Ерөнхий чуулган
Баяр баясгалангийн сүмд тавтай морилно уу
2024 оны 10-р сарын Ерөнхий чуулган


13:2

Баяр баясгалангийн сүмд тавтай морилно уу

Бидний Аврагч Есүс Христийн гэтэлгэлийн амьдрал, номлолын ачаар бид энэ дэлхий дээрх хамгийн баяр баясгалантай хүмүүс байж чадна, байх ч ёстой!

Би 1987 оны Христийн мэндэлсний баярын өмнөх өдөр буюу бараг 37 жилийн өмнө Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болж баптисм хүртэж байсан. Энэ бол миний амьдралд болон мөнхийн аялалд минь тохиолдсон үнэхээр гайхалтай өдөр байсан. Надад замыг нь бэлтгэж, намайг тэрхүү шинээр төрөх усанд авчирсан найзууддаа би чин сэтгэлээсээ талархаж байна.

Таны баптисм өчигдөр эсвэл олон жилийн өмнө болсон байна уу, олон тойрог бүхий Сүмийн том байшинд эсвэл сүрлэн халхавчны доор цуглаанд оролцдог байна уу гэдгээс үл хамааран мөн Аврагчийг дурсан санах ариун ёслолыг тайланд эсвэл свахили хэлээр хүлээн авдаг эсэхээс үл хамааран би та нарт баяр баясгалангийн сүмд тавтай морилно уу хэмээн хэлмээр байна! Баяр баясгалангийн сүмд тавтай морилно уу!

Баяр баясгалангийн сүм

Тэнгэрлэг Эцэгийн маань хүүхэд бүрдээ зориулсан хайраар дүүрэн төлөвлөгөөний ачаар, мөн бидний Аврагч Есүс Христийн гэтэлгэлийн амьдрал, номлолын ачаар бид энэ дэлхий дээрх хамгийн баяр баясгалантай хүмүүс байж чадна, байх ч ёстой! Үймээн самуунтай дэлхийн амьдралын шуурга биднийг үргэлж дайрдаг хэдий ч бид Христэд итгэж найдан, аз жаргалын сайхан төлөвлөгөөн дэх өөрсдийн байр суурийг ойлгодог учир өсөн нэмэгдэж буй төгсгөлгүй баяр баясгалан, дотоод амар амгалангийн мэдрэмжээ улам бүр тордож чадна.

Их Эзэний ахмад төлөөлөгч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Сүмийн ерөнхийлөгч болсноосоо хойш бараг үг хэлэх болгондоо Есүс Христэд төвлөрсөн амьдралаас ирдэг баяр баясгалангийн тухай ярьсан. Тэрээр үүнийг: “Баяр баясгалан Түүний ачаар, Түүнээс ирдэг. … Учир нь хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд Есүс Христ баяр баясгалан билээ!” хэмээн маш тодорхой дүгнэн хэлсэн.

Бид бол Есүс Христийн Сүмийн гишүүд. Бид бол баяр баясгалангийн сүмийн гишүүд! Хүмүүн бидний хувьд бүхий л баяр баясгалангийн эх булгийг шүтэн бишрэхийн тулд хүндэтгэлийн өдөр бүр ариун ёслолын цуглаанд цугларах шиг баяр баясгалан өөр хаана ч илүү тод байхгүй! Энд бид Их Эзэний зоогийн ариун ёслолыг болон нүгэл, үхлээс чөлөөлөгдөх авралыг мөн Аврагчийн хүчирхэг нигүүлслийг тэмдэглэхээр тойрог, салбарын гэр бүлээрээ цуглардаг! Энд бид Есүс Христээр дамжуулан олж авсан баяр баясгалан, хоргодох газар, өршөөл, талархал, нэгэн хэсэг нь гэсэн мэдрэмжийг мэдрэх гэж ирдэг!

Христэд хамтдаа баясах энэ сүнс та нарын олж мэдсэн зүйл мөн үү? Энэ таны авчирдаг зүйл мөн үү? Магадгүй, та үүнийг өөртэйгөө нэг их холбоотой биш гэж бодож байж болох юм. Эсвэл та бүх зүйл үргэлж яаж хийгдсээр ирсэнд дассан байж ч магадгүй. Гэхдээ бид бүгд өөрсдийн хэдэн настай, ямар дуудлагатайгаас үл хамааран ариун ёслолын цуглаанаа баяр баясгалангаар дүүрэн, Христэд төвлөрсөн, уриалгахан цаг болгон, баяр хөөртэй бишрэл хүндэтгэлийн сүнсээр дүүрэн байлгахад хувь нэмрээ оруулж чадна.

Баяр хөөртэй бишрэл хүндэтгэл

Баяр хөөртэй бишрэл хүндэтгэл ээ? “Ийм юм байдаг юм уу?” гэж та асууж магадгүй. РОБЭРТ: Тийм, байгаа. Бид Бурханаа гүнээ хайрлаж, эрхэмлэн дээдэлж, хүндэлдэг бөгөөд бидний бишрэл хүндэтгэл Христийн агуу хайр, нигүүлсэл, авралд баясдаг сүнснээс урсан гардаг! Их Эзэнийг хүндэтгэх энэхүү баяр баясгалантай бишрэл хүндэтгэл нь бидний ариун ёслолын цуглааны онцлог шинж байх ёстой.

Гэсэн хэдий ч олон хүний хувьд бишрэл хүндэтгэлтэй байх гэдэг нь зөвхөн гараа цээжиндээ чанга зөрүүлэн бариад, толгойгоо бөхийлгөж, нүдээ анин, тодорхойгүй хугацаагаар хөдлөхгүй байх гэсэн утгатай! Энэ нь бага насны хөдөлгөөнтэй хүүхдүүдэд заахад тустай арга байж болох ч бид өсөж том болон, суралцахын хэрээр бишрэл хүндэтгэлтэй байх гэдэг нь үүнээс хавьгүй илүү зүйл гэдгийг харцгаадаг. Хэрэв Аврагч бидэнтэй хамт байсан бол бид ийм байх байсан болов уу? Үгүй ээ. Учир нь “[Түүний] оршихуйд баяр жаргал байдаг”!

Бидний олонхын хувьд ариун ёслолын үеэрх энэхүү өөрчлөлтийг бий болгоход хэсэг хугацаанд дахин давтах шаардлагатай болно.

Ирэх ба бишрэн шүтэх

Бид хүндэтгэлийн өдөр зүгээр л ариун ёслолын цуглаанд ирж, хийх зүйлсийн жагсаалтаасаа үүнийг хасах гэж цугладаггүй. Бид бишрэн шүтэхээр хамтдаа ирдэг. Энэ хоёрын хооронд ихээхэн ялгаа бий. Ирэх гэдэг нь тэнд байх гэсэн үг. Гэвч бишрэн шүтэх гэдэг нь өөрсдийгөө өөрчлөх замаар Бурханаа ухамсартайгаар магтаж, шүтэн бишрэхийг хэлнэ!

Индэр дээр болон цугларагсдын дунд

Хэрэв бид Аврагчийг болон Түүний бидэнд боломжтой болгож өгсөн гэтэлгэлийг дурсан санах гэж цугларч байгаа бол царай маань баярлан баясаж, талархаж байгааг маань илэрхийлэх ёстой! Ахлагч Ф.Энзио Буш нэг удаа салбарын ерөнхийлөгч байсан үеийнхээ түүхийг ярихдаа, цугларагсдын дундаас нэгэн хүү өөрийг нь индэр дээр байхыг хараад, “Энэ ууртай царайтай хүн тэнд юу хийж байгаа юм бэ?” гэж чангаар асуусан гэж дурссан байсан. Үг хэлэгчид, удирдагчид, найрал дуучид зэрэг индэр дээр сууж буй болон тэнд цугларсан хүмүүс нүүр царайныхаа илэрхийллээр бие биетэйгээ харилцан ойлголцож, энэхүү баяр баясгалангийн сүмд тавтай морилно уу гэсэн уриалгыг илэрхийлдэг!

Дуулал дуулах

Бид дуулж байхдаа дуу хоолойныхоо чанараас үл хамааран Бурхан, Хаанаа магтан дуулах гэж нэгдэж байна уу эсвэл зүгээр л амандаа бувтнаж байна уу эсвэл огт дуулахгүй байна уу? Зөв шударгыг үйлдэгчдийн дуу бол Бурханд хандсан залбирал бөгөөд энэ нь Түүний сүнсийг баярлуулдаг гэдгийг сударт тэмдэглэсэн байдаг. Тиймээс дуулцгаая! Мөн Түүнийг магтан дуулцгаая!

Үг хэлэх ба гэрчлэлээ хуваалцах

Бид үг хэлэх болон гэрчлэхдээ Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр дээр болон “амтат бүхнээс дээд амтат” болох Тэдний сайн мэдээний дагуу даруухан амьдарсны үр жимснүүдэд төвлөрөх ёстой. Дараа нь бид үнэхээр “бүр цадталаа, … өлсөхгүй, бас … цангахгүй болтлоо … зооглож” мөн Хүүгийн баяр баяслаар дамжуулан бидний ачаа улам хөнгөрдөг.

Ариун ёслол

Бидний үйл ажиллагааны гайхамшигт гол цэг бол Их Эзэний маань цагаатгагч бэлгийг төлөөлдөг талх, ус болох ариун ёслолыг адисалж, хүлээн авах явдал билээ. Энэ нь бидний цуглааны үндсэн зорилго. Бид Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авч, Аврагчийг үргэлж санах гэрээгээ дахиж байгуулж, Түүний зарлигуудыг сахихад бэлэн гэдгээ шинээр гэрчлэх үед энэ нь “сүнслэг шинэчлэлийн ариун нандин цаг” болдог.

Амьдралын зарим үед бид ариун ёслолоос хүртэхдээ шаналсан зүрхтэй, дааж давшгүй их ачаатай байж болно. Өөр бусад үед бид санаа зовнихгүй, түгшиж зовох юмгүй, ямар нэг дарамтгүй ирдэг. Талх, усны адислалыг тун анхааралтай сонсож, тэдгээр ариун нандин тэмдгээс хүртэх үедээ бид Аврагчийн золиослол, Гетсемани дахь шаналал, загалмай дээрх зовлон, Түүний бидний өмнөөс туулж мэдэрсэн уй гашуу, зовлон шаналлын талаар эргэцүүлэн бодохыг мэдэрч болно. Бид зовлон шаналлаа Түүнийхтэй холбосноор энэ нь бидний сэтгэлийг тайвшруулах болно. Бусад үед бид Есүсийн гайхамшигт бэлэг болох бидний энэ амьдралд болон мөнх амьдралд боломжтой болгож өгсөн зүйлийн “хурц бас тааламжит” баяр баясгаланг талархалтайгаар гайхан бахдах болно! Бид хайрт Эцэг, амилсан Аврагчтайгаа дахин уулзах нандин мөч буюу удахгүй ирэх цагийн төлөө баясна.

Бид зөвхөн өмнөх долоо хоногийн туршид үйлдсэн буруу зүйлсийнхээ тухай бодон суухыг ариун ёслолын зорилго гэж ойлгосон байж ч магад. Гэхдээ энэ дадлыг өөрчилцгөөе. Энэхүү нам гүм байдалд бид тухайн долоо хоногт Их Эзэний гайхамшигтай хайраараа бидний араас хэрхэн цуцалтгүй хөөцөлдөж байсан олон арга замыг тунгаан бодож чадна! Бид “өдөр бүр наманчлахад ирдэг баяр баясгаланг олж мэдэх” гэдэг нь юу гэсэн үг болохыг тунгаан бодож болно. Аврагчийн бидний тэмцэл, ялалтын үеэр орж ирсэн цаг мөчүүдэд болон бидэнд зовлон бэрхшээлийг даван туулах, ачаагаа тэвчээртэй, тэр ч байтугай урам зоригтой даах хүч чадлыг өгдөг Түүний нигүүлсэл, өршөөл, хүч чадлыг мэдэрч байсан үеүдэд талархаж болно.

Тийм ээ, бидний гэм нүглийн төлөө Гэтэлгэгчид маань учирсан зовлон шаналал, шударга бус байдлын талаар бид тунгаан боддог бөгөөд энэ нь нухацтайгаар гүн гүнзгий эргэцүүлэн бодоход хүргэдэг. Гэхдээ бид заримдаа цэцэрлэгт, загалмай дээр, булшин дотор гацчихдаг. Булш хагарч нээгдэн, үхлийг ялсны тэр баяр баясгалан руу мөн амар амгаланг олж аван, тэнгэр дэх гэр лүүгээ буцаж очиход саад болж болох бүх зүйлийг Христийн ялан дийлсэн тэр баяр баясал руу бид урагшилж чаддаггүй. Бид ариун ёслолын үеэр уй гашуугийн эсвэл талархлын нулимс урсгасан ч бай, Эцэгийн бидэнд өгсөн Хүүгийн бэлгийн тухай сайн сайхан мэдээнд гайхширан ийн үйлдэцгээе!

Бага насны болон тусгай хэрэгцээт хүүхэдтэй эцэг эхчүүд

Бага насны эсвэл тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдэд ариун ёслолын үеэр нам гүм, чимээгүй эргэцүүлэн бодох цаг гэж байдаггүй. Гэвч долоо хоногийн турш та Аврагчийн бяцхан хургануудад байнга анхаарал халамж тавихдаа Түүний төлөө болон Түүнээс ирдэг хайр, талархал, баяр баясгаланг үлгэр жишээгээрээ зааж болно. Энэ эрэл хайгуулын төлөө гаргасан ямар ч хүчин чармайлт дэмий хоосон өнгөрөхгүй. Бурхан та нарыг сайн мэддэг.

Гэр бүлийн болон тойрог/салбарын зөвлөл

Гэртээ байдагтайгаа адил бид сүмд байх хугацаандаа итгэл найдвар, хүлээлтээ нэмэгдүүлж эхэлж болно. Бид гэр бүлийн зөвлөлүүд дээр хувь хүн бүр баяр баясгалангийн сүмд бүх хүнийг уриалгахан угтан авахад хэрхэн утга учиртай хувь нэмэр оруулах талаар ярилцаж болно! Бид сүмд баяр баясгалантай туршлага хуримтлуулахаар төлөвлөж бас найдаж болно.

Тойргийн зөвлөл ариун ёслолын маань цагийг баяр баясгалантайгаар хүндэтгэх соёлыг бий болгож, түүнд туслах практик алхмууд, харагдах орчныг бүрдүүлж чадна.

Баяр баясгалан

Хүн бүрийн хувьд баяр баясгалан өөр өөр харагддаг. Зарим хүний хувьд хаалган дээр урам зоригтой мэндчилэх нь баяр баясгалантай болгодог байж магадгүй. Бусдын хувьд энэ нь хүмүүс рүү эелдэгхэн инээмсэглэх, нээлттэй зүрх, сайхан сэтгэлээр хажууд нь суугаад, ая тухтай байдлыг мэдрэхэд нь чимээгүйхэн туслах байж болох юм. Өөрсдийгөө орхигдсон эсвэл тоонд ордоггүй гэсэн мэдрэмжтэй суугаа бусдын хувьд энэхүү тавтай морилно уу хэмээн урих сэтгэлд дулаан уур амьсгал тун чухал. Эцсийн эцэст, Аврагч бидний ариун ёслолын цагийг ямархуу байлгахыг хүсэх байсныг бид өөрсдөөсөө асууж болно. Тэрээр хүүхэд бүрээсээ хэрхэн уриалгахан угтуулж, халамжлуулж, хайрлуулахыг хүсэх байсан бол? Түүнийг санаж, бишрэн шүтсэнээр биднийг шинэчлэгдэх үед Тэрээр биднийг юуг мэдрээсэй гэж хүсэж байгаа бол?

Дүгнэлт

Итгэлийн аяллын минь эхэнд Есүс Христээс олж авдаг баяр баясгалан миний анхны агуу нээлт байсан бөгөөд энэ нь миний ертөнцийг өөрчилсөн юм. Хэрэв та энэ баяр баясгаланг хараахан олж амжаагүй байгаа бол түүний эрэл хайгуулд гараарай. Энэ бол Аврагчийн амар амгалан, гэрэл гэгээ, баяр баясгалангийн бэлгийг хүлээн авах урилга бөгөөд үүнд үнэхээр баясаж, биширч, хүндэтгэлийн өдөр бүр баясах болно.

Мормоны Номд Аммон энэ талаар хэлсэн нь миний зүрх сэтгэлийн мэдрэмжийг илэрхийлдэг.

“Эдүгээ бидэнд баясах шалтгаан үгүй гэж үү? Тийм ээ, би та нарт хэлнэ, дэлхий эхэлснээс хойш бидний адил ийм агуу баясах шалтгаантай хүмүүс хэзээ ч байгаагүй; тийм ээ, мөн баясал минь бүр Бурханаараа бардамнах бардамналд хүргэв; учир нь түүнд бүх хүч чадал, бүх мэргэн ухаан, мөн бүх ойлголт байдаг; тэрээр бүх зүйлийг ухаардаг мөн тэрээр наманчлах мөн түүний нэрэнд итгэдэг тэднийг бүр авралд хүргэх нигүүлсэнгүй Нэгэн бөлгөө.

Эдүгээ хэрэв энэ нь бардамнан сагсуурсан хэрэг аваас, тэрчлэн би бардамнан сагсуурах болно; учир нь энэ бол миний амь амьдрал болон миний гэрэл, миний баясал бөгөөд … миний агуу талархал.”

Баяр баясгалангийн сүмд тавтай морилно уу! Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Баяр баясгалан хүчтэй бөгөөд үүн дээр анхаарлаа төвлөрүүлэх нь бидний амьдралд Бурханы хүчийг авчирдаг. Есүс Христ бүхий л зүйлд бидэнд төгс үлгэр жишээ үзүүлсэн, ‘Өөрийнх нь өмнө тавигдсан баяр баясгалангийн төлөө … загалмайг тэвчсэн’ [Еврей 12:2] нэгэн билээ. Бодоод үз дээ! Аврагч маань энэ дэлхийн түүхэн дэх хамгийн их зовлон шаналлыг тэвчин гарахын тулд баяр баясгалан дээр анхаарлаа төвлөрүүлсэн юм! Тэгэхлээр Түүнд ямар баяр баясгалан байсан бэ? Үүнд цэвэршүүлэх, эдгээх, биднийг хүчирхэгжүүлэхийн баяр баясгалан мөн наманчилсан бүх хүний нүглийн төлөөсийг төлөхийн, танд болон надад Тэнгэрлэг Эцэг Эх, гэр бүлдээ цэвэр, зохистой эргэн очиж, хамт амьдрах боломжийг олгохын баяр баясгалан багтах нь гарцаагүй. Хэрэв бид өөрсдөд маань болон бидний хайрладаг хүмүүст ирэх баяр баясгалан дээр анхаарлаа төвлөрүүлбэл яг одоо дааж давшгүй, зовлонтой, аймшигтай, шударга бус эсвэл ердөө боломжгүй мэт санагдаж байгаа ямар зүйлийг тэвчиж чадах вэ?” хэмээн заасан. (“Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 72).

  2. Дуулал 16:11

  3. F. Enzio Busche, “Lessons from the Lamb of God,” Religious Educator vol. 9, no. 2 (2008), 3.

  4. Сургаал ба Гэрээнүүд 25:12

  5. Дуулал 46:1-ийг үзнэ үү.

  6. Алма 32:42

  7. Алма 33:23-ыг үзнэ үү.

  8. Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 29.1.1, Gospel Library.

  9. Russell M. Nelson, mission leadership seminar, June 2019; quoted in Dale G. Renlund, “Unwavering Commitment to Jesus Christ,” Liahona, Nov. 2019-ийг үзнэ үү.

  10. Гордон Б.Хинкли: “Та санваартан хүний хувьд ариун ёслолын ширээний дэргэд өвдөг сөгдөн, илчлэлтээр ирсэн тэрхүү залбирлыг өргөхдөө цуглаанд цугласан бүх оролцогчийг Их Эзэнтэй гэрээнд нэгтгэдэг. Энэ жижиг зүйл гэж үү? Энэ бол хамгийн чухал бөгөөд гайхамшигтай зүйл юм“The Aaronic Priesthood—a Gift from God,” Ensign, May1988, 46) хэмээн заасан.

    “Ариун ёслолыг бэлтгэдэг, адисалдаг эсвэл түгээдэг тэр хүмүүс Их Эзэний нэрийн өмнөөс бусдад энэ ёслолыг гүйцэтгэдэг. Санваартай хүн бүр энэхүү даалгаварт гүн хүндэтгэл бишрэлтэй хандах ёстой. Тэр цэвэрхэн, даруухан, цэгцтэй хувцасласан байх ёстой. Хувийн дүр төрх ёслолын ариун нандин байдлын тусгал байх ёстой” (“Priesthood Ordinances and Blessings,” Family Guidebook [2006], 22).

  11. Алма 36:21

  12. Рассэлл М.Нэлсон, “Сүнслэг инерцийн хүч,” Лиахона, 2022 оны 5-р сар, 98.

  13. Мозая 24:13–15-ыг үзнэ үү.

  14. Иохан 3:16–17-г үзнэ үү.

  15. Алма 26:35–37