Ерөнхий чуулган
Есүс Христэд бэхлэгдэн холбогдох нь: Дэлхийн давс болох
2024 оны 10-р сарын Ерөнхий чуулган


10:49

Есүс Христэд бэхлэгдэн холбогдох нь: Дэлхийн давс болох

Бид Их Эзэнтэй холбогдсон хэвээр үлдэх юм бол Түүний гэрлийг амьдралдаа тусгаж, дэлхийн давс болох болно.

Аврагч “[Түүний] үүрдийн сайн мэдээнд дуудагдахдаа мөн үүрдийн гэрээгээр гэрээнд орохдоо [бид] дэлхийн давс хэмээн тооцогддог билээ” гэж заасан. Давс нь хоорондоо бэхлэгдэн холбогдсон хоёр элементээс бүрддэг. Бид дангаараа давс байж чадахгүй. Бид дэлхийн давс байхын тулд Их Эзэнтэй бэхлэгдэн холбогдсон байх ёстой. Би үүнийг бусдад үйлчилж, дэлхийн давс байхын тулд тууштай хичээж чармайдаг, Их Эзэнтэй холбогдсон, дэлхий даяарх Сүмийн итгэлтэй гишүүдтэй харилцах явцад тэднээс харж байдаг.

Та бүхний гуйвшгүй хичээл зүтгэл тодхон жишээ юм. Бид та бүхний үйлчлэлийг үнэлж, хүндэтгэдэг.

Өсвөр үеийнхэн маань гайхалтай эр зориг, хичээл зүтгэлийг харуулж байна. Тэд гэр бүлийн түүхийн ажилд ач холбогдол өгч, Их Эзэний өргөөнд ойр ойрхон ордог ба энэ нь тэдний хичээл зүтгэлийг батлан харуулж байдаг. Тэд дэлхий даяар номлолд үйлчлэхээр цаг хугацаа, эрч хүчээ бүрэн зориулах хүсэлтэй байдаг нь тэдний гүн гүнзгий итгэлийг харуулдаг. Тэд Есүс Христтэй бэхлэгдэн холбогдсон шавь нар болох замд оролцоод зогсохгүй, энэ замыг удирдан тэргүүлж байна. Тэдний үйлчлэл гэрэл гэгээ, итгэл найдварыг цацруулж, тоо томшгүй олон амьдралд хүрч нөлөөлж байна. Сүмийн өсвөр үеийнхэн та нарын урам зориг өгсөн үйлчлэлд бид чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье. Та нар бол зөвхөн Сүмийн ирээдүй биш, бас энэ цаг үеийг тодорхойлогчид юм шүү. Та нар үнэхээр дэлхийн давс!

Би Их Эзэн Есүс Христэд хайртай. Их Эзэний Сүмд та нартай хамт үйлчлэх боломжтой байгаа нь адислагдсан хэрэг гэж би боддог. Нэг итгэл бишрэлээс үүдсэн нэгдмэл байдал, хүч чадал маань биднийг хэзээ ч энэ аянд ганцаараа биш гэдгийг батлан харуулдаг. Бид үйлчлэл, хайр, гуйвшгүй итгэл дээр суурилан Бурханы хаант улсыг хамтдаа үргэлжлүүлэн байгуулж чадна.

Есүс Христ Галилын тэнгисийн эрэгт цугласан олонд заахдаа, сүнслэг агуу үнэнүүдийг ойлгуулахын тулд өдөр тутмын хэрэглээний зүйлсийг ашиглан заадаг байсан. Тэдгээрийн нэг нь давс юм. Есүс “Та нар газрын давс” гэж тунхагласан нь ялангуяа Түүний эрин үед давсны олон талын ашиг тусыг ойлгодог байсан хүмүүст утга учир, ач холбогдлын хувьд тун баялаг мэдэгдэл байсан юм.

Миний төрсөн нутаг Португалийн өмнөд бүс дэх Алгарвэгийн давс бэлтгэх эртний арга барил нь бүр Ромын хаант улсын эрин үеэс эхэлсэн мянга мянган жилийн түүхтэй. Марното гэгддэг давсны ажилчдын ашигладаг арга барил нь тэр цаг үеэс хойш бараг өөрчлөгдөөгүй нь гайхалтай. Энэ чадварлаг ажилчид уламжлалт арга барилыг ашиглан ажлаа бүхэлд нь гараар гүйцэтгэдэг ба олон зуун жил дамжин ирсэн энэ өвийг хадгалан үлджээ.

Эртний энэ арга барилаар “давсан цэцэг” гэж нэрлэдэг зүйлийг цуглуулж авдаг. Давсан цэцгийг цуглуулж авах нарийн үйл явцыг бүрэн дүүрэн ойлгохын тулд үүнийг бий болгодог орчин нөхцөлийг ойлгох нь чухал юм. Алгарвэгийн далайн эргийн давст намаг нь давс боловсруулахад тохирсон нөхцөлийг бүрдүүлдэг. Далайн усыг давсны тэвш гэгддэг гүехэн цөөрөм рүү шуудуу татан оруулдаг ба энэ нь халуун нарны илчинд ууршдаг. Ус уурших үед давсан цэцэг нь давсны савны гадаргуу дээр нарийн талстуудыг үүсгэдэг. Эдгээр талст нь ер бусын цэвэр бөгөөд өвөрмөц, барзгар гадаргатай. Марното нар тусгай багаж ашиглан усны гадаргуугаас талстыг хамж авдаг ба энэ нь их ур чадвар, нямбай байдлыг шаарддаг аж. Португалд энэхүү сайн чанарын давсыг “давсны өрөм” гэж нэрлэдэг. Учир нь үүнийг сүүний дээгүүр бүрэлдсэн өрөмтэй адилаар болгоомжтой шүүж авах шаардлагатай болдог юм. Энэхүү нарийн ширхэгт давсыг цэвэр чанар, онцгой амтных нь улмаас өндрөөр үнэлдэг төдийгүй хоолны ертөнцөд үнэ цэнтэй орц найрлагад тооцдог ажээ.

Марното нар дээд зэргийн чанартай давсыг хураахын тулд асар их хичээл зүтгэл гаргадагтай адил бид Их Эзэний гэрээт хүмүүсийн хувьд хамгийн сайнаараа хичээснээр хайр, үлгэр жишээгээрээ Есүс Христ Аврагчийнхаа цэвэр тусгал болж чадах юм.

Эрт дээр үед давс нь амт оруулахаас гадна нэн чухал нөөшлөгч байсан төдийгүй цэвэр ариун байдал болон гэрээг бэлгэддэг байв. Давс нь хоол хүнс хадгалж нөөшлөх болон амт оруулахад нэн чухал гэдгийг хүмүүс мэддэг байсан. Давс нь аливаа зүйлтэй холилдож, ууссанаар давслаг чанар буюу амтаа алддаг гэдгийг ч тэд ойлгодог байсан.

Давс амтаа алддагийн адил бид Есүс Христэд итгэх итгэлдээ хайхрамжгүй хандах юм бол сүнслэг эрч хүчээ алдаж болно. Бидний гадна байдал хэвээрээ мэт харагдаж болох ч дотроо бат итгэлтэй байхгүй бол бид дэлхийд өөрчлөлт гаргах, өөрсдийн эргэн тойрон дахь хүмүүсийн сайн талыг гаргаж ирэх чадвараа алддаг.

Тэгэхээр бид өнөөдөр дэлхийд хэрэгтэй тэрхүү өөрчлөлт нь болж, өөрчлөлт гаргахын тулд хичээл зүтгэл, эрч хүчээ хэрхэн чиглүүлж голдиролд нь оруулах вэ? Бид хэрхэн шавь байх ёсыг хадгалан үлдэж, эерэг нөлөөг үзүүлсээр байх вэ?

Хайрт бошиглогчийн маань хэлсэн дараах үгс миний оюунд одоо ч сонсогдсоор байдаг. “Бурхан биднийг хамтран ажиллаж, нэг нэгэндээ туслаасай гэж хүсдэг. Тийм учраас Тэр биднийг энэ дэлхий рүү гэр бүлүүдэд илгээж, тойрог, гадаснуудад зохион байгуулдаг. Тийм учраас Тэр биднээс бие биедээ үйлчилж, тохинуулахыг хүсдэг. Тийм учраас Тэр биднийг дэлхий дээр амьдрах ёстой ч дэлхийнх биш байгаасай хэмээн хүсдэг.

Бидний амьдрал зорилго, үйлчлэлээр дүүрэн байх үед бид сүнслэг доройтлоос зайлсхийдэг. Нөгөөтээгүүр, амьдрал маань тэнгэрлэг зорилго, бусдад үйлчлэх утга учиртай үйлчлэл, тунгааж мөн эргэцүүлэн бодох ариун нандин боломжоор дутах үед бид өөрсдийн үйл хэрэг, хувийн сонирхолд аажмаар хөтлүүлэн боомилуулж, амтаа алдах эрсдэлд ордог. Үүнийг эмчлэх арга нь үйлчлэлд үргэлжлүүлэн оролцох буюу сайн үйлсэд санаа сэтгэлээ зориулах, өөрсдийгөө болон аж төрж буй нийгмээ сайжруулах явдал юм.

Хайрт ах, эгч нар минь, Есүс Христийн Сүмд харьяалагдаж, Түүний Сүмд үйлчлэх боломжтой байгаа маань бидний хувьд ямар их адислал вэ. Бидний нөхцөл байдал өөр өөр байж болох ч бид бүгдээрээ өөрчлөлт гаргаж чадна.

Давсны ажилчид болох марното нарыг санаж байна уу? Тэд хамгийн сайн талст, хамгийн сайн давсыг бэлтгэн хураахын тулд энгийн багаж хэрэгсэл ашигладаг. Бид өчүүхэн бөгөөд утга учиртай үйлдлүүдээрээ байнгын хичээл зүтгэл гаргаснаар шавь байх болон Есүс Христэд үнэнч байх байдлыг гүнзгийрүүлэхэд туслах энгийн зүйлсийг бас хийж чадна. Дэлхийн давс байхад туслах энгийн боловч чухал 4 арга замыг дурдъя.

  1. Их Эзэний өргөөг сүсэг бишрэлийнхээ төвд байлгах. Ариун сүм бидэнд урьд урьдынхаас илүү ойртож байгаа энэ цаг үед Их Эзэний өргөөнд тогтмол шүтэн бишрэхийг эн тэргүүнд тавих нь хамгийн чухал зүйлүүдэд анхаарлаа чиглүүлж, амьдралаа Христ дээр төвлөрүүлэхэд бидэнд туслах болно. Ариун сүмд бид Есүс Христэд итгэх итгэлийнхээ зүрхийг, Түүнд бүхнээ зориулах бодгалийг олдог.

  2. Сайн мэдээний дагуу хамтдаа амьдрах байдлаар бусдыг хүчирхэгжүүлэх үйлсэд санаа тавих. Бид сайн мэдээний зарчмуудыг амьдралдаа болон гэр орондоо авчрахын тулд зориуд, тогтмол хичээл зүтгэл гаргаснаар гэр бүлээ хүчирхэгжүүлж чадна.

  3. Дуудлага хүлээн авч, сүмд үйлчлэхэд бэлэн байх. Харьяа нэгжийнхээ цуглаанд үйлчлэх нь нэг нэгнээ дэмжиж, хамтдаа өсөх боломжийг бидэнд олгодог. Үйлчлэхэд үргэлж таатай байдаггүй ч үргэлж үр өгөөжөө өгдөг.

  4. Эцэст нь, дижитал харилцааны хэрэгслийг зорилготойгоор хэрэглэх. Өнөө үед харилцааны зарим хэрэгсэл нэг нэгэнтэйгээ холбоо тогтоох урьд өмнө байгаагүй боломжийг бидэнд олгож байна. Та нарын ихэнхтэй нь адилаар би эдгээр хэрэгслийг сүмийн ах эгч нартай болон гэр бүл, найзуудтайгаа холбоо тогтооход ашигладаг. Би тэдэнтэй холбогдох үедээ тэдэнтэй илүү ойр байгаагаа мэдэрдэг. Бид биеэрээ дэргэд нь байх боломжгүй үедээ хэрэгтэй цагт нь нэг нэгэндээ тохинуулж чадна. Эдгээр хэрэгсэл нь гарцаагүй адислал хэдий ч яг энэ хэрэгсэл нь бас утга учиртай харилцаа холбооноос холдуулж, эцэстээ зорилго муутай үйл ажиллагаануудад цагаа үрэх зуршилд оруулж ч болдог. Дэлхийн давс байхыг хичээх нь 15 см дэлгэцэн дээр төгсгөлгүй үргэлжлэх бичлэгийг ухаж үзэхээс хамаагүй илүү зүйл юм.

Бид Их Эзэний өргөөг амьдралынхаа төвд байлгаж, сайн мэдээний дагуу амьдарснаар бусдыг зориуд хүчирхэгжүүлж, үйлчлэх дуудлагыг хүлээн авч, дижитал хэрэгслийг зорилготойгоор ашиглан сүнслэг эрч хүчээ хадгалж чадна. Дээд зэргийн цэвэр давс амтыг сайжруулах, нөөшлөн хадгалах чадвартай байдаг шиг, бид Христтэй адил үйлчилж, хайрлахад өөрсдийгөө зориулснаар Есүс Христэд итгэх итгэлээ тэжээж, хамгаалж, давстай адил чадварыг эзэмшдэг.

Бид Их Эзэнтэй холбогдсон хэвээр үлдэх юм бол Түүний гэрлийг амьдралдаа тусгаж, дэлхийн давс болох болно. Ийн хичээж зүтгэснээр бид амьдралаа баяжуулаад зогсохгүй гэр бүл, нийгмээ ч бас хүчирхэгжүүлэх болно. Бид Их Эзэнтэй тогтоосон энэ холбоогоо хадгалж, амтаа хэзээ ч алдалгүй, Их Эзэний биднээс хүсэж буй тэр давсны жижиг талст нь байхыг хичээгээсэй. Есүс Христийн нэрээр, амен.