2008
Амьд Христ
2008 оны гуравдугаар сарын сар


Амьд Христ

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Төлөөлөгчдийн Гэрчлэл

2001 оны нэгдүгээр сарын 1-нд Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгчдийн Чуулган гарын үсэг зурсан “Амьд Христ: Төлөөлөгчдийн Гэрчлэл”. 2000 оны дөрөвдүгээр сарын Лиахонад нийтлэгдсэн.

Есүс Христийн хоёр мянган жилийн өмнө мэндэлснийг дурсан хүндэтгэхдээ бид Түүний зүйрлэшгүй амьдрал болон агуу их цагаатгах золиослолын хязгааргүй ач тусын бодит үнэнийг гэрчилдэг. Дэлхий дээр амьдарч байсан ба амьдрах бүх хүмүүст ийм хүчтэй нөлөөг хэн ч үзүүлж байгаагүй.

Тэр бол хуучин гэрээний агуу Иехова, шинэ гэрээний Мeссиа билээ. Тэр бол Эцэгийнхээ удирдлаган доор дэлхийг бүтээсэн Бүтээгч. “Бүх юм Түүгээр бий болсон, Түүнгүйгээр бий болсон юмс нэг ч үгүй” (Иохан 1:3). Нүгэлгүй ч Тэрээр бүх зөв шударга ёсыг гүйцэлдүүлэхээр баптисм хүртсэн. Түүнийг “явж сайныг үйлдсэн” (Үйлс 10:38)–ийх нь төлөө үзэн ядаж байсан. Түүний сайн мэдээ бол амар амгалан ба сайн сайхны захиас байсан. Тэр чин сэтгэлээсээ бүгдийг өөрийнх нь жишээг дагахыг хүссэн билээ. Тэрээр Палестины замаар явж өвчтэй нэгнийг анагааж, сохор нэгнийг хараатай болгож, үхсэн нэгнийг амилуулж байв. Тэрээр мөнх байдал, мөнх бус байдлын өмнөх оршхуйн бодит үнэнийг, дэлхий дээрх бидний амьдралын зорилго болон ирэх амьдрал дахь Бурханы охид, хөвгүүдэд өгөх боломжийн тухай заасан.

Тэрээр Түүний агуу их цагаатгах золиослолыг сануулахаар ариун ёслолыг тогтоосон. Түүнийг баривчилж, гүтгэлгээр яллаж, цугларагсдын бахыг ханган шийтгэж, Түүнд Калварын загалмай дээр үхэх ял оноосон юм. Тэрээр бүх л хүн төрөлхтний нүглийг цагаатгахын төлөө амиа өгсөн. Энэ бол дэлхий дээр амьдрах бүх хүнд зориулсан Түүний бэлэг билээ.

Бүх хүн төрөлхтний түүхийн төв болж, Бэтлэхэмд төрөхөөсөө өмнө ч, мөн Калвараас хойш ч амьдарч буй Түүний амьдралыг бид чин сэтгэлээсээ гэрчилж байна. Тэр бол Эцэгийн Ууган, махбод дахь Цорын Ганц Хүү, дэлхийн Гэтэлгэгч юм.

Тэр бол “нойрсогчдоос эхний үр жимс” (1 Коринт 15:20) болохын тулд үхэгсдээс амилсан юм. Тэрээр дахин амилсан Их Эзэний хувьд амьдралдаа хайрлаж байсан хүмүүс дээрээ ирсэн. Тэрээр бас эртний Америкт буй “бусад хониндоо” (Иохан 10:16) тохинуулсан юм. Орчин үед эртнээс амласан “цаг хугацааны бүрэн дүүрэн эрин үе” –ийг эхлүүлэхээр Тэр ба Түүний Эцэг Иосеф Смит хүүгийн өмнө гарч ирсэн юм. (Ефес 1:10).

Амьд Христийн тухай Бошиглогч Иосеф Смит бичиглэхдээ: “Түүний нүд галын дөл мэт, толгойн үс нь цас мэт цагаан, царай нь нарны туяа мэт гэрэлтэж байв. Мөн түүний дуу хоолой агуу их усны шуугин урсах чимээ мэт. Мөн Иехова өөрийн дуу хоолойгоор хэлрүүн:

“Би бол анхных ба сүүлчийнх; Би бол амьд, Би бол алагдсан нэгэн; Би бол Эцэгийн хамт та бүхний өмгөөлөгч билээ” (С ба Г 110:3–4).

Түүний талаар Бошиглогч мөн ийн тунхаглажээ: “Мөн эдүгээ, Түүний талаар өгөгдсөн олон гэрчлэлүүдийн дараа бидний Түүнийг гэрчлэх сүүлийн гэрчлэл энэ бөлгөө: Тэр бол амьд!

“Учир нь бид түүнийг Бурханы баруун гар талд байхыг харсан ба Тэр бол Эцэгийн Цорын Ганц Төрсөн Хүү хэмээн гэрчлэх дуу хоолойг бид сонссон юм—

“Түүгээр, Түүгээр дамжуулан, Түүнээс дэлхий ертөнцүүд бүтээгдсэн бөгөөд бүтээгддэг, тэдгээрийн оршин суугчид нь Бурханд төрсөн охид, хөвгүүд нь болдог юм.” (С ба Г 76:22–24).

“Есүс Христ өөрийн биеэр тулгуур чулуу нь болж, төлөөлөгч, бошиглогчдын … суурин дээр барьсан” (Ефес 2:20) Сүм болон санваар нь дэлхий дээр дахин сэргээгдсэн гэж бид чин сэтгэлийнхээ үгээр мэдэгдэж байна.

Түүнийг хэзээ нэгэн цагт дэлхий дээр эргэж ирнэ гэдгийг бид гэрчилж байна. “Дараа нь Эзэний алдар илэрхийлэгдэж, бүх махан бие хамтдаа үзнэ.” (Исаиа 40:5). Тэрээр Хаадын Хааны хувьд удирдан, Эзэдийн Эзэний хувьд захирах болно. Тэгээд Түүнийг шүтэн өвдөг бүхэн сөгдөж, хэл бүхнээр ярих болно. Хүн бүр Түүний өмнө хийсэн үйлсийнхээ дагуу болон зүрх сэтгэлийн хүслийнхээ дагуу шүүгдэх болно.

Бид Түүний албан ёсоор томилогдсон төлөөлөгчдийнх нь хувьд —Есүс бол амьд Христ, Бурханы үхэшгүй Хүү хэмээн гэрчилж байна. Тэр бол өнөөдөр Эцэгийнхээ баруун гар талд зогсож буй агуу Иммануэл Хаан. Тэр бол дэлхийн гэрэл, амь бөгөөд найдвар юм. Түүний зам бол энэ амьдралд аз жаргал руу хөтлөх зам бөгөөд ирэх ертөнцөд мөнхийн амьдрал руу хөтлөх жим юм. Тэнгэрлэг Хүүгийнх нь зүйрлэшгүй бэлгийнх нь төлөө Бурхандаа талархъя.