Ерөнхий чуулган
“Энэ бол Миний сайн мэдээ”—“Энэ бол Миний Сүм”
2024 оны 10-р сарын Ерөнхий чуулган


13:49

“Энэ бол Миний сайн мэдээ”—“Энэ бол Миний Сүм”

Энэ бол Аврагчий сайн мэдээ, мөн энэ бол Түүний Сүм (3 Нифай 27:21; Мозая 26:22; 27:13-ыг үзнэ үү). Энэ хоёр нэгдэл хүчтэй бас хувиран өөрчлөх чадальай.

Олон зууны турш, хар дарь нь хамгийн хүчтэй тэсрэх бодис байв. Уг дарь нь их бууны бөөрөнхий сумыг хөөргөж чадах ч уул уурхай, зам барилгын ихэнх ажилд үр дүн муутай, чулууг бутлахад ч хүч нь хүрдэггүй байлаа.

1846 онд Италийн химич Асканио Собрэро нитроглицерин гэх шинэ тэсрэх бодисыг синтезэд оруулан гарган авчээ. Энэхүү тослог шингэн нь хар дариас дор хаяж мянга дахин хүчтэй байсан бөгөөд чулууг юу ч үгүй булталж байв. Харамсалтай нь нитроглицерин тогтворгүй байсан юм. Жаахан өндрөөс унагахад л дэлбэрнэ. Хэт халуун болбол бас л дэлбэрнэ. Хэт хүйтэн болбол мөн л дэлбэрнэ. Тэр ч бүү хэл сэрүүн, харанхуй өрөөнд тусад нь байлгасан ч дэлбэрэх байв. Ихэнх улс оронд үүнийг тээвэрлэх болон үйлдвэрлэхийг хориглосон байж.

1860 онд Шведийн эрдэмтэн болох Альфред Нобель нитроглицеринийг тогтворжуулах оролдлого хийж эхэлжээ. Долоон жилийн туршилтын эцэст тэр нитроглицеринийг хоёр атомт шороо болох кизельгур гэгддэг бараг үнэ цэнгүй бодист шингээх замаар зорилгодоо хүрэв. Кизельгур бол нарийн ширхэгт нунтаг болгон буталж болдог сүвэрхэг чулуулаг юм. Нитроглицеринтэй холиход кизельгур нь нитроглицеринийг өөртөө шингээдэг бөгөөд бий болсон зуурмагийг “савхан” хэлбэрт оруулж болдог байна. Ийм хэлбэрээр нитроглицериний бүтэц хамаагүй тогтвортой болсон ба тэсрэх хүчийг нь алдагдуулалгүйгээр найдвартай хадгалж, тээвэрлэж, ашиглах боломжтой болов. Нобель нитроглицерин, кизельгур хоёрын нэгдлийг “динамит” гэж нэрлэжээ.

Динамит дэлхийг өөрчилсөн. Энэ нь бас Нобелийг баян болгосон юм. Асканио Собрероийн олж мэдсэнээр тогтворжуулагчгүйгээр нитроглицеринийг өргөн хэрэглэнд ашиглах маш аюултай байв. Харин кизельгур нь дангаараа үнэд хүрэхгүй байх байсан. Гэхдээ энэ хоёр бүрэлдэхүүн нэгдсэнээр динамитыг хувьсган, үнэтэй болгосон юм.

Үүний нэгэн адил Есүс Христийн сайн мэдээ, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хоёрын нэгдлийн ачаар бид хүчирхэгжиж, хувиран өөрчлөгдөх боломжтой. Сайн мэдээ төгс боловч үүнийг номлож, цэвэр ариун байдлыг нь хадгалж, Аврагчийн хүч чадал, эрх мэдлээр ариун нандин ёслолуудыг нь гүйцэтгэхийн тулд тэнгэрлэгээр итгэмжлэгдсэн сүм байх шаардлагатай.

Мормоны Номын бошиглогч Алмагийн байгуулсан Христийн Сүм болон Аврагчийн сайн мэдээний нэгдлийг авч үзэцгээе. Сүмийн үүрэг бол “наманчлалаас мөн өөрийн хүмүүсийг [гэтэлгэх] Их Эзэнд итгэх итгэлээс өөр юуг ч номлох ёсгүй” байв. Сүм нь Бурханы эрх мэдлийг ашиглан “түүнд үйлчилж мөн түүний зарлигуудыг сахина хэмээн гэрээ хий[ж байгаагаа] түүний өмнө гэрчилж, Их Эзэний нэрээр” баптисм хүртээх ёслолыг гүйцэтгэх үүрэгтэй байжээ. Баптисм хүртсэн хүмүүс Есүс Христийн нэрийг өөрсдийн дээр авч, Түүний Сүмд нэгдэж, Сүнс элбэгээр юүлэх замаар агуу хүчийг хүртэх амлалтыг хүлээн авсан.

Хүмүүс Алмагийн сайн мэдээ номлохыг сонсохоор Мормоны усанд цугларч байжээ. Хэдийгээр тэд тэрхүү ус гол, ой моддыг хүндэлдэг байсан ч Их Эзэн Сүм байршил, байр барилга биш бөгөөд өнөөдөр ч тийм хэвээр. Сүм бол Их Эзэнд зорилгоо биелүүлэхэд нь тусалдаг, тэнгэрлэгээр томилогдсон бүтцэд цугларч, зохион байгуулагдсан энгийн хүмүүс, Есүс Христийн шавь нар юм. Сүм нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд гүйцэтгэдэг Есүс Христийн чухал үүргийн талаар суралцах хэрэгсэл билээ. Сүм хувь хүмүүст эрх бүхий арга замаар ёслолуудад оролцож, Бурхантай мөнхийн гэрээ байгуулах боломжийг олгодог. Эдгээр гэрээг сахих нь биднийг Бурханд илүү ойртуулж, Түүний хүч чадлаас хүртэх боломжийг бидэнд олгож, Түүний хүссэн тэр хүн нь болгон өөрчилдөг.

Динамит нь нитроглицерингүйгээр гайхалтай байж чадахгүйн адил Аврагчийн Сүм Түүний сайн мэдээн дээр суурилсан байж л онцгой байх юм. Аврагчийн сайн мэдээ, сайн мэдээний ёслолуудыг гүйцэтгэх эрх мэдэлгүйгээр Сүм нь бусдаас онцгой байхгүй байх байсан.

Кизельгурийн тогтворжуулах нөлөөгүйгээр нитроглицерин нь тэсрэх бодисын хувьд үр ашиг бага байх байв. Түүх харуулсанчлан, Их Эзэний Сүмгүйгээр Түүний сайн мэдээний талаарх хүн төрөлхтний ойлголт тогтворгүй, сургаалын хувьд хувирч өөрчлөгдөн, өөр өөр шашин, соёл, гүн ухааны нөлөөнд автах байсан. Энэ сүүлчийн эрин үе хүртэл эдгээр нөлөөлөл нь өнгөрсөн эрин үе бүрд илэрсэн байдаг. Хэдийгээр сайн мэдээ эхэндээ цэвэр ариун байдлаараа илчлэгдсэн ч тэнгэрлэг эрх мэдэл бүхий бүтэц байхгүй байсан учраас сайн мэдээний тайлбар, мөн хэрэглээ аажим аажмаар бурханлаг байдлын дүр төдий хүчгүй хэлбэрт орсон юм.

Бурхан Христийн сургаалыг заах, сайн мэдээний аврал, өргөмжлөлийн ёслолуудыг гүйцэтгэх эрх аль алиныг нь олгосон учраас Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь Бурханы хүчнээс хүртэх боломжийг олгодог. Аврагч бидний нүглийг уучлахыг хүсдэг, мөн Өөрийнх нь хүч чадлаас хүртэж, өөрчлөгдөхөд бидэнд тусалдаг. Тэр бидний гэм нүглийн төлөө зовж шаналсан бөгөөд зүй ёсоор хүртэх ёстой тэрхүү шийтгэлээс маань биднийг өршөөхийг маш их хүсдэг. Тэр биднийг ариун болж, Түүгээр төгөлдөржөөсэй хэмээн хүсдэг.

Есүст үүнийг үйлдэх хүч чадал бий. Тэр зүгээр л бидний төгс бус байдлыг ойлгон өрөвдөж, нүглийн маань үр дагавар болох мөнхийн ялд маань гашуудаад өнгөрөөгүй. Тийм ээ, Тэр түүнээс илүүг, цаглашгүй ихийг бүтээж, Түүний хүнээс хүртэх боломжийг олгохын тулд Сүмээ сэргээсэн.

Сүмийн заадаг сайн мэдээний гол цөм нь Есүс Христ “бидний сул дорой байдлыг тээж, өвчин зовлонг маань үүр[сэн]. Тэр “бүгдийн маань хилэнцийг [Өөртөө] … тох[он], “загалмайг тэвчиж,” “үхлийн хүлээсийг тасч[ин],” “тэнгэр өөд дээшлэн од[ож], … өөрийн нигүүлслийн эрхийг Эцэгээсээ шаардахаар Бурханы баруун мутар талд суу[сан]” явдал юм. Аврагч Эцэгтээ бас бидэнд хайртай болохоор энэ бүгдийг гүйцэтгэсэн. Тэрээр “өөрт итгэлтэй тэд бүгдийн дээр эрхтэй; мөн … [тэднийг буюу биднийг] өмгөөл[өхийн]” тулд үүний хэмжээлшгүй их төлөөсийн аль хэдийн төлсөн. Юу юунаас илүү Есүс Христ биднийг зөвтгөж, ариусгахын тулд биднээс наманчилж, Түүнд ирээсэй хэмээн хүсдэг. Түүний энэ хүсэл няцашгүй бөгөөд гуйвшгүй.

Бурханы гэрээний хүч болон гэрээний хайрыг Түүний Сүмээр дамжин хүртдэг. Аврагчийн сайн мэдээ, Түүний Сүмийн нэгдэл бидний амьдралыг өөрчилдөг. Энэ нь миний ээжийн талын өвөө эмээг өөрчилсөн юм. Миний өвөө Оскар Андэрссон Стокхолмын арлуудын нэг Хогмарсо арал дээрх усан онгоцны үйлдвэрт ажилладаг байсан. Түүний эхнэр Албэртина хүүхдүүдийнхээ хамт Шведийн эх газарт амьдардаг байв. Хоёр долоо хоног бүрийн бямба гарагт Оскар амралтынхаа өдрөөр завиараа гэртээ харьж, ням гаргийн орой Хогмарсод буцаж ирдэг байж. Нэгэн өдөр Хогмарсод байхдаа тэр хоёр америк номлогч Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг номлож байхыг сонсжээ. Оскар сонссон зүйл нь цэвэр үнэн гэдгийг мэдэрч, үгээр илэрхийлэшгүй баяр баяслаар дүүрсэн аж.

Оскар дараа нь гэртээ ирэхдээ номлогчдын талаар мэдэх бүхнээ Албэртинад ярьж өгчээ. Тэр номлогчдын заасан зүйлд итгэж байгаагаа тайлбарлажээ. Тэр эхнэрээсээ номлогчдын өгсөн товхимлуудыг уншихыг хүсэн, цаашид төрөх аль ч хүүхдэдээ нярай байхад нь баптисм хүртээх ёсгүй гэж бодож буйгаа хэлэв. Албэртина уурлаж, товхимлуудыг овоолсон хог руу шиджээ. Оскарыг ням гаргийн орой ажилдаа эргэж явах хүртэл тэд хоорондоо бараг ярьсангүй.

Түүнийг явмагц Албэртина товхимлуудыг гаргаж ирэв. Тэр сургаалуудыг нь өөрийн хуучирсан Библи дээрх сургаалуудтай сайтар харьцуулжээ. Уншсан зүйл нь үнэн гэдгийг мэдрээд тэр гайхав. Дараагийн удаа Оскарыг гэртээ ирэхэд эхнэр нь түүнийг болон авчирсан Мормоны Номынх нь хувийг нь халуун дотноор угтан авсан байна. Албэртина сургаалыг нь Библи дэх сургаалтай дахин харьцуулж шимтэн уншжээ. Оскарын адил тэр цэвэр үнэнийг ялган таньж, үгээр хэлж илэрхийлэхийн аргагүй баяр баясгалангаар дүүрсэн юм.

Оскар, Албэртина хоёр хүүхдүүдийнхээ хамт Хогмарсо руу тэндхийн Сүмийн цөөн хэдэн гишүүнтэй ойр байхын тулд нүүжээ. 1916 онд, Оскар, Албэртина хоёрыг баптисм хүртсэнээс хойш долоо хоногийн дараа Оскарыг Хогмарсогийн бүлгийн ахлагчаар дуудсан юм. Олон хөрвөгчийн нэгэн адил Оскар, Албэртина хоёр итгэл үнэмшлийнхээ улмаас нүд үзүүрлэгдэж байв. Орон нутгийн фермерүүд тэдэнд сүү зарахгүй байсан тул Оскар арай хүлээцтэй фермерээс сүү худалдаж авахаар өдөр бүр хавцлын дундуур завиар явж очдог байж.

Гэсэн хэдий ч он жилүүд өнгөрсөөр Албэртинагийн хүчирхэг гэрчлэл, номлогчийн шаргуу хичээл зүтгэлийн ачаар Хогмарсогийн Сүмийн гишүүдийн тоо нэмэгджээ. Бүлэг нь салбар болох үед Оскарыг салбарын ерөнхийлөгчөөр дуудсан аж.

Хогмарсо салбарын гишүүд арлаа хүндлэн дээдэлдэг байв. Тэр арал бол тэдний хувьд Мормоны ус байв. Тэд тэнд байхдаа Гэтэлгэгчийнхээ талаар мэдэж авсан билээ.

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Оскар, Албэртина хоёр баптисмынхаа гэрээг сахиж, Есүс Христийн хүчээр өөрчлөгдсөн юм. Тэд өөр олон гэрээ байгуулж, ариун сүмийн адислалуудыг хүлээн авахыг ихэд хүсэж байв. Уг адислалуудыг авахын тулд тэд 1949 онд Швед дэх гэр орноо орхин Солт Лэйк Сити рүү эргэж буцалтгүй цагаачилжээ. Оскар 33 жилийн турш Хогмарсо дахь гишүүдийн удирдагчаар үйлчилсэн юм.

Нитроглицерин, кизельгур хоёрын нэгдэл динамитыг үнэ цэнтэй болгосон. Харин Есүс Христийн сайн мэдээ, Түүний Сүм хоёрын нэгдлийг үнэлэхийн аргагүй. Бурханы бошиглогч Швед рүү номлогчдыг дуудаж, томилж, илгээсэн учраас Оскар, Албэртина хоёр сэргээгдсэн сайн мэдээг сонссон. Тэнгэрлэгээр итгэмжлэгдсэн номлогчид Христийн сургаалыг зааж, санваарын эрх мэдлээр Оскар, Албэртина хоёрт баптисм хүртээсэн. Гишүүдийн хувьд Оскар, Албэртина хоёр үргэлжлүүлэн суралцаж, өсөж хөгжин, бусдад үйлчилсэн. Тэд байгуулсан гэрээнүүдээ сахисан учраас хожмын үеийн гэгээнтнүүд болсон юм.

Аврагч Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг “Миний Сүм” гэж нэрлэдэг учир нь Тэр сайн мэдээг нь номлох, ёслолыг нь гүйцэтгэх, гэрээг нь байгуулах замаар Түүний хүч чадалд биднийг зөвтгөж, ариусгах боломжийг олгохын тулд Өөрийнх нь зорилгыг гүйцэлдүүлэх үүргийг энэ Сүмд итгэмжлэн даалгасан. Түүний Сүмгүйгээр ямар ч эрх мэдэл, Түүний нэрээр илчилсэн үнэний ямар ч номлол, ямар ч ёслол, гэрээнүүд, ямар бурханлаг чанарын хүчний илэрхийлэл байхгүй байхын зэрэгцээ бид Бурханы биднийг болоосой гэж хүссэн тэр хүн нь болон хувирахгүй, Бурханы хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөө ямар ч ач холбогдолгүй байх байсан. Энэ эрин үе дэх Сүм бол Түүний төлөвлөгөөний салшгүй нэгэн хэсэг юм.

Би та бүхнийг өөрсдийгөө Аврагчид, Түүний сайн мэдээнд, мөн Түүний Сүмд илүү бүрэн зориулахыг урьж байна. Ийн зориулснаар та нар Аврагчийн сайн мэдээ, Түүний Сүм хоёрын нэгдэл амьдралд тань хүч чадал авчрахыг олж мэднэ. Энэ хүч чадал динамитаас ч илүү хүчтэй. Энэ нь замд тань байгаа хад чулууг буталж, та нарыг Бурханы хаант улсын өв залгамжлагчид болгон хувиргана. Мөн та нар “алдар суугаар дүүрэн мөн үгээр хэлэхийн аргагүй баяслаар дүүргэгдэ[нэ].” Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Хар дарь нь калийн нитрат (сальт), хүхэр, нүүрсний холимог юм. Шаталт нь дууны хурдаар явагддаг тул үүнийг тэсрэлтийн хэмжээ бага, сул дэлбэрэлттэй тэсрэх бодис гэж ангилдаг. Тэсрэлтийн хэмжээ өндөр эсвэл дэлбэрэлт нь хүчтэй тэсрэх бодис нь шатаахаас илүү дэлбэрч, дуунаас хурдан цохилтын долгион үүсгэдэг.

  2. Динамит нь “дэлхий даяар төмөр замын хонгил гаргах, бохирын систем тавих, метроны бүтээн байгуулалтын ажлууд урьд өмнө хэзээ ч байгаагүй хэмжээгээр өссөн. Энэхүү инженерийн томоохон төслүүдийг үүний хянах [боломжтой] дэлбэрэлтгүйгээр хэрэгжүүлэх боломжгүй байх байсан. 19-р зууны эцэс, 20-р зууны эхэн үеийн бараг бүх гайхамшигт инженерийн бүтээлүүд болох Лондонгийн метро, ​​Бруклиний гүүр, тив дамнасан төмөр зам, Панамын суваг зэргийг шинэ тэсрэх бодис дээр ихээхэн тулгуурлан барьсан юм” (Steven Johnson, The Infernal Machine: A True Story of Dynamite, Terror, and the Rise of the Modern Detective [2024], 24).

  3. Нитроглицерин нь дангаараа арилжааны хувьд ашиггүй байсан тул Асанио Собрэро нээлт хийсэн ч баян болж чадаагүй юм. Харин Альфред Нобель 1873 онд Италийн Авиглианад динамитын үйлдвэр барихдаа Собрэрог нитроглицеринийг нээснийг нь үнэлэн хүлээн зөвшөөрч өндөр цалин өгч зөвлөхөөрөө томилсон юм. Собрэро 1888 онд нас барах хүртлээ энэ үүргээ хашсан. (G. I. Brown, The Big Bang: A History of Explosives [1998], 106-г үзнэ үү.)

  4. Хар дарь, нитроглицерин, динамитын түүхтэй танилцах бол Brown, The Big Bang, 1–121-ийг үзнэ үү.

  5. Есүс Христийн сайн мэдээ, Христийн сургаал хоёр ижил утгатай юм.

  6. Мозая 18:7, 20; 25:15, 22-ыг үзнэ үү.

  7. Мозая 18:10

  8. 2 Нифай 31:13-ыг үзнэ үү.

  9. Мозая 18:17; 25:18, 23; Алма 4:4–5; Хиламан 3:24–26; 3 Нифай 28:18, 23-ыг үзнэ үү.

  10. 2 Нифай 31:12–14; Мозая 18:10-ыг үзнэ үү.

  11. Сүм бол Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд ариун нандин гэрээг олгох түлхүүр юм. Тиймээс ариун сүмд хишиг хүртэхдээ гишүүд бүхнээ зориулах хуулийг сахих гэрээ байгуулдаг. Энэ нь тэд “цаг зав, авьяас чадвар, Их Эзэний өөрсдөд нь адислал болгон өгсөн бүхнийг Есүс Христийн Сүмийг дэлхий дээр барьж босгоход зориулна” гэсэн үг юм (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 27.2, Gospel Library).

  12. Рассэлл М.Нэлсон, ““Сүнслэг эрдэнэс,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 82.

  13. Мозая 18:22; Мосе 6:68; Судруудын удирдамж, “Бурханы хөвгүүд охид,” Gospel Library-ийг үзнэ үү.

  14. 3 Нифай 27:13–21-ийг үзнэ үү.

  15. Итгэлийн Тунхаг 1:5-ыг үзнэ үү.

  16. Рассэлл М.Нэлсон, “Санваарын түлхүүрүүд өгөгдсөнд баяс,” Лиахона, 2024 оны 5-р сар; 3 Нифай 27:9–11-ийг үзнэ үү.

  17. Аврагч “бид бүгд итгэхүй ба Бурханы Хүүг мэдэхүй дор нэгдэ[ж], … цаашид хүүхэд байхаа больж, давалгаанд энд тэнд шидэгдэн, аливаа номлолын салхи, хүмүүсийн ов мэх болон зальхай хуйвалдааны башир аргад туугдалгүй” байг гэж “заримыг нь элч, заримыг нь эш үзүүлэгч, заримыг нь сайн мэдээ тунхаглагч, заримыг нь хоньчин ба багш болгосон” (Ефес 4:11–14).

  18. Синкретизм гэдэг нь өөр өөр шашин, соёл, сэтгэлгээний урсгал нэгдэн нийлэхийн техникийн нэр томьёо юм.

  19. Иосеф Смит—Түүх 1:19-ийг үзнэ үү.

  20. Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын Сэргээлт: Дэлхий дахинаа өргөх хоёр зуун жилийн ойн тунхаг,” Gospel Library-ийг үзнэ үү. Энэхүү тунхгийг 2020 оны 4 сарын 5-нд Юта мужийн Солт Лэйк Ситид болсон жил тутмын 190 дэх Ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон захиасныхаа нэгэн хэсэг болгон уншсан (“Түүнийг сонс,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108-ыг үзнэ үү).

  21. Бид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, нүглээ наманчилж, баптисм, хишиг, ариун ёслол гэх мэт ёслолууд дахь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой байгуулсан гэрээнүүдээ сахиснаар Бурханы хүч чадлаас хүртэх боломжтой.

  22. Судруудын удирдамж, “Зөвтгөл,” Gospel Library-ийг үзнэ үү.

  23. Судруудын удирдамж, “Ариусгал,” Gospel Library-ийг үзнэ үү.

  24. Moронай 10:32–33-ыг үзнэ үү.

  25. Еврей 4:15, мөн a зүүлт тайлбарыг үзнэ үү.

  26. Сургаал ба Гэрээнүүд 19:15–18-ыг үзнэ үү.

  27. Исаиа 53:4–12-ыг үзнэ үү.

  28. Еврей 12:2

  29. Мозая 15:23

  30. Моронай 7:27–28; мөн Сургаал ба Гэрээнүүд 45:3–5-ыг үзнэ үү.

  31. Мозая 18:30-ийг үзнэ үү.

  32. Inger Höglund and Caj-Aage Johansson, Steg i Tro: Jesu Kristi Kyrka av Sista Dagars Heliga i Sverige 1850–2000 (2000), 66–67-г үзнэ үү.

  33. Сургаал ба Гэрээнүүд 115:4

  34. Сургаал ба Гэрээнүүд 84:19–21-ийг үзнэ үү.

  35. Хэрэв та Их Эзэний Сүмийн санал болгож буй зүйлийг хүлээн авах юм бол Түүний Сүм төгөлдөржихөөс өмнө Христээр төгс болгогдож чадна. Түүний зорилго Түүний Сүмийг биш харин таныг төгс болгоход оршино. Зүйрлэн хэлэхэд Түүний зорилго хэзээ ч кизельгурыг алмаз болгон хувиргах явдал байгаагүй. Энэ нь таныг шижир алт болгон цэвэршүүлж, Тэнгэрлэг Эцэгийнхээ хаант улсад Түүнтэй хамт өв залгамжлагч болгон аварч, өргөмжлөх явдал байсан. Гэхдээ энэ нь таны зорилго болох ёстой. Энэ бол таны сонголт юм.

  36. Хиламан 5:44