Эдгээр үр жимсэнд Есүс Христэд болон Түүний цагаатгагч золиослолд итгэх итгэлээ хэрэгжүүлж, найдах, Бурханд харууссан зүрх, гэмшсэн сэтгэлээ өргөх, нүглээ тоочин мөн орхих, гэмтээснээ чадварынхаа хэрээр сэргээх, мөн зөв шударгаар амьдрахыг хичээх зэрэг нь багтана.
Үнэхээр наманчилж, өөрчлөгдөхийн тулд эхлээд “бид нүглүүдээ … ойлгох” хэрэгтэй. Хүн өөрийгөө өвчтэй гэдгийг ухаарахаас нааш эм уух хэрэгтэй гэдгээ мэддэггүй. Заримдаа бид өөрсдийнхөө дотогш өнгийн харж, яг юуг эдгээж, засах хэрэгтэй байгааг харах хүсэлгүй байдаг.
К.С.Лүисийн зохиолд, өөрөө өөрийнхөө арганд унасан хүнд Аслан дараах үгсийг хэлсэн байдаг: “Ай [хүн төрөлхтөн], өөрсдөдөө тустай байж болох зүйлсээс та нар ямар ухаалгаар өөрсдийгөө хамгаалдаг юм бэ?”
Бидэнд тустай байж болох эдгээр зүйлээс та бид өөрсдийгөө хэрхэн хамгаалж байж болох вэ?
Бурханы биднийг адислахыг хүсдэг сайн зүйлсээс өөрсдийгөө хамгаалахгүй байцгаая. Биднийг мэдрээсэй гэж Түүний хүсдэг хайр, нигүүлслээс, бидэнд цутган өгөхийг хүсдэг гэрэл, мэдлэгээс, Түүний бидэнд зайлшгүй хэрэгтэй гэдгийг мэддэг тэрхүү эдгэрлээс, Түүний бүх хөвгүүн, охинд зориулагдсан гэрээний илүү гүн гүнзгий харилцаанаас өөрсдийгөө хамгаалахгүй байцгаая.
Бурханы хайраас ирэх адислалуудаас өөрсдийгөө хамгаалахаар бид санаандгүй эсвэл санаатай өргөсөн “дайны зэр зэвсгээ” буулгаасай гэж би залбирч байна. Бардамнал, амин хувиа хичээх үзэл, айдас, үзэн ядалт, бусдыг гомдоох, өөртөө бардах, шударга бусаар шүүх, атаа жөтөөний зэр зэвсгийг буюу өөрсдийн бүх зүрх сэтгэлээр Бурханыг хайрлах, Түүнтэй байгуулсан өөрсдийн бүх гэрээг сахихад саад болох бүхнийг доош буулгаасай.
Биднийг гэрээнүүдийнхээ дагуу амьдрах үед Их Эзэн бидэнд бардамналаас ирдэг сүнслэг байдлын шимэгч хорхой зэрэг сул талуудаа таньж ойлгох, даван туулах тусламж, хүч чадлыг өгнө. Бошиглогч маань:
“Наманчлал нь цэвэр ариун байдалд хүрэх зам бөгөөд цэвэр ариун байдал нь хүч чадлыг авчирдаг.”
“Ай, ирэх өдрүүдэд Түүний хүч бидэнд ямар их хэрэгтэй гээч” хэмээн хэлсэн.
Миний зураг зурсантай адил, биднийг алдаа гаргах үед Их Эзэн хаяж орхидоггүй, бас хүнд нөхцөл байдлаас зугтдаггүй. Бидний эдгэрэх, тусламж авах хэрэгцээ Түүнд хүнд ачаа болдоггүй, харин энэ нь Түүний ирсэн гол шалтгаан юм. Аврагч Өөрөө ийнхүү хэлсэн.
“Болгоогтун, дэлхийнхэнд гэтэлгэл авчрахаар, дэлхийнхнийг нүглээс нь аврахаар би дэлхийнхэнд ирсэн бөлгөө.”
“Болгоогтун, миний нигүүлслийн мутар та нарын зүг сунгаастай байна, мөн ирэх хэнийг боловч, түүнийг би хүлээн авах болно; мөн надад ирэх тэд адислагдсан болой.”
Тиймээс ядарсан, эцсэн, гунигласан та нар ирэгтүн, та нарыг хамгийн ихээр хайрладаг Түүнд ирээд ачаагаа буулгаж, амралтыг олоорой. Тэр та нарыг амраана, учир нь Тэр зүрх сэтгэлдээ дөлгөөн бөгөөд даруу билээ.
Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёр маань та нарыг хардаг. Тэд зүрх сэтгэлийг тань мэддэг. Тэд таны санаа тавьдаг зүйлс, таны хайртай хүмүүст санаа тавьдаг.
Аврагч алдагдсаныг төдийгүй муудаж, хагарсан харилцааг гэтэлгэж чадна. Унасан бүгдэд, үхмэл найдваргүй санагдсан бүгдэд амь өгөн, гэтэлгэх арга замыг Тэрээр бэлтгэсэн юм.
Өдийд ялан дийлчихсэн байх ёстой гэж бодож байгаа асуудалтайгаа тэмцэлдсээр байгаа бол битгий бууж өгөөрэй. Өөртөө тэвчээртэй хандаж, гэрээнүүдээ сахин, үе үе наманчилж, шаардлагатай бол удирдагчдаасаа тусламж эрэлхийлж, чадахынхаа хэрээр Их Эзэний өргөө рүү тогтмол оч. Түүний танд өгөх өдөөлтүүдийг сонсож, анхааран дага. Тэр тантай байгуулсан гэрээт харилцаагаа таслахгүй.
Миний амьдралд бэрхшээлтэй, сайжруулахыг чин сэтгэлээсээ хичээдэг байсан хэцүү, ярвигтай холбоо харилцаанууд байсан. Заримдаа надад чадахаасаа илүү чадахгүй байгаа нь их мэт санагддаг байлаа. Би өнгөрсөн удаа үүнийг засаагүй байсан юм байх даа? Би сул талаа үнэхээр даван туулаагүй юм байх даа? гэж гайхширах үеүд байсан. Он цагийн туршид би өөрийгөө гэмтэл согогтой биш, харин анхаарч ажиллах хэрэгтэй илүү их зүйл, эдгээх хэрэгтэй зүйлс байгаа юм байна гэдгийг олж мэдсэн.
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон: “Сул талаа хүчтэй тал болгохын төлөө өөртөө зохистойгоор шүүмжтэй хандаж, өдөр бүр няцашгүй хөдөлмөрлөж буй хүмүүсийг хараад, гарцаагүй Их Эзэн баярлаж байгаа. Жинхэнэ наманчлал, жинхэнэ өөрчлөлт олон удаагийн зүтгэлийг шаардаж магадгүй. Гэвч ийм хичээл зүтгэлд ямар нэгэн сайн сайхан, цэвэр ариун зүйл байдаг бөгөөд бурханлаг уучлалт, эдгээлт тэдгээр наманчилдаг бодгальд урсан ирдэг” гэж заажээ.
Өдөр бүр Есүс Христийн улмаас найдвар, боломжоор дүүрэн шинэ өдөр байдаг. Ева эхийн тунхагласнаар, та бид “бидний гэтэлгэлийн баяр баясгалан,” бүрэн эдгэрэхийн баяр баясгалан, таны төлөөх Бурханы хувиршгүй хайрыг мэдрэхийн баяр баясгаланг өдөр бүр мэдэрч чадна.
Бидний Тэнгэр дэх Эцэг, Аврагч хоёр танд хайртай гэдгийг би мэднэ. Есүс Христ бол бүх хүн төрөлхтний Аврагч мөн Гэтэлгэгч. Тэр амьд. Түүний цагаатгагч золиослол нь нүгэл болон үхлийн хүлээсийг үүрд эвдсэн учраас бид эдгээгдэх, гэтэлгэгдэх, хайртай хүмүүстэйгээ үүрд амьдрахыг сонгох эрх чөлөөтэй. Энэ бүгдийг би Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.