2008
Бид Итгэдэг
2008 оны гуравдугаар сарын сар


Бид Итгэдэг

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдээс голчлон асуудаг хэдэн асуултуудад хариулах товч хариултуудыг дор дурьдав.

Есүс Христийн талаар Хожмын Үеийн Гэгээнтнүүд юу гэж итгэдэг вэ? Тэрээр үнэхээр үхэгсдээс дахин амилсан уу? Тэрээр дэлхийд алдар суутайгаар дахин ирэх үү? Түүний ач ивээл нь хүмүүний авралд чухал уу?

Энэ бол хүмүүс манай Сүмтэй эсвэл Сүмийн гишүүдтэй анхлан учрах үедээ голчлон асуудаг асуултуудын цөөхөн хэдэн хэсэг билээ. Асуултуудад хариулахдаа гишүүд маань эхлээд Ариун Сүнсний удирдамжийг сонсохоо гол болгон бэлтгэлтэй байх хэрэгтэй. Иймд товч хариултууд нь хариу өгөхөд хэрэглэх үгсийн эх сурвалж нь болох ёстой.

Та Библид бичигдсэнчлэн Ариун Газарт амьдарч, мөн сургаж байсан түүхт Есүс Христэд итгэдэг үү?

Тийм. Бид Есүсийг Мариагаас төрж, гурван жилийн тохинууллынхаа туршид Ариун Газарт номлож, загалмай дээр нас барж, мөн Түүнийг ирэхээс өмнө олон зууны туршид бошиглогчдын зөгнөн хэлсэнчлэн (жишээлбэл, Эхлэл 49:10; Дуулал 2:6–7; 22:16–18; 118:22; Исаиа 7:14; Мика 5:2-ыг үз) үхэгсдээс дахин амилсан гэдгийг мэднэ. Тэрээр бүхий л хүн төрөлхтний нүглүүдийн төлөө тарчилж, мөн цагаатгалыг хийн наманчлал хийгээд өршөөлийг боломжтой болгосон гэдэгт бид итгэдэг (Исаиа 53:4-6-г үз). Тэрээр үхлийг даван туулж, мөн Түүний хүч чадлаар дамжуулан эрэгтэй, эмэгтэй хүн бүр бие махбодтойгоор дахин амилах болно гэдэгт бид итгэдэг (Ром 6:5; 8:11-ийг үз). Түүний сайн мэдээний зарчмуудад дуулгавартай байснаар дэлхийд ирэх Бурханы хүү болон охидууд авралыг авч, Эцэг болон Түүний Хүүтэй тэнгэрт орших хаант улсад нь хамт амьдрахаар эргэн очно гэдэгт бид итгэдэг (1 Петр 3:18; Итгэлийн Тунхаг 1:3-ыг үз).

Их Эзэн үнэхээр үхэгсдээс амилсан гэдэгт та итгэдэг үү?

Тийм. Түүний Төлөөлөгчид Библид гэрчилсний дагуу Есүс Христ Өөрийн амилсан биеэ зуу зуун гэрчид үзүүлсэн байдаг (Лук 24:39; Иохан 20:20; 1 Коринт 15:3–8-г үз). Дахин амилаад Тэрээр Америк дахь Өөрийн мянга мянган “бусад хоньд” (Иохан 10:16)-д тохинуулж, Өөрийн гар, хөл болон хэвлий дэх сорвио тэдэнд үзүүлж, олон өдрийн туршид тэдэнд сургасан билээ (3 Нифай 11–28-ыг үз).

Тэрээр Эцэгийн хамт 1820 онд Бага Иосеф Смитэд үзэгдсэн юм. Их Эзэн энэхүү залуу бошиглогчийг Сүм болон сайн мэдээгээ сэргээхэд н удирдсан юм. Учир нь тэдгээр нь эртний Төлөөлөгчдийг нас барсны дараа хүмүүний уламжлалын дагуух гүн ухаанаар өөрчлөгдсөн юм. 1832 онд Иосеф Смит нөхдийнхөө нэгтэй Есүс Христийн талаар дараах гэрчлэлийг хуваалцсан юм. “Тэр амьд! Учир нь бид Түүнийг Бурханы баруун гар талд харсан, мөн бид тэр бол Эцэгийн Цорын Ганц Төрсөн нь гэх дуу хоолойг сонссон юм” (С ба Г 76:22–23).

Тэрээр дэлхийд алдар суутайгаар дахин ирэх болно гэдэгт та итгэдэг үү?

Тийм. Ариун судруудын гэрчилснээр: “Та нараас өргөгдөн тэнгэрт аваачигдсан энэ Есүс нь та нарын Түүнийг тэнгэр өөд явсныг нь харсан лугаа адил тийн буцаж ирнэ” (Үйлс 1:11). “Учир нь миний Гэтэлгэгч амьд гэдгийг болон эцэст Тэрээр дэлхий дээр байр сууриа эзэлнэ гэдгийг би мэднэ” (Иов 19:25). “Тэрээр дэлхий дээр өөрийн хүмүүсийг захирахаар тэнгэрийн үүлс дунд ирэх болно” (С ба Г 76:63).

Цаашлаад, Түүний Амилалтын улмаас бид ч мөн дахин бие махбодыг хүлээн авах болно гэдэгт бид итгэдэг: “Арьс минь устгагдсан хойно ч би махан биеэрээ Бурханыг харах болой” (Иов 19:26). “Учир нь Адамд бүгд үхсэнчлэн мөн Христэд ч бид мөн дахин амилах болно” (1 Коринт 15:22). “Христийн үхэл нь энэ зуурдын үхлийн хүлээсийг тайлснаар, бүгд зуурдын үхлээс босгогдох болой. Сүнс мөн бие төгс хэлбэрээр дахин нэгдэх болно” (Алма 11:42–43).

Түүний ач ивээл бидний авралд чухал гэдэгт та итгэдэг үү?

Мэдээж хэрэг. Есүс Христийн ач ивээлгүйгээр хэн ч аврагдаж, мөн мөнхийн адислалуудыг хүлээн авч чадахгүй (Ром 3:23–24-ийг үз). Түүний ач ивээлээр дамжуулан бүгд дахин амилуулагдах хийгээд Түүнд итгэн, Түүнийг дагасан бүхэнд мөнхийн амь байх болно (Иохан 3:15-ыг үз). Түүнчлэн, Түүний ач ивээлээр дамжуулан эхнэр нөхөр болон гэр бүлийн ариун нандин харьцаа мөнхөд үргэлжлэх болно (Матай 16:19; 1 Коринт 11:11; С ба Г 132:19-ийг үз). Эдгээр мөнхийн адислалууд нь бидэнд өгсөн Түүний бэлэг бөгөөд тэдгээрийг олж авахад бидний хийж чадах зүйлс нэгээхэн ч үгүй билээ.

Нөгөөтэйгүүр Түүний сургаалд итгэлтэй мөн дуулгавартай байснаар Түүний ач ивээлийн бүрэн дүүрэн адислалуудыг бид хүлээн авдаг гэдгийг судрууд ойлгомжтойгоор бичсэн нь буй. Төлөөлөгч Паул бид өөрсдийгөө аварч чадахгүй, харин бидэнд Их Эзэний ач ивээл хэрэгтэй гэдгийг заасан: “Учир нь нигүүслээр та нар итгэлээрээ аврагдсан юм. Энэ нь та нараас бус харин Бурханы бэлэг бөгөөд үйлсээр биш аж. Тиймээс хэн ч өөрөөрөө сайрхахгүй болно. Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн, Түүний бүтээл мөн. Бурхан биднийг тэдгээрийн дотор яваасай гэж урьдаас бэлтгэсэн билээ” (Ефес 2:8–10).

Иаков: “Иймээс итгэл нь ч хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм… Хүн зөвхөн итгэлээр бус үйлсээр зөвтгөгддөгийг чи харж байна” (Иаков 2:17, 24) хэмээн тайлбарлажээ. Аврагч мөнх амьдралыг хүссэн нэгэн чинээлэг дуулгавартай залуу эрд хийвэл зохих зүйлс байна хэмээн Аврагч хэлсэн билээ (Матай 19:16–22; Лук 18:18–23-ыг үз). Хожмын Үеийн Гэгээнтнүүд Христийн ач ивээл нь Түүнд итгэж, мөн Түүний заасныг хийх тэдгээрт бүрэн дүүрнээр хэрэгждэг гэдэгт итгэдэг. “Бид ач ивээлээр л бид аврагдах гэдгийг мэдэх, бидний хийж чадах бүхний дараа буюу” (2 Нифай 25:23; онцлон тэмдэглэлт нэмэгдэв).

Бидний сайн үйлсүүд нүглээс биднийг цэвэрлэж чадахгүй ч тэдгээр нь Есүс Христэд итгэх бидний итгэлийн чин үнэн хийгээд Түүний алхсан замаар алхах бидний итгэл дүүрэн байдлыг харуулдаг.

Иосеф Смит ямар нэгэн байдлаар хүмүүсийн авралд Есүс Христийн адил чухал гэдэгт та итгэдэг үү?

Үгүй. Иосеф Смит бол хүн төрөлхтний түүхэнд чухал бошиглогч байсан юм. Тэнгэрлэг удирдамжийн дор түүний хийсэн үйлс нь Хуучин болон Шинэ Гэрээний цаг үед Бурханы бошиглогч болон дагалдагч нарт өгөгдсөн хэдий ч алдагдсан адислалууд хийгээд мэдлэгийг дэлхийд авчирсан юм. Иосеф Смит нь яг л эртний бошиглогч нар шиг зөвхөн Аврагчаар дамжин ирэх аврал хийгээд мөнхийн болох бүхий л адислалуудыг заан сургаж байсан, Их Эзэн Есүс Христийн үйлчлэгч байсан юм. “Бидний шашны үндсэн зарчмууд бол Төлөөлөгчид хийгээд Бошиглогчдын гэрчлэл билээ, Есүс Христийн хувьд бид Түүнийг нас барж, оршуулагдан, мөн гурав дахь өдрөө дахин босч, тэнгэрт залагдсан хэмээн үздэг. Харин бидний авч үздэг бусад бүх зүйлс зөвхөн үүнд л чиглэгддэг.”1 Нөгөөтэйгүүр Бошиглогчид мөн ийнхүү сургасан байдаг: “Бид түүнд ирж болохын тулд бидэнд замыг нээн өгсөн бидний агуу Эзэний ариун байдал хийгээд төгс төгөлдөр, тэр ч атугай түүний золиослолын талаар бид бодох бүрийд түүний нигүүсэл дотор бидний зүрх сэтгэл хайлах мэт”2

Тэмдэглэлүүд

  1. Сүмийн Ерөнхийлөгч Нарын Сургаалууд: Иосеф Смит (2007), 49.

  2. Teachings: Иосеф Смит, 54–55.