Иеховатай ярьсан тэр нэгэн
Иосеф Смит “эцсийн эринийг нээхээр адислагдсан” байсан ба энэ үүргээ биелүүлсэн учраас бид мөн адислагдсан билээ.
Миний өнөөдрийн, цаашлаад байнгын зорилго бол Есүс Христийг Бурханы хүү, ертөнцийн Бүтээгч, Аврагч мөн бидний Чөлөөлөгч, Гэтэлгэгч гэдгийг гэрчлэх явдал юм. “Манай шашны тулгуур зарчмууд бол Есүс Христийн талаарх … бошиглогч, төлөөлөгчдийн гэрчлэл” учир өнөөдөр би та бүхэнд нэгэн гол төлөөлөгч, бошиглогчийн амьдрал, сургаалаар дамжин хүчирхэгжиж, бэхэжсэн, Аврагчийн талаарх гэрчлэл, мэдлэгээ хуваалцах болно.
Мэргэн ухааны эхлэл
1820 оны хаврын тэргүүн сарын нэгэн цэлмэг сайхан өдрийн өглөө 14 настай хөвгүүн Иосеф Смит гэрийнхээ ойролцоох ойн цоорхойд гэм нүглийнхээ төлөө мөн аль сүмд нэгдэх тухай асуухаар залбирсан юм. Түүний гуйвшгүй итгэлээр чин сэтгэлээсээ залбирсан нь Эцэг, Хүү мөн ертөнцийн хамгийн агуу хүчнүүдийн анхаарлыг татсан юм. Мөн чөтгөрийн ч анхаарлыг татсан. Хүү болон хүүгийн залбирал тэдгээр хүчний сонирхлыг ихээхэн татаж байв.
Одоо бидний Анхны үзэгдэл гэж нэрлэдэг уг үйл явдал нь энэ сүүлчийн эрин үе дэх бүх зүйлийн сэргээлтийн эхлэлийг тавьсан билээ. Харин Иосефын хувьд энэ нь хувийн шинж чанартай, бэлтгэлийн үе байсан. Түүний ганц хүссэн зүйл нь өршөөл, удирдамж байсан. Харин Их эзэн аль алиныг нь өгсөн юм. “[Энэ сүмүүдийн] алинд ч нэгдэх ёсгүй]” гэсэн зааварчилгаа нь удирдан чиглүүлсэн бол харин “нүгэл чинь уучлагдсан” гэсэн үг нь гэтэлгэлийг авчирсан юм.
Анхны үзэгдлээс бидний сурч болох гайхалтай үнэнүүд дундаас Иосефын сурч авсан гол зүйл нь “Би мэргэн ухаанаар дутсан хэн ч гэсэн Бурханаас гуйж мөн олж авах болно гэсэн Иаковын гэрчлэл үнэн болохыг мэдэж авсан юм” хэмээх энгийн үнэн байж болох юм.
“Анхны үзэгдлийн хамгийн чухал захиас нь Бурханы мөн чанар бол мэргэн ухаанаар дутсан хүнд өгөх явдал гэдгийг өнөө үед ойлгуулахад оршдог. … Тэрхүү ариун төгөлд Иосеф Смитэд Өөрийгөө үзүүлсэн Бурхан бол асуудал бэрхшээлийг туулж буй өсвөр үеийнхэнд хариулдаг Бурхан юм” хэмээн нэгэн судлаач хэлжээ.
Ойн төгөлд олж авсан туршлага нь Иосефт үлдсэн амьдралынхаа туршид өршөөл, удирдамжийг эрэлхийлэх итгэлийг өгсөн. Түүний энэ туршлага нь надад ч гэсэн үлдсэн амьдралынхаа туршид өршөөл, удирдамжийг эрэлхийлэх итгэлийг өгсөн юм.
Тогтмол наманчлах нь
Гурван жилийн өмнө ойн төгөлд болсон явдлын улмаас Тэнгэр дахин хариулна гэсэн итгэлтэйгээр 1823 оны 9-р сарын 21-нд Иосеф өршөөл эрэн чин сэтгэлээсээ залбирав. Тэгээд тэр тэнгэрээс хариулт дахин авсан юм. Их Эзэн Иосефт зааварчилгаа өгч, хожим нь Бурханы хүч, бэлгээр дамжуулан түүний орчуулах эртний цэдэг болох Мормоны номын талаар мэдүүлэхээр тэнгэр элч Моронайг Түүн рүү илгээсэн.
Түүнээс хойш бараг 13 жилийн дараа Иосеф, Оливер Каудери хоёр онцгойлон адислагдсан Көртландын шинэхэн ариун сүм дотор хүндэтгэлтэйгээр нам гүм байдалд өвдөг сөгдөн залбирсан юм. Тэд юуны төлөө залбирсныг бид мэдэхгүй ч залбиралдаа өршөөл гуйсан нь илэрхий ба тэднийг өндийхөд Аврагч үзэгдэж, “Болгоогтун, нүглүүд чинь өршөөгдсөн болой та хоёрт, миний өмнө цэвэр болой та хоёр” хэмээн тунхагласан юм.
Энэ үйл явдлаас хэдэн сар, жилийн дараа ч Иосеф, Оливер хоёр дахин, дахин нүгэл үйлдэх байв. Харин тэр үед, яг тэр мөчид тэдний гуйлтын хариулт ирж, санваарын түлхүүрүүдийн гайхамшигт сэргээлтийн бэлтгэл ажил тохиох гэж байсан тэр үед Есүс тэднийг гэм нүглээс нь ангижруулсан юм.
Тогтмол наманчилдаг Иосефын амьдрал надад “өршөөлийг хүлээн авахын тулд нигүүлслийн хаан ширээнд зоримгоор очи[х]” итгэлийг өгдөг. Есүс Христэд төрөлхийн уучлах чанар байдгийг би мэдэж авсан. Буруутгах нь Түүний зорилго, мөн чанар биш юм. Тэр аврахаар ирсэн.
Их Эзэнээс лавлах нь
Их Эзэн “бүхнийг сэргээ[нэ]” гэсэн амлалтынхаа дагуу Иосеф Смитээр дамжуулан Өөрийнх нь сайн мэдээний бүрэн байдлыг агуулсан Мормоны Ном ба бусад илчлэлийг өгсөн. Иосеф удирдамж хүсэн Их Эзэнээс дахин дахин лавласнаар нэн чухал үнэнүүд тодорхой, бүрэн дүүрэн болжээ. Дараах зүйлсийг анхааралдаа аваарай:
-
Есүс бидний гэм нүглийг Өөр дээрээ авахаас гадна өвчин, зүдгүүр, сул дорой байдлыг маань мөн авсан.
-
Түүний цагаатгал шаналлаар дүүрэн байсан ба сүв бүрээс нь цус шүүрэхэд хүргэсэн.
-
Бид чадах бүхнээ хийсний дараа Түүний ач ивээлээр аврагдана.
-
Бид Христ рүү очвол Тэрбээр бидний гэм нүглийг өршөөгөөд зогсохгүй мөн чанарыг маань өөрчлөх ба ингэснээр бид хилэнцийг үйлдэх хүсэлгүй болно.
-
Христ үргэлж Өөрийн хүмүүст ариун сүм барих зарлигийг өгдөг ба тэнд Тэрээр Өөрийгөө үзүүлж, тэнгэрийн хүчээр тэдэнд хишиг хүртээдэг.
Би энэ бүх зүйл үнэн бөгөөд чухал гэдгийг гэрчилж байна. Эдгээр нь Иосефын тасралтгүй гуйсан чиглүүлгийн хариуд өөрөөр нь дамжуулан Есүс Христийн сэргээсэн бүрэн байдлын багахан хэсгийг л төлөөлдөг.
Энэ хаант улсыг урагшлуулах нь
1842 онд Иосеф энэ сүүлчийн эрин үед тохиох гайхалтай зүйлсийн тухай бичсэн байдаг. Тэрээр “дээрх агуу зорилгуудыг гүйцэлдүүлэхийн тулд тэнгэрийн санваар газрынхтай нэгдэх болно. Ийнхүү Бурханы хаант улсыг урагш ахиулахын тулд бид нийтлэг нэгэн зорилгоороо нэгдэхэд, тэнгэрийн санваартнууд зүгээр нэг үзэгчид байхгүй” хэмээн бидний энэ эрин үед тунхагласан.
Иосеф найз Бэнжамин Жонсонд “Бэнжамин, [хэрэв би үхвэл] чамаас холдохгүй. Хөшигний нөгөө талд гарвал, энэ хаант улсыг урагшлуулахаар чамтай хамт нэмэлт агуу хүчээр хөдөлмөрлөсөөр байх болно” гэж бичсэн.
1844 оны 6-р сарын 27-нд Иосеф Смит, түүний ах Хайрум хоёр амиа алдсан билээ. Иосефын бие амар амгаланг олсон ч түүний гэрчлэл дэлхий даяар мөн миний бодгальд дараах байдлаар нөлөөлсөөр байна.
“Би үзэгдэл харсан; би үүнийг мэдэх бөгөөд Бурхан ч үүнийг мэднэ гэдгийг мэднэ, би үүнийг үгүйсгэж чадахгүй.”
“Би төгс хүн хэмээн та нарт огт ярьж байгаагүй. Гэвч та нарт миний заасан илчлэлтүүдэд алдаа мадаг байхгүй.”
“Есүс Христ нас барж, оршуулагдаад гурав дахь өдрөө амилж, тэнгэр рүү одсон хэмээх төлөөлөгч, бошиглогчдын гэрчлэл нь манай шашны үндсэн зарчим юм; манай шашинд хамаатай өөр бусад бүх зүйл үүний зөвхөн хавсралт төдий юм.”
Баптисч Иоханы талаар ярьсан зүйлсэд Иосеф Смитийг дараах байдлаар мөн хамруулан үзэж болно: “Бурханаас илгээгдсэн [Иосеф] гэгч хүн байжээ. … Тэрээр өнөөх гэрэл байсангүй, харин тэрхүү гэрлийн тухай гэрчлэхээр ирсэн нь … түүгээр дамжин бүгд итгэхийн тулд байлаа.”
Би үүнд итгэдэг. Би Есүс бол Христ бөгөөд амьд Бурханы Хүү гэдэгт баттай итгэдэг. Амьд Бурхан бол бидний хайраар дүүрэн Эцэг гэдгийг би гэрчилж байна. Их Эзэний дуу хоолой надад хандан ярьсан учир би үүнийг мэднэ. Мөн Иосеф Смитээс авхуулаад Түүний үйлчлэгчид болсон төлөөлөгч, бошиглогчдын дуу хоолой надад хандан ярьсан.
Иосеф Смит бол Их Эзэн, Есүс Христийн шавь, гэрч, Бурханы бошиглогч байсан мөн байсаар буй гэдгийг би гэрчилж байна. “Эцсийн эринийг нээхээр тэр адислагдсан” байсан ба энэ үүргээ биелүүлсэн учраас бид мөн адислагдсан билээ.
Их Эзэн Оливерт болон бид бүгдэд “миний үйлчлэгч Иосефын … хажууд үнэнчээр зогсогтун” хэмээн зарлигласан. Их Эзэн Өөрийн үйлчлэгч Иосефын хажууд зогсдог, мөн Сэргээлтийг түүгээр дамжуулан авчирсан гэдгийг би гэрчилж байна.
Иосеф Смит ярьж байснаараа одоо тэнгэрлэг санваарын нэгэн хэсэг болсон. Тэрээр найздаа амласныхаа адил биднээс холдоогүй ба хөшигний нөгөө талд зогсож, энэ хаант улсыг урагшлуулахаар бидэнтэй хамт нэмэлт агуу хүчээр хөдөлмөрлөж байгаа. Би баяр хөөр, талархалтайгаар Иеховатай ярьсан тэр хүнийг магтахад дуу хоолойгоо өргөж байна. Энэ бүхнээс илүүтэйгээр, тэр нэгэн хүнтэй ярьсан Иеховаг магтъя! Есүс Христийн нэрээр, амен.