2008
Түүний Хайрын Мутраар Хүрээлүүлсэн нь
2008 оны гуравдугаар сарын сар


Түүний Хайрын Мутраар Хүрээлүүлсэн нь

Бидний хүү Нолан нэг ойтой байхдаа менингитийн хүндрэлээс болж саа өвчин туссан юм. Одоо тэрээр 14-тэй ч бага даралтын аппарат зүүж, ойлгоц удаанаас гадна биеийнх нь нэг хэсэг нь мэдээгүй болсон.

Тэрээр ийм хүнд өвчтэй ч бидний бодож байснаас илүүг хийж чадсан юм. Хүү маань ямар нэг шинэ зүйл сурах нь бидэнд баяр баясгаланг авчирдаг юм. Тэрээр тэвчээртэй байж, мөн олон зүйлийг хийх шийдвэр гаргаж сурсан юм.

Миний нөхөр Раян бид хоёр мөн бусад таван хүү маань бүгдээрээ Ноланд тохиолдож буй явдлуудаас болж сүнслэгээр өсөх болсон билээ. Бид сэтгэлээр унаж, хүүгийнхээ ирээдүйн талаар санаа зовних цагт хүлээн авсан адислалуудаа тоолж, мөн бид бүхний төлөөх Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хүүгийн хайр, халамжийг санаж, мөн Ноланыг зургаан настай байхад нь бид залбирлынхаа хариуг хүлээн авсан тэр үеэ дурсдаг.

Нэг үдэш бид Ноланы өвчний талаар санаа зовнихдоо нөхөр бид хоёр өвдөг сөгдөн түүний сайн сайхны төлөө залбирсан юм. Бид Их Эзэнд хандан залбирч байхдаа хүү маань өөрийгөө хэрхэн үнэлдэг бол гэдэгт голчлон санаа зовнидгоо илэрхийлсэн билээ. Бид Ноланг Аврагчийн хайрыг мэдэрч, өөрийгөө Бурханы хүүхэд гэдгээ мэдээсэй хэмээн чин сэтгэлээсээ залбирсан юм.

Маргааш өглөө нь намайг өглөөнийхөө ундыг бэлдэж байхад Нолан шууд л гал тогоонд ороод ирж билээ. Өглөөнийхөө ундыг уухаас өмнө тэрээр ихэвчлэн ах нартайгаа тоглох, эсвэл буйдан дээр дээш харан хэвтдэг байсан юм. Гэвч тэр хоол хийж байсан ширээний өмнө нэг чухал зүйл ярих гэж буй мэт хүрч ирээд над уруу хараад “Би өнгөрсөн шөнө зүүдэлсэн” гэж хэлсэн юм.

Би түүний чин сэтгэлийн энэ үгийг сонсоод шууд л түүнд анхаарлаа хандуулав.

Тэгээд би “Өө тийм үү? Тэгээд юу зүүдлэв дээ?” гэж асуулаа.

“Есүс тэнд байсан. Тэр надаас барьсан” гэж Нолан энгийнээр хариулсан юм.

Бидний хайрт Тэнгэрлэг Эцэг бидний залбирлыг сонсож мөн хариулдаг, мөн Аврагч маань Эцэгийн өмнө бидний өмгөөлөгч гэдгийг би гэрчилж байна. Тэд биднийг нэг бүрчлэн мэддэг. Тэд бидний хэрэгцээ хийгээд нөөц боломжуудыг маань мэддэг. Мөн тэд биднийг хэрхэн дэмжин тэтгэхээ мэддэг билээ.

“Хэрэв та нар Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас, тэрбээр үүний үнэнийг… та нарт мэдүүлэх болно. Мөн Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болох болой” (Моронай 10:4–5) хэмээн Моронай хэлсэн юм. Энэ судар нь зөвхөн Мормоны Номын талаарх гэрчлэлийг олж авахад бус мөн бидний чин сэтгэлээсээ эрэлхийлж буй тэдгээр асуултуудад хариу өгөхөд чиглэгдсэн гэдгийг би сурч мэдсэн. Бид бэрхшээлүүд, сэтгэлийн зовлон хийгээд хүнд сорилтуудтай тулгарах үед бидний зүрх сэтгэл чин үнэнч байж, хүсэл тэмүүлэл маань бодит болдог юм.

Аврагчийн Сүмийн гишүүн байгаадаа би маш их талархаж буй бөгөөд тэнд л би хичээл, үйлчлэл болон Ариун Сүнсээр дамжуулж Түүний сайн мэдээнээс ихийг сурч авсан юм. Аврагч маань бид бүхэнд тусалж, мөн биднийг тайвшруулж, мөн удирдан залдаг гэдгийг би мэддэгтээ маш их баяртай байна. Хэрэв бид Түүнд ирэх аваас “Түүний хайрын мутраар” (С ба Г 6:20) хүрээлэгдэнэ гэдгийг би мэднэ.