Ерөнхий чуулган
Цөөн жилийн хугацаанд
2024 оны 10-р сарын Ерөнхий чуулган


16:16

Цөөн жилийн хугацаанд

Бид итгэлгүй, дуулгаваргүй байх аваас Бурханы өгсөн хөгжил дэгжлийн адислалыг биднийг будилуулж, сатааруулдаг бардамналын хараал болгон хувиргах болно.

Хайрт ах, эгч нар аа, анх КОВИД тохиолдсоноос хойш энэ Чуулганы төв дүүрэхийг би энэ индэр дээрээс гурван удаа харж байна. Та нар үнэхээр суралцах чин эрмэлзэлтэй Есүс Христийн үнэнч шавь нар юм. Би та бүхний итгэлтэй байдлаар бахархаж байна. Би та нарт хайртай.

Эзра Тафт Бэнсон 1985 оны 11-р сараас 1994 оны 5-р сар хүртэл Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгчөөр үйлчилсэн. Ерөнхийлөгч Бэнсонг Сүмийн ерөнхийлөгч болох үед би 33 настай, харин нас барахад нь 42-той байсан. Түүний заасан сургаал, гэрчлэл надад гүн гүнзгий, хүчирхэг арга замаар нөлөөлсөн юм.

Ерөнхийлөгч Бэнсоны тохинууллын нэг онцлог бол тэрээр Мормоны Номын зорилго, ач холбогдолд гол анхаарлаа хандуулдаг байсан явдал юм. Тэрээр Мормоны Номыг “манай шашны тулгуур чулуу, бидний гэрчлэлийн тулгуур чулуу, сургаалын тулгуур чулуу, бидний Их Эзэн буюу Аврагчийн талаарх гэрчлэлийн тулгуур чулуу мөн” хэмээн удаа дараа онцолсон. Мөн тэрээр энэхүү Есүс Христийн хожмын үеийн гэрээнд гардаг бардамналын гэм нүглийн талаарх сургаал, сэрэмжлүүлгийг олонтоо онцлон дурдсан байдаг.

Ерөнхийлөгч Бэнсоны заасан нэгэн сургаал надад гүн сэтгэгдэл үлдээсэн төдийгүй Мормоны Номыг судлахад маань нөлөөлсөөр байгаа. Тэрээр:

“Мормоны Номыг … бидний өдрүүдэд зориулан бичсэн юм. Эртний нифайчууд, леменчүүдийн аль алинд энэ ном байгаагүй. Энэ номыг бидэнд зориулан бичсэн. Мормон нифайчуудын соёл иргэншлийн төгсгөлийн үед бичиж байсан. Бүх зүйлийг эхлэлээс хардаг Бурханы сүнсний нөлөөн доор [Мормон] хэдэн зууны цэдгийг товчлон, бидэнд хамгийн чухал түүх, хэлсэн үг, үйл явдлуудаас сонгон авч хураангуйлсан юм.

Мормоны Номын гол бичээч бүр ирээдүйн үеийнхэнд зориулан бичсэнээ гэрчилсэн байдаг. … Хэрэв тэд өнөө үеийг харж, бидэнд агуу үнэ цэнтэй зүйлсийг сонгож бичсэн юм бол бид Мормоны Номыг судлах ёсгүй гэж үү? ‘Их Эзэн Мормонд юуны учир [энэ түүхийг] цэдэгтээ оруулах сэдлийг өгсөн юм бол? Би [энэхүү сургамжаас] энэ эрин үед амьдрахад минь туслах юуг сурч болох вэ?’ гэж бид өөрсдөөсөө байнга асууж байх ёстой” хэмээн хэлсэн.

Ерөнхийлөгч Бэнсоны мэдэгдэл бидэнд Мормоны Ном бол зөвхөн өнгөрснийг харуулдаг түүхэн цэдэг биш гэдгийг ойлгоход тусалдаг. Харин судрын энэ боть нь ирээдүйг харуулж, өнөө үеийн нөхцөл байдал, бэрхшээлд зориулсан чухал зарчим, сэрэмжлүүлэг, сургамжуудыг агуулдаг билээ. Тийм ч учраас Мормоны Ном бол бидний одоо амьдарч буй болон ирээдүйд амьдрах цаг үеийн тухай ном юм.

Өнөөдөр биднийг Мормоны Номын Хиламаны номоос бидэнд зориулсан сургамжуудыг тунгаах үед Ариун Сүнс туслах болтугай хэмээн би залбирч байна.

Нифайчууд ба леменчүүд

Хиламаны болон түүний хөвгүүдийн цэдэгт Есүс Христийн мэндлэхийг хүлээж буй хүмүүсийн талаар дүрсэлдэг. Хагас зуун жилийг хүүрнэн өгүүлсэн уг судрын цэдэгт леменчүүдийн хөрвөлт, зөв шударга байдлыг болон нифайчуудын ёс бус байдал, урвалт, жигшүүрт хэргүүдийг онцлон дурдсан байдаг.

Энэхүү эртний цэдэг дэх нифайчууд, леменчүүдийн хоорондох олон харьцуулалт нь өнөөдөр бидэнд хамгийн том сургамжийг өгдөг.

“Леменчүүд, тэдний ихэнх хэсэг нь зөв шударга хүмүүс болцгоосон байлаа, үүний хэрээр тэдний зөв шударга байдал нь нифайчуудынхаас илүү болсон байв, учир нь тэд итгэлдээ чанд бөгөөд гуйвшгүй байсан бөлгөө.

[Мөн] нифайчуудаас хатуурсан мөн гэмшдэггүй мөн бузар ёс бус болсон нь олон байв, иймээс тэд Бурханы үгийг мөн тэдний дунд ирсэн бүх номлол мөн бошиглолыг эсэргүүцсэн ажгуу.”

“Мөн нифайчууд итгэлээ алдан доройтож, мөн ёс бусад мөн жигшүүрт хэргүүдэд автагдаж эхэлж байхад леменчүүд Бурханыхаа мэдлэгт үлэмж өсөж эхэлснийг бид ийн харлаа; тийм ээ, тэд түүний дүрмүүд мөн зарлигуудыг сахиж, мөн түүний өмнө үнэнд мөн зөв шударгад алхаж эхлэв.

Мөн нифайчуудын зүрх сэтгэлийн ёс бус бөгөөд хатуугийн учир, Их Эзэний Сүнс тэднээс холдож эхэлснийг бид ийн харлаа.

Мөн түүний үгсэд амархнаар мөн сайн дураараа итгэсний учир леменчүүдийн дээр Их Эзэн Сүнсээ юүлж эхэлснийг бид тийн харлаа.”

Нифайчуудын урвалт руу уруудсан тухай хамгийн гайхмаар, нэгийг бодогдуулам зүйл бол “эдгээр бүх алдас тэдний дээр цөөн жилийн хугацаанд ир[сэн]” явдал байж болох юм.

Нифайчууд Бурханаас нүүр буруулав

Нэгэн үед зөв шударга байсан хүмүүс яаж ийм богино хугацаанд зүрх сэтгэлээ хатууруулж, ёс бус болсон бэ? Өөрсдийг нь ихэд өгөөмрөөр адисалсан Бурханыг хүмүүс хэрхэн ийм хурдан мартаж чадав аа?

Нифайчуудын сөрөг жишээ өнөөдөр бидэнд хүчирхэг, гүн гүнзгий арга замаар сургамж болдог.

“Бардамнал … тэдний үлэмж их баялаг мөн уг нутаг дахь хөгжил дэгжлийн улмаас … Бурханы сүмд харьяалагддаг хэмээх хүмүүсийн зүрх сэтгэлд орж эхэлсэн.”

“[Тэд] зүрх сэтгэлээ энэ дэлхийн баялгууд болон хоосон зүйлс дээр байрлуулсан” учир нь “[тэдний] зүрх сэтгэлдээ орохыг зөвшөөрсөн бардамналын учир … [тэдний] үлэмж агуу баялгуудын учир [тэднийг] сайнаас хэтрүүлэн бардам болгосн[ых]” бөлгөө.

Газар шорооноос хашхирах эртний дуу хоолойнууд өнөөдөр биднээс хөгжил дэгжил, эд баялаг, амар хөнгөн амьдрал зэрэг нь зөв шударга хүмүүсийг ч бардамналын сүнсний хороос уухад хүргэж болох хүчтэй найрлагыг бүрдүүлж байдаг гэх үүрдийн сургамжаас суралцаасай гэж хүсдэг.

Бардамналыг зүрх сэтгэлдээ оруулах нь ариун нандин зүйлийг элэг доог болгох, илчлэлийн суу билигт итгэхгүй болох, Бурханы зарлигуудыг хөл доороо дэвслэх, Бурханы үгийг үгүйсгэх, бошиглогчдыг зайлуулж, элэглэх, тэднийг доромжлох, Их Эзэн Бурханаа мартах, “[биднийг] бүтээсэн Их Эзэн Бурхан [бидний] дээр захирахыг мөн засаглахыг хүс[эхгүй]” байхад хүргэх боломжтой.

Тиймээс бид итгэлгүй, дуулгаваргүй байх аваас Бурханы өгсөн хөгжил дэгжлийн адислалыг биднийг мөнхийн үнэн, амин чухал сүнслэг зүйлсээс холдуулж сатааруулдаг бардамналын хараал болгон хувиргах болно. Бид бардамналд өдөөгдөн, өөрийгөө чухал гэж хэтрүүлж бодохоос, өөрийн бие даасан байдлыг буруу үнэлж дүгнэхээс, бусдад туслахын оронд амин хувиа хичээхээс үргэлж өөрсдийгөө хамгаалах ёстой.

Бид бардам хөөрүү байдлаар өөрсдөдөө анхаарлаа төвлөрүүлэх тусам сүнслэг байдлаараа харалган болж, өөрсдийн дотор болон эргэн тойрондоо болж буй олон зүйлийг, бүр илүү ихийг, магадгүй бүр бүх зүйлийг анхаарахгүй өнгөрдөг. Хэрэв бид зөвхөн өөрсдийгөө хардаг байх юм бол Есүс Христийг “зорилго” болгон харж, анхаарлаа хандуулж чадахгүй.

Ийм сүнслэг харалган байдал нь түүнчлэн биднийг зөв шударга замыг орхин, хориглогдсон зам руу орж мөн алдагд[ахад] хүргэнэ. Бид сохроор “өөрсдийн замуудыг хөөж,” хор хөнөөлтэй тойруу замаар явснаар өөрийнхөө ойлголтод түшиглэж, өөрийн хүчинд бардаж, өөрсдийнхөө чадал, мэргэн ухаанд тулгуурлахаар хазайдаг.

Нифайчууд Бурханаас нүүр буруулсан тухай Лемен үндэстэн Самуел “Та нар амьдралынхаа бүх өдрийн туршид эзэмшиж чадахгүй түүнийг эрэлхийлсэн; мөн та нар алдсыг үйлдсэнээр аз жаргалыг эрэлхийлсэн нь бидний агуу их Мөнхийн Тэргүүний зөв шударга чанарын эсрэг юм” хэмээн хураангуйлсан байдаг.

“Уг хүмүүсийн ихэнх хэсэг нь өөрсдийн бардамнал мөн ёс бус байдалдаа [үлдсэн], мөн багахан хэсэг нь Бурханы өмнө илүү хянамгай [алхсан]” гэдгийг бошиглогч Мормон анзаарчээ.

Леменчүүд Бурханд хандав

Хиламаны номд бичсэнээр, леменчүүд улам бүр зөв шударга болж байхад, нифайчууд эсрэгээрээ сүнслэг байдлаараа огцом унасан байдаг.

Леменчүүд Бурханд хандаж, ариун судруудад болон бошиглогчдын сургаалд итгэн, Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлж, нүглээ наманчлан, зүрх сэтгэлийн агуу өөрчлөлтийг мэдэрснээр үнэний мэдлэгт авчрагдсан.

“Тиймийн тул, үүнд ирсэн болгон нь, итгэлдээ мөн тэд чөлөөтэй болоход нь тусалсан түүндээ чанд мөн гуйвшгүй байгааг та нар өөрсдөө мэднэ.”

“Мөн [леменчүүдийн] ихэнх хэсэг нь үүргийнхээ замд байж, мөн тэд Бурханы өмнө хянамгай алхаж, мөн … түүний зарлигуудыг мөн түүний дүрмүүд болон тогтоолуудыг дагахаар мэрийдэг гэдгийг та нар болгоогоосой. …

… тэд ах дүүсийнхээ үлдсэнийг нь үнэний мэдлэгт авчирч болохын тулд шантралгүй хичээнгүйлэн оролдож байна.”

Үүний үр дүнд “[леменчүүдийн] зөв шударга байдал нь нифайчуудынхаас илүү болсон байв, учир нь тэд итгэлдээ чанд бөгөөд гуйвшгүй байсан бөлгөө.”

Сэрэмжлүүлэг ба амлалт

Моронай: “Болгоогтун, та нарын дунд эдгээр зүйл гарч ирэх тэр өдөр, удахгүй ирэх ёстой түүний талаар Их Эзэн надад агуу бөгөөд гайхамшигт зүйлсийг үзүүлсэн болой.

Болгоогтун, хэдийгээр та нар үгүй ч, та нар өмнө минь буй мэтээр би та нартай ярьж байна. Гэвч болгоогтун, Есүс Христ та нарыг надад үзүүлсэн, мөн би та нарын үйлийг мэднэ” хэмээн тунхаглажээ.

Мормоны Ном ирээдүй рүү чиглэдэг бөгөөд өнөө үеийн нөхцөл байдал, бэрхшээл дунд буй та бидэнд зориулсан чухал зарчим, сэрэмжлүүлэг, сургамжуудыг агуулдаг гэдгийг санаарай.

Урвалт нь байгууллагын болон хувь хүний гэсэн хоёр үндсэн түвшинд гарч болдог. Байгууллагын түвшинд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм урвалтын улмаас унахгүй, тэр байтугай дэлхийгээс авагдахгүй.

Бошиглогч Иосеф Смит: “Үнэний жишгүүд тогтоогдсон бөгөөд ямар ч бохир ямар ч бохир гар энэ ажлыг зогсоож чадахгүй; … Бурханы үнэн тив бүрд, улс орон болгонд хүрч, хүн бүрд сонсогдох хүртэл Бурханы зорилго гүйцэлдэж, аугаа Иехова ажил хийгдэж дууслаа гэж хэлэх хүртэл зоригтойгоор мөн ялгууснаар, юунаас ч үл хамааран урагш ахих болно” хэмээн тунхагласан.

Хувь хүний түвшинд бидний хүн нэг бүр “эртний нифайчуудын адил болохгүйн тулд бардамналаас болгоомжлох” ёстой.

Хэрэв та бид өөрсдийгөө бардамнал, их зангаас зайлсхийх хангалттай хүчирхэг, чадалтай гэж бодож байгаа бол энэ сүнслэг үхлийн өвчнөөр аль хэдийн өвчилсөн байна гэдгийг би сануулмаар байна. Энгийнээр хэлэхэд, та бид өөрсдийгөө бардам занд автахгүй, бардамнахгүй гэж бодож байгаа л бол сүнслэг аюулд өртөхүйц эмзэг байна гэсэн үг. Бид цөөн хэдэн өдөр, долоо хоног, сар эсвэл жилийн хугацаанд тогоотой шөлнөөс ч дор зүйлийн төлөө ууган хүүгийн сүнслэг эрхээ алдахад хүрч болзошгүй юм.

Гэсэн ч, хэрэв та бид өөрсдийгөө их зан гаргаж, бардамнах нь биднийг зовоож магадгүй юм гэдэгт итгэвэл, “хүүхэд шиг хүлцэнгүй, номхон, даруухан, тэвчээртэй, хайраар дүүрэн болж, Их Эзэн [бидэн] дээр ноогдуулах бүх зүйлийг хүлцэхэд бэлэн болгоход бидэнд тусалж, хамгаалах өчүүхэн мөн энгийн зүйлсийг”>35 байнга хийх болно. “Даруу байхыг албадуулалгүйгээр өөрсдийгөө даруу болгох тэд адислагдсан болой.”

Бид ерөнхийлөгч Бэнсоны захиасыг дагаж, Их Эзэн яагаад Хиламаны номын эмхэтгэлд тэдгээр түүх, сургамж, сэрэмжлүүлгийг багтаан оруулах сэдлийг Мормонд өгсөн гэдгийг өөрсдөөсөө асууснаар эдгээр сургаалыг одоо хувийн болон гэр бүлийнхээ амьдралын тодорхой нөхцөл байдалд хэрэгжүүлэх боломжийг олж харах болно гэдгийг би амлаж байна. Бурханаас ирсэн энэ цэдгийг бид судалж, тунгаан бодсоноор “харах нүд, сонсох чих, ухаарах оюун, ойлгох зүрх сэтгэлээр” адислагдаж, “уруу таталтад орохгүйн тулд бардамналаас болгоомжлох” ёстойг сурах болно.

Мөнхийн Эцэг Бурхан бол бидний Эцэг гэдгийг би баяртайгаар гэрчилж байна. Есүс Христ бол Бурханы Хайртай Төрсөн Ганц Хүү. Тэр бол бидний Аврагч. Бид Их Эзэний Сүнсний номхон даруу байдалд алхсанаар бардамнахаас зайлсхийж, үүнийг даван туулж, Түүгээр дамжин амар амгалан байх болно гэдгийг би гэрчилж байна. Би үүнийг Их Эзэн Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.