Ерөнхий чуулган
“Болгоогтун би бол та нарын өргөх тэрхүү гэрэл билээ”
2024 оны 10-р сарын Ерөнхий чуулган


13:29

“Болгоогтун би бол та нарын өргөх тэрхүү гэрэл билээ”

Бид гэрээнүүддээ үнэнч байх үедээ, мөн амьд бошиглогчоо дэмжихдээ Их Эзэний гэрлийг өргөдөг.

Энэхүү чуулган дээр хуваалцсан олон гэрчлэл дээр нэмээд, Есүс Христ бол Бурханы Хүү, бидний Их Эзэн, Аврагч, Эцэгийн маань бүх хүүхдийн Гэтэлгэгч гэдгийг би төлөөлөгчийн хувиар гэрчилж байна. Биднийг зохистой байвал Тэнгэрлэг Эцэгийн оршихуйд эргэн очиж гэр бүлүүдтэйгээ үүрд мөнх хамт байх боломжийг Есүс Христ Цагаатгалаараа дамжуулан бидэнд олгосон.

Аврагч бидний мөнх бус аялалд хамт байдаг. Сүүлийн хоёр өдөр бид Түүнд илүү ойртож болохын тулд сонгосон удирдагчдынхаа үгсээр дамжуулан Түүний ярихыг сонслоо. Амьдралын ээдрээт үйл явдалтай тулгарах үед Тэр биднийг цэвэр хайр, нигүүлслээрээ ахин дахин дэмждэг. Нифай үүнийг “Миний Бурхан миний тулгуур байсан; … зүдгүүрүүдийн минь дундуур намайг удирдсан. Тэрээр намайг хайраараа дүүргэсэн” хэмээн дүрсэлжээ.

Биднийг бие биеэ Түүний ажлыг хийхэд нь дэмжих үед энэ хайр тод илэрдэг.

Бид Ерөнхий чуулган дээр амьд бошиглогчоо болон Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулгыг мөн ерөнхий эрх мэдэлтнүүд болон Сүмийн албан тушаалтнуудыг дэмждэг. Дэмжих гэдэг нь хэн нэгнийг өргөх, түүнд анхаарлаа хандуулах, итгэлийг нь хүлээх, түүний үгээр үйлдэх гэсэн утгатай. Тэд Их Эзэний сүнслэг нөлөөгөөр ярьдаг. Мөн өнөө үеийн асуудлууд, нийгэм дэх ёс суртахууны уналт, Эцэгийн төлөвлөгөөнд саад учруулах дайсны хүчин чармайлтыг мэддэг. Бид гараа өргөснөөр зөвхөн тухайн мөчид биш, харин өдөр тутмын амьдралдаа дэмжинэ гэж амладаг билээ.

Дэмжих үйл явцад гадасны ерөнхийлөгчид, бишопууд, чуулга, байгууллагын удирдагчид, багш нар, түүнчлэн тойрог, гадасны зугаалга зохион байгуулагчдыгаа хүртэл дэмжиж өргөх нь багтдаг. Харин гэртээ бид эхнэр, нөхөр, хүүхдүүд, эцэг эх, хамаатан садан, хөршүүдээ өргөдөг. Бид бие биеэ өргөх үедээ тэдэнд “Гар чинь ‘доош унжсан’ үед би дан ганц өргөөд зогсохгүй, чамд тайтгарал, хүч чадал өгөхөөр чиний төлөө дэргэд чинь байна” гэж хэлдэг.

Өргөх гэдгийн утга санаа судраас үндэстэй. Мормоны усанд баптисм хүртсэн Сүмийн шинэхэн гишүүд “нэг нэгнийх нь ачаа хөнгөн байж болохын тулд тэдгээрийг үүрэлцэ[ж], … тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруул[ж], мөн ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч бол[охоо]” амладаг.

Есүс нифайчуудад хандан “Энэ нь дэлхийд цацарч болохын тулд гэрлээ өргөгтүн. Болгоогтун би бол та нарын өргөх тэрхүү гэрэл билээ хэмээн хэлсэн. Бид гэрээнүүддээ үнэнч байх үедээ, мөн амьд бошиглогч маань Бурханы үгийг хэлэхэд түүнийг дэмжихдээ Их Эзэний гэрлийг өргөдөг.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Арван хоёр төлөөлөгчийн чуулгад үйлчилж байхдаа “Бошиглогчдыг батлан дэмжих гэдэг нь бидний хувьд тэднийг бошиглолын үүрэг хариуцлагаа биелүүлэхэд нь өөрийн зүгээс чадах бүхнээрээ дэмжин туслахад бэлэн гэдгээ харуулж байгаа хэрэг юм” гэж хэлсэн.

Бошиглогчийг өргөх нь ариун нандин ажил юм. Бид дуугүй суухгүйгээр түүнийг идэвхийлэн дэмжиж, зөвлөгөөг нь дагаж, түүнийг үгийг заан, түүний төлөө залбирдаг.

Мормоны Номд Бенжамин хаан хүмүүстээ хандан “Би та нарын адил, биед мөн оюунд байх янз бүрийн сул дорой байдлын харьяат болой; гэвч би … сонгогдож, … Их Эзэний мутраар зөвшөөрөгдсөн буюу; мөн Их Эзэний надад хайрласан бүхий л чадавх, оюун ухаан болон хүч чадлаараа та бүхэнд үйлчлэхээр түүний зүйрлэшгүй хүчээр хадгалагдаж мөн хамгаалагдсаар ирсэн” хэмээн хэлсэн.

Мосегийн гарыг өргөж байгаа нь

Түүнтэй адилаар, 100 настай ерөнхийлөгч Нэлсон Их Эзэнээр хадгалагдаж мөн хамгаалагдсаар ирсэн билээ. Ерөнхийлөгч Харолд Б.Лий Тэргүүн зөвлөлийн гишүүн байхдаа, Рефидим толгодын орой дээр зогссон Мосегийн жишээг эш татсан байдаг. Тэрээр: “[Сүмийн ерөнхийлөгчийн] гар цуцаж болно. Түүний хүнд үүрэг хариуцлагуудаас болж гар нь унжих цаг ирдэг ч бид түүний хажууд байж гарыг нь дээш өргөж, түүний удирдлаган доор удирдах аваас тамын үүд хаалга та нар болон Израилын эсрэг дийлэх нь үгүй болой. Та бидний аюулгүй байдал Их Эзэний өөрийнх нь сүмийг тэргүүлэхээр томилсон хүмүүсийг бид дагах эсэхээс хамаарна. Тэр энэ сүмийг хэнээр тэргүүлүүлэхийг хүсэж байгаагаа мэддэг бөгөөд тэрээр алдаа гаргахгүй байх болно” хэмээжээ.

Ерөнхийлөгч Нэлсон Их Эзэнд үйлчилж олон жилийг элээсэн. Түүний хал үзэж, хашир суусан байдал, олон төрлийн туршлага, мэргэн ухаан, байнга хүлээн авдаг илчлэл нь бидний цаг үед онцгой тохирдог. Тэрээр: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм “дэлхий ЭЗЭНий мэдлэгээр дүүрэх” (Исаиа 11:9) өдөрт зориулан дэлхийг бэлтгэж байна. … Энэ ажил 200 жилийн тэртээх тэнгэрлэг мэдэгдлээр хүчирхэгжсэн. Уг мэдэгдэл нь ердөө ‘Энэ бол Миний Хайртай Хүү. Түүнийг сонс!” (Иосеф Смит—Түүх 1:17-г үзнэ үү) гэх долоохон үгээс бүрддэг.

Түүнчлэн Ерөнхийлөгч Нэлсон: “Дэлхийн түүхийн цаг үеүдээс өнөө үед л бидний Аврагчийн тухай мэдлэг хүмүүний бодгаль бүрд илүү хамаатай, илүү зайлшгүй хэрэгтэй байна. Бид бүгдээрээ Есүс Христийг болон Түүний сургаалыг дагахыг сонговол, дэлхий даяарх сүйрэл дагуулдаг сөргөлдөөнүүд, хувь хүний амьдрал дахь асуудлууд ямар хурдан шийдэгдэж болохыг төсөөлөөд үз дээ” гэж хэлжээ.

Ах, эгч нар аа, бид илүү их дэмжиж, бага бувтнаж, Их Эзэний үг болон замуудыг өргөж, мөн “Өнөөдөр бидний хамгийн том сорилтуудын нэг бол Бурханы үнэн болон Сатаны хуурамч зүйлсийг ялгах явдал юм. Тийм ч учраас Их Эзэн бидэнд ‘ямагт залбир; … Сатаныг ялж гарахын тулд, … [дайсны] ажлыг дэмжиж байдаг Сатаны зарц нарын гараас зугтаахын тулд’ хэмээн сэрэмжлүүлжээ”[Сургаал ба Гэрээнүүд 10:5; тодотгол нэмсэн] гэж хэлсэн Түүний бошиглогчийг илүү өргөх хэрэгтэй.

Ютагийн Мантай ариун сүмийн дахин онцгойлон адислалт

Өнгөрсөн 4-р сард Расбанд эгч бид хоёрт хайрт бошиглогч болон Нэлсон эгч хоёртой хамт Ютагийн Мантай ариун сүмийг дахин онцгойлон адислах ёслолд оролцох завшаан тохиосон юм.

Ерөнхийлөгч Нэлсон өрөөнд орж ирэн хүн бүрийг гайхшируулсан. Бидний цөөн хэд нь л түүний ирэхийг мэдэж байлаа. Түүний оршихуйгаас би тэр даруй гэрэл, бошиглогчийн эрх мэдлийг нь мэдэрсэн. Бошиглогчийг биеэр харсан хүмүүсийн баяр хөөртэй царай миний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

Дахин онцгойлон адислах залбиралдаа ерөнхийлөгч Нэлсон Их Эзэнээс Түүний ариун өргөө нь энэ ариун сүмд орсон бүгдийг онцгойлон өргөж, “тэд ариун нандин адислалуудыг хүлээн авч, гэрээнүүддээ зохистой мөн итгэлтэй хэвээр үлдэж … эдгээр хаалгаар зохистой орж ирэх бүгдэд энэ нь амар тайвны өргөө, тайтгарлын өргөө, мөн хувийн илчлэлтийн өргөө байх болтугай” хэмээн гуйсан.

Дэлхийг бүрхсэн айдас, харанхуй, зөрчилдөөнтэй тэмцэлдэхийн тулд бид бүхэн амар амгалан, тайтгарал, хамгийн гол нь хувийн илчлэлийн хувьд Их Эзэнээр өргүүлэх хэрэгтэй байдаг.

Арга хэмжээ эхлэхийн өмнө бид ерөнхийлөгч Нэлсон, Нэлсон эгч хоёртой үзэсгэлэнтэй гоё орчныг харахаар гадаа наранд зогссон юм. Ерөнхийлөгч Нэлсоны өвөг дээдэс уг газар нутагтай гүн холбоотой. Түүний найман элэнц эцэг эх, бас миний зарим өвөг дээдэс уг ариун сүмийг хүрээлсэн хөндийнүүдэд суурьшиж байжээ. Миний элэнц өвөө Андриү Андэрсон нь Роки Маунтайнсд баригдсан 3 дахь ариун сүм буюу Мантай ариун сүмийг барихад 11 жил хөдөлмөрлөсөн эхэн үеийн анхдагчдын барилгын багт үйлчилж байсан.

Ерөнхийлөгч Нэлсонтой хамт зогсож байх үед Их Эзэний ариун өргөөг дахин онцгойлон адислах мөчийг тэмдэглэхэд нь Бурханы бошиглогчийг өргөх боломж бидэнд олдсон юм. Энэ бол миний хэзээ ч мартахааргүй өдөр байсан.

Тэрхүү ариун нандин өдөр ерөнхийлөгч Нэлсон: “Бид Их Эзэнийг хүндлэн бишрэхийн тулд ариун сүмүүдийг барьдаг. Тэдгээрийг үзүүлж харуулахын тулд бус, харин шүтэн бишрэхэд зориулж барьдаг. Бид эдгээр ариун нандин хананы дотор мөнхийн ач холбогдолтой нандин гэрээнүүдийг байгуулдаг” гэж хэлсэн. Бид Израилыг цуглуулж байна.

Ерөнхийлөгч Нэлсон болон түүнээс өмнөх бошиглогчид ариун сүмүүдийг нандигнан хайрласаар ирсэн. Өнөөдөр бидэнд дэлхий даяар үйл ажиллагаа явуулж байгаа, зарлагдсан эсвэл барилгын ажил нь явагдаж буй Их Эзэний ариун нандин 350 өргөө бий. 2018 оноос хойш ерөнхийлөгч Нэлсон бошиглогчийн хувиар 168 ариун сүмийг зарлажээ.

Тэрээр: “Өнөө үед бүх эрин үе, түлхүүр, хүч бүхэлдээ, бүрэн дүүрэн мөн төгс байдлаар нэгдэн гагнагдах ёстой (Сургаал ба Гэрээ 128:18-ыг үзнэ үү). Энэ ариун зорилгын улмаас дэлхий дээр ариун сүм үй олноороо баригдаж байна. Эдгээр ариун сүмийн барилгын ажил таны амьдралыг өөрчлөхгүй байж болох ч ариун сүмийн үйлчлэл өөрчлөх нь гарцаагүй гэдгийг би дахин онцолмоор байна” хэмээжээ.

Ерөнхийлөгч: “Ариун сүмийн амин зүрх бол Аврагч ба Түүний сургаал юм. “Сүнс болон удирдамжаар дамжуулан ариун сүмд заагддаг бүх зүйл Есүс Христийн талаарх бидний ойлголтыг тэлдэг. Түүний амин чухал ёслолууд ариун санваарын гэрээнүүдээр дамжуулан биднийг Түүнтэй холбодог. Улмаар биднийг гэрээгээ сахих үед Тэрээр Өөрийн эдгээгч, хүчирхэгжүүлэгч хүчийг бидэнд хүртээдэг” хэмээн хэлсэн юм.

Ерөнхийлөгч Нэлсон: “Ариун сүмд шүтэн биширдэг бүхэн Бурханы сүр хүчтэйгээр урагш одож, мөн тэнгэр элч нар ‘тэдний дээр захирч’ [Сургаал ба Гэрээнүүд 109:22] байдаг. Хишиг хүртсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс эсвээс ариун сүмд ордог өсвөр үеийнхний хувьд Бурханы хүчээр зэвсэглэж, амьдралын шуургыг ганцаараа туулахгүй гэдгээ мэдэх нь та нарын өөртөө итгэх итгэлийг хэр их нэмэх вэ? Тэнгэрлэг элч нар танд үнэхээр тусална гэдгийг мэдэх нь танд хэр их урам зориг өгөх вэ?” хэмээн хэлсэн.

Есүс Христийг Гетсеманийн цэцэрлэгт даруухнаар өвдөг сөгдөх үед тэнгэр элч нар ирж өргөсөн тухай судруудад гардаг. Тэр зовлон зүдгүүрээрээ хязгааргүй Цагаатгалыг өгсөн юм. Ерөнхийлөгч Нэлсон: “Тэнд, түүхэнд бичигдсэн цор ганц, хамгийн агуу хайрын үйл өрнөсөн. … Тэнд, Гетсеманид, Их Эзэн ‘бүх хүн наманчилж мөн түүнд ирж болохын тулд бүх хүний зовлонг тэрээр туулсан бөлгөө’ [Сургаал ба Гэрээнүүд 18:11]” гэжээ.

Есүс Христ: “Энэ аягыг надаас алгасуулаач. Гэвч Миний хүслээр бус, харин Таныхаар болог гэв.

Тэгтэл тэнгэр элч Түүнд тэнгэрээс үзэгдэн, Түүнийг тэнхрүүлж байлаа.”

Өнөөдөр биднийг хүрээлэх тэнгэр элч нар бидэнд байна. Ерөнхийлөгч Нэлсон: “[Ариун сүмд] тэнгэр, газар хоёрын хооронд татсан хөшгийг хэрхэн нээхийг, Бурханы тэнгэр элч нараас тан руу ирэхийг хэрхэн гуйхыг … та сурах болно” гэж хэлсэн.

Тэнгэр элч нар гэрэл авчирдаг. Бурханы гэрлийг. Есүс нифай үндэстэн төлөөлөгчдөдөө “Болгоогтун би бол та нарын өргөх тэрхүү гэрэл билээ” хэмээн хэлжээ. Бид бошиглогчоо дэмжих үедээ, “дэлхийн гэрэл” болох Аврагч түүнийг дууддаг гэдгийг гэрчилдэг.

Ерөнхийлөгч Нэлсон, бид дэлхий даяарх Их Эзэний Сүмийн гишүүд, найзуудын өмнөөс таны сургаалуудыг өргөхөөр, мөн Христтэй адил амьдрах үлгэр жишээг тань өргөхөөр, түүнчлэн Их Эзэн, Аврагч, бид бүхний Гэтэлгэгчийн талаарх таны үнэн сэтгэлийн гэрчлэлийг өргөхөөр адислагдсандаа баяртай байна.

Би Есүс Христ бол “дэлхийн гэрэл” хэмээх төлөөлөгчийн гэрчлэлээ үлдээж байна. Бид бүхэн Түүний шавь нарын хувьд Түүний гэрлийг “өргөх” болтугай. Есүс Христийн нэрээр, амен.