Ерөнхий чуулган
Цэвэрш
2024 оны 10-р сарын Ерөнхий чуулган


9:43

Цэвэрш

Өдөр тутмын наманчлал нь бидэнд Ариун Сүнсээр дамжуулан Их Эзэний удирдамжийг ялган таних боломж олгодог.

Би тав орчим настай байхдаа Кот д’Ивуарын жижиг тосгоныхоо сүмийн ард талд найзуудтайгаа хөл бөмбөг тоглож байсан юм. Тэнд байсан номлогч цугласан хүмүүст Аврагчийн ирэлтэд бэлтгэн өмсгөлөө цэвэр болгохыг уриалж байсныг би тодхон санадаг. Балчир байсан болохоор би уг уриалгыг шууд утгаар нь хүлээж авсан юм. Би бяцхан хөлийнхөө чадлаар аль болох хурдан гэр лүүгээ гүйж, маргааш нь ирэх Аврагчийн ирэлтэд толбогүй байхын тулд ээжээсээ хэдэн хувцсыг маань угааж өгөөч гэж гуйлаа. Аврагч яг ирнэ гэдэгт ээж минь эргэлзэж байсан ч хамгийн гоё хувцсыг маань угааж өгсөн юм.

Маргааш өглөө нь би хатаж амжаагүй, бага зэрэг чийгтэй хувцсаа өмсөөд Аврагч ирэх мэдээг тэсэн ядан хүлээв. Өдөр өнгөрсөн ч юу ч болсонгүй тул би цуглааны байр луу очихоор шийдлээ. Сүм хоосон, Аврагч ирээгүй байсныг мэдээд миний сэтгэл ихэд гонсойв. Гэр лүүгээ удаан гэгч нь алхаж буй надад ямар санагдаж байсныг та бүхэн төсөөлж байгаа байх.

Хэдэн жилийн дараа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд нэгдэхээр номлогчийн хичээл авч байхдаа би дараах судрыг уншсан юм: “Мөн ямар ч цэвэр бус зүйл түүний хаант улсад орж чаддаггүй; тиймийн тул өөрсдийн итгэл, өөрсдийн бүх нүглийн наманчлал, мөн төгсгөл хүртэлх өөрсдийнхөө үнэнч байдлын улмаас миний цусанд өөрсдийн өмсгөлийг угаасан тэднээс бусад юу ч түүний амралтад ордоггүй.”

Тухайн үед хүлээн авсан энэхүү тодруулга надад хэдэн жилийн өмнө бяцхан оюундаа ухаараагүй чухал үнэнийг ойлгоход тусалсан юм. Тэрхүү номлогчийн захиас сүнслэг цэвэр ариун байдлын ач холбогдлыг онцолсон байжээ. Тэрээр цугларсан хүмүүсийг наманчилж, амьдралдаа өөрчлөлт гаргаж, гэтэлгэл эрэн Аврагчид ханд гэж шавдуулсан юм.

Тэнгэрлэг Эцэг маань бидний мөнх бус аяллыг болон амьдралдаа гарцаагүй нүгэл үйлдэхийг маань мэддэг. Тэрээр бидний гэм нүглийг цагаатгах Аврагчийг өгсөнд би гүнээ талархдаг. Аврагчийн гэтэлгэх золиослолоор дамжуулан бидний хүн нэг бүр наманчилж, өршөөл эрж, цэвэр болох боломжтой. Сайн мэдээний суурь зарчим болох наманчлал нь энэ амьдралын саад бэрхшээлийг туулах үеийн бидний сүнслэг өсөлт хөгжил, сэтгэлийн хатад зайлшгүй шаардлагатай.

2022 оны 4-р сарын Ерөнхий чуулганы үеэр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Сүмийн гишүүн бүрийг өдөр тутмын наманчлалаас ирэх баяр хөөрийг мэдрээрэй гэж урьсан. Тэрээр:

“Наманчлахаас бүү ай, бүү хойшлуул. Сатан та нарыг зовж зүдрэхэд баярладаг. Түүнийг болиул. Түүний нөлөөг амьдралаасаа үлдэн хөө! Эгэл хүнээ орхисноор ирдэг баяр хөөрийг мэдрэхийн тулд өнөөдрөөс эхэл. Аврагч биднийг үргэлж хайрладаг, ялангуяа биднийг наманчлахад хайрладаг. …

Хэрэв танд гэрээний замаас хэт холдсон эсвэл хэтэрхий удаан төөрсөн, буцах замгүй болсон гэж бодогдож байвал энэ нь огт худал юм” хэмээсэн.

Хэрэв танд бүрэн наманчлаагүй зүйл байгаа бол би таныг ерөнхийлөгч Нэлсоны наманчлалаа бүү хойшлуул хэмээх уриалгад анхаарлаа хандуулахыг урамшуулж байна. Энэхүү үйл явц зориг шаарддаг хэдий ч жинхэнэ наманчлалаас ирэх баяр хөөр ойлголтыг давдаг гэдгийг би баттай хэлж чадна. Наманчлалаар дамжуулан бидний гэм нүглийн ачаа авагдаж, амар тайван, энх амгалан байдлаар солигддог. Бид чин сэтгэлээсээ наманчлах үедээ Аврагчийн цусаар ариусгагдан, Ариун Сүнсний өдөөлт, нөлөөллийг мэдрэх байдал маань нэмэгддэг.

Миний мөнхийн хамтрагч сонсголын бэрхшээлтэй төрсөн учраас сонсголын аппарат зүүх шаардлагатай байдаг. Тоос шороо, хөлс зэрэг нь уг төхөөрөмжийн үйл ажиллагаанд нөлөөлдөг учир өглөө бүр тэр маань аппаратаа зүүхээсээ өмнө холбогч гуурснуудыг нь хичээнгүйлэн цэвэрлэж байгааг би анзаардаг. Ийм энгийн атлаа тууштай хэвшил нь аливаа шороо, чийг, цанталтыг арилгаж, улмаар түүний сонсох, үр дүнтэй харилцах чадварыг сайжруулдаг. Хэрвээ тэр өдөр тутам ингэж цэвэрлэхгүй бол сонсох чадвар нь өдрийн турш аажмаар муудаж, хэлсэн үгс бүдгэрч, сүүлдээ сонсогдохгүй болдог. Сонсголын аппаратаа өдөр бүр цэвэрлэж байгаа нь түүнд тод сонсох боломж өгдгийн адилаар өдөр тутмын наманчлал нь бидэнд Ариун Сүнсээр дамжуулан Их Эзэний удирдамжийг ялган таних боломж олгодог.

Их Эзэн мөнх бус тохинууллынхаа төгсгөлд, Гетсемани цэцэрлэгт очихоосоо өмнө шавь нараа удахгүй ирэх сорилтуудад бэлтгэсэн. Тэрээр тэдэнд “Харин Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүгдийг заах бөгөөд та нарт хэлсэн бүгдийг минь сануулах болно” хэмээн амласан.

Ариун Сүнсний чухал үүргүүдийн нэг бол зөөлөн, дотоод дуу хоолойг сонсдог хүн бүрийг сэрэмжлүүлэх, хөтлөн чиглүүлэх, удирдах явдал юм. Сонсголын аппаратын бөглөрсөн холбогч гуурснууд зохих үйл ажиллагаанд саад учруулдагтай яг адил бидний Тэнгэрлэг Эцэгтэй холбогдох сүнслэг холбоо ч мөн муудаж аюултай буруу ойлголт эсвэл Түүний зөвлөгөөг анхаарахгүй байдалд хүргэж болно. Интернэт бий болсноор мэдээлэл урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр илүү хүртээмжтэй болсон. Энэ нь биднийг Бурханаас илүүтэй дэлхийн удирдамж руу хандахад хөтөлж болзошгүй юм. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Ирэх өдрүүдэд Ариун Сүнсний заан чиглүүлж, удирдаж, тайтгаруулах, байнга хамт байх нөлөөгүйгээр сүнслэгээр оршин тогтнох боломжгүй байх болно” хэмээн заасан.

Бидний хүн нэг бүр гишүүнээр батлуулах үедээ Ариун Сүнсний бэлэг хүлээн авах боломжтой байдагт би талархдаг. Гэсэн хэдий ч ерөнхийлөгч Даллин Х.Өүкс: “Ариун Сүнсний бэлгээр дамжин ирэх адислалууд зохистой байдлаас хамааралтай [байдаг] ‘бөгөөд Их Эзэний Сүнс ариун бус дугануудад оршдоггүй’ [Хиламан 4:24].”

Бид бошиглогч, төлөөлөгчдийн удирдамжийг дагахыг ухамсраараа сонгох үед Ариун Сүнсийг байнгын хамтрагчаа байлгах чадвар маань өсдөг. Ариун Сүнс бидний гаргах шийдвэрийг тодорхой болгож, Тэнгэрлэг Эцэгийн таалалд нийцэх бодол, санааг төрүүлдэг. Ариун Сүнсийг байнгын хамтрагчаа болгох нь бидний сүнслэг өсөлт хөгжилд хамгаас чухал билээ.

Би саяхан Юта дахь Солт Лэйк Грэйнжэр баруун гадасны чуулганыг удирдахаар томилогдсон юм. Уг үйл явдлын үеэр би зөв шударга амьдрал, өдөр тутмын наманчлалаар дамжуулан Ариун Сүнсний өдөөлтийг ялган таних чадвараа хичээнгүйлэн хөгжүүлсэн гадасны ерөнхийлөгчтэй уулзсан. Бид гурван айлд тохинуулахаар очсон юм. Гурав дахь айлдаа айлчилж дууссаны дараа бидэнд дараагийн үйл ажиллагаандаа оролцох хүртэл 30 минут үлдсэн байлаа. Биднийг гадасны төв рүү буцаад явж байх үед ерөнхийлөгч Чэснатад ахиад нэг айлаар очих санаа төржээ. Бид хоёр хоёулаа уг сэдлийг дагахаар шийдсэн юм.

Бид Жөүнсийнхнийд очоод Жөүнс эгчийг өвчнөөсөө болоод хэвтэрт орсныг нь мэдлээ. Түүнд санваарын адислал хэрэгтэй байсан нь тодорхой байв. Өөрийнх нь зөвшөөрлөөр бид түүнийг адисалсан юм. Биднийг явах болоход Жөүнс эгч биднээс өөрт нь яаралтай адислал хэрэгтэй байсныг хэрхэн мэдсэн талаар асуув. Үнэндээ бид мэдээгүй байсан. Харин Тэнгэрлэг Эцэг түүнд юу хэрэгтэйг мэдэж байсан бөгөөд түүний гэрт очихыг ерөнхийлөгч Чэснатад мэдрүүлсэн юм. Бид намуун зөөлөн дуу хоолойн удирдамжийг хүлээн авах үедээ тусламж хэрэгтэй хүмүүст илүү сайнаар тохинуулахад бэлтгэгдэх болно.

Би хайраар дүүрэн, нинжин сэтгэлт Тэнгэрлэг Эцэгийг гэрчилж байна. Есүс Христ бол хүн төрөлхтний Аврагч мөн Гэтэлгэгч. Би Есүс Христийн Цагаатгал бол бодит, мөн бид Ариун Сүнсний удирдамжийг дагаж сурвал Тэр биднийг наманчлалд, мөн Аврагчийн Цагаатгалын хүчийг амьдралдаа ашиглахад хөтлөх болно гэдгийг гэрчилж байна. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бол өнөөдөр дэлхий дээрх санваарын бүх түлхүүрийг атгадаг, Их Эзэний жинхэнэ, амьд бошиглогч билээ. Есүс Христийн нэрээр, амен.