2008
Аврагчийн Гэтэлгэгч Гар
2008 оны гуравдугаар сарын сар


Аврагчийн Гэтэлгэгч Гар

Арканзаст намайг бага байх үед нэг зун хөршүүд маань Миссисипийн Сардисын ойролцоох том нуурын эрэг хавиар зугаалгаар явангаа загас барьж, мөн усанд сэлэн хоёр өдрийг бидэнтэй хамт өнгөрөөгөөч хэмээн намайг урьсан юм. Янз бүрийн арга хэмжээг бид зохион хэдэн өдрийг гайхалтайгаар өнгөрүүлсэн билээ.

Бид сүүлчийн өдрөө гэртээ харихаасаа өмнө усанд сэлж байлаа. Би найз нартайгаа усны бөмбөг нааш цааш шидэлцэн тоглож байлаа. Тийнхүү бөмбөг миний толгой дээгүүр хөөрөн надаас хэдэн алхмын цаана уналаа. Тэрхэн зуур салхи гарч, усан дээр буй бөмбөгийг үлээн надаас холдуулав. Тэгээд би бөмбөгний араас явж, яг барьж авах гэтэл салхи холдуулсаар байв. Нэг л мэдэхэд би гүехэн усны хязгаарын шугамд хүрсэн байв. Салхи тэр бөмбөгийг үлээсээр нуурын, гол руу хөвүүлэв.

Тэрхүү хязгаарын шугам хүрээд үүний цаана гарч сэлэх бодол надад төрсөн юм. Бөмбөг надаас тийм ч хол байгаагүй бөгөөд би үүнд хүрнэ гэдэгтээ итгэлтэй байлаа. Энэ бүхний эцэст би амь аврах сургалтыг дүүргэснээ болон усанд сэлэлтийн хувцсан дээр минь үүний эмблем байгааг бодлоо. Иймээс би цааш сэлж, бөмбөгөнд хүрч чадна гэдэгтээ итгэлтэй байлаа.

Харин салхи бөмбөгийг цааш үлээсээр л байлаа. Заримдаа намайг бөмбөгөнд сэлж ойртон яг хурууны өндгөөрөө хүрэх гэтэл тэр цааш хөвсөөр байв. Эцэст нь хүчтэй салхи дэгдэж, үүнийг миний хүрч чадахаас улам холдуулав.

Тэр хүртэл сэлэхдээ би өөрийгөө эргээс тэгж их холдсоныг анзаарсангүй. Ус нь гүехэн байсан хэсгээсээ улам бүр хүйтэн, мөн гүнзгий харагдаж байлаа. Тэгээд би эрэг рүү эргэн харахад нуурын бараг гол хэсэгт хүрсэн байлаа. Би бөмбөгөө хаяад эрэг рүү сэлэхээр шийдсэн юм. Би их ядарч тамирдсан байсан ч үүний талаар санаа зовсонгүй. Би залуу байсан бөгөөд бүх зүйл зүгээр хэмээн бодож байв.

Гэвч намайг эрэг рүү сэлж байх үед бөмбөгийг үлээж байсан салхи миний өөдөөс салхилж байлаа. Би яаж ч хичээгээд нэг л урагшилж өгөхгүй байв. Гар, хөл маань ч чилж эхлэв. Хүчээ хэмнэх үүднээс би нохой сэлэлтээ больж, шумбаж үзлээ.

Тэр үед би танил чимээ болох моторт завины дууг сонссон. Нэг хүн миний дэргэд завиа зогсоогоод намайг эрэг рүү аваачъя гэхэд би амьд гарсандаа баяртай байлаа. Гар, хөл маань маш их цуцсан байв. Тэр ч байтугай би бүр завь руу ч гарч чадахгүй байсан бөгөөд нэг гараа завины хажуу тал дээр тавиад тэр танихгүй хүнээр гүехэн устай хэсэгт хүргүүлсэн юм. Тэгээд би хязгаарын шугамны тэмдэгнээс бариад тэр хүнийг явахад баярлалаа гэж хэлэн даллаад эрэг рүүгээ сэлсэн юм.

Үүнээс 15 жилийн дараа Надад өөр нэгэн таагүй зүйл тохиолдсон юм. Би их урт удаан хугацаанд нүглийн тэр нууранд сэлж байсан юм. Дэлхийн зүйлсэд хэт автан, хэрэггүй хийгээд ямар ч үнэ цэнэгүй зүйлсийг эрэлхийлэн амьдарч байсан минь намайг нүглийн тэр гүн усанд унагасан юм. Хүч чадал маань ү гүй болж, итгэл найдвар маань алга болж байв. Миний хайж, эрэлхийлж явсан зүйлс маань надаас холдож, бүрэг харанхуй намайг нөмөрсөн мэт санагдаж байлаа.

Цөхөрснөөсөө болж Тэнгэрлэг Эцэгт хандан залбирахад завин дээр байсан хүн шиг надад хамгийн их хэрэгтэй байсан үед Аврагч намайг аврахаар ирсэн юм. Бурханы Хожмын үеийн бошиглогчоор дамжуулан Тэрээр намайг Мормоны Ном руу удирдсан юм. Тэрээр намайг наманчлалын замаар удирдан, баптисмын усаар нүглээс минь цэвэршүүлсэн юм. Тийнхүү Тэрээр намайг өндөрт аваачсан бөгөөд үүнээс хойш би тэндээ үүрд үлдэхээр хичээх болсон.