Ерөнхий чуулган
Есүс Христ дээр болон Түүний сайн мэдээнд анхаарлаа төвлөрүүл
2024 оны 10-р сарын Ерөнхий чуулган


10:50

Есүс Христ дээр болон Түүний сайн мэдээнд анхаарлаа төвлөрүүл

Бид дэлхийн анхаарал сарниулах зүйлсийг үл хайхран, Христ дээр болон Түүний сайн мэдээнд анхаарлаа төвлөрүүлснээр амжилтад хүрч чадна.

1996 онд Нигери Улсын эрэгтэй хөл бөмбөгийн баг Америкийн Нэгдсэн Улсын Атланта мужид зохион байгуулагдсан Олимпын наадмаас алтан медаль хүртсэн билээ. Шигшээ тоглолт дуусмагц хөөрч баярласан ард түмэн хот, суурин бүрийн гудамж талбайг дүүргэжээ. 200 сая хүн амтай энэ улс тэр аяараа үүрийн хоёр цагт баяраа тэмдэглэж байлаа. Хүн бүр хөөрч догдолж, ууж идэн, дуулж бүжиглэж байв. Тэр цаг мөчид Нигери Улс нэгдмэл болж, нигери хүн бүр нигери хүн байгаадаа бахдан бахархаж байв.

Олимпын наадам эхлэхийн өмнө энэхүү баг маш олон саад бэрхшээлтэй тулгарсан юм. Тэмцээн эхлэх үед тэд санхүүгийн дэмжлэггүй болсон байв. Баг зохих хэрэгсэлгүй, бэлтгэлийн байргүй, хоол хүнс болон угаалгын үйлчилгээгүйгээр тэмцээнүүддээ оролцсон билээ.

Алтан медаль хүртсэн Нигерийн хөл бөмбөгийн баг

Jerome Prevost/Getty Images

Нэг удаа тэд тэмцээнийг орхиход тун ойрхон байсан ч Нигерийн баг бүх магадлалыг сөрөн хожил авсан юм. Энэхүү шийдвэрлэх мөч тэдний өөрсдийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлжээ. Энэхүү шинээр олж авсан итгэл, багийн болон хувь тоглогчийн шаргуу хөдөлмөр, эрс шийдэмгий байдлаараа дамжуулан тэд хамтдаа анхаарал сарниулах зүйлсийг үл хайхарч, ялалт байгуулахад л төвлөрч байв. Ийн анхаарснаар тэд алтан медаль авч, нигеричүүд тэднийг “Мөрөөдлийн баг” гэж нэрлэсэн юм. 1996 оны Атлантагийн олимпын Мөрөөдлийн баг өнөөг хүртэл Нигерийн спортод дуурсагдсаар байдаг билээ.

Нигерийн мөрөөдлийн баг

David Cannon/Allsport/Getty Images

Хөл бөмбөгийн баг өөрсдөд нь тулгарсан анхаарал сарниулах зүйлсийг үл хайхран, зорилгодоо төвлөрч сурснаар төсөөлснөөсөө ч илүү амжилтад хүрч, агуу баяр хөөрийг мэдэрсэн. (Нигерид байсан бид ч мөн адил!)

Үүнтэй адилаар бид дэлхийн анхаарал сарниулах зүйлсийг үл хайхран, Христ дээр болон Түүний сайн мэдээнд анхаарлаа төвлөрүүлснээр төсөөлж чадахаасаа ч илүү амжилтад хүрч, агуу баяр хөөрийг мэдэрч чадна. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Бид … амьдралаа … Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд төвлөрүүлбэл амьдралд маань юу тохиолдож, юу тохиолдохгүй байгаагаас үл хамааран баяр баясгаланг мэдрэх боломжтой” хэмээн заасан.

“Амьдралд маань юу тохиолдож, юу тохиолдохгүй байгаагаас үл хамааран” Христэд баяр баяслыг мэдэрч болохын тулд амьдралаа “Есүс Христ дээр болон Түүний сайн мэдээнд төвлөрүүл” гэсэн ерөнхийлөгч Нэлсоны урилгыг дагахад Ариун Сүнс бидэнд туслах болтугай хэмээн би залбирч байна.

Есүс Христ дээр болон Түүний сайн мэдээнд анхаарлаа төвлөрүүлснээр амьдралаа өөрчилсөн хүмүүсийн тухай түүхүүд Мормоны Номд хэд хэд бий.

Залуу Алмагийн талаар авч үзье. Тэр Сүмийг эсэргүүцэж, Сүмийн эсрэг тэмцсэн. Түүний эцэг Алма залбирч мөн мацаг барив. Тэнгэр элч залуу Алмад үзэгдэн, түүнийг наманчлалд дууджээ. Тэр мөчид Алма “яллагдсан сүнсний өвдөлтөөр” тарчилж эхлэв. Хамгийн хэцүү цаг мөчдөө тэрээр эцгийнхээ Христ дэлхийн гэм нүглүүдийг цагаатгахаар ирэх болно хэмээн зааж байсныг санажээ. Энэ бодол түүний санаанд орж ирэх үед тэрээр Бурханаас нигүүлсэхийг гуйн залбирав. Үр дүнд нь мэдэрсэн баяр баяслаа тэр хурц гэж дүрсэлсэн байдаг. Алма болон түүний эцэг Христ дээр төвлөрсөн учраас түүнд нигүүлсэл, баяр баясал ирсэн юм.

Төөрч холдсон хүүхдүүдтэй эцэг эхчүүд минь, итгэлтэй байгаарай! Таны хүүхдийг наманчлахад туслахаар тэнгэр элч яагаад ирдэггүй юм бол гэж гайхахын оронд Их Эзэн таны хүүхдийн замд бишоп, Сүмийн өөр нэг удирдагч эсвэл тохинуулагч ах эгч гэх мэт мөнх бус тэнгэр элч нарыг илгээсэн гэдгийг санаарай. Хэрэв та үргэлжлүүлэн залбирч, мацаг баривал, Бурханд цагийн хуваарь, эцсийн хугацаа товлож өгөхгүй байвал, түүнчлэн Тэрээр туслахаар мутраа сунгаж байгаа гэдэгт итгэвэл эрт орой хэзээ нэгэн цагт таны хүүхэд сонсохоор сонгох үед Бурхан таны хүүхдийн зүрх сэтгэлийг өөрчлөхийг та мэдрэх болно. Яагаад гэвэл, Христ бол баяр баясал—Христ бол найдвар; Тэр бол ирэх сайн юмсын амлалт. Тиймээс хүүхдээ Есүс Христэд даатгаарай. Учир нь Тэр бол эцэг эх бүрийн, мөн хүүхэд бүрийн хүч чадал юм.

Залуу Алма Христэд баяр баяслыг мэдэрснийхээ дараа тэрээр уг баяр баясалтайгаа амьдарсан. Харин тэр сорилт, саад бэрхшээлийн дундуур тэрхүү баяр баяслаа хэрхэн хадгалж үлдсэн бэ? Тэр ийн хэлсэн байдаг.

“Тэр цагаас бүр одоог хүртэл, би бодгалиудыг наманчлалд авчирч болохын тулд; өөрийн амталсан тэр үлэмжийн баяслаас амтлахад тэднийг авчирч болохын тулд … зогсолтгүйгээр хөдөлмөрлөсөөр ирсэн билээ.

… Мөн … Их Эзэн хөдөлмөрийн минь үр шимд үлэмжийн агуу баяслыг надад өгдөг билээ. …

Мөн би зүйл бүрийн зүдгүүр болон бэрхшээлүүдэд … дэмжигдсэн буюу”

Алма Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлж, нигүүлсэхийг гуйн залбирах үедээ Христэд баяр баяслыг мэдэрч эхэлсэн юм. Тэгээд Алма бусдад өөрийн амталсан тэр үлэмжийн баяслыг амтлахад туслахын тулд хөдөлмөрлөснөөр Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлжээ. Хөдөлмөрлөсөөр байсан нь Алмад зүйл бүрийн зүдгүүр, бэрхшээл тохиолдох үед ч агуу баяр баяслыг авчирч байв. “Их Эзэн хичээл зүтгэлд дуртай” ба Түүнд төвлөрсөн хичээл зүтгэл адислал авчирдгийг та харж байна. Туйлын хэцүү сорилт бэрхшээл ч “Христийн баясалд автагдах” боломжтой.

Мормоны Номд гардаг, Есүс Христ болон сайн мэдээг нь амьдралынхаа төв болгож баяр баяслыг олсон өөр нэг хүмүүс бол Хилам хотыг байгуулсан хүмүүс юм. Хилам хот нь хүүхдүүдээ өсгөж, шашныг чөлөөтэй шүтэх боломжтой газар байв. Сайн сайхан амьдарч байсан зөв шударга хүмүүс дээрэмчдэд боолчлогдож, хүний үндсэн эрх болох шашин шүтэх эрхээ алджээ. Заримдаа сайн хүмүүст муу зүйлс тохиолддог.

“Гэсэн хэдий ч Их Эзэн өөрийн хүмүүсийг зэмлэх нь зохистой гэж үздэг бөлгөө; тийм ээ, тэрээр тэдний тэвчээрийг мөн тэдний итгэлийг сорьдог билээ.

Гэсэн хэдий ч—түүнд найдлагаа тавих хэн боловч мөнхүү тэр нь эцсийн өдөр өргөмжлөгдөх болно. Тийм ээ, мөн энэ хүмүүсийн хувьд тийн байв.”

Энэ хүмүүс зовлон зүдгүүрээ хэрхэн тэвчиж даван туулсан бэ? Христ дээр мөн Түүний сайн мэдээнд анхаарлаа төвлөрүүлснээр юм. Тэдний зовлон бэрхшээл тэднийг тодорхойлоогүй. Харин тэдний хүн нэг бүр Бурханд хандаж, өөрсдийгөө Бурханы хүүхэд, гэрээний хүүхэд, Есүс Христийн шавь гэж тодорхойлсон буй за. Тэд хэн гэдгээ санаж, Бурханаас тусламж гуйснаар амар амгалан, хүч чадал, эцэст нь Христ дэх баяр баяслыг хүлээн авсан.

“Алма болон түүний хүмүүс … зүрх сэтгэлээ [Бурханд] юүлж байсан болой; мөн тэрээр тэдний зүрх сэтгэл дэх бодлуудыг мэдэж байв.

Мөнхүү улиран тохиох дор Их Эзэний дуу хоолой тэдний зүдгүүрт үед ирж, өгүүлсэн нь: Тэргүүнээ өргөцгөө мөн тайтгарагтун, учир нь надад хийсэн та нарын гэрээний тухай би мэднэ; мөн өөрийн хүмүүстэй гэрээ хийж мөн тэднийг боолчлолоос чөлөөлөх болно би.”

Хариуд нь Их Эзэн “[тэдний] мөрөн дээр тавигдсан ачаануудыг … хөнгөл[сөн]. … Тийм ээ, тэд ачаагаа амархан дааж чадахын тулд Их Эзэн тэднийг хүчирхэгжүүлсэн билээ, мөн тэд баяртайгаар мөн тэвчээртэйгээр Их Эзэний бүх тааллуудад захирагдсан болой. Эдгээр гэгээнтэн сорилт, зовлон бэрхшээлээ Христийн баясалд автуулсныг анхаараарай! Тэгээд цаг нь ирэхэд, Тэрээр Алмад зугтах замыг зааж, Бурханы бошиглогч Алма тэднийг аюулгүй байдал руу удирдсан билээ.

Христэд анхаарлаа төвлөрүүлж, Түүний бошиглогчийг дагаснаар бид ч бас Христ рүү, мөн Түүний сайн мэдээний баяр баясгалан руу хөтлөгдөх болно. Ерөнхийлөгч Нэлсон: “Баяр баясгалан хүчтэй бөгөөд үүн дээр анхаарлаа төвлөрүүлэх нь бидний амьдралд Бурханы хүчийг авчирдаг. Есүс Христ бүхий л зүйлд бидэнд төгс үлгэр жишээ үзүүлсэн, ‘Өөрийнх нь өмнө тавигдсан баяр баясгалангийн төлөө … загалмайг тэвчсэн’ [Еврей 12:2] нэгэн билээ.

Ахлагч Эгбогийн ээж
Ахлагч Эгбо ээжтэйгээ хамт

Ээж маань саяхан өөд болсон нь их цочирдом байсан. Би ээждээ хайртай. Түүнийг ийм залуугаараа явна гэж төсөөлөөгүй байв. Гэхдээ энэ явдлаар би болон манай гэр бүл Христэд уй гашуу болон баяр баяслыг мэдэрсэн юм. Түүний ачаар ээж минь үхээгүй—амьд гэдгийг би мэднэ! Христийн ачаар, мөн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан сэргээгдсэн санваарын түлхүүрүүдийн ачаар би ээжтэйгээ дахин хамт байх болно гэдгийг мэднэ. Ээжийгээ алдсан уй гашууг Христийн баяр баясал залгисан юм! “Селестиел ухаанаар бодож” “Бурханыг ялуулах”-д Христийн баясалд анхаарлаа төвлөрүүлэх нь багтдаг гэдгийг би сурч байгаа.

Тэр “Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая” хэмээн хайраар урьдаг билээ. Есүс Христийн нэрээр, амен.