Есүс Христийн сургаал энгийн
Би Есүс Христийн энгийн сургаалыг Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд заах ариун ажлыг гэрчилж байна.
Бурханы бүх хүүхдийг зовлонт байлгахыг хүсдэг сүйтгэгч Сатаны байнгын нөлөөгөөр уруу татагдаж, соригддог, хайртай гэр бүлийн гишүүд бид бүгдэд бий. Үүний улмаас бидний олон нь шөнө нойргүй хонодог билээ. Бид аюул эрсдэлд буй тэрхүү хүмүүст сайнаар нөлөөлөхийг хичээдэг. Бид тэдний төлөө гуйн залбирдаг. Бид тэднийг хайрладаг. Мөн чадах чинээгээрээ тэдэнд сайн үлгэр жишээ үзүүлдэг.
Эрт цагийн мэргэн бошиглогч Алмад үүнтэй төстэй сорилт тулгарсан. Түүний удирдаж, хайрлаж байсан хүмүүс хөнөөлт дайсны дайралтад байнга өртдөг байсан ч тэд ёс бус дэлхийд хүүхдүүдээ зөв шударга болгон өсгөж хүмүүжүүлэхийг хичээж байсан. Алмад байсан ялах ганц найдвар нь бидний хувьд заримдаа дутуу үнэлдэг, тун бага ашигладаг тэрхүү хүч байв. Тэр Бурханаас тусламж гуйжээ.
Бурханаас тусламж хүлээн авахын тулд түүний удирдаж байсан хүмүүс, түүнчлэн түүний дайснууд наманчлах шаардлагатайг Алма мэдэж байв. Тиймээс тэр тулалдааны өөр арга барилыг сонгосон юм.
Мормоны Номд энэ тухай дараах байдлаар дүрсэлжээ. “Мөн эдүгээ, үгийг номлох нь шударга болох түүнийг хийхэд хүмүүсийг удирдах хандлага ихтэй байсан учир—тийм ээ, энэ нь хүмүүсийн оюун ухаанд илдээс, эсвээс тэдэнд тохиолдсон юунаас ч илүү хүчтэйгээр нөлөө үзүүлсэн байв—тиймийн тул тэд Бурханы үгийн нөлөөлөх хүчээр туршиж үзэх хэрэгтэй болов хэмээн Алма боджээ.”
Бурханы үг бол Есүс Христ болон Түүний бошиглогчдын заадаг сургаал юм. Сургаалын үгс агуу хүчтэйг Алма мэдэж байв.
Сургаал ба Гэрээнүүд 18-р хэсэгт Их Эзэн Өөрийн сургаалын үндсийг ийн илчилжээ.
“Учир нь, болгоогтун, газар бүрийн бүх хүнд наманчлахыг би зарлиглаж байна, …
Учир нь, болгоогтун, Их Эзэн та нарын Гэтэлгэгч маханбодод үхлийг амссан билээ; иймийн тул бүх хүн наманчилж, мөн түүнд ирж болохын тулд бүх хүний зовлонг тэрээр туулсан бөлгөө.
Мөн тэрээр бүх хүнийг наманчлалын нөхцөлийн дагуу, өөртөө авчирч болохын тулд тэрээр нас барагсдаас дахин босож ирсэн билээ.”
“Мөн та хоёр доош сөхөрч мөн миний нэрээр Эцэгийг бишрэн шүтэх ёстой.
… Та нар наманчилж мөн Есүс Христийн нэрээр баптисм хүртэх ёстой.”
“Та хоёр хүлээн авна хэмээн итгэн, Эцэгээс миний нэрээр итгэлтэйгээр гуйгтун.”
“Мөн эдүгээ, та хоёр үүнийг хүлээж авсныхаа дараа миний зарлигуудыг бүх зүйлд сахих ёстой.”
“Христийн нэрийг өөрсөд дээрээ авагтун, мөн үнэнийг чанд яригтун.
Мөн наманчилж мөн Есүс Христ болох миний нэрээр баптисм хүртэж, мөн эцсээ хүртэл тэвчих болгон нь, мөнхүү тэд нь аврагдах болно.”
Энэ хэдэн захиаст Аврагч бидэнд Түүний сургаалыг хэрхэн заах талаар төгс жишээ үзүүлсэн. Энэ сургаал бол Бурханы бүх хүүхдийг адислах Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах, эцсээ хүртэл тэвчих явдал юм.
Биднийг хайртай хүмүүстээ эдгээр зарчмыг заах үед Ариун Сүнс бидэнд үнэнийг мэдэхэд туслах болно. Бидэнд Ариун Сүнсний өдөөлт хэрэгтэй учраас бид үнэн сургаалыг заахаас халин, таамаглал эсвэл хувийн тайлбар өгөхөөс зайлсхийх хэрэгтэй.
Нөлөөлөхийг хичээж байгаа хүндээ хайртай учраас танд ийн үйлдэхэд хэцүү байж болно. Тухайн хүн заалгуулсан сургаалаа үл тоомсорлож байж ч мэднэ. Шинэ эсвэл сэтгэл хөдөлгөм ямар нэг зүйлийг оролдож үзмээр санагдах нь ч бий. Гэвч биднийг үнэн сургаалыг гажуудуулж заахаас сэргийлж, анхаарал болгоомжтой байх үед л Ариун Сүнс үнэнийг илчлэх болно. Хуурамч сургаалд ойртохоос зайлсхийх хамгийн баттай арга замуудын нэг бол заадаг зүйлээ энгийн байлгах явдал юм. Энэхүү энгийн байдлын үр дүнд аюулгүй байдал ирдэг бөгөөд үүнээс алдах юм бага байдаг.
Энгийнээр заах нь бидэнд авралын сургаалыг эртнээс буюу хүүхдүүдийг хожим нь өөрсдөд нь тулгарах хууран мэхлэгчийн уруу таталтад өртөөгүй байхад буюу сурах ёстой үнэнүүд нь олон нийтийн сүлжээний чимээ шуугианд дарагдаж үе тэнгийнхний болон өөрсдийнх нь хувийн асуудалд живэхээс хамаагүй өмнө хуваалцах боломжийг олгодог. Бид Есүс Христийн сургаалыг хүүхдүүдтэйгээ хуваалцах боломж бүрийг ашиглах ёстой. Ийн заах мөчүүд үнэ цэнтэй төдийгүй эсрэг талын хүчний няцашгүй оролдлогуудтай харьцуулахад хамаагүй цөөн байдаг. Хүүхдийн амьдралд сургаалыг суулгаж өгөхийн тулд зарцуулсан цаг тутамд авралын үнэнүүдийг эсэргүүцсэн эсвэл үл тоомсорлосон захиас, дүрслэлээр дүүрэн тоо томшгүй олон цагийн эсэргүүцэл оршин байдаг.
Та нарын зарим нь хүүхдүүдтэйгээ хөгжилдөж өөрсөдтэйгөө илүү дотно болгосон нь дээр байх хэмээн эргэлзэж, эсвэл тухайн хүүхэд таны заадаг зүйлсээс залхаж эхлэх болов уу хэмээн асууж болох юм. Ингэхийн оронд бид “Ийм бага цагт багтааж, ийм цөөхөн боломжийг ашиглан би тэдний итгэлийг гарцаагүй сорих саад бэрхшээлүүдийн эсрэг тэднийг хүчирхэгжүүлэх ямар сургаалын үгсийг хуваалцаж болох вэ?” гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй. Таны өнөөдөр хуваалцах үгсийг тэд өөрсдөдөө авч үлдэх бөгөөд өнөөдрийн энэ цаг хугацаа удалгүй улиран одох болно.
Би Мэри Боммэли элэнц эмээгийнхээ Есүс Христийн сургаалыг хуваалцах чин үнэн сэтгэлийг үргэлж гайхан биширдэг. Түүнийг 24 настай байхад Швейцарьт номлогчид түүний гэр бүлд сайн мэдээг заасан аж.
Мэри баптисм хүртсэнийхээ дараа Америк дахь гэгээнтнүүдтэй нэгдэхийг хүсэж, Швейцариас Берлин рүү явсан ба тэнд нэгэн эмэгтэй гэр бүлийнхээ хувцасны даавууг нэхүүлэхээр түүнийг хөлсөлжээ. Тэрээр зарцын өрөөнд амьдардаг байсан бөгөөд зочны өрөөнд нэхмэлийн машинаа суурилуулсан байв.
Тухайн үед Берлинд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн сургаалыг заах нь хууль бус байв. Гэвч Мэри сурсан зүйлээ хуваалцахгүй байж чаддаггүй байсан. Гэрийн эзэгтэй болон түүний найзууд нэхмэлийн машиныг нь тойрон суугаад, Мэригийн сайн мэдээний талаар заахыг сонсдог байлаа. Тэрээр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Иосеф Смитэд үзэгдсэн тухай, мөн тэнгэр элч нарын айлчлал болон Мормоны Номын талаар ярьдаг байсан аж. Тэр Алмагийн цэдгийг санаад, Амилуулалтын сургаалыг заажээ. Селестиел хаант улсад гэр бүлүүд эргэн нэгдэх боломжтойг тэр гэрчилсэн.
Сэргээгдсэн сайн мэдээний сургаалыг хуваалцах гэсэн Мэригийн урам зориг тун удалгүй асуудал үүсгэв. Удалгүй цагдаа Мэриг шоронд аваачжээ. Мэри шорон руу явах замдаа, маргааш өглөө нь өөрийн очиж байцаагдах шүүгчийн нэрийг цагдаагаас асуув. Мөн гэр бүлийнх нь тухай, сайн аав, сайн нөхөр эсэхийг нь асуув. Цагдаа уг шүүгчийг шударга бус, ёс суртахуунгүй хүн хэмээжээ.
Мэри шоронд ирээд харандаа, цаас гуйж авав. Тэр шөнөжин шүүгчид захидал бичихдээ, Мормоны Номд дурдагдсан Есүс Христийн амилалтыг гэрчилснээс гадна сүнсний дэлхийн талаар дурдаж, наманчлалыг тайлбарлав. Тэрээр шүүгчид эцсийн шүүлттэй нүүр тулахаасаа өмнө амьдралаа эргэцүүлэн бодох хэрэгтэйг зөвлөв. Гэр бүлийг нь ихэд шаналгах, мөн өөрт нь асар их уй гашуу авчрах гэм нүглийнхээ төлөө шүүгч наманчлах ёстой гэдгийг Мэри мэдэж байгаагаа бичжээ. Өглөө нь тэрээр захидлаа дуусгаад, үүнийгээ шүүгчид хүргэж өгөхийг цагдаагаас хүссэн ба цагдаа хүргэж өгөхөөр болов.
Дараа нь шүүгч цагдааг өрөөндөө дууджээ. Мэригийн бичсэн захидал түүний сэргээгдсэн сайн мэдээний сургаалыг зааж байгааг нотолсон хөдөлшгүй баримт төдийгүй энэ нь хууль зөрчсөн хэрэг байв. Хэдий тийм ч төд удалгүй уг цагдаа Мэригийн хоригдож буй өрөөнд ирж, Мэрид ямар ч шийтгэл ноогдуулахгүйгээр суллаж явуулах болсныг түүнд дуулгав. Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний сургаалыг заасан учраас тэр шоронд хоригдсон. Харин тэрээр уг шүүгчид наманчлалын сургаалыг тунхагласнаар шоронгоос суллагдсан юм.
Суллагдсаныхаа дараа Мэри Боммэли сургаал заахаа болиогүй. Түүний үгсийн цэдэг нь хараахан төрөөгүй байсан хойч үеийнхэнд үнэн сургаалыг дамжуулан өвлүүлсэн юм. Шинэ хөрвөгч ч гэсэн Есүс Христийн сургаалыг зааж чадна гэсэн түүний итгэл үнэмшил түүний үр удамд сорилт бэрхшээлийг даван туулах хүч чадлыг өгсөн билээ.
Хайртай хүмүүстээ Есүс Христийн сургаалыг хамгийн сайнаараа заах үед зарим нь хүлээн авахгүй байж ч мэднэ. Үүнд таны санаа зовниж магадгүй. Та Аврагчийн сургаалыг үр дүнтэй заах хэмжээнд мэддэг эсэхдээ эргэлзэж ч болно. Мөн хэрэв та аль хэдийн сургаалыг заахаар оролдсон бол, яагаад эерэг үр дүн харагдахгүй байгаа юм бол гэж гайхаж байж магадгүй. Үүнд бүү санаа зов. Бурханаас тусламж гуй.
“Тийм ээ, мөн өөрт хэрэгтэй бүх дэмжлэгийн тулд Бурханаас гуй; … зүрх сэтгэлийн тань хайр Их Эзэн дээр үүрд байрлаг.”
“Мөн эдүгээ би та нарыг даруухан, мөн хүлцэнгүй бас зөөлөн; харьцахад амархан; тэсвэр мөн тэвчээрээр дүүрэн; бүх зүйлд өөрийгөө захирч ханддаг; Бурханы зарлигуудыг сахихдаа цаг үргэлж хичээнгүй; сүнсний бас зуурдын амьдралын аль алинд нь хэрэгцээтэй зүйлийг юуг боловч гуйдаг; өөрсдийн хүлээн авдаг ямар ч зүйлийн төлөө Бурханд үргэлж талархалтайгаар хариулдаг байгаасай хэмээнэ.”
Хэрэв та залбирч, Бурхантай ярьж, хайртай хүмүүсийнхээ төлөө Түүнээс тусламж гуйж, мөн дан ганц тусламжийн төлөө бус, харин хүссэн зүйл тань тэр даруй өгөгдөөгүй, эсвэл бүр хэзээ ч өгөгдөхгүй байх үед таны олж авах тэсвэр тэвчээр, номхон дөлгөөн байдлын төлөө Түүнд талархах юм бол та Түүнтэй илүү ойртох болно гэдгийг би амлаж байна. Та хичээнгүй, тэсвэр тэвчээртэй болох болно. Тэгээд та хайртай хүмүүстээ, Сатаны сүйтгэх оролдлогыг даван туулаасай хэмээн залбирдаг хүмүүстээ туслахын тулд чадах бүхнээ хийсэн гэдгээ мэдэх болно.
“Харин Эзэнд найдагчид хүчээ сэлбэнэ. Тэд бүргэд мэт жигүүр дээрээ элин халина. Гүйлээ ч үл туйлдана, алхлаа ч эс цуцна.”
Та бүхэн гэр бүлүүдийн тухай судрын цэдгээс найдварыг олж чадна. Бид залуу Алма, Мозаягийн хөвгүүд, Инос гэх мэт өөрсдөд нь заасан зүйлсээс нүүр буруулсан эсвээс өршөөл, уучлалын төлөө Бурхантай тэмцэлдэж байсан хүмүүсийн тухай уншдаг. Туйлын бэрх үедээ тэд эцэг эхийнхээ үгсийг, Есүс Христийн сургаалын үгсийг санасан. Санаснаар тэд аврагдсан. Таны заасан ариун сургаалыг тэд санах болно.
Биднийг сүнслэг байдлын хувьд ариусгадаг, эцэст нь гэр бүлтэйгээ Бурханы оршихуйд орж, Түүнтэй болон Түүний Хүүтэй хамт алдар сууд үүрд амьдрах боломжийг олгодог Есүс Христийн энгийн сургаалыг Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд заах нь ариун нандин ажил гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.