Сүнслэг асуултуудад хариулт эрэлхийлэх нь
Сайн мэдээний талаарх бидний чин сэтгэлийн асуултууд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт өсөж хөгжихөд маань туслах боломжийг олгодог.
Биднийг сургуульд байхад манай нарны аймгийг есөн гарагтай гэж заадаг байсныг би өдий насандаа санадаг гэхээр та нарт гайхмаар санагдаж магадгүй. Тэр гаргуудын нэгийг 1930 онд нээн илрүүлснийх нь дараа Английн Оксфорд дахь 11 настай Вэнишиа Бөрни Дэлхийн ван гэж нэрлэсэн юм. 1992 он хүртэл Дэлхийн ван гаргийг манай нарны аймгийн хамгийн алсад орших биет гэж үздэг байв. Тухайн үед анги танхим, шинжлэх ухааны үзэсгэлэнгүүд дээр манай нарны аймгийн гаргуудыг дүрсэлсэн цаасан бүтээлүүд түгээмэл харагддаг байсан бөгөөд Дэлхийн ван гаргийн байршлыг тухайн үед мэдэгдэж байсан хязгаарт дүрсэлдэг байв. Олон эрдэмтэн нарны аймгийн уг бүсээс цаадах орон зайг хоосон гэж үзэж байсан юм.
Гэвч одон орончдын байнга ажиглаж байдаг солируудын үүсэл гарлын талаарх асуулт шинжлэх ухааны нийгэмлэгүүдэд урт удаан хугацааны турш оршсоор байв. Уг асуулт манай нарны аймгийн алс холын бас нэгэн бүсийг нээн илрүүлэх хүртэл олон арван жил хариулагдаагүй байлаа. Эрдэмтэд хязгаарлагдмал мэдлэгийнхээ хүрээнд эдгээр он жилийг судалгаа, нээлтүүдийг улам өргөжүүлэх боломжийг олгосон чухал техник технологиудыг хөгжүүлэх ажилд зориулсан юм. Эцэст нь тэдний хийсэн чухал нээлт манай нарны аймгийн талаарх ойлголтыг шинэчлэн, Дэлхийн ван гаргийг одой гаргийн ангилалд оруулж, нарны аймаг 8 гарагтай гэсэн дүгнэлтэд хүргэсэн юм.
Дэлхийн ван гаргийг ойроос судлах зорилготой Ниү Хораязон сансар судлалын төслийн нэгэн тэргүүлэх гараг судлаач, ахлах шинжээч энэ ажлын талаар “Бид өөрсдийн нарны аймгийн байршил зүйг мэддэг гэж боддог байсан. Гэтэл үгүй байж. Бид өөрсдийн нарны аймагт хэдэн гараг байгааг мэддэг гэж бодож байв. Гэвч бид андуурч байж” хэмээн хэлсэн байдаг.
Сансар огторгуйн нээлтүүд тохиосон эдгээр он жилтэй холбоотой, миний анхаарлыг ихэд татсан зүйл бол шинжлэх ухааны нээлтүүдийг өргөжүүлэх судалгаа шинжилгээний эрэл хайгуул ба Бурханы хүүхдүүдийн хувьд өөрсдийн сүнслэг асуултуудад хариулт эрэлхийлэх бидний аян зам дахь ижил болон гол ялгаатай талууд байсан юм. Ялангуяа бид өөрсдийн сүнслэг мэдлэгийн хязгаарлагдмал байдлыг хэрхэн хүлээн авч, хувийн өсөлт хөгжлийн дараагийн шатанд өөрсдийгөө хэрхэн бэлтгэж, тусламж хүсэн хааш хандаж болох тухай юм.
Шат шатаар
Асуулт асууж, утга учрыг нь эрэн хайх нь бидний мөнх бус амьдралын жирийн нэг хэсэг, өгөгдөл юм. Заримдаа бүрэн дүүрэн хариултыг шууд авч чадахгүй байна гэдэг нь илүү их судлах хэрэгтэйг илтгэх бөгөөд энэ хязгаарлагдмал байдал нь уур бухимдал төрүүлж, шантрахад хүргэж болно. Тун гайхалтай нь Тэнгэрлэг Эцэг бид бүгдэд зориулсан аз жаргалын төлөвлөгөөгөө бидэнд хязгаарлагдмал байдлаа үл харгалзан өсөж хөгжихөд, бүр бүх зүйлийн талаар бүрэн дүүрэн мэдлэггүй байсан ч өөрсдийн хүчээр хийж чадахгүй зүйлсээ гүйцэлдүүлэхэд туслахаар бүтээсэн юм. Бурханы төлөвлөгөө нь хүмүүний хязгаарлагдмал байдалд нигүүлсэнгүй ханддаг ба бидэнд Аврагч Есүс Христийг Сайн Хоньчин болгон өгч, сонгох эрх чөлөөгөө ашиглан Түүнийг сонгоход сүнслэгээр нөлөөлдөг.
Ахлагч Дийтр Ф.Угдорф “Асуух нь сул дорой байдал биш,” харин “ахиц дэвшлийн шинж тэмдэг” хэмээн заасан. Үнэнийг эрэлхийлж буй бидний хувийн хичээл зүтгэлтэй холбоотойгоор манай бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бид ”гүнзгий хүсэл эрмэлзэлтэй[гээр]”, “чин үнэнээсээ [Есүс] Христэд итгэлтэй байж, үнэн хүсэлтэйгээр гуйх” ёстой хэмээн заасан. Тэр цааш нь “үнэн хүсэл” гэдэг нь өгөгдсөн тэнгэрлэг зааврыг дагах үнэнхүү хүсэл эрмэлзэл хүнд байх ёстой гэсэн үг” хэмээн заасан.
Илүү их мэргэн ухааныг олж авах хичээл зүтгэл маань биднийг зүй тогтлыг судлан таньж мэдэх, өөрсдийн туршлага ойлголтыг өөрийн арга замаар хуваалцах, дутуу ойлгосон зүйлсээ мэдэж авах зэргээр дамжуулан шалтгаан ба үр дагаврын шууд хамаарлыг нарийн харснаар ээдрээт болон өөр бусад асуултаа эргэцүүлэн харахад чиглүүлэх нь бий. Сүнслэг мэдлэгийг эрж хайх тухай бодох нь зарим тохиолдолд тустай мэт боловч Тэнгэрлэг Эцэг, өөрсдийн Аврагч Есүс Христ хоёрт болон Тэдний сайн мэдээ, Сүм, бидэнд зориулсан төлөвлөгөөнд хамаарах зүйлсийг ялган танихыг зорих үед энэ нь дангаараа хангалтгүй юм.
Бурхан Эцэг, Түүний Хүүгийн бидэнд мэргэн ухааныг өгөх арга зам биднээс өөрсдийн амьдралд болон Тэдний өгөх хариулт, утга учрыг итгэлтэйгээр эрэлхийлэх аянд Есүс Христийг төв болгох үедээ Ариун Сүнсний хүчийг хувийн багшаа болгох урилгыг эн тэргүүнд тавихыг шаарддаг. Тэд биднийг үнэнийг хайхдаа ариун судруудыг судлахаар цаг хугацаа зарцуулж, орчин үеийн бошиглогч, төлөөлөгчдөөр дамжуулан бидний үе, цаг хугацаанд зориулан хожмын үед илчлэгдсэн үнэнүүдийг эрэлхийлэхэд урьдаг. Тэд биднээс Их Эзэний өргөөнд тогтмол шүтэн биширч, “тэнгэрээс мэдээлэл авах[аар]” өвдөг сөгдөн залбирахыг чин сэтгэлээсээ хүсдэг. Дэлхий дээрх тохинууллынхаа үеэр уулан дээрх номлолыг нь сонсохоор ирсэн хүмүүст Есүсийн өгсөн “Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ” хэмээх амлалт нь энэ цаг үед бидэнд ч мөн хамаатай юм. Аврагч маань “тэнгэр дэх Эцэг чинь Өөрөөс нь гуйгсдад сайныг өгөх” болно хэмээн тодорхой хэлсэн.
Их Эзэн “шат шатаар, дүрэм дүрмээр” гэсэн арга барилаар заадаг. Магадгүй бид одоогийн ойлголт болон дараа нь ойлгох зүйлс хоёрын хоорондох хугацаанд “ЭЗЭНд найда[х]” шаардлагатай байж болох юм. Энэ цаг хугацаа нь бидний хамгийн агуу сүнслэг ахиц дэвшлийг олж авах, чин зүрхний эрэл хайгуул хийх аянаа “тэвчээртэйгээр туул[ах]”, гэрээгээр дамжуулан Бурханд өгсөн ариун амлалтуудаа үргэлжлүүлэн сахихын тулд өөрсдийн хүч чадлыг сэлбэх цаг үе байх боломжтой юм.
Тэнгэрлэг Эцэг мөн Есүс Христтэй байгуулсан бидний гэрээний харилцаа нь Бурханы хаант улсад бидний оршин тогтнох бэлгэ тэмдэг болдог. Тэнд амьдрах нь биднээс өөрсдийн амьдралыг тэнгэрлэг зарчмуудтай нийцүүлэх, сүнслэг байдлын хувьд өсөж хөгжих хичээл зүтгэл гаргахыг шаарддаг.
Дуулгавартай байдал
Мормоны Номын турш заадаг нэг чухал зарчим бол Бурханы хүүхдүүд дуулгавартай байж, гэрээнүүдээ сахихыг сонгох үедээ сүнслэг удирдамж, чиглүүлгийг тасралтгүй хүлээн авч байсан явдал юм. Хичээл зүтгэл, дуулгавартай байдлаараа дамжуулан мэдлэг ба ухааныг олж авах болно гэдгийг Их Эзэн бидэнд заасан. Бурханы хуулиуд, зарлигууд нь бидний амьдралд саад тотгор бус харин хувийн илчлэл, сүнслэг мэдлэгийг хүлээн авах хүчирхэг үүд хаалга байхаар бүтээгдсэн юм. Ерөнхийлөгч Нэлсон “Бурханаас ирсэн илчлэлтүүд нь Түүний мөнхийн хуулиудтай үргэлж нийцсэн байдаг. Илчлэлтүүд хэзээ ч Түүний сургаалтай зөрчилддөггүй” гэсэн нэн чухал үнэнийг заасан. Бурханы зорилгын талаар бүрэн дүүрэн мэдлэггүй хэдий ч зарлигуудад нь өөрийн хүслээр дуулгавартай байх нь танд Түүний бошиглогчидтой хамт алхах боломжийг олгодог. Мосе номын 5-р бүлэг бидэнд Адам, Их Эзэний тэнгэр элч хоёрын хоорондын нэгэн онцлох харилцааны талаар заадаг.
Их Эзэн Адам, Ева хоёрт “тэд өөрсдийн Их Эзэн Бурханыг шүтэх ёстой, мөн мал сүргийнхээ ууган төлүүдийг Их Эзэнд өргөл болгон өргөж байх ёстой” гэсэн зарлигуудыг өгсний дараа сударт “Мөн Адам Их Эзэний зарлигуудад дуулгавартай байв” гэсэн байдаг. Цааш нь бид “олон өдрийн дараа Их Эзэний тэнгэр элч Адамд үзэгдэн: Чи яагаад Их Эзэнд тахил өргөдөг юм бэ? хэмээв. Мөн Адам түүнд хэлэв: Их Эзэн зарлигласнаас өөрийг би мэдэх нь үгүй” хэмээн уншдаг.
Адам ойлгож авахаасаа өмнө дуулгавартай байсан бөгөөд дуулгавартай байдал түүнийг Есүс Христийн цагаатгалын бэлгэ тэмдгийн талаарх ариун нандин мэдлэгүүдийг хүлээн авахад бэлтгэсэн юм. Үүний адилаар бидний даруу төлөв дуулгавартай байдал нь Бурханы арга зам болон бидний хүн нэг бүрд зориулсан Түүний тэнгэрлэг зорилгыг сүнслэгээр ялган танихад биднийг бэлтгэдэг. Дуулгавартай байдлыг хөгжүүлэхээр хичээн зүтгэх нь биднийг Аврагч Есүс Христэд ойртуулдаг. Учир нь Түүний хууль, зарлигуудад дуулгавартай байснаар Түүнтэй хүссэн харилцаагаа бий болгож болно.
Түүнчлэн, сайн мэдээний зарчмууд, ариун нандин гэрээнүүдэд үнэнч байхаар дамжуулан өөрсдийн олж авсан мэдлэг, мэргэн ухааны дагуу амьдрах нь бидэнд Ариун Сүнснээс ирэх илчлэлүүдийг хүлээн авч, хадгалан хамгаалахад чухал бэлтгэл болдог.
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бол бүх үнэний эх ундарга бөгөөд мэргэн ухаанаа өгөөмрөөр хуваалцдаг. Түүнчлэн бид Бурханаас хамаарахгүйгээр ямар ч мэдлэгийг хүлээн авдаггүй гэдгийг ойлгох нь бидэнд хэнээс тусламж хүсэж, хаана итгэлээ нэн тэргүүнд тавих вэ гэдгээ мэдэж авахад тусалдаг.
Гүн итгэл найдвар
Хуучин Гэрээний бошиглогч Елиша цэргийн удирдагч Нааман гэдэг хүнийг уяман өвчнөөс эдгээсэн түүхэд би дуртай. Энэ түүх хэрхэн нэгэн “бяцхан охин[ы]” гуйвшгүй итгэл нэг хүний амьдралыг өөрчилж, Бурханд болон Түүний бошиглогчдод итгэдэг хүмүүст зориулсан Бурханы нигүүлслийн талаар итгэгчдэд илчилсэн талаар гардаг. Нэр ус байхгүй ч тэр бяцхан охин бидэнд мэдлэгээ тэлэхэд мөн тусалсан юм. Уг охины гэрчлэлд итгэсэн Нааманы итгэл түүнд Бурханы сонгосон үйлчлэгчээс өөрийг нь эдгээхийг хүссэн сүнслэг урмыг өгсөн.
Иордан голд өөрийгөө угаа гэсэн Елишагийн зааварчилгаанд Нааман эхэндээ эргэлзэн, бухимдаж байв. Гэхдээ бошиглогчийн зөвлөгөөнд дуулгавартай байх урилга нь түүнийг эдгээж, Бурхан байдаг талаарх түүний эргэлзээнд цэг тавьсан юм.
Бидний сүнслэг эрэл хайгуулын заримынх нь хариулт итгэл төрүүлэхүйц ойлгомжтой бөгөөд бидний сэтгэлд тодорхой хэмжээнд нийцэж болох юм. Эсвэл Нааманы адил бидэнд бусад асуудал маань илүү хүч шаардсан, хэцүү, төвөгтэй санагдаж болох юм. Эсвэл одон орон судлаачдын манай нарны аймгийн талаар өмнө нь гаргасан дүгнэлттэй адилаар бид сүнслэг үнэн[ийг] эрж хайх явцдаа гагцхүү өөрсдийн хязгаарлагдмал мэдлэгт найдвал бүрэн бус тайлбар олж авах ба бидний санаанд оромгүй, харуусал дагуулсан үр дагавар биднийг гэрээний замаас холдуулах болно. Цаашлаад “бүх хүч чадал”, “бүх мэргэн ухаан, мөн бүх ойлголт байдаг”, “бүх зүйлийг ухаардаг” Бурхан Өөрийнх нь нэрэнд итгэх итгэлээр маань дамжуулан нигүүлсэлдээ бидэнд гэгээрлийг соёрхохоос нааш зарим асуулт хариулагдахгүй хэвээр үлдэх болно.
Нааманы түүхээс авах нэг чухал сургамж бол Бурханы хууль, зарлигуудад дуулгавартай байхыг эсэргүүцэх нь бидний өсөлт хөгжлийг удаашруулж эсвэл хойшлуулж болох юм. Бидэнд агуу анагаагч Есүс Христ байгаа нь адислал юм. Түүний бидэнд зориулан жорыг нь бичсэн эдгээх төлөвлөгөөний дагуу Бурханы хууль, зарлигуудад дуулгавартай байх нь Аврагчид бид бүгдэд хэрэгтэй гэдгийг мэдэж байгаа ойлголт, эдгэрлээр хангах замыг нээж өгдөг.
Ахлагч Ричард Г.Скотт, “Энэ амьдрал бол гүн итгэл найдварын туршлага буюу Есүс Христэд болон Түүний сургаалуудад итгэн найдах, энэ амьдрал дахь аз жаргал, зорилго чиглэл, дээдийн дээд баяр баясгалантай мөнх оршихуйн төлөө эдгээр сургаалыг дуулгавартай дагахад Ариун сүнсээр удирдуулах өөрсдийн чадварт итгэж найдах туршлага юм. Итгэн найдах гэдэг нь эхлэлээс төгсгөл хүртэл юу болохыг мэдэлгүйгээр хүслээрээ дуулгавартай дагах гэсэн утгатай (Сургаалт үгс 3:5–7-г үзнэ үү). Үр жимсийг нь үзэхийн тулд Их Эзэнд тавих таны итгэл найдвар нь хувийн мэдрэмж, туршлага дээр тулгуурласан өөртөө итгэх итгэлээс тань илүү хүчтэй, илүү удаан үргэлжилдэг байх ёстой.
Их Эзэн танд юу хийж байгаагаа мэддэг ба та яаж гэдгийг нь ойлгохгүй байсан ч Тэр мөнхийн сайн сайхны тань төлөө үүнийг гүйцэтгэж чадна гэдэгт найдах нь итгэлийг хөгжүүлдэг” хэмээн заасан.
Сүүлийн гэрчлэл
Хүндэт найзууд минь, сайн мэдээний талаарх бидний чин сэтгэлийн асуултууд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт бидэнд өсөж хөгжихөд маань туслах боломжийг олгодог гэдгийг би гэрчилж байна. Их Эзэнээс өмнөх болон одоогийн сүнслэг асуултууддаа хариулт эрэлхийлэхээр гаргасан хичээл зүтгэл минь надад Түүнд дуулгавартай байж, одоогийн сүнслэг мэдлэгийнхээ дагуу амьдрахын тулд өөрийн мөн Бурханы мэдлэгийн хооронд үүсэх зөрүүтэй байдлыг ашиглах боломжийг олгосон юм.
Тэнгэрлэг Эцэгт болон танд туслуулахаар Түүний илгээсэн бошиглогчдод итгэн найдах нь сүнслэг байдлыг тань нэмэгдүүлж, таныг Бурханы агуу их мэдлэг өөд түлхэн урагшлуулах болно. Та өөрөө өөрчлөгдсөнөөр таны алсыг харах давуу чанар нэмэгдэх болно. Таныг өндөрт гарах тусмаа илүү алсыг харж чадна гэдгийг Бурхан мэддэг. Аврагч маань таныг ийнхүү авирахад урьдаг. Есүс Христийн нэрээр, амен.